Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 5718

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч А.Сарантуяа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун, 802, 201 тоотод байрлах, “Мистер Пицца” ХХК /РД:5693616/

            Хариуцагч: Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 12 дугаар байр 56 тоотод оршин суух /одоо Баянгол дүүрэг 6 дугаар хороо 57 дугаар байр 35 тоотод түр оршин сууж буй/, 1985 онд төрсөн 31 настай, Боржигон овогт Ганбатын Өлзийсайхан /РД:ХЖ85122869/

            9.992.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хишигжаргал, хариуцагч Г.Өлзийсайхан, иргэдийн төлөөлөгч А.Үржинбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Мистер пицца ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хшигжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Өлзийсайхан 2014 оны 06 дугаар сарын 24-нд кассын няраваар ажилд орж, 2016 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар үйлдвэрлэл хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ажил үүргийн хуваарийн дагуу Г.Өлзийсайхан нь компанийн үйлдвэрлэлтэй холбоотой түүхий эд, бараа материалын тайлан тооцоог гаргах, мөн бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийх чиг үүргийг гүйцэтгэдэг. Харилцагч компаниас бараа бүтээгдэхүүн худалдан авч бэлэн мөнгөний шууд гүйлгээ хийдэг байсан. Г.Өлзийсайхан компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээний дагуу ажил олгогчийн өмнө гэрээнд заасан үүргийг зохих ёсоор гүйцэтгэх, компанийн дотоод журмыг чанд сахиж, үнэнч шударга ажиллах, компанийн эд хөрөнгийг хууль бусаар хувьдаа завшихгүй байх үүрэг хүлээдэг бөгөөд санхүүгийн ажилтны хувьд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээж, компанид эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд 100 хувь төлж барагдуулах үүрэг хүлээдэг. Гэтэл Г.Өлзийсайхан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа компанид тахианы мах нийлүүлэгч Силк рөүд трейдинг ХХК-иас бэлэн мөнгөөр тооцоо хийж, худалдан авах ёстой байсан бүтээгдэхүүний үнийн дүнгээс 2015 оны 10 дугаар сар, 11 дүгээр саруудад дур мэдэн хувьдаа завшиж нийт 8.492.000 төгрөгийн хохирлыг учруулсан болох нь тогтоогдсон. Энэ мөнгийг Г.Өлзийсайхан тахианы мах худалдан авсан гэж хэлээд кассын нягтлан бодогчоос авсан байсан. Тахианы мах нийлүүлэгч компанид мөнгийг өгөлгүй зээлээр өгчих удахгүй төлбөрийг төлнө гэж компанийн нэрийн өмнөөс 2015 оны 10, 11 дүгээр саруудад дээрх үнийн дүнгээр тахианы махыг зээлээр худалдан авсан байсан. Манай компаниас Силк рөүд трейдинг ХХК-тай жилийн эцсийн тооцоо нийлэх ажиллагааны үеэр энэ байдлыг мэдсэн. Энэ талаар цагдаа прокурорын байгууллагад хандаж түүнийг үргэлжилсэн үйлдлээр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж тус компанид 8.492.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож ял сонсгосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Г.Өлзийсайханы гэм бурууг тогтоох мөрдөн байцаалтын явцад шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт гаргуулахад компаниас 1.500.000 төгрөгийн зардал гарсныг нэмж тооцон Г.Өлзийсайханаас нийт 9.992.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Г.Өлзийсайхан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мистер пицца ХХК-иас 8.492.000 төгрөгийг дутаасан нь үнэн. 8.492.000 төгрөгийг төлнө. Харин энэ нэхэмжилсэн мөнгийг би хүлээн зөвшөөрсөн байхад шинжээч томилж дахин энэ үнийн дүнг тогтоолгох шаардлагагүй байсан. Иймд 8.492.000 төгрөгийг Мистер пицца ХХК-нд ажиллаж график гарган төлөхийг зөвшөөрч, 1.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэв.

 

  Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Мистер пицца ХХК нь хариуцагч Г.Өлзийсайханд холбогдох гэм хорын хохиролд 9.992.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Г.Өлзийсайхан нь Мистер пицца ХХК-д кассын нярав, үйлдвэрлэл хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2015 оны 10, 11 дүгээр саруудад Мистер пицца ХХК-д тахианы мах нийлүүлэгч Силк рөүт трейдинг ХХК-иас бэлэн мөнгөөр тооцоо хийж худалдан авах ёстой байсан махны үнэ 8.492.000 төгрөгийг хувьдаа ашиглан байгууллагад хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбар, Силк рөүт трейдинг ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн төлбөр тооцоо барагдуулах тухай Мистер пицца ХХК-д хүргүүлсэн албан бичиг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, нягтлан бодогч Г.Өлзийсайханы дутагдлын тооцоо, Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протокол, кассын зарлагын баримт, Силк рөүт трейдинг ХХК, Мистер пицца ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн акт, Дабль аксиом аудит ХХК-ийн дүгнэлт, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Баянгол дүүргийн Прокурорын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1643 дугаартай тогтоол гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Г.Өлзийсайхан нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Мистер пицца ХХК-тай хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж нягтлан бодогчоор ажилласан ба гэрээнд зааснаар шударгаар ажиллах, хариуцуулж өгсөн эд хөрөнгийг үрэгдүүлсэн, буруугаар ашигласан тохиолдолд хууль болон хөдөлмөрийн дотоод журам, гэрээнд заасан хариуцлагыг хүлээх, компанийн эд хөрөнгийг хувийн ашиг сонирхолд ашиглахгүй байх, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдэл хийхгүй байх, эд хөрөнгийг захиргааны албан ёсны шийдвэргүйгээр өөртөө буюу бусдад олгох, ашиг олох хэрэгсэл болгох болон бусад үйлдэл хийх, тооцоо тооллого бодолтоор гарсан дутагдалд буруутай болох нь тогтоогдвол хохирол төлбөрийг бүрэн хариуцан төлөх, ажилтан өөрийн буруугаас компанид учруулсан хохиролыг өөрийн өмч хөрөнгөөр нөхөн төлөх үүрэг тус тус хүлээжээ.

Шүүх хуралдаанд хариуцагч нь 8.492.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, аудитын дүгнэлт гаргахад төлсөн 1.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрхгүй гэж тайлбарласан боловч хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол тул гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд хариуцагч Г.Өлзийсайханаас 9.992.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мистер пицца ХХК-д олгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г.Өлзийсайханаас 9.992.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мистер пицца ХХК-д олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.822 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Өлзийсайханаас 174.822 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мистер пицца ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА