Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 932

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Ц.Хашбаатар /томилолтоор/,

хохирогч Ц.Э,

шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ................... дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ................ тоотод оршин суух, урьд:

Хэнтий аймгийн шүүхийн 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1994 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Р.Б /РД:...................../.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Р.Б нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 дугаар байрны арын замд нь “Toyota Pruis” маркийн .............УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй....” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх3-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх11/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6351 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх24/, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 40031 дугаартай дүгнэлт /хх27-30/, мөрдөгчийн магадалгаа №245, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх54/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх67/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг баримтуудыг шинжлэн судлав. 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Р.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Ц.Э-гийн “...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 05 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 3 дугаар байрны арын замыг урдаасаа хойшоо чиглэлтэй гарах гээд дөнгөж боржуур даваад л баруун хөлөөрөө гишгэх үед зүүнээс баруун чиглэлтэй явж байсан Т.Приус маркийн машин их хурдтай орж ирээд миний баруун хөлийг мөргөсөн юм. Би уг машинд мөргөгдөн шидэгдээд газар унасан, тэгээд босох гэтэл баруун хөлний шилбэ хэсгээрээ хугараад эргэсэн байсан...Тэгтэл нөгөө мөргөсөн машины жолооч бууж ирээд “Ах нь өргөөд машиндаа суулгаад эмнэлэг ороё” гэсэн. Тэгтэл тэнд байсан хүмүүс “хөдөлгөж болохгүй” гээд эмнэлэг иртэл тэндээ хэвтэж байгаад эмнэлгийн машин ирэнгүүт ГССҮТ-д хүргэгдсэн. Энэ ослоос болж ГССҮТ-д 5 хоног хэвтээд баруун хөлөндөө хагалгаа хийлгээд гарсан юм. Гомдолтой байна. Эмчилгээнд зарцуулсан баримт гаргаж өгч түүний дагуу хохирлоо нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх15/,

2. Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн

үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх3-10/,  

3. Хүний биед хийсэн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн 6351 дугаартай дүгнэлтэд “Ц.Э-гийн биед баруун шаант яс, баруун тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх  гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх24/,

4. Хохирогч Ц.Э-гийн “… 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 05 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 3-р байрны арын замыг урдаасаа хойшоо чиглэлтэй гарах гээд дөнгөж боржур даваад л баруун хөлөөрөө гишгэх үед зүүнээс баруун чиглэлтэй явж байсан “Toyota Pruis” маркийн машин их л хурдтай орж ирээд миний баруун хөлийг мөргөсөн юм. Би уг машинд мөргөгдөөд шидэгдээд газарт унасан тэгээд босох гэтэл баруун хөл шилбэ хэсгээрээ хугараад эргэсэн байсан. …” гэх мэдүүлэг /хх-15/

5. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн 245 дугаар магадалгаагаар “...“Toyota Pruis” маркийн .............УБЦ улсын дугаартай автомашины жолооч Р.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй...” гэсэн заалтыг зөрчсөн байна. Явган зорчигч Ц.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэжээ. /хх31/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Р.Б:

Шүүгдэгч Р.Б нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 дугаар байрны арын замд нь “Toyota Pruis” маркийн .............УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зөрчигч Ц.Э-г мөргөсөн нь хохирогч Ц.Э-гийн “...замыг урдаасаа хойшоо чиглэлтэй гарах гээд дөнгөж боржуур даваад л баруун хөлөөрөө гишгэх үед зүүнээс баруун чиглэлтэй явж байсан Т.Приус маркийн машин их хурдтай орж ирээд миний баруун хөлийг мөргөсөн...” гэх мэдүүлэг, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч 1-рт: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, 2-рт: тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн 245 дугаар магадалгаагаар “...“Toyota Pruis” маркийн .............УБЦ улсын дугаартай автомашины жолооч Р.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй...” гэсэн заалтыг зөрчсөн байна. Явган зорчигч Ц.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалтай тохирсон үндэслэл бүхий магадалгаа байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Дээр дурдсанаар шүүгдэгч Р.Б-г автотээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хохирогч Ц.Э-г мөргөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...баруун шаант яс, баруун тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэны зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6351 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Б-гийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй буюу анхаарал болгоомжтой байх үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас хороолол доторх замд хохирогчийг мөргөсөн байна.

Шүүгдэгч Р.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Ц.Э нь эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 1.174.478 төгрөг нэхэмжилсэнээс, шүүгдэгч нь 145.000 төгрөгийг хохиролд төлсөн байна.

Мөн хохирогч нь Ц.Э нь хөлөндөө хагалгаа хийлгэн ажилгүй байсан хугацааны цалинд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд “ГББС” ХХК-д худалдагчаар 5 дахь жилдээ ажиллаж байгаа, сарын 1 сая төгрөгний цалинтай талаар ажил байдал, цалингийн тодорхойлолтыг хэрэгт хавсаргуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилгыг “...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх...” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч ажлаа хийж чадаагүй нөхцөл байдал тогтоогдож байх шүүгдэгчээс 2.000.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Р.Баас 3.029.478 төгрөг гаргуулж хохирогч Ц.Э-д олгуулахаар шийдвэрлэлээ.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Р.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд 1000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлүүлэх дүгнэлтийг гаргасан болно. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Р.Б нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсний эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Р.Б-гийн хувийн байдлын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол нөхөн төлүүлэх зорилгыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Р.Б-гээс 3.029.478 /гурван сая, хорин есөн мянга, дөрвөн зуун далан найм/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Э-д олгуулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР