Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 933

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Х.Онолт /томилолтоор/,

шүүгдэгч Р.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.М-д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, экскаваторын жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт .............тоотод оршин суудаг, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 491 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хорих ялаас 1 сар 18 хоног дутуу байхад Өршөөлийн тухай хуулиар суллагдсан,

Р.М /РД:................/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Р.М нь 2018 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хонгконг зочид буудал, саун массажны газарт үйлчлүүлж байхдаа М.Л-ыг унтаж байхад нь хувцас солих өрөөний түлхүүрийг авч хувцас солих өрөөний шүүгээнээс “Айфоне-7” маркын гар утас, бэлнээр 40.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийтдээ 832.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч М.Л-ын өргөдөл /хх7/, камерын бичлэгийг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар диск 1 ширхгийг тооцсон тогтоол /хх10-15/, гар утсанд үзлэг хийж, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх16-17/, хохирогч М.Л-ынмэдүүлэг /хх31/, гэрч С.М-ын мэдүүлэг /хх36/, гэрч С.Э-гийн мэдүүлэг /хх38/, гэрч Б.Г-гийн мэдүүлэг /хх44/, “Дамно” ХХК-ны үнэлгээний тайлан /хх46/, хохирогч М.Л-ынГоломт банкны дансны хуулга баримт /хх24/, Р.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх59/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх70/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх96-104/ зэрэг хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Р.М-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Камерын бичлэгийг хураан авсан тэмдэглэл, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар диск 1 ширхэгийг тооцсон тогтоол /хх10-15/,

2. Гар утсанд үзлэг хийж, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх16-17/,

3. Хохирогч М.Л-ын  “...2018 оны 12 дугаар сарын 15-ны орой найз А-тай уулзаж нэг шил архи уугаад 00 цаг өнгөрч байхад баарнаас гараад Голомт банкны АТМ-ээс мөнгө аваад ганцаараа Хонгконг зочид буудал орсон. Хувцсаа 40 дугаартай шүүгээнд хийгээд амралтын өрөө рүү ороод унтсан. Өглөө сэрээд үзэхэд миний гар утас байхгүй болсон байсан. Алтлаг шаргал өнгийн 128 гигабайтын багтаамжтай “Айфоне 7” маркын гар утас байсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ах Б рүү залгаад Сүлд спорт хороонд дээр ирж утсаа ав гэсэн. Тэгээд тийшээ явж байхад тухайн утас руу нь залгахад холбогдохгүй байж байтал өөр дугаараас залгаад Хархорингийн паабад ирж ав гэсэн. Тэнд очиход утас үлдээгээгүй байсан. Удалгүй байж байтал гар утсыг чинь таксины жолоочид өгсөн шүү гэхээр нь тэр хүнтэй холбогдоод утсаа авсан. Утсанд ямар нэг эвдрэл гэмтэл гараагүй харин дотор нь байсан зурагнуудыг нь бүгдийг нь устгасан байсан. Түрүүвчин дотор байсан 40.000 төгрөгөө тухайн хүнээс авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх31/,

4. Гэрч С.М-ын “...би 2018 оны 09 дүгээр сараас  Хонгконг саун массажны газар ажиллаж байгаа. Тухайн үед 00 цагийн үед нэг залуу ирсэн ба би массаж хийж өгөөд амрах өрөө рүү орж унтуулсан. Өглөө сэрээд тэр залуу гар утас алга болчихлоо гээд камер шүүгээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх36/,

5. Гэрч С.Э-гийн “...манай эгч О  Хонгконг саун массажны газрыг түрээсэлж ажиллуулж байгаа. 2018 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00:40 минутанд нэг залуу орж ирээд массаж хийлгэсэн. Маргааш өглөө нь тэр залуу гар утсаа алдчихлаа гэж хэлсэн.  Тэгэхээр нь камер шүүж өгсөн. Бичлэг дээр шүүгээн дотор хувцсаа хийгээд буцаж ирээд гар утсаа аваад явж байгаа бичлэг байсан..” гэсэн мэдүүлэг /хх38/,

6. Гэрч Б.Г-гийн “...тухайн үед фейсбүүк ухаад байж байтал манай найз М-ын зураг “хулгайч” гээд тарсан байсан. Тэгээд юу болоод байгааг утасдаж асуухад хохирогч гээд байгаа залуугийн гар утас, бэлэн мөнгийг согтуудаа авчихсан юм аа, утасны эзэнд нь утсыг нь аваачаад өгөөч гээд гуйгаад байхаар нь аваачиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх44/,

7. “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланд “хулгайд алдсан гар утсыг 792.000 төгрөгөөр үнэлсэн тухай” дурджээ. /хх46/,

8. Р.М-ын яллагдагчаар өгсөн “...согтуу бололтой нэг залуу намайг тэврээд гартаа түлхүүр атгачихсан унтаж байхаар нь түлхүүрийг нь аваад шүүгээнээс нь “Айфоне-7” маркийн гар утас, 40.000 төгрөгийг бэлнээр аваад буцаагаад түлхүүрийг нь гарт нь бариулаад гарсан... маргааш нь миний зургийг фейсбүүк дээр тавьчихсан байсан. Би өөртэй нь холбогдоод устгуулсан. Найз Амгаадаа гар утас, мөнгийг нь аваачаад өгчхөөрэй гээд өгөөд явуулсан... хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх59/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Р.М:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан баримтаас дүгнэн үзэхэд шүүгдэгч Р.М нь 2018 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хонгконг зочид буудлын сауны газарт үйлчлүүлж байхдаа иргэн М.Л-ын эд зүйл хадгалах шүүгээнээс нь “Айфоне-7” маркийн гар утас, 40.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч М.Л, гэрч Б.Г, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгч Р.М-ын гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлгүүдээр тус тус нотлогдон, тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн алдагдсан “Айфоне-7” маркийн гар утасанд үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 792.000 төгрөгөөр үнэлжээ.

Шүүгдэгч Р.М-ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр үйлдэгдсэн буюу хохирогчийн шүүгээнээс эд зүйл авснаар гэмт үйлдэл нь төгссөн байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” бусдад 832.000 төгрөгний хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Р.М-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч М.Лд “Айфоне-7” загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, мөн  шүүгдэгч нь хохирогчид 80.000 төгрөг бэлнээр өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай бичгээр бичин хэрэгт хавсаргуулжээ.

Иймд шүүгдэгч Р.М-ынг хохирлыг нөхөн төлсөн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Р.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг удирдлага болгон шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Р.М нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдэх санаа бодол нь урьдаас төрсөн буюу хохирогчийг унтаж байгааг далимдуулан, шүүгээний түлхүүрийг нь авч, шүүгээг онгойлгон эд зүйлийг хулгайлж авсан байх тул энэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.

Мөн шүүгдэгч Р.М нь хохирогчид гар утсыг хүлээлгэн өгсөн, мөн хохирогчид 80.000 төгрөг бэлнээр өгсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, харин түүний үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь Р.М нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар бага, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, 3 сартай хүүхэдтэй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.   

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-ынг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР