Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 627

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Ү.Б-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД:0497/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харнууд овогт Ү-ын Б-д холбогдох эрүүгийн 1910005390302 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ү.Б- нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ... тоотод оршин суух иргэн О.У-ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 40 инчийн “Самсунг” маркийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 566.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ү.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.  

 

Эрүүгийн 1910005390302 дугаартай хэргээс:

 

Хохирогч О.У- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын S-14 дүгээр байрны 3 давхрын 2 тоотод амьдардаг. Ү.Б-, Ц.Б-, Л.Т- бид нар багийн найзууд юм. Би 2019 оны 02 дугаар сард эхнэрээ онгоцны буудал хүргэж өгчихөөд гэртээ ирээд байж байтал найз Ц.Б-, Л.Т-, Ү.Б- нар ар араасаа цуварч ирсэн. Би найзуудтайгаа ганц, хоёр шил архи уусан. Би 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймаг руу явсан. Ц.Б-, Л.Т- хоёр “очих газар байхгүй. Ганц хоёр хоногоос хөдөө явна” гэхээр нь “яаж найзуудаа орон гэргүй үлдээх вэ дээ” гэж бодоод Ц.Б-од “за би чамд итгээд гэрийн түлхүүрээ үлдээлээ шүү, наад Ү.Б- чинь ямар гэдгийг мэдэж байгаа биз дээ, гэрт ганцааранг нь үлдээх, эсхүл гэр орны түлхүүр өгч огт болохгүй шүү” гэхэд “за ойлголоо” гэж хэлээд түлхүүр аваад үлдсэн. Шинийн нэгний орой буюу 2019 оны 02 дугаар сарын 05-ны орой Ү.Б- над руу залгаад “нөгөө хоёр чинь намайг орхиод Дорнод руу явчихлаа” гэхээр нь “за чи гэр орны юм авчихваа, наанаа аятайхан байгаарай. Тэгээд одоо чи наанаа байгаад яахав дээ гэр рүүгээ явахгүй юу даа” гэхэд “тэгнээ, энд ганцаараа жаахан уйтгартай байна” гэж хэлсэн. Би Ц.Б- руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Би хүн итгээд түлхүүр өгч байхад яах гэж Ү.Б-г гэрт үлдээсэн юм бол гэж бодсон. Би 2019 оны 02 дугаар сарын 10-ны орой ирээд илүү түлхүүрээр гэрээ онгойлгоод ортол “Самсунг” маркийн 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт байхгүй байсан. Ү.Б- руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Маргааш нь Ү.Б- өөрөө над руу залгаад “зурагтыг чинь Яармагийн ломбарданд барьцаанд тавьчихсан байгаа” гэхээр нь Яармагийн бүх ломбардаар хайгаад олоогүй. ... Намайг явахад Ү.Б- гэрт үлдсэн боловч Ц.Б-, Л.Т- хоёрыг явах үед явна биз гэж бодсон. Тэгтэл Л.Т- Ц.Б- хоёроос гэрийн түлхүүрийг хулгайлаад авсан байсан. Би Л.Т-, Ц.Б- хоёрт гэрийнхээ түлхүүрийг үлдээсэн. Ү.Б-д ямар ч түлхүүр өгөөгүй. Би тэр хоёрт түлхүүрээ үлдээхдээ “та хоёр гарахдаа сайн цоожлоод түлхүүрээ аваад явж бай, дараа уулзахаараа авъя, гэрийн түлхүүрийг хэнд ч өгч болохгүй шүү” гэж өгсөн. Ц.Б- хэлэхдээ “Ү.Б- уг нь бид хоёрыг унаанд суулгаж өгнө гэж хэлээд хамт гарсан. Тэгээд замд миний халааснаас түлхүүр авчихсан юм байна. Тэрнээс би юу гэж өгч байхав дээ” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 5-9-р хуудас/

 

Гэрч Ц.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Багийн найзууд Ү.Б-, Л.Т-, О.У- нартай уулзаад О.У-ын Вива сити хороололд байдаг гэрт нь очсон. Тэндээ 2-3 хоног архи ууж байгаад О.У- “би Дархан-Уул аймаг явж шинэлнэ, та нар яах юм бэ” гэхээр нь би “надад хотод очих газар байхгүй” гэж хэлэхэд “за тэгвэл би гэрийн түлхүүрээ үлдээчихье, чи явахдаа гэрээ өөрөө цоожлоод түлхүүрээ аваад яваарай” гэсэн. Би түлхүүрийг нь авч үлдээд шинийн нэгний өдөр Л.Т- бид хоёр найзтайгаа уулзахаар Дорнод аймаг руу явсан. Би О.У-ын гэрээс гарахдаа цоожлоод Л.Т-, Ү.Б- бид гурав хамт гарсан. Ү.Б- бид хоёрыг “унаанд чинь суулгаж өгнө” гэж хамт автобусанд сууж явснаа замд “би ерөөсөө эндээ буулаа” гээд буусан. Дорнод аймагт очоод юм хумаа үзэж байтал халаасанд хийсэн байсан О.У-ын гэрийн түлхүүр байхгүй байсан. О.У-тай утсаар ярихад “Б-д яагаад түлхүүр өгч байгаа юм бэ, тэр чинь манайд байна гээд над руу яриад байх юм” гэхээр нь “би уг нь түлхүүр өгөөгүй, надаас хулгайлаад авсан байна” гэж хэлсэн. О.У- нилээн ууртай байсан бөгөөд “Б- явсан газраасаа юм авчихдаг зантай болохоор наадах чинь гэр орны юм зарж үрэх вий дээ, чи яасан найдваргүй юм бэ” гээд уурлаад байсан. Хэд хоногийн дараа У- над руу залгаад “гэртээ иртэл зурагт байхгүй байна, чи авсан уу” гэхээр нь “үгүй ээ, би наанаас чинь гарахад байсан” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Ү.Б- О.У-тай утсаар яриад зурагтыг чинь ломбарданд тавьсан байгаа, өөрөө авчих гэж хэлээд 280.000 төгрөг шилжүүлсэн байсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

 

Гэрч Л.Т- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Ц.Б-, Ү.Б- нарын хамт найз О.У-ын Вива сити хороололд байх гэрт нь хэд хоносон юм. О.У- 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “золголт хийнэ” гээд Дархан-Уул аймаг руу явахдаа гэрийн түлхүүрээ Ц.Б- бид хоёрт  үлдээсэн. Бид хоёр 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймаг руу золголт хийхээр явсан. О.У-ын гэрээс Ц.Б-, Ү.Б- бид гурав хамт гараад Ц.Б- хаалгыг нь цоожилсон. Ү.Б- бид хоёрыг “гаргаж өгнө” гээд хамт автобусанд суугаад явах замдаа “би ерөөсөө эндээ буулаа, та хоёр сайн яваарай” гэж хэлсэн. Тэгээд Ц.Б- бид хоёр унаанд суугаад Дорнод аймагт очоод О.У-ын гэрийн түлхүүрийг хайгаад олоогүй. Маргааш нь О.У- залгаад “та хоёр гэрийн түлхүүр яах гэж Б-д өгч байгаа юм бэ, наадах чинь одоо гэр орноос юм авчихна шүү дээ” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа зурагтыг нь аваад явсан байна гэж мэдсэн. Ц.Б- бид хоёр Ү.Б-д гэрийн түлхүүр өгөөгүй. Харин хамт автобусанд суухдаа Ү.Б- Ц.Б-ын халааснаас гэрийн түлхүүрийг нь авчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

 

          “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг” маркийн 40 инчийн зурагт 566.940 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 19-20-р хуудас/,

 

Шүүгдэгч Ү.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сард багийн найз О.У-, Ц.Б-, Л.Т- нартай хамт О.У-ын эхнэр “Солонгос улс руу явах болоод гаргаж өгнө” гээд хэд хоног архи уусан. Эхнэрийг нь гаргаж өгчихөөд дахин архи уусан. Тэгж байтал цагаан cap болоод О.У- “Дархан-Уул аймагт шинэлнэ” гээд явахдаа Ц.Б-, Л.Т- бид гуравт “та гурав одоо очих газаргүй юм чинь эндээ түр байж бай, гэрээс юм алга болгочихвоо” гэж хэлээд гэрийнхээ түлхүүрийг Ц.Б-, Л.Т- хоёрт үлдээгээд явсан. Тэр хоёр “Дорнод аймаг руу явахаар боллоо” гэж хэлэхээр нь би гаргаж өгөөд “У-ын гэрт би түр байж байя” гэж хэлээд тэр хоёроос гэрийн түлхүүрийг нь авч үлдээд О.У-ын гэрт очсон. Тэндээ хэд хоноод ямар ч мөнгөгүй болоод гэрт нь байсан хар өнгөтэй “Самсунг” маркийн 40 инчийн зурагт байхаар нь авч гараад такси бариад ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 230.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Таксинд 20.000 төгрөг өгөөд, үлдсэн мөнгөөр нь золголт хийгээд дуусгасан. Би тухайн үедээ халамцуу байсан болохоор хаана барьцаанд тавьсанаа санахгүй байна. Суусан таксины улсын дугаар, маркийг нь мэдэхгүй, ямар ч гэсэн суудлын жижиг тэрэг байсан. Би О.У-т гэрт нь байгаа талаар хэлэхэд тэрээр “чи гэр орноос юм авчихваа” гэхээр нь “юу гэж найзынхаа гэрээс юм авч байхав дээ” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа О.У- над руу залгаад “зурагт яасан бэ” гэхээр нь үнэнээ хэлсэн. Би О.У-ын данс руу 250.000 төгрөгөөр, 30.000 төгрөгөөр хоёр удаа мөнгө шилжүүлсэн. ...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлага /хх-ийн 46-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 406 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 58-59-р хуудас/, Сэлэнгэ аймаг Сайхан сумын Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 61-73-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 54 дугаартай магадлал /хх-ийн 74-81-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж Ү.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Ү.Б- нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ... тоот хохирогч О.У-ын орон байранд хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Самсунг” маркийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 566.940 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч О.У-ын ...Би 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймаг руу шинэлэхээр явах гэж байхад Ц.Б-, Л.Т- хоёр очих газаргүй гэхээр нь “гэр сайн харж байгаарай” гээд гэрийнхээ түлхүүрээ үлдээгээд явсан. Шинийн хоёрны өдөр Ц.Б-, Л.Т- нарын гар утас холбогдохгүй байсан. Ү.Б- над руу залгаад “танай гэрийн түлхүүрийг авчихсан шүү, танай гэрт ганцаараа хоносон уйтгартай юм байна, би одоо ахынхаа гэрт байна” гэж ярихаар нь “гэрээс юм авчихав, надад ажил явдал гарчихсан учраас хэд хоногийн дараа очих байх” гэж хэлсэн. Үүнээс хойш холбогдоогүй. Би 2019 оны 02 дугаар сарын 10-ны орой ирээд илүү түлхүүрээр гэрээ онгойлгоод ортол “Самсунг” маркийн 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт байхгүй байсан. Б- өөрөө над руу залгаад “зурагтыг чинь Яармагийн ломбарданд барьцаанд тавьчихсан байгаа” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 5-9-р хуудас/,

 

Гэрч Ц.Б-ын ...О.У-тай утсаар ярьсан чинь “Ү.Б-д яагаад түлхүүр өгч байгаа юм бэ. Тэр чинь манайд байна гээд над руу яриад байх юм” гэхээр нь “би уг нь түлхүүр өгөөгүй, надаас хулгайлаад авсан байна” гэж хэлсэн. ...Хэд хоногийн дараа Ү.Б- О.У-тай утсаар яриад зурагтыг чинь ломбарданд тавьсан байгаа, өөрөө авчих гэж хэлээд 280.000 төгрөг шилжүүлсэн байсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

 

Гэрч Л.Т-ийн ...О.У- “та хоёр гэрийн түлхүүр яах гэж Ү.Б-д өгч байгаа юм бэ, наадах чинь одоо гэр орноос юм авчихна шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл хэд хоногийн дараа зурагтыг нь аваад явсан байна гэж мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

 

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг” маркийн 40 инчийн зурагт 566.940 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 19-20-р хуудас/,

 

 Шүүгдэгч Ү.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...О.У- “Дархан-Уул аймагт шинэлнэ” гээд явахдаа Ц.Б-, Л.Т- бид гуравт “та гурав одоо очих газаргүй юм чинь эндээ түр байж бай, гэрээс юм алга болгочихвоо” гэж хэлээд гэрийнхээ түлхүүрийг Ц.Б-, Л.Т- хоёрт үлдээгээд явсан. Тэр хоёр “Дорнод аймаг руу явахаар боллоо” гээд би гаргаж өгөхдөө “У-ын гэрт би түр байж байя” гэж хэлээд тэр хоёроос гэрийн түлхүүрийг нь авч үлдээд О.У-ын гэрт очсон. Тэндээ хэд хоноод ямар ч мөнгөгүй болоод гэрт нь байсан хар өнгийн “Самсунг” маркийн 40 инчийн зурагт байхаар нь авч гараад такси бариад ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 230.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ... Би О.У-т гэрт нь байгаа талаар хэлэхэд тэрээр “чи гэр орноос юм авчихваа” гэхээр нь “юу гэж найзынхаа гэрээс юм авч байхав дээ” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа О.У- над руу залгаад “зурагт яасан бэ” гэхээр нь үнэнээ хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зохицуулсан.

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч О.У-,  гэрч Ц.Б-, Л.Т- нарын мэдүүлэг, эд зүйлийг үнэлсэн “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20-р хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Ү.Б- нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ... тоотод оршин суух хохирогч О.У-ын гэрт нэвтэрч 566.940 төгрөгөөр үнэлэгдсэн “Самсунг” маркийн зурагтыг /хх-ийн 19-20-р хуудас/ хулгайлан авч, 566.940 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч О.У-ын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг нь хулгайлж авсан шүүгдэгч Ү.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжтэй тул Ү.Б-г гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ү.Б-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ү.Б- болон түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

                Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

                 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан байна.

                Хохирогч О.У-ын 40 инчийн зурагтыг “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланд 566.940 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 19-20-р хуудас/ ба хохирогч нь 280.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ү.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг хөнгөрүүлж хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Ү.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй, удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жил 06 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

 

Шүүгдэгч Ү.Б-д 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба /хх-ийн 24-р хуудас/ шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 184 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ү.Б- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний  баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Харнууд овогт Ү-ын Б-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ү.Б-г 02 жил 06 сарын /хоёр жил зургаан сар/ хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б-д оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б-гийн цагдан хоригдсон 184 /нэг зуун наян дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б- нь хохирогч О.У-т 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Ү.Б- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ү.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР