| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0639/Э |
| Дугаар | 638 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 638
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Ж.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Ж-гийн Д-ид холбогдох эрүүгийн 1910021470707 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Ж.Д- нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Буянт-Ухаа цогцолборын гадна талд Л.Б-г нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910021470707 дугаартай хэргээс:
Хохирогч Л.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг 30 минутанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа спорт цогцолборын үүдэнд Д-той тааралдсан. Түүнтэй мэндлэх гэсэн боловч намайг шууд заамдаж аваад “өст хүн өлийн даваан дээр” гэж хэлээд баруун гараараа миний баруун нүд орчимд цохисон. Нүд рүү цус урсаад толгой манараад байж байтал Д- зугатаад яваад өгсөн. Араас нь дуудсан боловч ирээгүй. Баруун нүдний дээд зовхинд 2 оёдол тавиулсан. Одоо биед зовиурлах зүйл байхгүй. Би эмчилгээний зардалд 500.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10549 дугаартай дүгнэлтэнд:
“...хэсэг газрын үзлэгт: Баруун хөмсөгт хөндлөн байрлалтай 1см зах ирмэг тэгш бус шархтай, баруун дээд зовхинд мэс заслын оёдол бүхий 0.7см шархтай, баруун дээд, доод зовхинд хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хавдсан. Хамрын нуруунд 0.4х0.3см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Зүүн сарвууны 5-р хурууны 1- р үеэр эмзэглэлтэй. Дүгнэлт:
1. Л.Б-гийн биед баруун хөмсөг, баруун дээд зовхинд шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 25-р хуудас/,
Шүүгдэгч Ж.Д- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа спорт цогцолборын гадна Б-тэй тааралдсан. Урьд нь Б- намайг доромжилж байсныг нь санаад түүнд хандаж “чи ч хүн их доромжилдог хүн дээ” гэж хэлсэн. Тэгээд би Б-г надаас уулчлалт гуйх байх гэж бодтол эсрэгээрээ намайг хэл амаар доромжилж заналхийлж эхэлсэн. Тэгснээ над руу дайраад байхаар нь намайг цохих гэж байна гэж бодоод баруун гараа атгаж байгаад доороос дээш нь нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Миний цохисон үйлдлээс болж Б-д дээрх шинжээчийн дүгнэлтэнд гарсан гэмтэл учирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.Ц-гийн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, гэрч Д.О-ийн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 37-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38-р хуудас/, тэтгэврийн дэвтэр /хх-ийн 39-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Ж.Д- нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Буянт-Ухаа цогцолборын гадна талд хохирогч Л.Б-гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “баруун хөмсөг, баруун дээд зовхинд шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Л.Б-гийн ...Би Д-той мэндлэх гэсэн боловч намайг шууд заамдаж аваад “өст хүн өлийн даваан дээр” гэж хэлээд баруун гараараа миний баруун нүд орчимд цохисон. Нүд рүү цус урсаад толгой манараад байж байтал Д- зугатаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10549 дугаартай дүгнэлтэнд:
1. Л.Б-гийн биед баруун хөмсөг, баруун дээд зовхинд шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 25-р хуудас/,
мөрдөн байцаалтанд Ж.Д- яллагдагчаар өгсөн: Би Б-г намайг доромжилж байсныг нь санаад түүнд хандаж “чи ч хүн их доромжилдог хүн дээ” гэж хэлсэн. Тэгснээ над руу дайраад байхаар нь намайг цохих гэж байна гэж бодоод баруун гараа атгаж байгаад доороос дээш нь нүүрэн тус газар нь нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Д- хохирогч Л.Б-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ж.Д- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б-гийн биед хөнгөн гэмтэл учирсан байх боловч хохирогч нь гэм хор уршигтай холбоотой баримт ирүүлээгүй ба тэрээр “эмчилгээний зардалд 500.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 15-р хуудас/ гэснийг тогтоолд дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Д- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Л.Б-, шүүгдэгч Ж.Д- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Д-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэрээр өндөр насны тэтгэвэрт байдаг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч Ж.Д-ид торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Д-ид мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Ж-гийн Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Д-ид мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Д- нь хохирогч Л.Б-д 500.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ж.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР