Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 640

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч О.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон халх овогт О-ын М-д холбогдох эрүүгийн 1910014620632 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч О.М- нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Г-тэй маргалдан зодож баруун чамархайд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910014620632 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр найз Т-тай утсаар яриад 805 дугаар цэргийн ангийн хажууд уулзаад М-г авсан. Дараа нь “Таван шар”-аас бас нэг найзыгаа аваад Шувуун фабрикт очоод бид дөрөв нийт 3 шил архи хувааж уусан. Би тухайн үед тасарсан байсан. Нэг сэрэхэд хүнд зодуулчихсан хэвтэж байсан. Гэтэл манай найз Т- “болиоч” гээд орилж байсан. Миний биед учирсан гэмтлийг М- учруулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Гэрч Э.З- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо ........ хаяганд эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг юм. 2019 оны 4 дүгээр сард эхнэртэйгээ маргалдсаны улмаас Зөрчлийн хуулиар баривчлах шийтгэл авсан. Баривчилгаанд байх хугацаандаа Т-, М- хоёртой анх танилцсан. 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн орчимд Т- над руу залгаад “уулзъя, гэрт чинь яваад очье” гэж хэлсэн. 15 цагийн орчимд намайг гэртээ байхад Т-, М-, Г- гурав ирсэн. Бид нар манай гэрт 0,75 литрийн савлагаатай “Хараа” архи хувааж уусан. Би тэр үед Г-тэй анх танилцсан. Өмнө нь огт харж байгаагүй. Архи ууж байхад М-, Г- хоёр хоорондоо маргалдаад байхаар нь “та нар хэрүүл хийх гэж байгаа бол гэрээс гар” гээд бүгдийг нь гэрээс гаргасан. Би тэр гурвыг гарсны дараа хадам ээжийн гэр рүү явж хүүхдүүдээ аваад буцаж ирээд хоол хийж байхад цагдаа нар ирээд намайг “машинд суу” гээд аваад явсан. Цагдаагийн машинд Т-, М- нар байсан. Тэд хоорондоо зодолдсон талаар ярьж байсан. Жолооч цагдаа “Г-ийг хэн зодсон юм бэ” гэж асуухад М- “би зодсон” гэсэн. Би тэр гурвыг хаана ямар байдлаар зодолдсоныг огт хараагүй, мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

Гэрч Ө.Т- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ........ хойд талд байрлах М-гийн гэрт түүнтэй хамт байхад З- над руу залгаад “60.000 төгрөг байна, Нисэхэд хүрээд ир” гэж хэлсэн. М- бид хоёр гэрээс хамт гараад замдаа Г-тэй утсаар яриад З-гийн гэрт гурвуулаа хамт очсон. З-гийн гэрт бид нар 3 шил 0,75 граммын савлагаатай “Хараа” архи хувааж уусан. Гэтэл Г-, М- хоёр маргалдаад байсан. Хэсэг хугацааны дараа намайг З-гийн гэрээс гарахад Г-, М- хоёр хоорондоо зодолдсон байдалтай байсан. Би “яагаад хоорондоо зодолдсон юм бэ” гэж асуухад М-Г-ийг том дуугараад шорон яриад байхаар нь зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Г-ийн зүүн нүд хөхөрсөн, толгойн баруун дээд талаас нь цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7192 дугаартай дүгнэлтэнд:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралттай. Баруун чамархай хэсэгт мэс заслын 4 оёдол бүхий шархтай. Дүгнэлт:

1. Г.Г-ийн биед баруун чамархайд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 21-р хуудас/,

Шүүгдэгч О.М- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн .......... тоотод оршин суух гэртээ 2018 оны 8 дугаар сард баривчилгаанд хамт яваад танилцаж байсан танил Т-ын хамт байсан. Гэтэл Т-ын утас руу Г- залгаад “Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух З-гийнх руу хамт явъя, архи ууя” гэхээр нь Т- бид хоёр Г-тэй хамт З-гийн гэрт нь очсон. Бид нар 2 шил 0,75 литрийн савлагаатай “Хараа” архи хувааж ууж байхад Г- надад хандан “би шоронгоос саяхан гарч ирлээ” гээд томорч дайраад, юм ярихаар хэрүүл маргаан болгоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Г-ийн нүүр рүү гараараа 2-3 удаа цохиход тэрээр гараад явчихсан. Удалгүй Т- бид хоёр явахаар болж З-гийн гэрээс гарахад Г- үүдний амбаарт сууж байсан. Тэгтэл Г- миний араас “ална” гэж гүйж ирээд цамцнаас заамдахад Т- салгасан. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг/хх-ийн 28-31-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: ял шалгах хуудас /хх-ийн 34–р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35-р хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 41-44-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.М-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч О.М-, хохирогч Г.Г- нар нь танилын харилцаатай бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Э.З-гийн гэрт шүүгдэгч, хохирогч нар нь нийлж архидан согтуурсан байна. Шүүгдэгч О.М- нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Г-ийн нүүр рүү гараараа цохиж биед нь “баруун чамархайд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Г-ийн ...Нэг сэрэхэд би хүнд зодуулчихсан хэвтэж байсан. Гэтэл манай найз Т- “болиоч” гээд орилж байсан. Миний биед учирсан гэмтлийг М- учруулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

 

Гэрч Э.З-гийн ...Архи ууж байхад М-, Г- хоёр хоорондоо маргалдаад байхаар нь “та нар хэрүүл хийх гэж байгаа бол гэрээс гар” гээд бүгдийг нь гэрээс гаргасан. ...Жолооч цагдаа “Г-ийг хэн зодсон юм бэ” гэж асуухад М- “би зодсон” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

Гэрч Ө.Т-ын ...Намайг З-гийн гэрээс гарахад Г-, М- хоёр хоорондоо зодолдсон байдалтай байсан. Би “яагаад хоорондоо зодолдсон юм бэ” гэж асуухад М-Г-ийг том дуугараад шорон яриад байхаар нь зодчихлоо” гэж хэлсэн. Г-ийн зүүн нүд хөхөрсөн, толгойн баруун дээд талаас нь цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7192 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Г-ийн биед баруун чамархайд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 21-р хуудас/,

 

мөрдөн байцаалтанд О.М- яллагдагчаар өгсөн: ...Г- надад “би шоронгоос саяхан гарч ирлээ” гээд томорч дайраад, юм ярихаар хэрүүл маргаан болгоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Г-ийн нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 28-31-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

          Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл: шүүгдэгч О.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Г-ийн нүүр рүү гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

        

          Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.М- нь хохирогч Г.Г-ийг цохих байдлаар биед нь халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан боловч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. 

 

             Иймд шүүгдэгч О.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

          

           Шүүгдэгч О.М- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар.

        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан, ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч О.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан нөхцөл байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр урьд ял шийтгэгдэж байсан болон эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.М-д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон халх овогт О-ын М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Маясүрэнг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.М-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Г- болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Х.ОДБАЯР