Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 934

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, .............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Г.М /РД:.................../;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 5 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ............... тоотод байх гэрийнхээ үүдэнд хамтран амьдрагч  Б.Ү-г “архи  уулаа” гэх шалтгаанаар хацран тус газар нь 1 удаа алгадаж, эрүүн тус газар нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Б.Ү-гийн мэдүүлэг /хх12-13/, гэрч Б.О-гийн мэдүүлэг /хх15/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар  сарын 29-ний өдрийн 6267 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх22/, аюулын зэргийн үнэлгээ /хх25-26/, гэр бүлийн хүчирийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх27-35/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх41/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Г.М-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Ү-гийн “...2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр би 00:00 цагийн орчим Сонгинохайрхан 23 дугаар нийтийн байранд эгч О-гийнд унтаж байхад гаднаас Г.М орж ирээд миний хацранд 1 удаа алгадсан. Би босож ирээд чи яагаад намайг алгадаж байгаа юм бэ гэсэн чинь “нэг хүний нэр хэлээд тэр хэн юм бэ” гээд дайраад байсан. Би М-ыг одоо хоёулаа гэртээ харья гээд такси бариад явж байхад таксин дотор надтай хэрүүл хийгээд байсан. Тэгээд гэртээ ирээд таксинаас буух гэсэн чинь миний эрүү хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгэхээр нь би гэрт ороод хэрүүл болох байх гэж бодоод цагдаад дуудлага өгөөд гэртээ орсон. Гэртээ ороод байж байтал М надтай хэрүүл хийгээд миний үснээс зулгаагаад байж байсан чинь гаднаас цагдаа орж ирээд бид хоёрыг цагдаагийн хэлтэст авчирсан. Г.М миний хацранд 1 удаа алгадсан. Мөн эрүүнд гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгээд намайг үсдсэн өөр цохиж зодоогүй. Би одоо 07 сартай жирэмсэн. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Надад гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх12-13/

2. Гэрч Б.О-гийн “...2019 оны 5 дугаар  сарын 18-ны өдөр манайд Ү хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд хоносон. Маргааш нь бид 2 гэртээ 2 том пиво уугаад 21 цагийн орчим унтаад өгсөн. Тэгтэл нэг мэдсэн  чинь тас гээд дуугарсан. Би эргээд харсан чинь гаднаас М манайд ороод ирчихсэн, Ү-г алгадсан. Тэгээд М нь Ү-г загнаад жирэмсэн байж яах гэж архи уугаад байгаа юм бэ гээд байсан. М нь Ү-г хэлэлгүй манайд хоносон, мөн архи уулаа гэж уурласан байх. Ү нь гадуур хонож өнжиж яваад байдаг юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх15/

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар  сарын 29-ний өдрийн 6267 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Б.Ү-гийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй...” гэжээ. /хх22/

4. Аюулын зэргийн үнэлгээ /хх25-26/, Гэр бүлийн хүчирийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх27-35/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Г.М:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас дүгнэн үзэхэд хохирогч Б.Ү, шүүгдэгч Г.М нар нь 2018 оны 01  дүгээр сараас эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, Мөн зүйлийн 5.1.6 дахь заалтад “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заажээ. Тиймээс шүүгдэгч болон хохирогч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2019 оны 5 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ............... тоотод байх гэрийнхээ үүдэнд хамтран амьдрагч  Б.Ү-г “архи  уулаа” гэх шалтгаанаар хацран тус газар нь 1 удаа алгадаж, эрүүн тус газар нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Б.Ү-гийн мэдүүлэг, гэрч Б.О-гийн мэдүүлэг болон шүүгдэгч Г.М-ын мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогч нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд 7 сартай жирэмсэн байсан нь хэрэгт авагдсан баримт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.М-ын энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүнд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар  сарын 29-ний өдрийн 6267 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.М нь хамтран амьдрагч хохирогч Б.Ү-г жирэмсэн болохыг мэдсээр байж, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.

Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж” хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.М-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.М-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг 360 /гурван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР