Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 756

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Б.Ч ийг “М ” ХХК-ийн захирлаар томилсон шийдвэрийг компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, “М ” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан “Дүрэм”-ийг бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Б.Ч ийг “М ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Б.Ч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, гуравдагч этгээд “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б  захиралтай “М ” ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус банктай Т07/141 тоот зээлийн гэрээ байгуулан 1,400,000.00 /нэг сая дөрвөн зуун мянга/ ам.долларын зээлийг 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан юм.

Зээлдэгч “М ” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаар тус компани нь нэг гишүүнтэй бөгөөд үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр нь захирал Б.Б  бүртгэлтэй байсан.

Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч “М ” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл, хүүгээ төлөөгүй бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 5580 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 165 дугаар магадлал зэргээр тус тус “М ” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 1,964,900,373.53 /нэг тэрбум есөн зуун жаран дөрвөн сая есөн зуун мянга гурван зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж, Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Зээлдэгч “М ” ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч Б.Б  нь 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн “Хувьцаа худалдан авах гэрээ”-гээр өөрийн эзэмшлийн нэг бүр 1,000.00 /нэг мянга/ төгрөг, нийт 1,000,000.00 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий 1,000 ширхэг хувьцаагаа иргэн Б Ч худалдах, мөн өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-гээр “М ” ХХК-ийн эрх, үүргийг компанийн эрх хүлээн авагч Б.Ч т шилжүүлэхээр тус тус тохиролцож гэрээ байгуулжээ.

Мөн Б.Б , Б.Ч  нарын хооронд “Хувьцаа худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ” байгуулагдсан болох нь 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Б.Ч оос компанийн бүртгэлийг хийлгүүлэхээр Г.Б д олгосон итгэмжлэлээр нотлогдох бөгөөд энэхүү итгэмжлэл нь “М ” ХХК-ийн “Хувьцааг худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх тухай гэрээ”-г улсын бүртгэлд бүртгүүлэх, компанийн хувьцааг Б.Ч ийн нэр дээр бүртгүүлэх эрхийг олгох тухай агуулгатай байна. Эдгээр гэрээ болон гэрээний дагуу хийсэн бүртгэл нь Капитрон банкны гэрээний дагуу олж авсан эрхийг өмнөхөөс дордуулсан байх ба гэрээгээр үүссэн үүргийг үүрэг гүйцэтгэх чадваргүй бусад этгээдэд шилжүүлэх зорилготой байна.

Энэхүү “Хувьцаа худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-гээр Б.Б , Б.Ч  нар нь гэрээнд заасан үр дүнд хүрэх зорилгоор бус зээлийн өр төлбөргүй гэж бусдад харагдах зорилгоор хийсэн буюу хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор хийсэн байна. Энэ нь эдгээр гэрээ, хэлцлийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” болохыг илэрхийлж байна.

Мөн Б.Ч  нь шүүхийн шийдвэр бүхий 1,964,900,373.53 /нэг тэрбум есөн зуун жаран дөрвөн сая есөн зуун мянга гурван зуун далан гурав/ төгрөгийн өр төлбөрийн талаар мэдээгүй байгаа нь түүнийг давхар ноцтой төөрөгдсөнийг илэрхийлж байгаа хэрэг юм. Шүүхийн шийдвэрээр онц их хэмжээний өр төлбөртэй бол ямар ч гэрээ, хэлцэл хийхгүй, мөн компанийг шилжүүлэн авахгүй байсан гэж Б.Ч  хэлсэн. Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.” гэсний дагуу эдгээр гэрээ, хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох үндэслэлтэй юм.

2007 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 07/141 тоот “Зээлийн гэрээ”-ний 12.7-д “Гэрээнд оролцогч тал нь нөгөө талаас бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ямарваа нэгэн хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлж эсхүл залгамжлуулж үл болно ...” гэж заасан боловч Б.Б , Б.Ч  нар нь зөвшөөрөл авалгүй гэрээ, хэлцэл байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.4-т Иргэний хуульд нийцсэн гэрээг бүрдүүлэх баримт бичгийн хамт өгөхөөр, мөн түүнийг үндэслэн бүртгэл хийхээр зохицуулсан байхад хуулийн шаардлага хангаагүй гэрээ, хэлцлийг нягтлалгүй түүнийг үндэслэн бүртгэл хийсэн нь хууль зөрчсөн байна.

Иймд Б.Б  болон Б.Ч  нарын хооронд байгуулагдсан 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн “Хувьцаа худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу Б.Ч ийг “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Мөн иргэн Б.Ч ийг “М ” ХХК-ийн захирлаар хууль бусаар, хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн томилсон байна. Б.Ч  нь захирлаар томилогдсон болох нь “М ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т үүсгэн байгуулах баримт бичиг хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй бол бүртгэхээс татгалзахаар зохицуулсан байхад холбогдох баримт бичиг, дүрмийг хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгалгүй бүртгэлийг хийсэн байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Компанийн дүрмийг баталсан болон захирлаар томилсон шийдвэрүүд болон тэдгээрийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлүүд нь хууль зөрчсөн байхын зэрэгцээ Капитрон банкны гэрээний үндсэн дээр олж авсан эрхийг дордуулж, гэрээний үүргийг санхүүгийн чадваргүй бусад этгээдэд шилжүүлэх зорилгыг агуулсан байна.

Үүсгэн байгуулагчийн зүгээс Б.Ч ийг “М ” ХХК-ийн захирлаар томилохдоо, мөн компанийн дүрмийг шинэчлэн батлахдаа тус тус хууль тогтоомж зөрчиж, хүчин төгөлдөр бус хэлцэл буюу “Хувьцаа худалдах тухай гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ”-г тус тус үндэслэсэн байх тул Б.Ч ийг “М ” ХХК-ийн захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг, мөн “М ” ХХК-ийн 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан “Дүрэм”-ийг бүртгэсэн бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ““М ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б.Б гээс Б.Ч т шилжүүлэн үүнтэй холбоотой гүйцэтгэх захирал, хаяг, дүрмийн өөрчлөлтийг 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бүртгэхэд дараах баримтуудыг үндэслэсэн байна. Үүнд:

- УБ-05 маягт

- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

- Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас

- “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр

- “М ” ХХК-ийн дүрэм

- Хувьцаа худалдан авах гэрээ

- Компанийн эрх шилжүүлэх гэрээ

- Итгэмжлэл

Уг бүртгэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох хуульд нийцсэн, бүрдүүлбэл зохих баримтуудыг бүрдүүлсэн бүртгэл болно.

Нэхэмжлэгч тал Хувьцаа худалдах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь хууль бус болох талаар нэхэмжлэлдээ дурдсан байх ба энэ тухай маргаан нь иргэний журмаар шийдэгдэх учиртай. Хувьцаа худалдах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь 2 тал хүсэл, зоригоо илэрхийлсэн талууд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн байна. Улсын бүртгэгч ирүүлсэн баримтуудыг хянан үзэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй гэж үзэн улсын бүртгэлд бүртгэсэн.

Иймд “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт болон тус компанийн шинэчилсэн дүрмийг “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 22 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгэсэн байх бөгөөд энэхүү бүртгэлийг “Захиргааны ерөнхий хууль”-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь:

“М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б  нь иргэн Б.Ч т 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус компанийн хувьцааг “Хувьцаа худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-гээр худалдаж, эрх үүргээ шилжүүлсэн болно.

Ийнхүү тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Ч ийг компанийн захирлаар томилж, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан үйлдэл нь “Компанийн тухай хууль”-ийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ.”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах” эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр юм.

Улмаар “Компанийн тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлнэ.” гэж заасны дагуу компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулан бүртгүүлсэн бүртгэл бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-д заасан “Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь Улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.” гэж заасанчлан хүчин төгөлдөр бүртгэл төдийгүй тус компани нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Дашрамд дурдахад “К” ХХК нь “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ч т холбогдуулан иргэн Б.Ч  болон Б.Б  нарын хооронд байгуулсан “Хувьцаа худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай, Б.Ч ийг “М ” ХХК-ийн захирлаар томилсон шийдвэр, мөн “М ” ХХК-ийг үүсгэн байгуулагчийн 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр баталсан дүрмийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 184/ШЗ2016/01231 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй атал “К” ХХК-ийн зүгээс дээрх гэрээ, хэлцлийг “Иргэний хууль”-ийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан “ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл” тул эдгээр гэрээ хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох үндэслэлтэй гэж тайлбарлаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн Б.Ч ийг “М ” ХХК-ийн захирлаар томилсон шийдвэрийг компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, “М ” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан “Дүрэм”-ийг бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Б.Ч ийг “М ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд Б.Ч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ““К” ХХК нь иргэн Б.Ч , “М ” ХХК-иудад холбогдуулан иргэн Б.Ч  болон Б.Б  нарын байгуулсан “Хувьцаа худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай, Б.Ч ийг “М ” ХХК-ийн захирлаар томилсон шийдвэр мөн “М ” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр баталсан дүрмийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШЗ2017/03981 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байдаг. 

...Иймд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын /шинэ нэрээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар/ харьяа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт болон шинэчилсэн дүрмийг “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан илт хууль бус акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гурван шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“К” ХХК нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “иргэн Б.Ч ийг “М ” ХХК-ийн захирлаар томилсон шийдвэрийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, “М ” ХХК-ийн үүсгэн байгуулагчдийн 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан дүрмийг бүртгэсэн бүртгэлийг илт хууль болохыг тогтоолгох, иргэн Б.Ч ийг “М ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Хэргийн оролцогчдын төлөөлөгч, өмгөөлөгчөөс  нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбарыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах үндэслэлүүдийг харгалзан үзлээ.

Нэг. ”К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ч нь шүүх хуралдаанд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “К” ХХК нь “М ” ХХК болон иргэн Б.Ч  нарыг хариуцагчаар тодорхойлон иргэний нэхэмжлэл гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх  хүсэлт гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй” гэж зааснаар шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 7214 дүгээр шүүгчийн захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Б.Ч  болон Б.Б  нарын хооронд байгуулсан “М ” ХХК-ийн “Хувьцаа худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б.Ч ийг “М ” ХХК-ийн захирлаар томилсон шийдвэр, компанийн шинэчлэн баталсан дүрмийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлагаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан  захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байсан бөгөөд тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 4635 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.

 Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь өмнө нь шийдвэрлэсэн асуудлаар дахин хүсэлт гаргаснаас гадна шүүхээс иргэний хэрэг үүсгээгүй нэхэмжлэлд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр хүсэлт гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх...” гэж заасан зохицуулалттай нийцэхгүй байна.

Хоёр. “М ” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч  Б.Б  нь өөрийн эзэмшлийн 100 хувийг Б.Ч т худалдах, Б.Б г компанийн захирлаас чөлөөлж, Б.Ч ийг компанийн захирлаар томилсон байна. Мөн өдрийн шийдвэрээр Б.Ч  нь “М ” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталжээ. 

Улмаар дээрх өөрчлөлтүүдийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг холбогдох баримтуудын хамт бүртгэлийн байгууллагад гаргажээ. 

Компанийн бүртгэлд өөрчлөлт оруулах өргөдөл түүнд хавсаргасан баримтуудыг шүүхээс судлан үзэхэд  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйл 23.1, 23.3 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан болох нь тогтоогдож байна.

 Тодруулбал, өргөдлийг журмаар батлагдсан маягтын дагуу гаргасан, “М ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компанийн дүрмийн шинэчилсэн найруулга, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, гүйцэтгэх удирдлагыг томилсон шийдвэр зэрэг нь эрх зүйн зөрчилгүй, бүртгэл хийхэд шаардлагатай баримтын бүрдэл бүрэн байсан байна.

Иймээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу бүртгэлийн байгууллага компанид орсон өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй тул зохих өөрчлөлтүүдийг хариуцагч  эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэж заасны дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхээр гаргасан өргөдөл нь бүрдүүлбэрийн шаардлага хангаж буй тохиолдолд бүртгэлийн байгууллага зохих бүртгэл хийхээс татгалзах эрхгүй юм.  

Гурав. “К” ХХК нь шүүхэд “дүр үзүүлсэн хэлцэл” хийж улмаар “М ” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, “К” ХХК-ийн гэрээний үндсэн дээр олж авсан эрхийг дордуулсан, “М ” ХХК болон “К” ХХК нарын хооронд 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний заалтыг зөрчиж бүртгэл хийсэн гэж мэтгэлцсэн нь дараах байдлаар үндэслэлгүй болно.

 “М ” ХХК болон “К” ХХК нарын хооронд 2007 оны 08 дугаар сарын 01-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 12.7-д “Гэрээнд оролцогч тал нь нөгөө талаас бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ямарваа нэгэн хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлж эсхүл залгамжлуулж үл болно” гэжээ. Зээлийн гэрээний энэхүү заалт нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргийг аливаа гуравдагч этгээдэд банкны зөвшөөрөлгүйгээр шилжүүлэхийг хориглосон бөгөөд харин зээлдэгч компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх, гүйцэтгэх удирдлага солигдох зэрэг өөрчлөлтүүдийг хязгаарласан зохицуулалт биш болно.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.3-т “хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн болон үүсгэн байгуулах баримт бичиг, түүнд орсон өөрчлөлтийн”, 5.4.9-т “компани бол түүний хувьцааг эзэмшиж байгаа этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, хаяг, эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ, түүнд орсон өөрчлөлтийн” гэж заасны дагуу аливаа өөрчлөлтийг компани нь зайлшгүй бүртгүүлэх үүрэгтэй болно.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ”, 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу иргэний хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр “М ” ХХК-ийн “К” ХХК-д төлөх ёстой 1,964,900,373.53 төгрөгийн төлбөрийг тус компани л барагдуулах үүрэгтэй бөгөөд “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирал нь Б.Б , Б.Ч  нарын хэн байхаас үл хамааран зайлшгүй биелэгдэх ёстой шийдвэр юм.  

Дөрөв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд орсон өөрчлөлтүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх заалтыг зөрчсөн тул бүртгэл нь  “илт хууль бус” гэж шүүх хуралдаанд тайлбар хийсэн.

Хуулийн дээрх зохицуулалтаар захиргааны акт нь чиглэгдэж буй иргэн аж ахуйн нэгжид сөрөг нөлөөлөлтэй байх ёстой бөгөөд захиргаа хуулиас гадуур, бүрэн эрхээ хэтрүүлэн захиргааны акт гаргасан байх ёстой. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар бүртгэлийн байгууллагаас Б.Ч ийг “М ” ХХК-ийн захирлаар томилсон шийдвэрийг бүртгэсэн бүртгэл, “М ” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг бүртгэсэн бүртгэл, Б.Ч ийг “М ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг хариуцагч өөрийн бүрэн эрхийн хүрээнд буюу хуулийн хүрээнд гүйцэтгэсэн үйл ажиллагаа байх тул “илт хууль бус” гэж үзэх үндэслэлгүй байна.  

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгчийн “илт хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлага болох хуулийн этгээдийн улсын бүртгэлүүд нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасан зарчмын хүрээнд хийгдсэн нь тогтоогдсон тул “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэл нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3,  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.4.3, 5.4.9, 11 дүгээр зүйлийн 11.5.3,  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан “К” ХХК-ийн “Б.Ч ийг “М ” ХХК-ийн захирлаар томилсон шийдвэрийг компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, “М ” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан “Дүрэм”-ийг бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Б.Ч ийг “М ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ТӨМӨРБАТ