Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2020/0590

 

“Мк” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч улсын байцаагч Ш.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 552 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Мк” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 552 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэг, мөн хуулийн 12.1.10, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц, улсын байцаагч Д.О нарын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 тоот шийтгэлийн хуудас болон албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай Мк ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “... “Түүврийн аргаар сонгосон 10 хэрэглэгчийн 7 хэрэглэгчтэй 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр холбогдож, холбогдох тайлбар, мэдээлэл тодруулгыг авч нотлох баримтад авсан” гэх боловч энэ талаар Зөрчлийн хэрэгт авагдсан баримт байхгүй. Мөн дээрх 7 хэрэглэгчтэй холбогдож, холбогдох тайлбар, мэдээлэл тодруулгыг авахад "ямар багцын үйлчилгээг “Мк” ХХК-аас авч байгаагаа мэдэхгүй гэсэн нь ... хэрэглэгчийн үндсэн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн.

Бодит байдал дээр хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд хэрэглэгчийн сонгон ашиглаж байгаа багцын талаар тодорхой тусгаж оруулсан, мөн сайтад хандан орсноор үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын талаар мэдээлэл авах, гар утсанд суулган ашиглах М аппликэйшн, үйлчилгээний заалтуудад байх хэвлэмэл танилцуулга зэргээс хэрэглэгч бараа, ажил үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжтой байгаа.

Иймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан “хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “хэрэглэгч барааны үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэсэн хэрэглэгчийн үндсэн эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдалд хүргэхгүй юм.

Хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд талууд харилцан гарын үсэг зурсан хуулийн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд хавтаст хэрэгт талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гарын үсэг зураагүй гэрээ байхгүй юм. Гэтэл гарын үсгээр баталгаажаагүй гэж нотлох баримтыг буруу үнэлсэн.

...Гэрээний 3.7-д “Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний төлбөр нэхэмжлэх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлж болно” гэсэн нь Иргэний хуулийн 202.4 дэх хэсэгт “Дор дурдсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээд санал гаргагч талын оронд түүнтэй адил эрхтэйгээр тухайн гэрээний харилцаанд оролцохоор заасан буюу оролцох бололцоотой байхаар тогтоосон бол стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна”.... гэж заасныг зөрчсөн гэжээ. Иргэний хуулийн 202.4 дэх заалт нь гуравдагч этгээд санал гаргагч талын оронд түүнтэй адил эрхтэйгээр тухайн гэрээний харилцаанд оролцохоор заасан бол 202.4.1 болон 202.4.2-т зааснаас бусад тохиолдлуудад уг гэрээ хүчин төгөлдөр бус байхыг зохицуулсан байна.

“Мк” ХХК-ийн гэрээний 3.7-д заасан заалтаар “Мк” ХХК гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргээ бүхэлд нь гуравдагч этгээд рүү шилжүүлээгүй зөвхөн төлбөр нэхэмжлэх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх тухай заалт байх тул энэ нь Иргэний хуулийн 202.4-д хамаарахгүй. Өөрөөр хэлбэл гэрээний 3.7 дугаар заалтад гуравдагч этгээд “Мк” ХХК-тай адил эрхтэйгээр уг гэрээний харилцаанд оролцох талаар зохицуулалт агуулаагүй зөвхөн авлага барагдуулах, төлбөр нэхэмжлэх эрхийг гуравдагч этгээдэд олгож байх тул энэ нь Иргэний хуулийн 202.4-т огт хамааралгүй юм.

Гэрээний 3.8-д “үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээний үнэ болон нөхцөл гэрээнд хэдийд ч өөрчлөлт оруулах эрхтэй байна...” гэсэн нь Иргэний хуулийн 202.2.1 дэх заалтад “саналыг хүлээн авах, түүнээс татгалзах зэрэгт хэт урт буюу тодорхой бус хугацаа тогтоосон” 2020.2.4 дэх заалтад “гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан” гэж тус тус заасныг Иргэний хууль зөрчсөн гэж үзжээ.

“Мк” ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулдаг гэрээний 3.8-р заалтаар үйлчилгээ үзүүлэгчийн саналыг хэрэглэгч хүлээн авах, татгалзах хугацааг хязгаарласан, эсвэл хэт урт буюу тодорхой бус хугацаа тогтоосон, ер нь аливаа хэлбэрээр хугацаа тогтоосон зүйл байхгүй. Үйлчилгээ үзүүлэгч буюу “Мк” ХХК гэрээнд өөрчлөлт оруулах тухай бүр хэрэглэгчид олон нийтийн хэрэгслээр мэдээлдэг бөгөөд ийнхүү мэдээлэхдээ тухайн гэрээнд орсон өөрчлөлт үйлчилж эхлэх хугацааг маш тодорхой зааж өгдөг байгаа. Тухайлбал, багц солих мэдэгдлийг хэрэглэгчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүргэхдээ 2019 оны 02 сарын 1-ээс тухайн өөрчлөлт үйлчилж эхэлнэ гэсэн нь хэрэглэгчид эргэлзээ үүсгэхгүй ойлгомжтой тодорхой хугацаа тогтоож өгсөн байгаа юм.

Гэрээний 3.11-д “Хэрэглэгчтэй байгуулсан гэрээ, үйлчилгээний нөхцөл, хавсралт болон бусад баримт бичгүүд нь талуудын хоорондох бүхий л тохиролцоог илэрхийлнэ” гэсэн нь Иргэний хуулийн 202.2.8 дахь заалтад “нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн” гэж заасныг Иргэний хууль зөрчсөн гэж үзжээ. “Мк” ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулдаг гэрээний 8-р зүйлийн 8.1 дэх хэсгээр хэрэглэгчид гэрээг цуцлах эрх олгосон бөгөөд гэрээний 3.11-р зүйлд хэрэглэгчийн гэрээ цуцлах эрхийг хязгаарласан зүйл байхгүй болно. Мөн “Мк” ХХК гэрээний 3.8-р заалтаар харилцаа холбооны үйлчилгээг үзүүлэх үүргээсээ татгалзах боломжийг өөртөө олгосон, үүргээ гүйцэтгэхгүй байх эрхийг өөртөө олгосон зүйл байхгүй.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12, 202.2.13, 202.2.14 дэх заалтуудыг гэрээнд огт тусгаагүй байгаа нь гэрээг санаачлагч “Мк” ХХК нь тус стандарт гэрээ гэх гэрээний хариуцлага хүлээх ямар ч заалтыг оруулаагүй нь тус гэрээг бүхэлд нь хүчингүй болгох гол шалтгаан гэж иргэний хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Гэтэл Иргэний хуульд тус хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12, 202.2.13, 202.2.14 дэх заалтуудыг гэрээнд тусгасан бол хүчингүй болгохоор зохицуулсан байхад оруулаагүй гэж гэрээ хүчингүй болгох хууль зүйн дүгнэлт гаргаж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэхээр байна. Дээрх нөхцөл байдлаас харахад Улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ гэм буруутай эсэх, хэрэглэгч яаж хохирсон талаар нотлоогүй, асуудалд бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд явуулалгүй шалгуулагч этгээдийг зөвхөн буруутгах байр сууринаас хандсан болохыг тодорхой харуулж байна.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц, улсын байцаагч Д.О нарын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 тоот “Шийтгэлийн хуудас”, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0552 дугаартай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхээс гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 дугаартай шийтгэлийн хуудсаар “Мк” ХХК-ийг “...бараа, ажил үйлчилгээг хууран мэхэлж, төөрөгдүүлж, хүч хэрэглэх замаар худалдаж, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан” хэмээн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 20 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, гомдол гаргагч “Мк” ХХК-аас уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “...хяналт шалгалт хийхдээ гэм буруутай эсэх, хэрэглэгч хэрхэн хохирсон талаар нотлоогүй, асуудалд бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж, хариуцагчаас “ ...“Мк” ХХК нь хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийг үнэн бодит мэдээллээр хангаагүй, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүчээр тулгасан, үйлчлүүлэгчидтэй байгуулсан гэрээний нөхцөл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцөлөөс дордуулсан...” гэж тус тус маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “М корпорци” ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2217 дугаар тушаалаар “...хуучин багцтай .... үйлчилгээний хэрэглэгчдийг ..... төлбөрт болон хосолсон төлбөрт багц руу  шилжүүлэх”-ээр шийдвэрлэж, уг шийдвэрийн дагуу “Мк” ХХК нь “..... багцуудыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоох болсныг мэдэгдэж, багцаа сольж амжаагүй хэрэглэгчдийн хувьд 2019 оны 02 сарын 01-ний өдрөөс 03-ны өдрүүдэд хуучин багцын хэрэглээтэй нь ойр дүнтэй багц руу шилжүүлэх” болсныг хуучин багцтай хэрэглэгчдэд мэдэгдсэн, энэ талаар хэрэглэгчид гомдол гаргасан, талууд уг үйл баримтын талаар маргаагүй байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан.

Энэ тохиолдолд “Мк” ХХК нь дээрх нэр бүхий хуучин багцуудын үйлчилгээг зогсоосноор шинэ багц сонгохыг хэрэглэгчид мэдэгдэж, хэрэв багцаа солиогүй тохиолдолд хуучин багцын хэрэглээтэй нь ойр дүнтэй багц руу шууд шилжүүлэх”-ийг хэрэглэгчдэд мэдэгдэж буй  нь өөрийн “үйлчилгээгээ хүч хэрэглэх замаар худалдах” үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Тиймээс хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-д “Бараа, ажил, үйлчилгээг ... хүч хэрэглэх замаар худалдах, ... зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн маргаан бүхий актаар “Мк ХХК-д 20 000 000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин хариуцагчаас “ ... бараа, ажил үйлчилгээг хууран мэхэлж, төөрөгдүүлж, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан... хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийг үнэн бодит мэдээллээр хангаагүй” гэх зөрчилд холбогдох үйл баримтыг хангалттай тогтоогоогүй атлаа энэ үндэслэлээр “Мк” ХХК-ийг буруутгасан нь үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлгүй байх боловч нэгэнт дээр дурдсанчлан “Мк” ХХК нь хэрэглэгчдэдээ бараа, ажил, үйлчилгээг хүч хэрэглэх замаар худалдсан болох нь тогтоогдсон энэ тохиолдолд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Мк” ХХК нь багц солигдох тухай мэдээллийг хэрэглэгчдийн гар утасны дугаарт мессежээр, өөрийн цахим хуудас, гар утасны аппликейшн болон өдөр тутмын сонинд нийтлүүлж мэдээлэл өгсөн байх тул Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэсэн заалт зөрчигдөөгүй байна.

Мөн “Мк” ХХК болон хэрэглэгчдийн хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлүүд нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлд заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шууд дүгнэх боломжгүй байх тул хариуцагчийн энэ талаарх тайлбар, үндэслэлийг зөвтгөх боломжгүй болно.

Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байх тул шийдвэрийг хүчингүй болгуулах давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний алдаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй хуулийн заалт баримталсан, улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7/21 дүгээр албан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй, мөн гомдол гаргагч “Мк” ХХК-ийг “М” ХХК гэж буруу бичсэн байх тул холбогдох өөрчлөлтийг оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 552 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалт баримталсан хэсгийг “Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг баримтлан” гэж, “М” ХХК гэснийг “Мк” ХХК болгон тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                              Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                              Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН