Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2026/ХШТ/73

 

Э.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ц.Оч, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн, Х.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулан нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 421 дүгээр магадлалтай, Э.Э-д холбогдох 1909000000989 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэтуяа, Э.Намжилцэрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 3 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзсан, Э.Э,

Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн 3.2-т тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.Э-н нийт эдлэх ялыг 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд ...” гэснийг “... бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд ...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Э-н биечлэн эдлэх нийт хорих ялыг 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж тус тус өөрчилж, шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

1.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээний дотор байгаагаас гадна 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулж болохгүй зүйлчлэлд ороогүй тул зохих өршөөлд хамруулж өгнө үү.

2.Шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг заавал баримтлах үүрэггүй ч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасны дагуу ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Би хэрэгт холбогдсоноос хойш бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлж, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Эрүүл мэндийн хувьд тархины менингит болон сүрьеэ өвчнөөр хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 80% алдсан, өрх толгойлсон ганц бие эцэг билээ. Одоо миний хүү 2 ой гарантай, өвчтэй ээж маань асран хамгаалж байгаа.

3.Хэрэгт хяналт тавьсан прокурор нь миний төрсөн эгчийн нөхөртэй найзын холбоотой. Прокурор энэ хэрэгт хувийн сонирхлоор буюу өш хонзон санаж шууд болон шууд бусаар нөлөөлөн гэмт хэрэг хамтран үйлдсэн С.И, Т.Б, Б.Б нарыг тусгаарлан шүүхээр шийдвэрлүүлж 3 жил 6 сар хорих ял оногдуулсан байдаг. Харин намайг уг хэргийн хамжигчаар тогтоосон атлаа нэг ижил хэрэгт надад 6 жил 1 сарын хорих ял өгсөн. Прокурор эрх мэдлээ урвуулан ашиглахдаа эрх зүйн байдлыг минь дордуулж байна. Иймд миний ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэтуяа, Э.Намжилцэрэн нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Өршөөл үзүүлэх тухай хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсний улмаас хууль хэрэглээний зөрүү үүссэн байна.

Шүүгдэгч Э.Э-н гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байхад өмнөх тогтоолоор хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, бусад үйлдэлд гэмт буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай тогтоолд “... 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг “... нэг удаа өршөөн хэлтрүүлэх чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих...”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “... эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна” гэж тус тус заасан нь хуулийн үйлчлэлд хамаарах гэмт хэргүүдийг үйлдсэн этгээдэд хамгийн ашигтай хувилбараар эрх зүйн байдлыг нь нэг удаа дээрдүүлэн өршөөлийн үйлчлэлд хамааруулах харилцааг зохицуулжээ. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах шүүгдэгчийн үйлдсэн хэд, хэдэн гэмт хэргүүдэд оногдуулсан ялуудаас аль хүнд, нэг эрүүгийн хариуцлагыг шүүх сонгон өршөөл үзүүлэх тухай бус Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацааны дотор хуулийн үйлчлэлд хамаарах зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлэх, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих хэлбэрээр нэг эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн этгээдэд хамаарах ойлголт юм...” хэмээн тайлбарласан байдаг.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.

Шүүгдэгч Э.Э-н өмгөөлөгч Х.Эрдэнэтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч бидний гомдлыг хүлээж авсан мэт боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь Улсын дээд шүүхийн тайлбар, тогтоолоос зөрүүтэй байна. ...Миний үйлчлүүлэгчид холбогдох Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацааны хязгаарлалт, 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарахгүй учраас түүнд зохих өршөөл үзүүлнэ үү. Хэдийгээр гомдлын агуулгад дурдаагүй боловч шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг дэмжиж байр сууриа илэрхийлмээр байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлсөн, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд бүлэглэсэн хүмүүсийн үйлдэл тусгаарлагдаж, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Өмгөөлөгч бид ялгаатай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар тайлбар, дүгнэлт авахын тулд шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон. Гэтэл шүүх гэм буруугийн талаар маргаж буй мэтээр хүлээж авсан нь хууль зүйн үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Э.Э-н өмгөөлөгч Э.Намжилцэрэн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс Э.Эд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар ял шийтгэсэн. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн нэг зүйлд хамаарч байгаа учраас үргэлжилсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд дээрх хууль хэрэглээний зөрүүг гаргаж, зүйлчлэлийг хүндэд нь багтаан хуулийг хэрэглэж өгнө үү гэв.

Прокурор Б.Бямбадагва хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна. Хоёр шатны шүүхээс шүүхээс хэргийн үйл баримтыг зөв тогтоож, бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ. Харин эд хөрөнгийг ил, хүч хэрэглэхгүйгээр авсан, зэвсэг хэрэглэн дээрэмдсэн үйлдлүүдийг өөр өөр цаг хугацаанд, тусдаа эхлэл, төгсгөлтэй, халдлагын зүйл, объектын хувьд өөр гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тус бүрд ял оногдуулж шийдвэрлэсэн нь нэг төрлийн гэмт хэргийн давталтыг хүндрүүлэх шинжид нь багтаан нэг зүйлчлэлээр шийдвэрлэж, ялыг ялгамжтай оногдуулах хууль хэрэглээний жишгээс зөрүүтэй байна. Иймд шүүгдэгч Э.Э-н дээрэмдэх нэг төрлийн хэргийн ердийн болон хүндрүүлэх шинжийг харгалзан хүндэд нь багтаан зүйлчлэх үндэслэлтэй ба ингэснээр шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээнд сөргөөр нөлөөлөхгүй. Мөн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрх хязгаарлах ялаар сольсон нь үндэслэлтэй боловч хэд хэдэн төрлийн ялыг нэмж нэгтгэхдээ тусад нь эдлүүлбэл шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх ач холбогдолтой гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх талаар шүүгдэгчийн гомдлын хувьд хууль хэрэглэх урьдач нөхцөлүүд бүрдээгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн, Х.Эрдэнэтуяа нарын гомдол хууль зүйн үндэслэлтэй байх тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний зөрүүг арилгаж шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.  

2.Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Сөүл плаза” худалдааны төвийн орчимд Б.С-ийн цүнхнээс “I phone 8 plus” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

С.И-тай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Шинэ-Өргөө” хорооллын орчимд А.Ч-ийн “Samsung S7 edge” загварын гар утсыг түр хэрэглэхээр гуйж аваад зугтсан,

Б.Б, Т.Б, С.И нартай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Мишээл” хотхоны 94 дүгээр байрны 2 дугаар орцны цахилгаан шатанд цаасны хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн А.А-ы 500,000 төгрөг бүхий хэтэвч, “Samsung A5” загварын гар утас зэргийг авсан,

2018 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэрлэх ёслолын ордны орчим такси барихаар зогсож байсан Ж.Б-ыг ...... улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгсэлд суулган цаасны хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж “Nikon D90” загварын зургийн аппарат, цүнх, цэнэглэгч, линзний хамт, карт уншигч, “I phone 5” загварын гар утас, савхин куртик, саравчтай малгай зэргийг авсан,

2018 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси барихаар зогсож байсан Ц.Т-г ..... улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгсэлд суулган цаасны хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж “Macbook pro i7” загварын зөөврийн компьютер, “Adidas” брэндийн цүнх, “Samsung Galaxy Core Advance” загварын гар утас, хэтэвч, чихэвч зэргийг авсан хэргийн үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэгт бүлэглэн оролцсон хүмүүсийн үйлдлийг тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байна.

3.Эрүүгийн хуулийн нэг зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн тохиолдолд аль хүнд зүйл, хэсэгт багтаан зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэсэн хууль хэрэглээ нэгэнт тогтсон[1] боловч энэ хэрэгт хамааралгүй гэж үзэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн системчлэлээс үзвэл нэг зүйлд гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг тодорхойлох, эсхүл нэг зүйлийн хэсэг, заалт тус бүрээр тухайн гэмт хэргийн хоорондоо хамааралгүй хэд хэдэн шинжүүдийг зэрэгцүүлэн заах хууль зүйн техникийг ашигласан байдаг. Гэмт хэргийн үндсэн болон түүний хүндрүүлэх шинжүүдийг Эрүүгийн хуулийн нэг зүйлээр тогтоож өгсөн бол зүйлчлэлийг нэгтгэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд гэмт хэргийн үндсэн шинж нь хүндрүүлэх бүрэлдэхүүндээ агуулагдсан байдаг онцлогтой. Харин Эрүүгийн хуулийн нэг зүйлд гэмт хэргийн хэд хэдэн шинжийг зэрэгцүүлэн заасан бөгөөд хоорондоо хамааралгүй бол нэг гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинж гэж үзэхгүй бөгөөд энэ тохиолдолд зүйлчлэлийг нэгтгэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан …”, 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэсэн болон хэрэглээгүй шинжээр нь ялгаж зэрэгцүүлэх техникийг ашигласан ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг тодорхойлохдоо 3.1-д “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон”, 3.3-т “зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” гэсэн нь дээрх хоёр бүрэлдэхүүний аль алинд нь хамаарах бол 3.2-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэсэн нь хохирогчид хүч хэрэглэн довтолсон шинжээрээ зөвхөн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүн гэж ойлгож хэрэглэхээр байх тул шүүгдэгч Э.Э-н үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэргийг мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, нэг ял оногдуулах гэсэн өмгөөлөгч Э.Намжилцэрэн, прокурор Б.Бямбадагва нарын санал, дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.  

4.Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор хорих ялыг тэнсэж хянан харгалзсан 3 жил 3 сарын хугацааг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах эсэх талаар зохих хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, давж заалдах шатны шүүх энэ алдааг зөв дүгнэсэн боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу дүйцүүлэн сольсон ялыг нэмж нэгтгэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Өршөөл үзүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн этгээдийг эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх, мөн хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольдог онцгой ажиллагаа юм. Тиймээс нэг удаагийн үйлчлэлтэй, шүүх хэрэглэвэл зохих Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт, үйлчлэх цаг хугацаа, хүрээ, өршөөл үзүүлэх хэлбэр, хэмжээ, өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал, хууль хэрэглэх журам зэргийг хууль тогтоогчоос тусгайлан зохицуулдаг.

2021 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “... яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна” хэмээн хуульчилсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэргүүдэд оногдуулсан ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах аль хүнд, нэг эрүүгийн хариуцлагыг сонгон өршөөл үзүүлэх бус, харин тус хуулийн үйлчлэлд хамаарах боломжтой зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлэх, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих хэлбэрээр нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн этгээдэд хамаарах ойлголт юм.

Шүүгдэгч Э.Э-н үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Э-н үйлдсэн гэмт хэргүүдийг өршөөлд хамруулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон атлаа ялуудыг нэмж нэгтгэхдээ зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ял болгон эдлүүлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилгыг алдагдуулсан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдэл болжээ.

Иймд шүүгдэгч Э.Э-д Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг баримтлан зохих өршөөлийг үзүүлж тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулахаар тогтов.

5.Шүүгдэгч Э.Э-н Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ялыг хөнгөрүүлэх агуулга бүхий гомдлын үндэслэлийн тухайд тэрээр тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд үйлдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан, удаашруулсан, мөн гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглээгүй гэж гэм буруугийн талаар маргаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн энэ хэрэгт хяналт тавьсан прокурор нь албан үүрэгтээ хувийн сонирхлоор хандаж хэргийг тусгаарлан шийдвэрлүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг тус тус мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай”, “Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-г зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн, Х.Эрдэнэтуяа нарын гомдлуудаас “... Өршөөлд хамруулж өгнө үү ...” гэсэн хэсгийг хангаж, “... Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх” талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                    Б.БАТЦЭРЭН

Ц.ОЧ

М.ПҮРЭВСҮРЭН

Б.ЦОГТ

 

[1] Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоол

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 124 дүгээр тогтоол

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар тогтоол