| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07197/И |
| Дугаар | 5741 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 5741
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Их тойруу 18/1, Баянбогд плазад байрлах, “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК /РД:5444314/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Ажилчдын гудамж, 131/4 байрлах, “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК /РД:2554518/
Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 91.029.263,72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “Уул уурхайн үндэсний олборлогч" ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр МNO-2015/89 тоот, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр МNО-2015/143 тоот Худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан бөгөөд гэрээний дагуу бид “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д ENР РРЕМЕ-150161 маркийн 2 ширхэг домкратыг нийлүүлэх, тус компани эдгээр барааны үнийг тодорхой хуваарийн дагуу манайд төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу манай компани тус компанид бараагаа нийлүүлсэн бөгөөд хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь МNO-2015/89 тоот гэрээний урьдчилгаа төлбөр 19.344.063,20 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 25-нд, МNО-2015/143 тоот гэрээний урьдчилгаа төлбөр 14.974.425,67 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр тус тус төлсөн ба эхний гэрээний үлдэгдэл төлбөр болох 29.016.094,80 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ба 07 дугаар сарын 28-нд, хоёрдахь гэрээний үлдэгдэл төлбөр болох 34.940.326,58 төгрөгийг 2015 оны 08 сарын 16-нд ба 09 сарын 16-нд тус тус төлөх байсан ч төлөөгүй. Бид үүссэн асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэн “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон албан бичгээр шаардаж байсан боловч төлбөр төлөлт хийгдэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөх хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг манай компанид төлөх үүрэгтэй. Үүний дагуу алдангийн хэмжээг тооцоход МNO-2015/89 тоот гэрээний хувьд нийт 901 хоногийн алданги 13.071.753,05 төгрөг, МNО-2015/143 гэрээний хувьд 797 хоногийн алданги 14.001.089,29 төгрөг буюу нийтдээ 27.072.842,34 төгрөгийн алданги төлөхөөр байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгг заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр болох 63.956.421,38 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 2.32.4, 232.6, гэрээний 9.2-т заасны дагуу үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн алданги болох 27.072.842,34 төгрөг нийт 91.029.263,72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК нь хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 27.072.842,34 төгрөгөөс татгалзаж, 63.956.421,38 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь 32.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, үлдэх 31.956.421,38 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус тус төлөх, тохиролцсон хугацаанд төлбөрийг барагдуулахгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,3 хувийн алданги тооцож нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн. Иймд бидний байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь нэхэмжлэгч “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК-тай харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 27.072.842,34 төгрөгөөс татгалзаж, 63.956.421,38 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь 32.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, үлдэх 31.956.421,38 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус тус төлөх, хэрэв тохиролцсон хугацаанд төлбөрийг барагдуулахгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,3 хувийн алданги тооцож нэхэмжлэгчид төлөх, нэхэмжлэгч нь дээрх гэрээний төлбөрийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар тохиролцсон. Иймд бидний байгуулсан эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 27.072.842,34 төгрөгөөс татгалзаж, №ММО-2015/89, МNО-2015/143 тоот гэрээнүүдийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 63.956.421,38 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь төлөхийг зөвшөөрч, үүнээс 32.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, үлдэх 31.956.421,38 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус тус төлөх, хэрэв хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь тохиролцсон хугацаанд төлбөрийг барагдуулахгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,3 хувийн алданги тооцож нэхэмжлэгчид төлөх ба нэхэмжлэгч нь “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №ММО-2015/89 тоот, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан МNО-2015/143 тоот гэрээтэй холбоотой төлбөрийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байх үүргийг хүлээн талууд харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК нь хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 91.029.263,72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 27.072.842,34 төгрөгөөс татгалзаж, №ММО-2015/89, МNО-2015/143 тоот гэрээнүүдийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 63.956.421,38 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь төлөхийг зөвшөөрч, үүнээс 32.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, үлдэх 31.956.421,38 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус тус төлөх, хэрэв тохиролцсон хугацаанд төлбөрийг барагдуулахгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,3 хувийн алданги тооцож нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК, хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 613.096,32 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-иас 477.732 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 27.072.842,34 төгрөгөөс татгалзаж, №ММО-2015/89, МNО-2015/143 тоот гэрээнүүдийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 63.956.421,38 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь төлөхийг зөвшөөрч, үүнээс 32.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, үлдэх 31.956.421,38 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус тус төлөх, хэрэв тохиролцсон хугацаанд төлбөрийг барагдуулахгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,3 хувийн алданги тооцож нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 613.096,32 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-иас 477.732 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА