| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0647/Э |
| Дугаар | 643 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 643
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Б.У-, өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пара овогт Б-гийн У-д холбогдох эрүүгийн 1910011650521 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.У- нь 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ... тоотод байрлах өөрийн гэртээ 7 настай төрсөн хүү У.М-ыг “тоглоом галд хийлээ” гэж галын хайч, бүсээр гар, хөл рүү нь зодож, хохирогчийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь “баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, тохойны хонхор, зүүн гуя, баруун шилбэний цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910014300620 дугаартай хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч У.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 4 дүгээр сарын 21-ний орой гэртээ ээж У-, дүү Б-, Д- нарын хамт байж байхад ээж У- намайг “дүү Д-гийнхаа гутлыг өмсүүл” гэж хэлсэн. Тэгээд ээж У- угаадас асгахаар гэрээс гарсан. Тэр үед би дүү Б-т “Д-гийн гутлыг өмсүүл” гэж хэлэхэд “ээж чамайг өмсүүл гэж хэлсэн биз дээ” гэж хэлсэн. Би дүү Б-ын тоглож байсан тоглоомыг аваад зуухны хажууд очоод “гал руу хийлээ” гэхэд дүү Б- “хий хий” гэхээр нь зууханд тоглоомыг нь хийчихсэн. Тэгсэн Б- уйлсан. Тэр үед ээж гаднаас орж ирээд Б-оос “чи яагаад уйлсан юм бэ” гэхэд “М- ах миний спиндэрийг галд хийсэн” гэж хэлсэн. Ээж гал дээр байсан тогоог аваад зуухнаас дүүгийн тоглоомыг гаргасан. Ээж надад хандаж “чи яасан ууртай юм, яасан их том юм, чамайг зодохгүй бол болохоо байж” гээд галын хайч аваад миний хоёр гарын бугалгад 4-5 удаа цохисон. Мөн гуяанд 3-4 удаа галын хайчаар цохиж, өмдний бүсээр хэд хэдэн удаа ороолгож зодсон. Намайг уйлаад сууж байхад өвөө Б- орж ирээд миний хөхөрсөн гарыг хараад ээжид “миний хүүг зодоод алах нь ээ” гэж хэлэхэд ээж миний гар дээр хүйтэн жин тавьж өгсөн. Тэр үед аав С- гэрт орж ирэхэд ээж У- аавыг гэрээс хөөсөн. Аав, ээж хоёр маргаж байгаад гэрийнхэн унтаж амарсан. Би өглөө босоод өвөө Б-гийн утсаар эмээ С-д “ээж намайг зодсон” гэж хэлсэн. Миний баруун гарын булчин, зүүн гарын булчин, баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн гуя хэсэгт хөхөрсөн. ...Ээж өмнө нь намайг 5 настай байхад сандал шидэх, өмдний бүс, галын төмрөөр зодож байсан. Мөн дүү Б-ыг бас зоддог. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралд оролцохгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 10, 21, 99-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №5036 дугаартай дүгнэлтэнд:
“...хэсгийн газрын үзлэгт: баруун бугалганы гадна дунд хэсэгт бага зэрэг хавдартай, эмзэглэлтэй, ЗхЗсм хөх ягаан цус хуралттай, зүүн бугалганы гадна дээд хэсэгт 0.5х7см 2ш зэрэгцээ хөндлөн хөх өнгийн цус хуралттай, гадна дунд хэсэгт 0.5х2см, тохойны урд хонхорт 4хЗсм, шууны гадна дунд хэсэгт 1х2см хүрэн ягаан цус хуралтуудтай, зүүн гуяны гадна хажуу дээд хэсэгт 2х7см, 2хЗсм хүрэн ягаан, хөх өнгийн цус хуралттай, баруун шилбэний урд дунд хэсэгт ЗхЗсм, 2х2см хөх өнгийн цус хуралттай, бага зэрэг эмзэглэлтэй. Дүгнэлт:
1. У.М-ын биед баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, тохойны хонхор, зүүн гуя, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 26-р хуудас/,
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын үнэлгээний зэргийн маягт /хх-ийн 12-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16-р хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-ийн 47-52-р хуудас/,
Шүүгдэгч Б.У- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байсан. Хүүхдүүдийнхээ хувцсыг угааж байхад манай хоёр хүү /М-, Б-/ хоорондоо тоглоомоос болоод маргалдсан. Би хоёр хүүдээ /М-, Б-/ “та хоёр эвтэй бай, битгий маргалдаад бай” гэж хэлээд хувцас угаасан усаа асгахаар гэрээсээ гарсан. Буцаад гэртээ орж иртэл Б- уйлчихсан, Маргад-Эрдэнэ сандарчихсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад М- дүүгийнхээ тоглоомыг зуух руу хийсэн байсан. Тэгээд Б-ын тоглоомыг зуухнаас аваад уурандаа М-ын гар болон гуя руу нь галын хайчаар нэг, нэг удаа цохиж, өмднийх нь тэлээгээр гар болон гуя руу нь 7-8 удаа ороолгож зодсон. Би тухайн үйлдлийг гаргасандаа харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35, 104-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 40-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 43-45-р хуудас/, гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/, гэрч Ц.Э-ын мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/, гэрч Д.С-ын мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.У-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.У- нь 2019 оны 4 дүгээр сарын 21-ний орой Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ... тоотод байрлах өөрийн гэртээ 7 настай төрсөн хүү У.М-ыг “дүүгийнхээ тоглоом галд хийлээ” гэх шалтгаанаар галын хайч, өмдний тэлээгээр зодож биед нь “баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, тохойны хонхор, зүүн гуя, баруун шилбэний цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
насанд хүрээгүй хохирогч У.М-ын ...Ээж гаднаас орж ирээд Б-оос “чи яагаад уйлсан юм бэ” гэхэд “М- ах миний спиндэрийг галд хийсэн” гэж хэлсэн. Ээж гал дээр байсан тогоог аваад зуухнаас дүүгийн тоглоомыг гаргасан. Ээж надад хандаж “чи яасан ууртай юм, яасан их том юм, чамайг зодохгүй бол болохоо байж” гээд галын хайч аваад миний хоёр гарын бугалгад 4-5 удаа цохисон. Мөн гуяанд 3-4 удаа галын хайчаар цохиж, өмдний бүсээр хэд хэдэн удаа ороолгож зодсон…гэх мэдүүлэг /хх-ийн 10, 21, 99-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №5036 дугаартай дүгнэлтэнд:
1. У.М-ын биед баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, тохойны хонхор, зүүн гуя, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 26-р хуудас/,
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын үнэлгээний зэргийн маягт /хх-ийн 12-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16-р хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-ийн 47-52-р хуудас/,
мөрдөн байцаалтанд Б.У- яллагдагчаар өгсөн: Намайг гэрт орж ирэхэд Б- уйлчихсан, Маргад-Эрдэнэ сандарчихсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад М- дүүгийнхээ тоглоомыг зуух руу хийсэн байсан. Б-ын тоглоомыг зуухнаас аваад уурандаа М-ын гар болон гуя руу нь галын хайчаар нэг, нэг удаа цохиж, өмднийх нь тэлээгээр гар болон гуя руу нь 7-8 удаа ороолгож зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 35, 104-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Насанд хүрээгүй хохирогч У.М-ын биед учирсан “баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, тохойны хонхор, зүүн гуя, баруун шилбэний цус хуралт” бүхий хөнгөн гэмтлийг шүүгдэгч Б.У- түүнийг галын хайчаар болон тэлээгээр цохиж зодсон нэг бус удаагийн үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Насанд хүрээгүй хохирогч У.М- нь 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 7 нас 04 сар 27 хоногтой буюу бага насны бие хамгаалах чадваргүй болохыг шүүгдэгч мэдэж байсан, шүүгдэгч Б.У- нь насанд хүрээгүй хохирогч У.М-ын төрсөн ээж Б.У-ын хамт амьдардаг тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Б.У- нь төрсөн хүү У.М-ыг “дүүгийнхээ тоглоом галд хийлээ” гэх шалтгааны улмаас зодож, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэнд эрх чөлөөнд нь халдсан бие махбодийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8-т заасан “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч У.М-ын биед хөнгөн гэмтэл учирсан байх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 99-р хуудас/ гэснийг нь тогтоолд дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.У- “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анх удаа гэмт хэрэг үйлдсэн тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой, 2-7 насны хүүхэдтэй, өрх толгойлсон зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 5-6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Б.У- эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.У-д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.У- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Пара овогт Б-гийн У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.У-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.У- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР