| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07588/И |
| Дугаар | 5742 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 5742
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Жамсранжав гудамж, 3/1 тоотод байрлах, “Экспресс трейд” ХХК /РД:2557061/
Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Туяадэлгэр /РД:ХГ65032402/-ийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч “Экспресс трейд” ХХК-ийн захирал Ш.Ганбат, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Экспресс трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани гүний худгийн өрөмдлөг, усны барилга байгууламж барих зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг билээ. 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Н.Туяадэлгэртэй гэрээ байгуулж түүний байнга оршин сууж амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүүн 2 гудамж, 22 тоот хашаанд нь 70 тууш метр бүхий гүний худаг өрөмдүүлэн иж бүрэн тоног хэрэгсэл, гүний насосыг суулган ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн юм. Н.Туяадэлгэр нь манай компанид төлөх ёстой 1.553.500 төгрөгийг төлөхгүй байгаа бөгөөд хариуцагчаар оролцвол зохих иргэн Н.Туяадэлгэрээс уг мөнгөө нэхэмжилж Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Н.Туяадэлгэрийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Н.Туяадэлгэр нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруунтүрүүний энгэр 2 гудамж, 22 тоот хашаанд нөхөр хүүхдийн хамт амьдарч, 9906-6556 гэсэн утасны дугаартай байсан ба бид өөрсдөө түүний хаягийг олж тогтоох боломжгүй байна.
Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Туяадэлгэр /РД:ХГ65032402/-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Экспресс трейд” ХХК нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Туяадэлгэр /РД:ХГ65032402/-ийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШЗ2016/05380 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар “Экспресс трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Туяадэлгэрт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 1.400.000 төгрөг гаргуулах тухай хэргийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Иймд шүүх оршин байрлах хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Туяадэлгэр /РД:ХГ65032402/-ийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч “Экспресс трейд” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Туяадэлгэрийг олж болох эх сурвалжийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруунтүрүүний энгэр 2 гудамж, 22 тоот хашаанд нөхөр хүүхдийн хамт амьдарч, 9906-6556 гэсэн утасны дугаартай байсан гэж нэрлэн заасныг дурдаж,, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч “Экспресс трейд” ХХК-тай холбоо барих утас: 91918178, 91918578 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч “Экспресс трейд” ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Туяадэлгэр /РД:ХГ65032402/-ийг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “Экспресс трейд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч “Экспресс трейд” ХХК-тай
холбоо барих утас: 91918178, 91918578 болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА