Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 449

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Д даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Э хөтлөн

улсын яллагч Б.Б

шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, ХХХХ оны ХХ дугаар сарын ХХ-нд Булган аймгийн С суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн Х дугаар хороо, Т хотхоны ХХб-ХХ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан  шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: ООХХХХХХ, Г овогт Н-ын Ч-д холбогдох эрүүгийн 1ХХХХХХХХХХ дугаартай хэргийг ХХХХ оны Х дугаар сарын ХХ-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н.Ч нь Баянгол дүүргийн Х дугаар хорооны нутаг дэвсгэрт ХХХХ оны Х дугаар сарын 1Х-ны өдөр засварлуулахаар өгсөн иргэн М.Хын эзэмшлийн хх-хх ХХХ улсын дугаартай Тоёота Ланд крузер ХХХ маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ХХХХ оны Х дугаар сарын ХХ-ний өдөр Дорнод аймаг руу авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Ч шүүхийн хэлэлцүүлэгт:  Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хын хохиролд 1.600.000 төгрөг өгсөн. Дахин ийм зүйл хийхгүй гэв.

 

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч  М.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ХХХХ оны 03 дугаар сарын ХХ-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн Х дугаар хорооны дунд зам дагуу байрлах хувийн авто засварын газар өөрийн ХХ-ХХ ХХХ улсын дугаартай Т.Ланд 100 маркийн автомашиныхаа тоормос, духны суурь ременийг солиулахаар Ч-н гэдэг хүнтэй 2 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэнэ ажлын хөлсийг хэд болохыг мэдэхгүй хийж гүйцэтгэсний дараа хэдэн төгрөг болсныг хэлж би мөнгөө өгөхөөр тохиролцсон. 2019 оны 3 дугаар сарын 1х-ны өдөр над руу өглөө Ч залгаад духны суурь ремен авна 250.000 төгрөг болж байна шилжүүлээч гэсэн би тэр дор нь шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсэн гэдгээ хэлэх гээд эргээд залгатал утас нь холбогдохгүй байсан. Тухайн өдөр залгаад утас нь холбогдохгүй болохоор нь засварын газар нь очтол хаалттай түгжээтэй байсан. Би утас нь холбогдохгүй мөн урьд өмнө нь автомашинаа засуулж байсан болохоор хүлээж байсан. 2019 оны 3 дугаар сарын хх-ний өдөр над руу Ч холбогдохгүй байсан дугаараасаа залгаад, одоо тоормосны аппаратны гол авах гэж байна 200.000 төгрөг шилжүүлээч гэхэд нь би жоохон маргалдаад эцэст нь итгээд шилжүүлсэн. Удалгүй дахиад утас нь холбогдохгүй болсон. Өчигдөр цагдаад өргөдөл өгөхөөс өмнө нь Ч 2 удаа утсаар ярихад согтуу, би машинаа авъя гэтэл цагдаадаа өгөөд олоод ав гэж ярьсан тэр хугацаанд хаана байгаагаа байнга худлаа ярьж байсан. Өчигдөр оройн 21 цагийн үед Чтай ярьж байгаад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ХСИС-ийн урд талын байрны зогсоол дээрээс өөрийн автомашинаа Чтай ярьсаар байгаад очиж авсан. Авахад Хэрлэнгийн гүүрний пост 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэсэн замын толон миний автомашинаас олдсон тэр миний автомашиныг унаад хөдөө явчихаад ирсэн юм шиг байсан. Автомашинаа автал миний янзлуулна гээд өгсөн зүйлүүдийг янзлуулаагүй дээрээс нь автомашины хагас голны салнык эвдэрч тос нь гоожсон байсан. Одоо би өөр засварт өгчихсөн байгаа. Н-н А гээд хүний нэр дээр байдаг. Манай компанийн автомашин уурхайн хооронд явдаг автомашин. Би өөрөө техник хариуцсан мэргэжилтэн болохоор засвар үйлчилгээг нь хариуцдаг болохоор засуулах гээд засварчинд өгсөн юм. 2018 онд би хх-хх ХХХ Т.Ланд 100 маркийн автомашиныг моторыг нь Баянхошуунд засварын газарт боолгож байхдаа танилцаж байсан. Тэрнээс хойш хх-хх ХХХ Т.Ланд 100 маркийн автомашиныг 2 удаа Чгаар засуулж байсан.  /хх-ийн 6-7/  гэх мэдүүлэг,

Хохирогч  М.Х дахин мэдүүлэхдээ”...өөрийн хувийн мөнгөөр авто угаалга, угаалгын нэмэлт, шил арчигч, хойд гол сальник, кардан гол зэргийг 150.000 төгрөгөөр, шинэ дугуй 1 ширхэгийг 500.000 төгрөгөөр, сальник сэлбэг 40.000 төгрөгөөр, тормос сервисд очиж засвар үйлчилгээ хийлгээд 255.000 төгрөг анх өгөхдөө банк 180.000 төгрөгөөр дүүргэсэн түлш зэрэг бүх нотлох баримтуудыг өгсөн. Байгууллагын машин хөдөө явах учиртай болсон болохоор би өөрийн хувийн мөнгөөр бүгдийг нь засуулсан. Одоо энэ мөнгөө Чгаас нэхэмжилмээр байна...” /хх-ийн 21/ гэх мэдүүлэг, 

 

Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 1х-ний өглөө 10 цагийн үед Ч над руу яриад машин бариад өгөөч Тэрэлж очоод ирье ажил дээр хүрээд ир гэж ярихаар нь Чгийн Гэмтлийн эмнэлгийн урд зам дагуу байх засварын газарт очиход Ч, Б, Т нар хамт архи уугаад байж байсан.  Засварын гадаа нь Чгаар байнга янзлуулдаг Х гэх эмэгтэйн машин байсан. Тэгээд Ч намайг чи машин барьчих хэдүүлээ Дорнод аймаг явчихаад ирье гээд надад машины түлхүүрийг нь өгөөд би машиныг нь жолоодоод бид нар орой 23 цаг болж байхад Дорнод аймгийн төв Чойбалсан хотод очиж Чгийн найзтай уулзаж тэндээ хоносон. Тэгээд маргааш өглөө нь би 10 цагийн үед над руу Х яриад авчирч өг би хөдөө явах гээд яараад байна, цагдаагаар машинаа хайлгаж байна гэж ярихаар нь би нөгөө хэдийгээ аваад 19 цагийн үе байсан байх хотод ирж Х машиныг нь өгсөн. /хх-ийн 25-26/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Н.Ч мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед би өөрийн ажиллуулдаг Баянгол дүүргийн 7 дугаар хороо ГССҮТ-ийн урд талын зам дагуу байрлах дугуй засварынхаа газар байж байтал урьд өмнө нь надаар машинаа янзлуулдаг байсан Х миний машины мотор дотор юм дуугараад байна засвар хийгээд өгөөч гээд өөрийн хх-хх ххх улсын дугаартай Ланд круйзер 100 маркийн автомашинаа авч өгчихөөд явсан юм. Тэгээд би машиных моторыг нь үзтэл моторын дух ремен чангалагчийнх нь боолт нь хугарчихсан өөр боолтоор орлуулаад хийчихсэн, тоормозны аппарат нь гэмтэлтэй, урд хоёр захын дамжуулагч нь элэгдчихсэн байхаар нь би 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хаас 250000 төгрөг шилжүүлэн авч таньдаг хүнээсээ захын хоёр дамжуулагчийг үнэгүй, ремен чангалагчийг боолттой нь 240.000 төгрөгөөр худалдан авч засаад 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хаас дахин 200.000 төгрөгийг шилжүүлэн авч Дарь эхэд байдаг Приус засварын газраас Приус-20 маркийн автомашины тоормозны аппаратыг 200.000 төгрөгөөр худалдан авч тааруулж тавьсан юм. Тэгээд машины засвар дууссаны дараа найз Төрөө, Баярсайхан нартай архи ууж байгаад манай найз Бааска маань Дорнод аймгийн төв дээр цахилгааны ажил хийж байна хүрээд ирэх юм бол дайлъя, мөн зарах машин байна гэж ярихаар нь архины халуунд найз Батбаатарыг дуудан Хын машиныг бариулаад Дорнод аймаг руу яваад шөнөдөө очиж хоол цай идэж, архи дарс уугаад тэндээ хоноод маргааш өглөө нь Дорнод аймгаас гарч оройдоо Улаанбаатар хотод ирж 20 цагийн үед Хууль Сахиулах их сургуулийн үүдэнд дээр Х автомашиныг нь хүлээлгэн өгсөн юм. Х надад машинаараа Дорнод аймаг явах зөвшөөрөл өгөөгүй. Би явлаа гэдгээ ч хэлээгүй. Урьд өмнө нь би Хын машиныг янзалж өгдөг байсан. 2-3 хоногоор машиныг ойр зуурын сэлбэг хэрэгсэл авах, хоол ундандаа явахдаа машиныг нь унаж хэрэглэдэг байсан тэгэхэд ямар нэг хэл ам гардаггүй байсан. Тэгээд л архи ууж байгаад, архины халуунд Дорнод аймаг явчихаад ирсэн юм.  Намайг янзлахаас өмнө духны ремен чангалагч, ремен чангалагчны боолт нь эвдэрсэн байх үеийн зургийг нь би гар утсаараа авсан. Мөн Приус-20 маркийн автомашины тоормозны аппарат тааруулж тавьсан байгаа одоо автомашиныг үзвэл мэдэгдэнэ. Духны ремен чангалагч, ремен чангалагчны боолтыг таньдаг хүнээсээ авсан болохоор баримт байхгүй. Хаас эхэлж авсан 250.000 төгрөгнөөс 240.000 төгрөгөөр нь духны ремен чангалагч, ремен чангалагчны боолт авсан. Дараагийн өгсөн 200.000 төгрөгөөр тоормозны аппарат авсан юм. /хх-ийн 38/ гэх мэдүүлэг, хохиролын баримтууд /хх-ийн 12-15/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 52/ эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 49/ болон  шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Ч Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр засварлуулахаар өгсөн иргэн М.Хын эзэмшлийн хх-хх ХХХ улсын дугаартай Тоёота Ланд Крузер 100 маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймаг руу авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч  М.Хын“...Ч утсаа авахгүй байсан...тэгсэн чинь Хэрлэнгийн гүүрний пост 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэсэн замын толон миний автомашинаас олдсон.  Тэр миний автомашиныг унаад хөдөө явчихаад ирсэн юм шиг байсан...” /хх-ийн 6/

гэрч Д.Б-н“...Ч намайг чи машин барьчих хэдүүлээ Дорнод аймаг явчихаад ирье гээд надад маины түлхүүрийг нь өгөөд би машиныг нь жолоодоод бид нар орой 23 цаг болж байхад Дорнод аймгийн төв Чойбалсан хотод  очиж Чгийн найзтай уулзаж тэндээ хоносон...” /хх-ийн 25-26/,

яллагдагчаар Н.Чгийн“...архины халуунд Б-ыг дуудан Хын машиныг бариулаад Дорнод аймаг руу яваад шөнөдөө очиж хоол цай идэж, архи дарс уугаад тэндээ хоносон...Х надад машинаараа Дорнод аймаг явах зөвшөөрөл өгөөгүй. Би явлаа гэдгээ ч хэлээгүй...” /хх-ийн 38/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Н.Чгийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Чг “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл Прокуророос Н.Чд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Н.Чг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

 

Шүүгдэгч Н.Ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Н.Чд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Н-ын Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Чд мэдэгдсүгэй.

 

4. Н.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.Д