| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2016/00290/И |
| Дугаар | 146/ШШ2016/00297 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 146/ШШ2016/00297
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5 дугаар баг, Шунхлайн 22-10 тоотод оршин суух Халзан Сандаг овогтой Шагдарын Цэвээндоржийн /РД:ЙС62071912/ хүсэлттэй,
Төрсөн он, сар, өдөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.Цэвээндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Цэвээндорж нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Ш.Цэвээндорж миний бие нь 1960 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн. Паспорт авахдаа 1962 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн гэж авсан юм. Одоо тэтгэвэр тогтоолгоход нас болоогүй гээд байгаа учир 1960 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ш.Цэвээндорж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:
Ш.Цэвээндорж миний бие тус шүүхэд 1960 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү. 1980 онд цэрэгт явсан явахдаа бүх бичиг баримтаа хураалгаад явсан чинь эргээд авах гэсэн миний бүх бичиг баримт байхгүй болсон.Тухайн үедээ анзаарахгүй явж байсан тэгээд нэг асуусан чинь 1962 он гэсэн паспорт өгсөн. Иймээс шүүхээр эдгээр байдлыг тогтоолгох хүсэлттэй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Цэвээндорж нь 1960 онд төрсөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 1956 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ.
Тэрээр 1960 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын архивын хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 45/010609 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Ш.Цэвээндоржийн бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, Хужирт сумын 10 жилийн сургуулийн 1980 оны монтажний хуулбар, Өвархангай аймгийн Хужирт сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаартай тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын архивын хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 45/027067 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Хужирт сумын 10 жилийн сургуулийн 1978-1979 оны хичээлийн жилийн журналын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн Халзан Сандаг овогтой Сандагийн Шагдар нь “...Миний төрсөн хүү Ш.Цэвээндорж нь 1960 оны хавар 5 сарын 28-нд төрсөн. Хулгана жилтэй. Дуламжав бид хоёр тухайн үед гэр бүл болоогүй байхад төрсөн хүүхэд байгаа юм. Манай хамгийн том хүүхэд байгаа юм. Цэвээндоржийг төрсний дараа бичиг баримтыг авахад эхнэр бид 2 гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул эхнэр Дуламжаваар овоглосон юм...” гэж, мөн Гүжир овогтой Лхамжавын Балжинням нь “...Шагдарын Цэвээндорж нь 1960 онд төрсөн хулгана жилтэй. Ээжийг нь Дуламжав аавыг нь Шагдар гэдэг юм. Цэвээндорж бид хоёр хамт 1970 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр 10-н жилийн сургуульд элсэн суралцаж 1978 онд 8 дугаар анги төгссөн. Би Архангай аймгийн Хөдөө аж ахуйн сургуульд тракторын жолоочийн сургуульд явж Цэвээндорж нь сургуульдаа үлдэж 1980 онд 10 дугаар ангиа төгссөн юм. Бид 2 айл сааахалт байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т “Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан байх тул Ш.Цэвээндоржийн төрсөн он, сар, өдрийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ш.Цэвээндоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болг
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Халзан Сандаг овогтой Шагдарын Цэвээндоржийг 1960 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Цэвээндоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА