Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 631

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж, 

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох

шүүгдэгч Н.Ү-, түүний өмгөөлөгч Ц.Цэгмид /ҮД:1290/,

шүүгдэгч Ө.А-, түүний өмгөөлөгч Б.Батсүх /ҮД:0297/

шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа /ҮД:0377/

шүүгдэгч С.П-, М.Ж- нарын өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД:0497/

шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар /ҮД:0009/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н-ын Үүрийнуяа, Халх овогт овогт Ө-ын А-, Бөх овогт Б-гийн Ц-, Боржигон овогт С-гийн П-, Рашааныхан овогт Э-ын Т-, Боржигон овогт М-ийн Ж- нарт холбогдох эрүүгийн 190000000308 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянавал:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн,

 

2. Монгол Улсын иргэн,

 

3. Монгол Улсын иргэн,

 

4. Монгол Улсын иргэн,

 

5. Монгол Улсын иргэн,

 

6. Монгол Улсын иргэн,

 

                                    Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Н.Ү-, Ө.А-, Б.Ц-, С.П-, Э.Т-, М.Ж- нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүрэг 7 дугаар хороо Яармагийн хуучин эцсийн автобусны буудалд байрлах иргэн Б.Н-ийн эзэмшлийн хүнсний мухлагийн цонхыг хөшиж онгойлгон нэвтэрч, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хүнсний бүтээгдэхүүнүүд болон эд зүйлс хулгайлж 3.048.185 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Т- нь ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо ... тоотод оршин суух Д.М-ын гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч 40 инчийн “Ротензо” маркийн зурагтыг хулгайлж бусдад 470.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Ү-, Ө.А-, Б.Ц-, С.П-, Э.Т-, М.Ж- нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэцгээв.

 

Эрүүгийн 190000000308 дугаартай хэргээс:

 

Нэг: Хохирогч Б.Н- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Яармагийн хуучин эцсийн автобусны буудалд 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түргэн үйлчилгээний цэг буюу нийтийн хэллэгээр ТҮЦ ажиллуулж байгаа юм. Би 2019 оны 4 дүгээр сарын 09-ний орой 23 цаг өнгөрч байх үед дэлгүүрээ хаасан. Маргааш өглөө 0600 цагийн үед дэлгүүр дээрээ ирэхэд цонх нь онгорхой, дотор нь байсан бүх барааг хулгайлсан байхаар нь цагдаад хандсан. Би тухайн ТҮЦ-ийг түрээслэдэг. Хулгайд алдагдсан бараа бүгд минийх. Барааг ихэнхдээ компаниуд өөрсдөө авчирч нийлүүлдэг юм. “Дамно” ХХК-ийн үнэлгээтэй танилцлаа, бодитой гарсан байна. Харин миний гаргасан барааны жагсаалт, тоо ширхэг бодитой. Би хохирлын мөнгөө бүтэн төлүүлж аваагүй ч боломжийн хэмжээнд төлүүлж авсан. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 23-25-р хуудас/,

Гэрч Т.С- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Тоёота Виш” маркийн ... улсын дугаартай усан цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг манай талийгаач аав Л-ын Т- надад бэлэглэж байсан юм. Би тухайн үед машины бичиг баримтыг аав Л.Т-ын нэр дээрээс өөрийнхөө нэр рүү шилжүүлээгүй байсан. Т- эхнэртэйгээ хамт “...” хотхоны 101 дүгээр байрны орцны жижүүрээр ажиллаж байхад нь би тэдний гэрээр хааяа орж гарахдаа мэндийн зөрүүтэй болж танилууд болсон. Тэр хоёр хэлэхдээ “бүхнийг эхнээс нь эхэлсэн” гэж амьдралаа ярьдаг байсан. Манайх 2 автомашинтай болохоор “Тоёото виш” маркийн автомашинаа зарах гээд угааж цэвэрлээд граждаа тавьчихсан байхад Т- орж ирээд “танайх яасан олон машинтай юм, зарах гэж байгаа юм уу” гэж асуугаад сонирхоод байсан. Тэгснээ Т- “Банкнаас зээл авъя гэхээр ямар ч боломжгүй байна, та хоёр машинаа хувь лизингээр өгөх үү” гэхээр нь “та хоёр төлж чадах юм уу” гэхэд “одоо ажил хийж байгаа, дээрээс нь машинтай болчихвол борлуултанд явахаар нэг компанитай ярьчихсан байгаа” гээд гуйгаад байхаар нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр Жавхландорж Т-тэй 11 сарын хугацаатай, сард 540.000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулаад хувь лизингээр машинаа Т-д өгсөн. Машиныг нийтдээ 5.000.000 төгрөгөөр үнэлсэн. Т-г зээлээ төлж дуусах үед түүний нэр дээр нь шилжүүлж өгье гэж бодож байсан юм. Гэтэл машин авснаас хойш эхний ганц, хоёр сарын төлөлтөө хийгээд тэрнээс хойш төлөлт хийгээгүй. Сардаа бага зэрэг л мөнгө тушаагаад явдаг байсан. Т-гээс “машинаа буцааж авъя” гээд залгахаар утас нь холбогдохгүй байсан. Гэтэл саяхан хулгайн гэмт хэрэгт холбогдсоныг нь мэдсэн. Одоо машинаа буцаагаад авчихвал гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 41-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 6-12-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 13-15-р хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...сэжиг бүхий “Тоёота виш” маркийн усан цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл Яармагийн эцэс явах замаар хойшоо эргэж хулгайн гэмт хэрэг гарсан газар буюу хулгай орсон гэх ТҮЦ-ний хажууд зогсож байна. Машинаас хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн, арын суудлаас бараан өнгийн хувцастай 2 эмэгтэй хүн бууж ТҮЦ рүү алхаад хайрцагтай эд зүйлийг авч машины багажинд хийж хэргийн газраас явав. Гэр хорооллын гудамжинд очиж 4 эмэгтэй, 1 эрэгтэй хүмүүс бууж зарим хайрцагтай эд зүйлийг хаяж буй дүрс бичлэг /хх-ийн 1-р хавтас 16-18-р хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Хулгайлагдсан эд зүйлсийг 3.048.185 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 1-р хавтас 47-52-р хуудас/,

Гэрч Ц.Т- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Үнэлгээг гаргахдаа зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар гаргасан. Мөн өөрсдийн олж тогтоосон мэдээлэл, ижил төрлийн өнөөгийн зах зээлийн үнийн дундаж мэдээлэл болон “Дамно” ХХК-ийн 2006 оноос хойшхи мэдээллийн санд тус тус үндэслэсэн болно...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 179-р хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Цагаан өнгийн “galanz” гэсэн бичиглэлтэй печень 1 ширхэг, “хрустик” нэртэй печень 10 ширхэг, “Ням нямка” нэртэй печень 4 ширхэг, ууттай чавга 5 уут, хатаасан жимс 45 ширхэг, резинэн чихэр 3 уутыг Б.Н-д хүлээлгэн өгөв. /хх-ийн 1-р хавтас 132-р хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Э.Т-гээс том сагс 4 ширхэг, “керасис” шампунь 68 ширхэг, “вазелин” шампунь 7 ширхэгийг хураан авч Б.Н-д хүлээлгэн өгөв. /хх-ийн 1-р хавтас 133-р хуудас/,

Хохирлын баримтууд /хх-ийн 1-р хавтас 144-159-р хуудас/,

Хохирогч Б.Н- хохирлын мөнгө 1.500.000 төгрөг хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 188-р хуудас/,

 

Шүүгдэгч Н.Ү- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 09-ний орой Т- найзтайгаа уулзаж хувцас авна гэхээр нь “гэртээ зүгээр байж байхаар хамт явчихаад ирье” гэж бодоод бөөндөө явсан. Уулзах газар нь очоод Т-гийн найзыг нь хэсэг хүлээсэн боловч ирээгүй. Цаг орой болсон тул бид явцгаасан. Замд явж байхад Яармагийн эцэст хүнсний мухлаг тааралдсан. Тухайн хүнсний мухлагийн цонхны гадна талын төмөр нимгэн харагдахаар нь бүгд хоорондоо ярилцаж байгаад хулгай хийхээр болсон юм. Т- гадна талын торыг татаж салгахаар нь Ц- бид хоёр цонхыг нь түлхэж онгойлгоод орсон. Лангуун дээр байсан чихэр, печень зэргийг цонхоор гаргаж өгөхөд Т-, А-, П- гурав аваад машины багажинд хийсэн. Харин Ж- 9 сартай жирэмсэн машины урд талын суудал дээр Ц-ийн 1 сар гарантай хүүхдийг тэврээд сууж байсан. Бид юмаа авч дуусаад түрээслэж байсан гэртээ очсон. Хулгайлж авсан зүйл маань дандаа хүнсний эд зүйл байсан болохоор идэж уугаад дуусгасан...гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хавтас 87-р хуудас/,

Шүүгдэгч Ө.А- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Ү-, Ц-, П-, Т-, Ж- бид 6 гэр бүлийнхэнтэйгээ муудалцаад зарим нь орох гэр оронгүй болсон тул Зуун айлд нийтийн байр түрээслэн амьдарч байсан юм. Ц-, Ж- бид гурав Баянгол дүүргийн 19 дүгээр сургуульд хамт суралцаж байсан. Ү-, П- хоёр Ц-ийн оюутан ангийн хүүхдүүд юм. Харин Т- Ж-гийн найз залуу. 2019 оны 4 дүгээр сарын 09-ний орой Т- “Яармаг орж найзаасаа куртик авна” гэхээр нь “гэртээ зүгээр байхаар бүгд хамт явчихаад ирье” гэж ярилцаад Т-гийн машинд суугаад явцгаасан. Яармагт ирэхэд нөгөө найзынх нь утас холбогдохгүй байсан. Т- “манай найз Яармагийн эцэс дээр уулзъя гэсэн юм, удалгүй хүрээд ирэх байх” гэхээр нь хэсэг хүлээсэн боловч ирээгүй. Утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Бид нар бүгд нялх нойтон хүүхэдтэй явж байсан тул хүүхдүүд уйлагнаад байхаар нь “явцгаая” гэж ярилцаад явахаар болсон. Хөдлөөд явж байтал “ТҮЦ ухах уу” гээд нөгөө хэд хоорондоо яриад байхаар нь тоглож байгаа юм байх гэж бодсон чинь нэг ТҮЦ-ний гадаа очсон. Тэгснээ Т- цонхны гадна талын торыг салгаад цонхыг нь түлхэж онгойлгосон. Ц-, Ү- хоёр ТҮЦ рүү орчихоор нь “нээрээ хулгай хийх гэж байгаа юм байна” гэж мэдсэн. Тэгээд ТҮЦ-нээс нилээн идэж, уух юм, хүнсний зүйл авсан. Хичнээн тооны юу юу авсныг сайн мэдэхгүй байна. Тухайн хулгайлсан зүйлсээ гэртээ авч очоод идэж уугаад дуусгасан. Сүүлд ганц, хоёр юмнуудыг буцааж өгсөн. Ийм хэрэгт оролцсондоо маш их гэмшиж байна. Би 1 нас 4 сартай хүүхэдтэй, ээжтэйгээ гурвуулаа эгчийнхээ гэрт амьдардаг. Одоогоор тогтсон гэр оронгүй, би нялх хүүхэдтэй болохоор ажил хийх боломжгүй байгаа. Манай найз залуу Цэдэндамба намайг жирэмсэн гэдгийг мэдээд “хүүхдээ авахуул” гэж хэлээд алга болсон. Одоо хаана юу хийж явааг нь мэдэхгүй, холбоогүй байдаг...гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хавтас 59-60-р хуудас/,

Шүүгдэгч С.П- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Т- “найзаасаа гадуураа өмсөх куртик авна” гэхээр нь “зүгээр байхаар бүгд хамт яваад ирье” гэж бүгд ярилцаад Т-гийн машинд нь суугаад хамт явцгаасан. Яармагт очтол уулзах гэж байсан найзынх нь утас холбогдохгүй байсан. Бид Т-гийн найзыг хэсэг хүлээсэн боловч ирээгүй. Бид нялх хүүхдүүдтэйгээ явж байсан тул хүүхдүүд уйлагнаад байхаар нь буцахаар болсон. Бид ямар ч мөнгөгүй гэртээ хоолгүй, Ц- нялх биетэй байсан болохоор яах ч аргагүй хүнсний зүйл хэрэгтэй байсан юм. Бид урьд нь хулгай хийж үзээгүй. Анх удаа хулгай хийсэн. Бид “мөнгө яаж олох уу” гээд ярилцаж байтал замд хүнсний мухлаг тааралдсан. Тухайн мухлагийн цонхны хаалт нь нимгэн байсан тул очсон. Т- мухлагийн цонхны төмөр торыг татаж унагаагаад цонхыг нь түлхэж онгойлгосон. Арай жижиг биетэйгээрээ Ц-, Ү- хоёр дотогшоо цонхоор орсон. Т-, А- бид гурав гадаа нь үлдээд дотроос өгсөн юмнуудыг авч машины багажинд хийсэн. Ж- машинд Ц-ийн хүүхдийг хараад сууж байсан. Нилээн их ундаа, печень зэрэг хүнсний зүйлүүд авсан. Тоолоогүй болохоор яг хэдэн ширхэгийг авснаа мэдэхгүй байна. Бүгдийг нь идэж уугаад дуусгасан. Би 1 ой 2 сартай хүүхэдтэй, хүүхдийг маань манай ээж хардаг. Би нөхрөөсөө салчихсан, хүүхэд маань надаар овоглодог...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 69-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ц- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Тухайн өдөр бид нар хулгай хийхээр гэрээсээ гараагүй. Бид нарт хулгай хийх ямар ч санаа байгаагүй. Т- “найзтайгаа уулзаж куртик авна” гэхээр нь “гэртээ зүгээр байхаар хамт яваад ирье” гээд бүгдээрээ Т-тэй хамт явцгаасан. Т- Яармагийн эцэс дээр найзтайгаа уулзахаар болсон юм. Бид Яармагийн эцэст ирээд найзыг нь хэсэг хүлээсэн боловч ирээгүй, утас нь холбогдохгүй байсан. Тэгээд буцаж явах замд хүнсний мухлаг тааралдсан. Тухайн үед бүгдээрээ ямар ч мөнгөгүй болчихсон байсан. Манай хүүхэд 20 хоногтой, П-ын хүүхэд 1 настай, Ж- жирэмсэн гээд идэж уух зүйл хэрэгтэй байсан болохоор “хүнсний мухлаг юм чинь гайгүй байх” гэж бодоод хулгай хийхээр гадаа нь очсон. Т- машинаас буугаад цонхны гадна талын торыг татаж буулгаад цонхыг түлхэж онгойлгож өгсөн. Ү- бид хоёр дотогшоо ороод чихэр, печень, ундаа, саван, шампунь зэрэг эд зүйлсээс ихэнхийг нь аваад гадаа байсан Т-, П-, А- гуравт өгөхөд тэд машины багажинд хийсэн. Харин Ж- машин дотор манай хүүхдийг тэврээд сууж байсан юм. Хүнсний эд зүйлс байсан болохоор ихэнхийг нь идэж уугаад дуусгасан. Хичнээн төрлийн юм авснаа тоолоогүй болохоор сайн мэдэхгүй байна. Одоо хүүхэд маань 1 сар 1 хоногтой, Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг нь авъя гэхээр “анх оршин сууж байсан газраас хассан, оршин суух хаяг нь тодорхойгүй гээд өгөхгүй байгаа. Одоо хөөцөлдөж байгаад авна. Манай аав нас барсан, ээж архичин болсон, нөхөр намайг жирэмсэн гэдгийг мэдээд хаяад явсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй, сураггүй болсон. Би л хүүхдээ асарч байна. Би нэг дүүтэй боловч дүүтэйгээ таарамж муутай байдаг тул огт харьцдаггүй, хаана юу хийж явааг нь ч мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 78-р хуудас/,

Шүүгдэгч Э.Т- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би гадуураа өмсөх юмгүй болчихсон байсан тул багын найз Б-ээс куртик асуухад “хүрээд ир” гэсэн тул Яармаг руу явахаар болсон юм. Би найзууддаа “Яармаг явж хүнээс юм авлаа” гэж хэлэхэд “энд зүгээр байхаар бүгдээрээ хамт яваад ирэх үү” гэхээр нь “тэгье” гээд хамт явцгаасан. Би Яармагийн эцэс дээр очоод Б-ийн утас руу залгасан боловч холбогдохгүй байсан. Би Б-ийг “ирэх болов уу” гээд хэсэг хүлээгээд ирээгүй. Тэгээд бид буцаад харих гээд явж байтал замд хүнсний мухлаг тааралдсан. Мухлагийн гадна талын торон хаалт нимгэн харагдахаар нь “тэндээс юм авах уу” гэж хоорондоо ярилцаад буцаж эргээд мухлагийн гадаа зогссон. Ж- 7 сартай жирэмсэн байсан тул Ц-ийн 20 хоногтой хүүхдийг хараад машинд үлдсэн. Би машинаас буугаад хүнсний мухлагийн гадна талын торыг татаж буулгаад, цонхыг нь түлхэж онгойлгосон. Ц-, Ү- хоёр бусдыгаа бодвол арай жижигхэн биетэй болохоор дотогшоо орсон. Мухлагийн гадаа А-, П- бид гурав үлдсэн. Ц-, Ү- хоёр дотроос ундаа, чихэр, жимс, печень, саван, шампунь зэрэг эд зүйлсийг гаргаж өгөөд бид гурав гаднаас авч машинд оруулсан. Би тэр машиныг 2018 оны 7 дугаар сард танил хуурай ахаас хувь лизингээр амаар тохирч 11 сарын хугацаатай сард 510.000 төгрөг, нийт үнийн дүнг 5.610.000 төгрөгөөр тооцож авсан. Цаг тухай бүрт нь зээлээ төлж амжихгүй байгаа тул нөгөө хүнтэйгээ тохироод ойлголцоогүй. Уг автомашины эзэмшил надад зарсан хүний нэр дээр биш. Харин тэр хүний хадам аавынх нь нэр дээр байдаг юм байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 96-р хуудас/,

Шүүгдэгч М.Ж- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Т- бид хоёр үерхээд 2 жил болж байна. Т-гийн гэрийнхэн намайг хүүхэдтэй гээд хүлээн зөвшөөрдөггүй юм. Хүүхэд маань одоо 4 настай, өмнөх нөхрөөсөө салаад тусдаа амьдарч байгаа. Гэхдээ тэр хүнтэй гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хүүхэд маань хуучин нөхрөөр буюу Д-ийн У- гэсэн овогтой явдаг. Одоо аавтайгаа хамт амьдардаг юм. Би одоо Т-гээс жирэмсэн болсон, 6 сартай. 2019 оны 4 дүгээр сарын 09-ний орой Т- “Яармаг орж найзаасаа хувцас авна” гэсэн тул Яармагийн эцэс орсон. Бид нар хулгай хийх зорилгоор яваагүй. Яармагийн эцэст очоод Т-гийн найзыг хэсэг хүлээгээд ирэхгүй болохоор нь буцаад явж байтал замд хүнсний мухлаг тааралдсан. Тухайн үед бүгдээрээ ямар ч мөнгөгүй, дээрээс нь нялх нойтон хүүхэдтэй явж байсан. Хүүхдүүд уйлагнаад байхаар нь “ганц удаа хүнсний юм хулгайлъя” гэж бодоод мухлагийн гадаа очсон. Т- машинаас буугаад мухлагийн цонхыг нь онгойлгоход дотогшоо Ү-, Ц- хоёр ороод авсан хүнсний зүйлээ гадаа байсан Т-, А-, П- гуравт өгсөн. Тэр гурав авсан хүнсний зүйлээ машины багажинд хийсэн. Харин би машинд Ц-ийн 20 хоногтой хүүхдийг тэврээд сууж байсан. Ихэнх нь хүнсний бараа байсан тул идэж уугаад дуусгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 106-р хуудас/,

 

Хоёр: Хохирогч Г.Ц- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би нөхөр Д.М-, 28 настай хүү Т-, 12 настай охин Э- нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо ... тоотод амьдардаг юм. 2019 оны 6 дугаар сарын 08-ны өглөө 0700 цаг өнгөрөөгөөд нөхөр бид хоёр ажилдаа явсан. Хүү Т- Өмнөговь аймагт нүүрсний том тэрэг бариад эзгүй байсан. Харин охин Э- 11 цагт сургууль руугаа явсан. Орой 1700 цагийн үед манай охин над руу залгаад “гэрт хулгай орчихсон байна, зурагт алга” гэж хэлсэн. Намайг орой 1900 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы даруулга төмрийг хөшиж хажуу тийш нь мурийлгаж байгаад гэрт орсон байсан. Гэрийн хойморт байх цагаан өнгийн мөлхөө тавиур дээр байсан “Ротензо” маркийн зурагт алга болсон байсан. Манайх зурагтаа 2018 оны 10 дугаар сард 590.000 төгрөгөөр Хорооллын эцэст байдаг дэлгүүрээс худалдаж авч байсан. Зурагтаа буцааж хүлээн авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 16-р хуудас/,

Гэрч Д.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 6 дугаар сарын 08-ны өглөө 05 цаг 40 минутанд гэрээсээ гарсан, эхнэр 07 цаг 40 минутанд ажилдаа явсан, охин 1100 цагт хичээлдээ явсан. Би орой 17 цагийн орчимд гэртээ иртэл манай охин “аав гэрт хулгай орсон байна” гээд гэрийнхээ үүдэнд сууж байсан. Би гэрийнхээ хаалгаар хартал хойморт байсан зурагт байхгүй болсон байхаар нь 102-т дуудлага өгсөн. Зурагтыг орны ард байсан хайрцагт хийгээд авч явсан байсан. Зурагтаа 2018 оны 9 дүгээр сард “Нэкст электроникс”-оос 500.000 төгрөгөөр худалдан авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 18, 20-р хуудас/,

Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай: Шүүгдэгч Э.Т-д холбогдох эрүүгийн 1908031281088 дугаартай хэргийг Э.Т- нарт холбогдох 190000000308 дугаартай хэрэгт нэгтгэв. /хх-ийн 2-р хавтас 1-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 5-9-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Ротензо” маркийн 40 инчийн, хар өнгийн гадаргуутай зурагтыг Г.Ц-ид хүлээлгэн өгөв. /хх-ийн 2-р хавтас 12-13-р хуудас/,

 “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Ротензо фирм” маркийн 40 инчийн зурагтыг 470.250 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 2-р хавтас 25-27-р хуудас/,

Яллагдагч Э.Т- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 12 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүрэгт байдаг Зүүнсалааны автобусны буудлын эцсийн дэлгүүр орж тамхи авах гэж байхад саарал өнгийн төмөр хаалгатай модон хашаатай айл таарсан. Хашааны хаалга гаднаасаа цоожтой харагдахаар нь хашаагаар давж ороход амбаартай гэр байсан. Уг амбаар цоожгүй болохоор нь дотогш ороход гэрийн хаалга нь цоожтой байсан. Хаалгыг хүчтэй татахад цоожны төмөр нь хөндийрөөд гэрийн хаалга онгойсон. Дотогшоо ороод гэрийн хойморт цагаан өнгийн мөлхөө тавилга дээр байсан хар өнгийн “Ротензо” 40 инчийн зурагтыг авч гараад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын тэнд байдаг “...” ломбарданд 330.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Уг мөнгийг хүнээс зээлсэн өрөндөө өгсөн. Цагдаа нарт баригдсаны дараа өөрөө ломбарднаас очиж зурагтыг аваад цагдаа дээр авчирч хохирогчид нь хүлээлгэн өгсөн. Би Хан-Уул дүүргийн Яармагийн хуучин эцсийн ТҮЦ-нээс хүнсний бараа хулгайлаад Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтэс дээр шалгагдсан. Одоо шүүхэд шилжсэн байгаа. Би уг хэрэгтээ энэ хулгайн хэргээ нэгтгүүлж шийдүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 39-40, 69-70-р хуудас/,

 

Шүүгдэгч Н.Ү-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд: гэрч Э.Н-гийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 39-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хавтас 127-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 164-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 181-183-р хуудас/, амбулаториорын эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 2-р хавтас 121-128-р хуудас/, сүрьеэгийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас 129-р хуудас/,

Шүүгдэгч Ө.А-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд: гэрч Ц.Д-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 38-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хавтас 130-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 165-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 173, 185-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ц-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хавтас 125-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 166-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 172-р хуудас/,

Шүүгдэгч С.П-ын хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хавтас 122-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 167-р хуудас/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтэр,

Шүүгдэгч Э.Т-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд: гэрч Д.П-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 37-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хавтас 117-р хуудас/, зээлийн гэрээ /хх-ийн 1-р хавтас 137-142-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 169-р хуудас/, гэрч Т.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 42-р хуудас/,

Шүүгдэгч М.Ж-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд: гэрч Г.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 40-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хавтас 120-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 168-р хуудас/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтэр /хх-ийн 1-р хавтас 174-178-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 184, 186-р хуудас, 2-р хавтас 101-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж Н.Ү-, Ө.А-, Б.Ц-, С.П-, Э.Т-, М.Ж- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Гэм буруугийн талаар.

 

Нэг: Шүүгдэгч Н.Ү-, Ө.А-, Б.Ц-, С.П-, Э.Т-, М.Ж- нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүрэг 7 дугаар хороо Яармагийн хуучин эцсийн автобусны буудалд байрлах хохирогч Б.Н-ийн эзэмшлийн хүнсний мухлагийн цонхоор нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний эд зүйлийг хулгайлж 3.048.185 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Нэг: Хохирогч Б.Н-ийн ...Маргааш өглөө 0600 цагийн үед дэлгүүр дээрээ ирэхэд цонх нь онгорхой, дотор нь байсан бүх барааг хулгайлсан байхаар нь цагдаад хандсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 23-25-р хуудас/,

 

Гэрч Т.Солонгын ...Би “Тоёото виш” маркийн автомашинаа зарах гээд угааж цэвэрлээд граждаа тавьчихсан байхад Т- орж ирээд “танайх яасан олон машинтай юм, зарах гэж байгаа юм уу” гэж асуугаад сонирхоод байсан. Тэгснээ Т- “Банкнаас зээл авъя гэхээр ямар ч боломжгүй байна, та хоёр машинаа хувь лизингээр өгөх үү” гэхээр нь “та хоёр төлж чадах юм уу” гэхэд “одоо ажил хийж байгаа, дээрээс нь машинтай болчихвол борлуултанд явахаар нэг компанитай ярьчихсан байгаа” гээд гуйгаад байхаар нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр Жавхландорж Т-тэй 11 сарын хугацаатай, сард 540.000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулаад хувь лизингээр машинаа Т-д өгсөн. Машиныг нийтдээ 5.000.000 төгрөгөөр үнэлсэн. Т-г зээлээ төлж дуусах үед түүний нэр дээр нь шилжүүлж өгье гэж бодож байсан юм. Гэтэл машин авснаас хойш эхний ганц, хоёр сарын төлөлтөө хийгээд тэрнээс хойш төлөлт хийгээгүй. Машинаа буцаагаад авчихвал гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 41-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 6-12-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 13-15-р хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...сэжиг бүхий “Тоёота виш” маркийн усан цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл Яармагийн эцэс явах замаар хойшоо эргэж хулгайн гэмт хэрэг гарсан газар буюу хулгай орсон гэх ТҮЦ-ний хажууд зогсож байна. Машинаас хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн, арын суудлаас бараан өнгийн хувцастай 2 эмэгтэй хүн бууж ТҮЦ рүү алхаад хайрцагтай эд зүйлийг авч машины багажинд хийж хэргийн газраас явав. Гэр хорооллын гудамжинд очиж 4 эмэгтэй, 1 эрэгтэй хүмүүс бууж зарим хайрцагтай эд зүйлийг хаяж буй дүрс бичлэг /хх-ийн 1-р хавтас 16-18-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Хулгайлагдсан эд зүйлсийг 3.048.185 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 1-р хавтас 47-52-р хуудас/,

Гэрч Ц.Т-ийн ...Үнэлгээг гаргахдаа зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар гаргасан. Мөн өөрсдийн олж тогтоосон мэдээлэл, ижил төрлийн өнөөгийн зах зээлийн үнийн дундаж мэдээлэл болон “Дамно” ХХК-ийн 2006 оноос хойшхи мэдээллийн санд тус тус үндэслэсэн болно...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 179-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Цагаан өнгийн “galanz” гэсэн бичиглэлтэй печень 1 ширхэг, “хрустик” нэртэй печень 10 ширхэг, “Ням нямка” нэртэй печень 4 ширхэг, ууттай чавга 5 уут, хатаасан жимс 45 ширхэг, резинэн чихэр 3 уутыг Б.Н-д хүлээлгэн өгөв. /хх-ийн 1-р хавтас 132-р хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: 2019 оны 4 дүээр сарын 16-ны өдөр Э.Т-гээс том сагс 4 ширхэг, “керасис” шампунь 68 ширхэг, “вазелин” шампунь 7 ширхэгийг хураан авч Б.Н-д хүлээлгэн өгөв. /хх-ийн 1-р хавтас 133-р хуудас/,

мөрдөн байцаалтанд Н.Ү- яллагдагчаар өгсөн: ...Замд явж байхад Яармагийн эцэст хүнсний мухлаг тааралдсан. Тухайн хүнсний мухлагийн цонхны гадна талын төмөр нимгэн харагдахаар нь бүгд хоорондоо ярилцаж байгаад хулгай хийхээр болсон юм. Т- гадна талын торыг татаж салгахаар нь Ц- бид хоёр цонхыг нь түлхэж онгойлгоод орсон. Лангуун дээр байсан чихэр, печень зэргийг цонхоор гаргаж өгөхөд Т-, А-, П- гурав аваад машины багажинд хийсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хавтас 87-р хуудас/,

мөрдөн байцаалтанд Ө.А- яллагдагчаар өгсөн: Яармагийн эцсээс хөдлөөд явж байтал “ТҮЦ ухах уу” гээд нөгөө хэд хоорондоо яриад байхаар нь тоглож байгаа юм байх гэж бодсон чинь нэг ТҮЦ-ний гадаа очсон. Тэгснээ Т- цонхны гадна талын торыг салгаад цонхыг нь түлхэж онгойлгосон. Ц-, Ү- хоёр ТҮЦ рүү орчихоор нь “нээрээ хулгай хийх гэж байгаа юм байна” гэж мэдсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хавтас 59-60-р хуудас/,

мөрдөн байцаалтанд С.П- яллагдагчаар өгсөн: ...Бид ямар ч мөнгөгүй гэртээ хоолгүй, Ц- нялх биетэй байсан болохоор яах ч аргагүй хүнсний зүйл хэрэгтэй байсан юм. Бид “мөнгө яаж олох уу” гээд ярилцаж байтал замд хүнсний мухлаг тааралдсан. Тухайн мухлагийн цонхны хаалт нь нимгэн байсан тул очсон. Т- мухлагийн цонхны төмөр торыг татаж унагаагаад цонхыг нь түлхэж онгойлгосон. Арай жижиг биетэйгээрээ Ц-, Ү- хоёр дотогшоо цонхоор орсон. Т-, А- бид гурав гадаа нь үлдээд дотроос өгсөн юмнуудыг авч машины багажинд хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 69-р хуудас/,

мөрдөн байцаалтанд Б.Ц- яллагдагчаар өгсөн: ...Тухайн үед бүгдээрээ ямар ч мөнгөгүй болчихсон байсан. Манай хүүхэд 20 хоногтой, П-ын хүүхэд 1 настай, Ж- жирэмсэн гээд идэж уух зүйл хэрэгтэй байсан болохоор “хүнсний мухлаг юм чинь гайгүй байх” гэж бодоод хулгай хийхээр гадаа нь очсон. Т- машинаас буугаад цонхны гадна талын торыг татаж буулгаад цонхыг түлхэж онгойлгож өгсөн. Ү- бид хоёр дотогшоо ороод чихэр, печень, ундаа, саван, шампунь зэрэг эд зүйлсээс ихэнхийг нь аваад гадаа байсан Т-, П-, А- гуравт өгөхөд тэд машины багажинд хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 78-р хуудас/,

мөрдөн байцаалтанд Э.Т- яллагдагчаар өгсөн: Би Яармагийн эцэст Б-ийг “ирэх болов уу” гээд хэсэг хүлээгээд ирээгүй. Тэгээд бид буцаад харих гээд явж байтал замд хүнсний мухлаг тааралдсан. Мухлагийн гадна талын торон хаалт нимгэн харагдахаар нь “тэндээс юм авах уу” гэж хоорондоо ярилцаад буцаж эргээд мухлагийн гадаа зогссон. ...Би машинаас буугаад хүнсний мухлагийн гадна талын торыг татаж буулгаад, цонхыг нь түлхэж онгойлгосон. Ц-, Ү- хоёр бусдыгаа бодвол арай жижигхэн биетэй болохоор дотогшоо орсон. Мухлагийн гадаа А-, П- бид гурав үлдсэн. Ц-, Ү- хоёр дотроос ундаа, чихэр, жимс, печень, саван, шампунь зэрэг эд зүйлсийг гаргаж өгөөд бид гурав гаднаас авч машинд оруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 96-р хуудас/,

мөрдөн байцаалтанд М.Ж- яллагдагчаар өгсөн: ...Тухайн үед бүгдээрээ ямар ч мөнгөгүй, дээрээс нь нялх нойтон хүүхэдтэй явж байсан. Хүүхдүүд уйлагнаад байхаар нь “ганц удаа хүнсний юм хулгайлъя” гэж бодоод мухлагийн гадаа очсон. Т- машинаас буугаад мухлагийн цонхыг нь онгойлгоход дотогшоо Ү-, Ц- хоёр ороод авсан хүнсний зүйлээ гадаа байсан Т-, А-, П- гуравт өгсөн. Тэр гурав авсан хүнсний зүйлээ машины багажинд хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 106-р хуудас/,

 

Хоёр: Шүүгдэгч Э.Т- нь ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо ... тоотод оршин суух хохирогч Г.Ц-ийн гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч 40 инчийн “Ротензо” маркийн зурагтыг хулгайлж, бусдад 470.250 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Ц-ийн ...Орой 1700 цагийн үед манай охин над руу залгаад “гэрт хулгай орчихсон байна, зурагт алга” гэж хэлсэн. Намайг орой 1900 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы даруулга төмрийг хөшиж хажуу тийш нь мурийлгаж байгаад гэрт орсон байсан. Гэрийн хойморт байх цагаан өнгийн мөлхөө тавиур дээр байсан “Ротензо” маркийн зурагт алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 16-р хуудас/,

Гэрч Д.М-ын ...Орой 17 цагийн орчимд гэртээ иртэл манай охин “аав гэрт хулгай орсон байна” гээд гэрийнхээ үүдэнд сууж байсан. Би гэрийнхээ хаалгаар хартал хойморт байсан зурагт байхгүй болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 18, 20-р хуудас/,

Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай: Шүүгдэгч Э.Т-д холбогдох эрүүгийн 1908031281088 дугаартай хэргийг Э.Т- нарт холбогдох 190000000308 дугаартай хэрэгт нэгтгэв. /хх-ийн 2-р хавтас 1-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 5-9-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Ротензо” маркийн 40 инчийн, хар өнгийн гадаргуутай зурагтыг Г.Ц-ид хүлээлгэн өгөв. /хх-ийн 2-р хавтас 12-13-р хуудас/,

 “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Ротензо фирм” маркийн 40 инчийн зурагтыг 470.250 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 2-р хавтас 25-27-р хуудас/,

мөрдөн байцаалтанд Э.Т- яллагдагчаар өгсөн: ...Гэрийн хаалгыг хүчтэй татахад цоожны төмөр нь хөндийрөөд хаалга онгойсон. Дотогшоо ороод гэрийн хойморт цагаан өнгийн мөлхөө тавилга дээр байсан хар өнгийн “Ротензо” 40 инчийн зурагтыг авч гараад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын тэнд байдаг “...” ломбарданд 330.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 39-40, 69-70-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зохицуулсан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар: шүүгдэгч Н.Ү-, Ө.А-, Б.Ц-, С.П-, Э.Т-, М.Ж- нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн үед хохирогч Б.Н-ийн эзэмшлийн хүнсний мухлагт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлийг нь хулгайлсан,

мөн шүүгдэгч Э.Т- нь ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Г.Ц-ийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйлийг нь хулгайлсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Ү-, Ө.А-, Б.Ц-, С.П-, М.Ж-, Э.Т- нар нь бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, шүүгдэгч Э.Т- нь ганцаараа хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн шинжтэй тул гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Ү-, Ө.А-, Б.Ц-, С.П-, Э.Т-, М.Ж- нар болон тэдгээрийн өмгөөлөгч Ц.Цэгмид, Б.Батсүх, Ж.Нарантуяа, Ц.Ганчимэг, С.Чулуунбаатар нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгч нарын үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:

1. Хохирогч Б.Н-ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 3.048.185 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 1-р хавтас 47-52-р хуудас/ ба шүүгдэгч нараас  2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Цагаан өнгийн “galanz” гэсэн бичиглэлтэй печень 1 ширхэг, “хрустик” нэртэй печень 10 ширхэг, “Ням нямка” нэртэй печень 4 ширхэг, ууттай чавга 5 уут, хатаасан жимс 45 ширхэг, резинэн чихэр 3 уут, том сагс 4 ширхэг, “керасис” шампунь 68 ширхэг, “вазелин” шампунь 7 ширхэгийг тус тус хураан авч хохирогч Б.Н-д хүлээлгэн өгсөн /хх-ийн 1-р хавтас 132-133-р хуудас/ ба хохирогч нь “шүүгдэгч нараас хохирлын 1.500.000 төгрөгийг хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг шүүхийн шатанд гаргасан байна.

2. Хохирогч Г.Ц-ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 470.250 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 2-р хавтас 25-27-р хуудас/ ба хохирогч нь “Э.Т-гээс зурагтаа буцааж хүлээн авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 2-р хавтас 16-р хуудас/ гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Ү-, Ө.А-, Б.Ц-, С.П-, Э.Т-, М.Ж- нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Ү-, Ө.А-, Б.Ц-, С.П-, М.Ж- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүр 03 жилийн хорих ял,

шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 04 жилийн хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,

шүүгдэгч Н.Ү-гийн өмгөөлөгч Ц.Цэгмидээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, сүрьеэ өвчтэй эрүүл мэндийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялыг тэнсэж өгнө үү гэсэн,

шүүгдэгч Ө.А-гийн өмгөөлөгч Б.Батсүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон 01 нас 08 сар 5 хоногтой бага насны хүүхэдтэй, 60 настай ээжийн хамт амьдардаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт болон 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялаас доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн,

шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Ж.Нарантуяагаас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан хорих ялыг хойшлуулж өгнө үү, эсхүл бага насны хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн,

шүүгдэгч С.П-, М.Ж- нарын өмгөөлөгч Ц.Ганчимэгээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон шүүгдэгч М.Ж- нь 3 нас 7 сартай болон 3 сартай бага насны хоёр хүүхэдтэй, шүүгдэгч С.П- нь 1 ой 6 сартай бага насны хүүхэдтэй, тэрээр одоо 6-7 долоон хоногтой жирэмсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт болон 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн,

шүүгдэгч Э.Т-гийн өмгөөлөгч С.Чулуунбаатараас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон айлын бага хүүхэд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” мөн хуулийн 7.6 дугаар зүйлд заасан “хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зохицуулалт нь “хөнгөн” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарахаар хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Ө.А-, Б.Ц-, С.П-, М.Ж- нар нь тус бүр бага насны нэгээс хоёр хүүхэдтэй, С.П- нь одоо жирэмсэн хэдий ч тэдний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай “хүнд” гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэх саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

          Шүүгдэгч Н.Ү-, Ө.А-, Б.Ц-, С.П-, Э.Т-, М.Ж- нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч Н.Ү- нь сүрьеэ өвчтэй эрүүл мэндийн байдал, шүүгдэгч Ө.А- нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн А.Ж-, шүүгдэгч Б.Ц- нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн Ц.Д-ий хамт ам бүл 2-уул амьдардаг, шүүгдэгч С.П- нь 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн П.Б- гэх бага насны хүүхэдтэй, одоо 6-7 долоон хоногтой жирэмсэн, шүүгдэгч М.Ж- нь 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Д.У-, 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Т.И- нарын бага насны хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорихыг хөнгөрүүлэн шүүгдэгч нарт ялгамжтайгаар ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Ү- нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба торгох ялаа 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлж биелүүлсэн байна. /хх-ийн 2-р хавтас 57-р хуудас/

 

            Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-гийн бага насны хүүхэд болох 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн А.Ж-, шүүгдэгч Б.Ц-ийн бага насны хүүхэд болох 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн Ц.Д-, шүүгдэгч С.П-ын бага насны хүүхэд болох 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн П.Б-, шүүгдэгч М.Ж-гийн бага насны хүүхэд болох 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Д.У-, 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өрсөн Т.И- нарт асран хамгаалагч томилох, асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг харъяа дүүргийн Засаг даргад даалгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ц- нь бага насны хүүхэд болох 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Ц.Д-ий хамт ам бүл хоёул амьдардаг, хүүхдийг нь асран хамгаалах хүнгүй тул Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд Ц-ийн Д-ийг асрах үүргийг Хүүхэд асрах байгууллагад /Хүүхдийн төв сувилалд/ хариуцуулав. 

 

Шүүгдэгч Н.Ү-гийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл /хх-ийн 2-р хавтас 107-р хуудас/ нийт 12 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

 Шүүгдэгч Н.Ү-, Ө.А-, Б.Ц-, С.П-, Э.Т-, М.Ж- нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй ба шүүгдэгч Ө.А-, Б.Ц-, С.П-, Э.Т-, М.Ж- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон      

                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Н-ын Ү-, Халх овогт овогт Ө-ын А-, Бөх овогт Б-гийн Ц-, Боржигон овогт С-гийн П-, Боржигон овогт М-ийн Ж- нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Рашааныхан овогт Э-ын Т- нь ганцаараа буюу бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай  орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Ү-, Ө.А-, Б.Ц-, С.П-, М.Ж- нарыг 01 /нэг/ жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Т-г 01 жил 02 сарын /нэг жил хоёр сар/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ү-, Ө.А-, Б.Ц-, С.П-, М.Ж- нарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг, шүүгдэгч Э.Т-д оногдуулсан 01 жил 02 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ү-гийн цагдан хоригдсон 12 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Н.Ү-, Ө.А-, Б.Ц-, С.П-, Э.Т-, М.Ж- нарт авсан хувийн баталаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар           

          шүүгдэгч Ө.А-гийн бага насны хүүхэд болох 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн А.Ж-,

          шүүгдэгч Б.Ц-ийн бага насны хүүхэд болох 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн Ц.Д-,

          шүүгдэгч С.П-ын бага насны хүүхэд болох 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн П.Б-,

          шүүгдэгч М.Ж-гийн бага насны хүүхэд болох 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Д.У-, 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Т.И- нарт тус тус асран хамгаалагч томилох, асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

7. Шүүгдэгч Н.Ү-, Ө.А-, Б.Ц-, С.П-, Э.Т-, М.Ж- нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй ба шүүгдэгч Ө.А-, Б.Ц-, С.П-, Э.Т-, М.Ж- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

           9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Ү-, Ө.А-, Б.Ц-, С.П-, Э.Т- М.Ж- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР