Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1225

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч С.Оюунжаргал, хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч С.С, шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос И овогт С.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00530 0282 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

И овогт С.Ц, Монгол Улсын иргэн, 1957 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхоны * тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.Ц нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 07 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3/61 гармаас хойш явах замд “Toyota Alpard” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Г.А, М.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч И овогт С.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 07 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3/61 гармаас хойш явах замд “Toyota Alpard” загварын ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Г.А, М.Д нарын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч Б.М-ын бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч С.Ц-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.М-ын шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр унаа хайгаад Ц ахын машинд суусан. 5 дугаар сарын 15-ны өдөр Улаан-Үдээс гараад өглөө 08 цагийн үед осолд орсон. Би унтаж байсан. Гэнэт машин эргэлдээд доошоо харчихсан байсан. Миний хавирга өвдөөд амьсгалж чадахгүй байсан. Миний эгмийн яс хугарсан. Осолд орсноос хойш эмнэлэгт хэвтээд 05 дугаар сарын 17-ны өдөр хагалгаанд орсон. Шүүгдэгч Ц-с 1,700,000 төгрөг авсан. Одоо 825,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 15-ны өглөө машин дотор унтаад явж байсан. Тэгтэл хүмүүс орилсон тэгэхээр нь сэрээд хартал машин замын хажуу тал руу гараад онхолдож байсан. Тэгээд босох гэтэл босож чадахгүй байсан, тухайн үед миний баруун эгэм, толгой, мөн цээж хэсгээр их өвдөөд байсан. Би машинаас гарч чадахгүй байсан бөгөөд миний хажууд сууж явсан залуу 2 эмчтэй хамт намайг татаж гаргасан. Гэмтлийн эмнэлэгт ирээд зураг авхуулж, эмчид үзүүлэхэд “баруун эгэм хугарсан байна” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь нарийн шинжилгээ өгөхөд уушги бага зэргийн бяцралттай, баруун талын 3, 4, 5 дугаар хавирганууд хугарсан байна гэж хэлсэн. Одоо миний толгой, цээж, эгэм хэсгээр байнга өвдөж, өвчин намдаах эм байнга хэрэглэж байгаа. Би гомдолтой байна, миний эмчилгээнд гарах зардлыг буруутай хүнээс нэхэмжилж байна. Одоогийн байдлаар жолооч миний эмчилгээний зардалд 770,000 төгрөг өгсөн. Эмч намайг 6 сарын хугацаанд ажил хийж болохгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-30 дугаар хуудас);

4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаан-Үдээс Улаанбаатар хот руу Toyota Alphard маркийн автомашинтай, дотор нь надтай нийлээд 6 хүн явж байсан. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 06 цаг болж байсан, гадаа аймаар их цас орж байсан. Тухайн үед унтаж байгаад сэртэл миний сууж явсан машин хөндлөнгөөрөө гулгаад байсан. Тэгэхээр нь “жолооч ах аа зүгээр үү” гэж асуухад “зам халтиргаатай байна” гэж хариулж байсан. Тэгээд суудал дээр хойшоо хэвтээд явж байхад гэнэт “тар няр” хийх чимээ гарсан. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Миний баруун гуяны ар тал хөхөрсөн, баруун хавирга хэсгээр өвдөж байна. Биеийн баруун хэсгээр их өвдөж байгаа, хүчтэй амьсгалж чадахгүй баруун хөлдөө ачаалал авч алхаж чадахгүй байна. Би хувиараа дэлгүүр ажиллуулдаг, мөн оёдлын газарт оёдолчин хийдэг, иймд буруутай хүнээс эмчилгээний зардал болон ажилгүй байх хугацааны орлогоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-24 дүгээр хуудас);

5. Гэрч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед би Улаан-Үдээс Улаанбаатар хот руу “Alphard” маркийн автомашинд суугаад явж байсан. Тухайн үед би унтаад явж байсан, цас их ороод зам их халтиргаа гулгаа ихтэй байсан. Машин нь үе үе гулгаад байсан. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 07 цаг 51 минутын үед яг аль замд явж байсныг мэдэхгүй байна, машин гэнэт хөндлөн болоод гулгасан. Тэгэхээр нь сэрээд хартал машин замын хажуу тал руу орж байсан. Жолооч хараал хэлээд, онхолдоод 4 дугуй нь дээш харсан байсан. Тухайн үед машинаас гарах боломжгүй болсон байсан. Хойно сууж явсан залуу зааланд сууж явсан хүмүүсийг гаргаж байх шиг байсан. Би машин дотроо гарч чадахгүй хэвтэж байтал нэг залуу намайг машинаас татаж гаргасан. Тухайн үед надтай хамт явж байсан М гэх нэртэй охин сонин дугараад байхаар нь очоод “бие нь яаж байна” гэж асуухад “босож чадахгүй байна” гээд уйлаад байсан. Эмнэлгийн машинтай эмч ирээд бид нарыг аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Бид эмнэлэгт зураг авхуулаад эмчид үзүүлэхэд намайг хүнд бэртэл гэмтэл, яс хугаралт байхгүй зөөлөн эдийн гэмтэлтэй гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-47-48);

6. Гэрч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай автомашин оношилгооны төв нь стенд тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тээврийн хэрэгслийг уг төхөөрөмж дээр дугуйгаар нь өнхрүүлэх байдлаар тоормосны хүчний зөрүүг шалгадаг. “Toyota Alphard” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй хагарсан, хийгүй байдалтай байсан. Мөн асаж явах боломжгүй байсан тул уг тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулж дүгнэлт гаргах боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 228 дугаар хуудас);

7. Иргэний нэхэмжлэгч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаан-Үдээс Улаанбаатар хот руу замын унаанд суугаад явсан. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өглөө Баруунхараа өнгөрөөд хот руу дөхөж ирэхэд аймаар их цасаар шуурсан. Явж байгаад нэг мэдсэн чинь би машины гадна, машин 4 дугуй нь дээшээ харчихсан байсан. Тэгэхээр нь би найз А дээр очоод машинаас татаж гаргасан. Ослоос болж миний дух шилэнд зүсэгдсэн байсан, оёдол тавиулсан. Зүүн хөмсөгний дээд талд зулгарсан байсан. Би тархины зураг авхуулсан төлбөр, ажилгүй байх хугацааны цалинг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40-42 дугаар хуудас);

8. Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 4-12 дугаар хуудас), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 13 дугаар хуудас);

9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6254 дугаартай: “...М-ын биед баруун эгэм яс, баруун 1,3,4,5-р хавирганы хугарал, баруун уушгины голомтлог няцрал, баруун нүдний алим, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 77 дугаар хуудас);

10. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1247 дугаартай: ‘‘...Б.М-ын биед баруун эгэм ясны хугарал, баруун 1, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, баруун уушгины голомтлог няцрал, баруун нүдний алим, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь сонсголын бууралттай шалтгаант холбоогүй байна...” гэсэн дүгнэлт(хх-ийн 224-225 дугаар хуудас);

11. Шүүх эмнэлгийн шинжээчийн 6257 дугаартай: “...Г.А-ийн биед цээжний зөөлөн эдийн няцрал, тохой, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 80 дугаар хуудас);

12. Шүүх эмнэлгийн шинжээчийн 6258 дугаартай: “...М.Д-ийн биед тархи доргилт, духанд шарх, зулгаралт, зүүн хөмсөг зовхинд зулгаралт, баруун өвдгөнд цус хурсан зэрэг гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 83 дугаар хуудас);

13. Цаг уур, орчны шинжилгээний газрын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 8/375 дугаартай: “...Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 07:00 цагаас 08:00 цагийн хооронд цас орж, салхи баруун хойноос 8-14 м/с хүрч, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин 2000-4000 метр болж хязгаарлагдсан байсан...” гэсэн тодорхойлолт (хх-ийн 121 дүгээр хуудас);

14. Шүүгдэгч С.Ц-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 168 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 167 дугаар хуудас), жолоочийн лавлагаа (хх-ийн 169 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Харин шүүгдэгч С.Ц-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байсан эсэхийг нотлох талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн бодитой явуулаагүй боловч шүүх шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн шийдвэрлэх боломжтой хэмээн дүгнэлээ.

Мөрдөгч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгуулж дүгнэлт гаргуулахаар мэргэжлийн байгууллагад шинжээч томилон тогтоол хүргүүлсэн байх боловч Авто тээврийн Үндэсний төвийн Баянзүрх дүүрэг дэх салбарын дарга С.Д дүгнэлт гаргахаас татгалзсан байгаа нь үндэслэл муутай болсон байх бөгөөд түүний гэрчээр өгсөн мэдүүлэгт зөвхөн тээврийн хэрэгслийн тоормосны механизмыг шалгах боломжгүй байсан талаар дурдагджээ. Харин мөрдөгчийн тогтоолд нийт 6 асуулт тусгасан байх бөгөөд тэдгээрийн хоёр нь буюу 4, 5 дахь асуулт нь тоормосны механизмтай холбоотой байх тул гэрчийн мэдүүлэг өгсөн С.Д нь тогтоолд тусгасан бусад 4 асуултад хариулж, дүгнэлт гаргахаас үндэслэлгүй татгалзсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд зөвхөн тоормосны механизм хамаардаггүй бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасанчлан олон төрлийн техникийн шаардлагууд байдгийг мөрдөгч, прокурорууд цаашид анхаарвал зохино.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Г.А, М.Д нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч С.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон ослын хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 4-12 дугаар хуудас), Цаг уур, орчны шинжилгээний газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдов.

Тодруулбал, жолооч тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр үзэгдэх орчин хязгаарлагдсан, халтиргаа гулгаа үүссэн зэрэг орчны болон замын нөхцөл байдлыг харгалзан өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор хөдөлгөөний хурдаа багасган зөв сонгож явах, эсхүл хөдөлгөөнөө зогсоох хүртэл арга хэмжээ авах ёстой атал шүүгдэгч С.Ц нь үзэгдэх орчин 2000-4000 метр болж хязгаарлагдсан, мөн халтиргаа гулгаа үүссэн зам дээр тээврийн хэрэгсэл нь гулгаж жолоодлого алдсаар байхад хөдөлгөөнөө үргэлжлүүлсээр байсан байх тул шүүх түүний замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн энэхүү үйлдлийг зорчигчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролтой шалтгаант холбоотой бөгөөд тээврийн хэрэгсэл онхолдох шалтгаан болсон гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч С.Ц-ийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хүсээгүй буюу мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч С.Ц нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Ц-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.А, М.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй тул тэднийг хохирогч гэж үзэхгүй, мөн гэм буруутайд тооцоход хамааруулахгүй. Харин хууль зүйн хувьд тэднийг иргэний нэхэмжлэгч гэж үзэх бөгөөд шүүгдэгч С.Ц нь мөрдөн байцаалтын шатанд Г.А-д 570,000 төгрөг, М.Д-д 400,000 төгрөг, Д.Х-д 130,000 төгрөг тус тус төлж, иргэний нэхэмжлэлийг бүрэн барагдуулжээ.

Шүүгдэгч С.Ц нь хохирогч Б.М-д хагалгааны төлбөр болгон 1,700,000 төгрөг төлсөн байх ба хэрэгт авагдсан баримт бүхий 825,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хуулийн гэм хорыг харилцан тохиролцож арилгах зарчмын дагуу түүнээс 825,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мөнхманалд олгож, харин хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч С.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн 62 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон хэмээн дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Их гөрөөч овогт С.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч С.Ц шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-с 825,000 төгрөгийг нэг сарын дотор гаргуулан хохирогч Б.М-д олгож, харин хохирогч Б.М-д цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Ц урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА