Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 593

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Д даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.С хөтлөн

улсын яллагч Г.Э

шүүгдэгч И.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, ХХХХ оны ХХ дугаар сарын ХХ-нд Өвөрхангай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, компьютер ланд худалдааны төвд ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ХХ дугаар хороо, Х дүгээр хороололын  ХХ-в байрны ХХ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:РРХХХХХХХХ/, Т овогт И-ын Э-д холбогдох эрүүгийн ХХХХХХХХХХХХ дугаартай хэргийг ХХХХ оны Х дугаар сарын ХХ-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

И.Э нь хххх оны х дугаар сарын хх-наас хх-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах А хотхонд Б.НЦийг автомашинаар төлбөртэй хүргэж өгөхдөө машинд нь мартаж буусан Самсунг эс 8 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас Б.НЦт 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч И.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Н мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 3 дугаар сарын 15-нд Сүнжин грандын ресторанд ажлынхаа газрын хүмүүстэй уулзаж байгаад тэндээсээ гараад ажлын газрын Д, Г нарын хамт такси бариад би А хотхонд буугаад нөгөө хоёр цаашаа явсан. Тэгэх үедээ би тэр таксинд өөрийн гар утас болох Самсунг Эс 8 маркийн гар утсаа мартсан...надад гомдол санал байхгүй учир нь би өөрөө гар утсаа хаясан тул миний буруу юм. Гар утсаа авсан гомдолгүй. /хх-ийн 29/ гэх мэдүүлэг,

 

Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Самсунг Эс 8 маркийн гар утас 1.280.000  төгрөгөөр үнэлэгдсэн”  /хх-ийн 40/ гэсэн дүгнэлт,

 

Эд зүйл  И.Эөөс хураан авч Б.Нт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-25/

 

И.Э мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 15-нд 00 цагийн орчим би машинтайгаа гэр рүүгээ харих замдаа хорооллын модны хоёрын зам дагуу гар өргөж байсан 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүсийг машиндаа суулгаж Зайсан яваад Улаанбаатар сувилалын хажууд байдаг Цг хотхонд эмэгтэй нь буугаад нөгөө хоёр эрэгтэй нь А хотхонд хүргүүлээд буусан. Тэгээд би А хотхоны эсрэг талын гүүрний орчмоос 2 эмэгтэй хүн гар өргөхөөр нь аваад явах үед тэр хоёр эмэгтэй ахаа таны машинд энэ гар утас байна гэж надад өгсөн. Тэгэхээр нь би аваад гэртээ аваачиж харахад урд талын дэлгэц нь хагарчихсан байхаар нь гар утсыг нь унтраахгүй хаясан хүн нь залгаж магадгүй гэж бодоод утсыг нь унтраагаагүй өглөө болтол байлгахад гар утас нь унтарсан байсан. Би гэртээ байлгаж байгаад дэлгэц нь эвдэрсэн байсныг Монтел орж дэлгэцийнх нь үнийг асуухад 450.000 төгрөг гэхээр нь би утас янзалдаг хүмүүстэй уулзаж яваад дэлгэц нь дээрээ бага хэмжээний зураастай дэлгэцээр тэр утасны дэлгэцийг солиулаад хүүхэддээ бариулж байгаа...тэр утас асаалттай байхад гар утасны эзэн нь залгаагүй болохоор нь би өөртөө хэрэглэсэн юм. /хх-ийн 34/ гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор ял шалгах хуудас /хх-ийн 53/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч И.Э хххх оны Х дугаар сарын ХХ-наас ХХ-нд шилжих шөнө Бдүүргийн Х дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах А хотхонд Б.Нийг автомашинаар төлбөртэй хүргэж өгөхдөө машинд нь мартаж буусан Самсунг Эс-8 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Нийн”...би тэр таксинд өөрийн гар утас болох Самсунг Эс 8 маркийн гар утсаа мартсан...гар утсаа авсан гомдолгүй...” /хх-ийн 29/ гэх мэдүүлэг болон  эд зүйл  И.Эөөс хураан авч Б.Нт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-25/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч И.Эийн“...тэр утас асаалттай байхад гар утасны эзэн нь залгаагүй болохоор нь би өөртөө хэрэглэсэн юм...” /хх-ийн 34/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.  

 

ДХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Самсунг Эс 8 маркийн гар утас 1.280.000  төгрөгөөр үнэлэгдсэн нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

 

Улсын яллагчаас И.Эийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос И.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч И.Эийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч И.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч И.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг И.Эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т овогт И-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

                                                                                         

2. Шүүгдэгч И.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг И.Эд мэдэгдсүгэй.

 

4. И.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол И.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.Д