Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 1227

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч М.Сүхчулуун /томилолтоор/, шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н овогт Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03280 1285 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н овогт Б.Э, Монгол Улсын иргэн, 1960 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл дөрөв, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 9 дүгээр байрны * тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Цолмон төвийн ойролцоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Ө-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Н овогт Б.Э нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Цолмон төвийн ойролцоо хохирогч Б.Ө-тай “миний эхнэрийг доромжиллоо” гэсэн шалтгаанаар маргалдаж, нүүр лүү нь хөлөөрөө өшиглөж, түүний бие махбодод “...хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, мөн зүүн гуя, шилбэнд зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Э-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 сарын 18-ны орой би найз охин Б-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр лүүгээ явж байсан чинь Цолмон төвийн цаад талын гудамжны үзүүрээс гурван хүн гарч ирээд би зөрөхдөө мөргөлдчихсөн юм. Тэгсэн чинь нөгөө хүмүүс нь согтуу, хамт явж байсан эмэгтэй нь над руу орилж чарлаад байсан чинь хажуугаас нь хамт явж байсан залуу нь “чи миний эхнэрийг доромжиллоо” гээд би нөгөө залуутай маргалдаад зууралцаж байхад манай эхнэр намайг салгаад чи цаашаа яваад суугаадах гээд нэг цайны газрын үүдэнд суулгасан. Нөгөө согтуу эмэгтэйтэй хамт явж байсан нөхөр нь гэх залуу нь ирээд миний нүүр лүү өшиглөчхөөд зугтаагаад явчихсан. Тэгээд би араас нь хөөх үед тэрээр газар түрүүвчээ унагаахаар нь би түрүүвчийг нь аваад цагдаа дээр ирсэн. Миний хамар хугарч, баруун талын нүд хөхөрсөн байсан. Хамт нэг залуу байсан тэр нь намайг зодож цохисон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 дугаар хуудас);

“...Намайг тухайн үед намхан бор царайтай халзан ах хөлөөрөө нүүр лүү өшиглөсөн. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас);

3. Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд эгчийнхээ төрсөн өдөрт ирчхээд орой 2 цагийн үед гэр лүүгээ харих гээд явж байхад Цолмон төвийн орчимд гудамжны үзүүрт хоёр залуу нэг эмэгтэй хүмүүстэй манай найз залуу мөргөлдөж таарсан. Тэгээд би нөхрийнхөө өмнөөс уучлаарай гээд хэлсэн чинь хамт явж байсан нэг залуу нь манай найз залууг заамдаж аваад газар унагаасан. Тэгээд би найз залуугаа салгаж аваад нэг цайны газрын урд талд суулгаад “цагдаа дуудлаа шүү” гээд хэлсэн чинь намхан халзан толгойтой ах ирээд манай найз залуугийн нүүр рүү хөлөөрөө өшиглөөд авсан. Тэгээд манай найз залуу араас нь гүйсэн чинь нөгөө гурав зугтаагаад яваад өгсөн. Тэгсэн чинь нэг залуу нь түрүүвчээ унагаагаад явчихсан. Тэгээд бид хоёр цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Манай найз залуугийн хамар хугарч, нүд нь хөхөрч, хүзүү нь зулгарчихсан байсан. Манай найз залуу эгчийн төрсөн өдөр дээр гурван шил пиво уусан байсан. Тухайн гурван хүн архи уучихсан шал согтуу байдалтай явж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас);

4. Гэрч О.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би нөхөр Э, хадам ах А-ын хамт “Цолмон” төвөөс архи аваад буцаад гэр рүүгээ явж байхад гудамжны үзүүрт өөдөөс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирээд би тэр хоёртой шүргэлцсэн. Тэгсэн чинь нөгөө нэг эрэгтэй нь намайг “замаа хараач, муу сайн архичид чинь” гээд байсан. Хамт явж байсан эмэгтэй нь уучлаарай гэж хэлээд цаашаа явсан. Тэгтэл нөгөө залуу нь манай нөхөр рүү элдвээр хэлээд байхаар нь манай нөхөр цаана шатан дээр сууж байхад нь очоод өшиглөөд авсан. Тэгээд бид 3 зугтаагаад яваад өгсөн. Манай нөхөр Э тухайн залуугийн нүүр рүү хөлөөрөө нэг л удаа өшиглөсөн. Манай нөхөр архи уухын хувьд уусан байсан. Гэхдээ эрүүл ухаантай байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас);

5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7646 дугаартай: “...Б.Ө-ын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн гуя, шилбэнд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 33 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Б.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 45 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 42 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ө-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.Э-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Ө-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Ө нь хохирлоо бүрэн авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 13 хоногийн нэг хоногийг 15 нэгжээр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 195 нэгжийг хасаж тооцох саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн 59 настай хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 13 хоногийн нэг хоногийг арван таван нэгжээр тооцон түүнд оногдуулсан торгох ялаас нэг зуун ерэн таван нэгжийг хасаж, эдлэх ялын хэмжээг хоёр зуун тавин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр зуун тавин таван мянган төгрөгөөр тогтоов.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Н овогт Б.Э-г Эрүүгийн хуулийн тустай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 13 (арван гурав) хоногийн нэг хоногийг арван таван нэгжээр тооцон түүнд оногдуулсан торгох ялаас нэг зуун ерэн таван нэгжийг хасаж, эдлэх ялын хэмжээг хоёр зуун тавин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр зуун тавин таван мянган төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

5.Шүүгдэгч Б.Э-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Э-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА