Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 584

 

 

 

М.Адъяасүрэнд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор С.Энхтуул,

Цагаатгагдсан этгээд М.Адъяасүрэн, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор С.Энхтуулын бичсэн улсын яллагчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар эсэргүүцлээр, Г.Адъяасүрэнд холбогдох 201625032259 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар  сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Тугтан овогт Мижиддоржийн Адъяасүрэн, 1990 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Увс аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Нийслэлийн цагдаагийн газрын албадан саатуулах төвд жижүүрийн цагдаа ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дүгээр гудамжны 752 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ОИ90072212/,

М.Адъяасүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр таксины жолоочийн мөнгийг нь өгөхгүй маргалдаж танхайрсан шалтгаанаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Түр саатуулах байранд хүргэгдэн ирсэн иргэн Б.Төрмөнхийн зүүн гарыг өчиж хугалан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Тугтан овогт Мижиддоржийн Адъяасүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, М.Адъяасүрэн цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, М.Адъясүрэнгийн урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдаж гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Адъяасүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхтуул улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан хохирогч Б.Төрмөнхийн “...манай гэрийн гадаа очоод таксины жолооч 5000 гаран төгрөг нэхээд байхаар нь 3000 төгрөг гарах ёстой гээд маргалдсан. Ингээд манай гэрийн гаднаас хөдөлж явсаар Тэнгис кино театрын гадаа очоод цагдаа дуудаж намайг өгсөн. Ямар цагдаа нар ирснийг анзаараагүй намайг дагуулаад эрүүлжүүлэх байранд оруулсан. Оруулаад нэг туранхайвтар цагдаа миний хэтэвч, тэлээ, гутал, хүрэм зэргийг тайлуулаад камерт ор гэсэн. Би “орохгүй, манай эхнэрийг дуудаад өгчих, эсвэл би торгуулийн арга хэмжээ авахуулаад явъя” гэхэд нэг цагдаа “чи ер нь тэрийг мэддэг юм уу” гэж уурлаад дагз руу нэлээн хэдэн удаа цохих шиг болоод би манарсан. Тэгээд нэг ухаан ороход газар доошоо хараад зүүн гарыг ард өчсөн, гар эвгүй болчихсон өвдөөд байхаар нь “гар эвгүй болчихлоо, тавьчихаа” гэхэд улам чангалаад өчөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-32-33/, гэрч Ж.Батчимэгийн “...30-40 минутын дараа Төрмөнхийн дугаараас Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ярьж байна, “танай нөхөр Төрмөнх таксины жолоочтой маргалдаад ирсэн байна. Та ирж авах уу, бид нар торгоод явуулчих уу” гэхээр нь “эргээд залгая” гэж хэлээд 20 минут орчмын дараа очсон. Эрүүлжүүлэх байрны үүдэнд төмөр сараалжин хаалганы цаанаас харахад “Эрдэнэтэй” нэртэй цагдаа төмөр хаалга түшээд зогсчихсон манай нөхөр ширээний хажууд газар сууж байх шиг байсан. “Хаалгаа онгойлго” гэхэд онгойлгохгүй байхаар нь хэлтэс рүү нь очиж “доор чинь хүн зодоод байгаан биш үү” гэж хэлээд буцаж эрүүлжүүлэх байранд очиход манай нөхрийг ширээний ард сандал дээр суулгаад зүүн гарыг нь бинтээр сойгоод уяж байсан...” /хх-39/, гэрч Л.Мөнхжаргалын “...Эрдэнэцогт Төрмөнхийг камерт хийх гэтэл урдаас нь эсэргүүцэж шаардлагыг нь биелүүлэхгүй камерт орохгүй хүч хүрэлцэхгүй араас нь Адъяасүрэн очиж Эрдэнэцогтод тусалж камерт хийх гэж байгаад өчсөн чинь “гар нь эвгүй болчихлоо” гэхээр нь очоод үзтэл зүүн гарын дээд булчин хэсгээр хугарсан бололтой байхаар нь түргэн тусламж дуудаж үзүүлээд жижүүрийн ахлах офицерт болсон асуудлын талаар хэлж мэдэгдсэн...” /хх-40-41/, гэрч Т.Батсуурийн “...2016 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн үед дүү Төрмөнхийн эхнэр Чимгээ над руу залгаад уйлаад, “Төрмөнхийг цагдаа нар зодоод байна, та хурдан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь Чингэлтэй дүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байр луу ортол Төрмөнх уйлчихсан зүүн гарыг нь цагаан өнгийн даавуу шиг зүйлээр сойсон, цагдаа нар тойроод зогссон, эхнэр Чимгээ нь уйлаад сууж байсан. Тэгээд би 102 дугаарын утас руу залгаж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаа нар хүн зодож гэмтээсэн байна гэж дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн ёс журмын эргүүл болон түргэн тусламж ирсэн. Төрмөнхийг дагуулаад гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд зүүн гар нь хугарсан байна гэж хэлж байсан...” /хх-42-43/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 15975 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг зэрэг баримтуудаар М.Адъяасүрэн нь Б.Төрмөнхийн биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болохыг тогтоосон нотлох баримтуудыг шүүх цагаатгах тогтоолдоо үгүйсгээгүй, шүүхээс “М.Адъяасүрэн нь биеийн   хүчийг хэрэглэн хохирогч Б.Төрмөнхийг хяналтдаа авах зорилгоор хэрэглэсэн өчих мэх нь хэтэрч зүүн гарыг нь хугалсан болох нь эргэлзээтэй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаарлагыг хангаагүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Цагаатгагдсан этгээд М.Адъяасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэх байранд ажиллаж байсан. Биеийн харьцааны хувьд Б.Төрмөнх 1 метр 80 см хол давсан өндөртэй, 100 гаруй кг жинтэй байсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд М.Адъяасүрэнгийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлд зааснаар зүйлчлэлийг маргаж оролцсон. Үүнд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, санаатай шууд ба шууд бус үйлдэл байхгүй. Миний үйлчлүүлэгчийн тухайн нөхцөл байдлын хувьд хохирогчтой хувийн харилцаа үүсээгүй, мөн ажил үүргээ биелүүлж байсан. Тухайн төрлийн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 41 дүгээр зүйлийн “гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, саатуулах үед гэм хор учруулах” гэсэн зүйлээр зохицуулагдана гэж улсын яллагчтай мэтгэлцэж оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 41 дүгээр зүйлийн ногоон тайлбарт саатуулах байр буюу эрүүлжүүлэх байр хамаарагддаг. Гэхдээ өмгөөлөгчийн зүгээс гар хугарсантай маргах зүйлгүй. Ямар үйлдлийн улмаас гэмтэл учирсан бэ гэдэгт анхаарч ажилласан. Тухайн үйл баримт цагдаагийн газар болсон байдаг. Тэгэхээр Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар уг асуудал зохицуулагдана. Цагдаагийн албаны тухай хуульд 49.1 дэх хэсэгт “цагдаагийн алба хаагч биеийн хүч хэрэглэх тохиолдлуудыг заасан. Тухайлбал тухайн хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хохирогч Б.Төрмөнх таксины мөнгө төлөөгүй, танхайрсан гэх үндэслэлээр саатуулах байранд хүргэгдэж ирсэн. Хүргэгдэж ирэхдээ гавлагдсан байсан. Биеийн харьцааны хувьд Б.Төрмөнх том биетэй, саатуулах үйл ажиллагаа явуулж буй 2 алба хаагчийн өмнөөс хэл амаар доромжилсон, саатуулах байранд саатуулагдсан этгээдүүдтэй муудалцсан гэх үйлдлүүд камерын бичлэг тодорхой авагдсан байдаг. Цагдаагийн алба хаагч зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байгаа учраас биеийн хүчийг хэрэглэсэн байдаг.  2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Хууль Зүйн сайдын А/126 дугаар тушаалын 5 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах,олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэх, гэмт хэрэг үйл явдал өрнөж байгаа цаг мөчид өөрийн ойлгосон нөхцөл байдалд тохируулан биеийн хүч хэрэглэх, тухайн этгээдийн хяналтандаа авах зорилгоор хэрэглэнэ” гэж хүч хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Мөн 5.3 дахь хэсэгт цагдаагийн алба хаагч өөрийн дотоод итгэлдээ нөхцөл байдлыг үнэлж дүгнэж, биеийн хүч хэрэглэж, шийдвэрийг гаргана гэсэн. Эдгээр зохицуулалтын үндэслэн өчих мэхийг хэрэглэсний улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

М.Адъяасүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Түр саатуулах байранд хүргэгдэн ирсэн иргэн Б.Төрмөнхийн зүүн гарыг өчин хугалаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн үед болсон үйл баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодитой тогтоох талаар шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийжээ.

Анхан шатны шүүх хохирогч Б.Төрмөнхийн гаргаж буй зохисгүй зан харьцаа, хоорондын биеийн хэмжээний байдал зэргийг харгалзан цагдаагийн албан хаагч нь өөрийн дотоод итгэлээр нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, бие даан биеийн хүч хэрэглэх шийдвэр гаргана гэсний дагуу тухайн үед өөрийн ойлгож үнэлсэн хүчин зүйлс, тухайн нөхцөл байдалд тохируулан биеийн хүчийг хэрэглэн хохирогч Б.Төрмөнхийг хяналтандаа авах зорилгоор хэрэглэсэн өчих мэх нь хэтэрч зүүн гарыг нь хугалсан болох нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь хэрэгт авагдсан дүрс бичлэгт П.Эрдэнэцогт хохирогч Б.Төрмөнхийн баруун гарыг, Г.Адъяасүрэн зүүн гарыг ард нь өчиж, хоёулаа дарж байгаад газар унагаан гарыг нь өчиж байгаа нь тусгагджээ.

Энэ талаар хохирогч Б.Төрмөнх “...Нэг ухаан ороход би газар доошоо хараад зүүн гараа ардаа өчүүлчихсэн, эвгүй болоод өвдөөд байхаар нь “наад гар чинь эвгүй болчихлоо, тавьчихаа” гэхэд өчөөд байсан...” гэх мэдүүлэг болон дээрх дүрс бичлэгээс харахад цагдаагийн ажилтануудын хүч илүү байхад ямар нөхцөл байдалд тохируулан биеийн хүч хэрэглэсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байх тул прокурор С.Энхтуулын бичсэн улсын яллагчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, Г.Адъяасүрэнд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, М.Адъяасүрэнд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Адъяасүрэнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

 

                                                                        Н.БАТСАЙХАН