Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2026/ХШТ/77

 

Ц.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ц.Оч, Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулан нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 314 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 621 дүгээр магадлалтай, Ц.Ц-д холбогдох 2405009430416 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, 25 настай, бага боловсролтой,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жил хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 906 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 11 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, Ц.Ц,

Шүүгдэгч Ц.Ц нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Ц-д холбогдох хэргээс Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг болон хулгайлах гэмт хэргээс зарим үйлдлүүдийг тусгаарлаж, мөрдөн байцаалтад буцаан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Ц.Ц-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Ц.Ц-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгэж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-с нийт 27,674,050 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Н-д 1,650,000 төгрөг, Б.С-д 2,100,000 төгрөг, О.О-д 2,775,000 төгрөг, О.Э-д 1,700,000 төгрөг, Б.Б-д 1,020,000 төгрөг, Д.М-д 3,025,000 төгрөг, Л.Г-т 1,215,000 төгрөг, А.О-д 1,850,000 төгрөг, Г.А-д 1,044,050 төгрөг, Н.О-т 1,800,000 төгрөг, Х.Х-д 1,800,000 төгрөг, Г.Э-д 420,000 төгрөг, Э.С-д 1,825,000 төгрөг, Ш.Т-д 1,575,000 төгрөг, Э.Э-д 3,025,000 төгрөг, Б.А-т 850,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ц хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Харин анхан болон давж заалдах шатны шүүх миний эрх зүйн байдлыг дордуулж, шударга ёсны зарчимд нийцэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Надад холбогдох хэргээс 12 үйлдлийг шүүх тусгаарлаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж бодож байна. Миний хувьд хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж, өөрийн хийсэн гэмт хэргийг анхнаасаа илчилж, хожим ял шийтгүүлсний дараа эрх зүйн байдлаа дордуулахгүйн тулд үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Гэвч мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгах, тогтоох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Үүний улмаас миний эрх зүйн байдал үндэслэлгүйгээр дордох нөхцөл байдал үүслээ. Тухайлбал, нэг хэрэгт 4 жилийн ял шийтгүүлсэн атлаа дахин ижил төрлийн, үргэлжилсэн шинжтэй хэргийг тусгаарлаж дахин шийдвэрлэснээр дахин ял шийтгэл оногдуулах нөхцөл бүрдэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж гомдлыг минь хүлээн авч, тусгаарласан хэргүүдийг минь нэгтгэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нь 25 удаагийн үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийг үйлдсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөгч, прокурорт хэргийн бодит байдлыг хэлж хэргээ нэмж нэгтгүүлье гэсэн саналыг олон удаа гаргаж байсан. Гэтэл хэргийг шүүхэд шилжсэний дараа хэргийн нотлох баримтыг шинжлээд 15 удаагийн үйлдлийг бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон, гэвч нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох гэсэн Эрүүгийн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй. Ингээд шүүх хуралдааны явцад дээрх 15 үйлдлийг тусгаарласан. Энэ нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Эрүүгийн хуульд нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан байдаг. Мөн нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн Эрүүгийн хуулийн зарчим байдаг боловч эдгээрийг зөрчсөн. Хэргийг бүрэн бодитой тогтоож чадаагүй. Хэдийгээр миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн боловч мөрдөгч, прокурорын буруутай үйл ажиллагаанаас болж эрх зүйн байдал нь дордсон. Тийм учраас хэргийг нэмж нэгтгэх бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.

Прокурор Ц.Сүхбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Ц-д холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, бусдыг залилсан, кибер орчинд халдах гэсэн 3 зүйлчлэлээр шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хулгайлах гэмт хэргийн 9 үйлдлийг, кибер орчинд халдах хэргийн 3 үйлдлийг тусгаарлаж мөрдөн байцаалтад буцаасан байна. Бусад хэргүүдийн тухайд залилах болон тусгаарласнаас үлдсэн хулгайлах гэмт хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүхээс хэргийг тусгаарласан байдал болон анхан шатны шүүхийн хэргийн зүйлчлэл, сэргээн дүрсэлсэн үйл баримт, гэм буруугийн талаар хоорондоо зөрүүгүй, ижил дүгнэлтийг хийсэн. Гэвч уг шийдвэр нь Улсын дээд шүүхийн шийдвэр, тогтоолтой агуулгын хувьд нийцэхгүй байна. 2025 онд нэг зүйлчлэл бүхий хэргүүдийг шийдвэрлэсэн тогтоолууд гарч, хууль хэрэглээний жишиг тогтсон. Нэг зүйлчлэлтэй, үргэлжилсэн үйлдэлтэй хэргийг нэг мөр шийдвэрлүүлэх, эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх шийдвэр гаргах ёстой. Тухайн этгээд өөрийнхөө үйлдлийг бүрэн мэдүүлээгүй тохиолдолд мөрдөгч, прокурорт тухайн хэргийг мэдэх, илрүүлэх боломж бололцоо хязгаарлагдмал байдаг. Тиймээс хэргийг шийдвэрлэсний дараа бусад хэргүүд илэрсэн тохиолдолд хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэх боломжтой. Үүнээс бусад тохиолдолд нэг хүнд холбогдох үргэлжилсэн гэмт хэргүүдийг бүхэлд нь шийдвэрлүүлэхээр Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний жишиг тогтоосон. Энэ шийдвэрийн агуулгатай хоёр шатны шүүхийн шийдвэрүүдийг харьцуулан дүгнэвэл шүүхүүд үргэлжилсэн үйлдэл гэж дүгнээд шилжүүлсэн 25 үйлдлээс заримыг тусгаарлаж буй нь агуулгын хувьд Улсын дээд шүүхийн тогтоолтой нийцэхгүй. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч Ц.Ц-н “шүүх нэг зүйлчлэлтэй хэргээс зарим үйлдлийг тусгаарлаж эрх зүйн байдлыг дордуулсан” гэх гомдол хууль зүйн үндэслэлтэй байх тул хяналтын шатны шүүхээс шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2.Прокуророос Ц.Ц-г 24 удаагийн үйлдлээр бусдын гар утаснууд, бэлэн мөнгө, тоног төхөөрөмж хулгайлан нийт 48,235,455 төгрөгийн хохирол учруулсан, зарим хохирогчдын гар утасны цахим мэдээллийг өөрчилсөн, цахим орчинд “Байр түрээслүүлнэ” гэх худал зар байршуулж залилсан хэргүүдэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хулгайлах гэмт хэргийн үйлдлүүдээс заримыг бусадтай бүлэглэж үйлдсэн эсэхийг шалгуулахаар тусгаарлан, ганцаараа үйлдсэн хулгайлах болон залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, улмаар энэхүү шийдэл нь үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчлөх шалтгаан болсон байхад давж заалдах шатны шүүхээс “Шударга ёсны зарчим, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ” гэх ерөнхий дүгнэлт хийж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсний улмаас хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

3.Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн ижил төрлийн нэг зүйл, хэсэгт холбогдох хэргүүдийг нэг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлүүлэх нь шүүхээр ял шийтгүүлсний дараа өмнө үйлдсэн тухайн зүйлчлэлд хамаарах өөр хэрэг илэрч, ял нэмж шийтгүүлэхгүй байх хууль зүйн боломжийг бий болгодог.

Сэжигтэн, яллагдагч нь нэг ижил зүйл, хэсгээр зүйлчлэгдэх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдүүлсэн, энэ талаарх мэдээлэл, баримтыг гарган өгсөн тохиолдолд прокурор тэдгээр үйлдлүүдийг нэгтгэж, нэг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлүүлэх үүрэгтэй ба ийнхүү ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шударгаар ял оногдуулах зорилгод суурилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх ач холбогдолтой гэсэн хууль хэрэглээ тогтсон билээ.[1]

Давж заалдах шатны шүүх магадлалдаа Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 314 дүгээр тогтоолыг энэ хэрэгт эш татаж хэрэглэсэн байна. Гэтэл тус тогтоолд шүүгдэгчийн үйлдсэн нэг зүйлчлэлтэй олон үйлдэлтэй хэргийг хэд хэдэн шийтгэх тогтоолоор шийдвэрлэх хууль зүйн үндэслэл нь дээрх агуулгатай зөрүүгүй байх ба давж заалдах шатны шүүх Ц.Ц-н шүүхэд шилжиж ирсэн хэргээс заримыг тусгаарлан шалгуулахад энэ тогтоолын үндэслэлийг илтэд гуйвуулан хэрэглэжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан ... шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлийн нэг бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн өөр гэмт хэрэг шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байх нөхцөл нь Ц.Ц-н хэргийн тохиолдолд нийцэхгүй болохыг хоёр шатны шүүх анхаарч үзээгүй байна.   

4.Шүүгдэгч Ц.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хулгайлах гэмт хэргийг хэнтэй хамтарч үйлдсэн болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хэнд худалдан борлуулсан, орлогыг хэрхэн хуваарилсан, хохирогчийн гар утасны цахим мэдээллийг өөрчлөх замаар дансанд хадгалагдаж байсан мөнгийг хэнд шилжүүлсэн талаар тодорхой хэлсэн, энэ нөхцөл байдлыг хохирогч, гэрчүүд давхар мэдүүлж, бусад нотлох баримтууд болох дансны хуулга, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд хэрэгт цугларсан байхад гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн зэрэг хуульд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй, прокурор энэ талаар хяналтаа хэрэгжүүлээгүйгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт биелэгдэх боломжгүй үр дагаварт хүргэсэн байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан хэргийг прокурорт хүргүүлэх хүртэл урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 314 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 621 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2.Хэргийг прокурорт хүргүүлэх хүртэл Ц.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                               Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧИД                                                   Б.БАТЦЭРЭН

Ц.ОЧ

Т.ӨСӨХБАЯР

М.ПҮРЭВСҮРЭН

 

[1] Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 117 дугаар тогтоол