Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1990

 

Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/05779 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 254 759 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х, түүний өмгөөлөгч ХХХХ нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Х нь ХХд 2013 оны 01 сараас хойш дансаар болон бэлнээр 25 280 000 төгрөгийг зээлдүүлсэн. ХХ нь харилцан тохиролцсон хугацаандаа зээлээ барагдуулаагүй болно. 2015 оны 06 сарын 30-ны өдөр энэ талаар хүлээн зөвшөөрч зээл өгөх хугацааг сунгаж өгнө үү гэж өөрийн гараар тодорхойлолт бичиж өгсөн. Гэвч ХХ нь тогтоосон хугацаандаа мөнгөө төлөхгүй байна.

Нэхэмжлэгч нь 2013 оны 11 сарын 07-ны өдөр 8 000 000 төгрөг, 2013 оны 1 сард 1 000 000 төгрөг, 2013 оны 01 сарын 20-нд 1 000 000 төгрөг, 2014 оны 02 сарын 27-ны өдөр 4 000 000 төгрөг, бүгд 14 000 000 төгрөгийг ХХд аман хэлцлээр зээлдүүлсэн ба зээлийн хүүд 11 280 000 төгрөг, нийт 25 280 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн багасгахдаа: Хариуцагч нь мөнгийг зээлж авахдаа хүү өгнө гэж амласан учир өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй нэхэмжлэгч итгэж, эхний өгсөн мөнгийг хүүнд өглөө гэж бодсон байна. Гэтэл Иргэний хуулийн 282.3-т “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн заалт хүчинтэй тул нэхэмжлэгч хүү нэхэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд үндсэн зээл 14 000 000 төгрөгөөс хариуцагч ХХ 2013 оны 02 сарын 27-ны өдрөөс 2014 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 16 удаа цувуулж өгсөн 6 100 000 төгрөгийг хасч, хүүд нэхэмжилсэн 11 500 000 төгрөгийн шаардлагаа багасгаж одоо ХХгаас 7 900 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч нь Хээс дээрх мөнгийг авахдаа 1-2 сарын дотор эргүүлэн өгнө гэсэн үүрэг хүлээсэн боловч 2 жил 10 cap өнгөрч байхад үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн хувийн байдлыг мэдсээр байж амьжиргааны эх үүсвэрийг нь авчихаад хугацаандаа үүргээ биелүүлэлгүй сэтгэл санаа, эд материалаар давхар хохироож байгаа учир Иргэний хуулийн 227.1, 227.3-ийг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагадаа дараах өөрчлөлтийг оруулж байна.

Нэхэмжлэгч нь ХААН банкинд хугацаагүй хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд уг данснаасаа ХХд 14 000 000 төгрөгийг гаргаж өгсөн. ХААН банк нь хугацаагүй хадгаламж эзэмшигчиддээ жилийн 6 хувийн хүү бодож олгодог. ХХ зээлсэн мөнгөө хугацаанд нь өгсөн бол нэхэмжлэгч уг мөнгөндөө жилийн 6 хувийн орлого олох байсан. Иймд ХХгаас ХААН банкны хүү бодож олгох журмыг удирдлага болгон 2013 оны 02 сарын 27-ны өдрөөс 2014 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэл 1 538 158 төгрөг, 2014 оны 12 сарын 10-ны өдрөөс одоог хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 7 900 000 төгрөгийн 6 хувийн хүү 841 600 төгрөг, бүгд 2 379 752 төгрөгийг хүүнд нэхэмжилж байна. Х нь чихний сонсгол муутай учраас бусадтай ярьж чадахгүй тул өмгөөлөгч хөлслөн гэрээ хийж 1 980 000 төгрөг төлсөн. Иймд хариуцагчийн үүргээ биелүүлээгүйгээс олох байсан орлого, өмгөөлөгчид төлсөн хөлс бүгд 4 359 758 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулж ХХгаас нийт 12 259 758 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ХХ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие анх гарын доорх утас ашиглан дүүтэйгээ цамц нэхэж жижиг цех ажиллуулж багаад 2012 оноос цехээ томруулж компани болгон өргөжүүлж эхэлснээс хойш хүүтэй мөнгө зээлсэн нь нэхэмжлэгч Х юм. Энэ хүнээс 14 000 000 төгрөг зээлж авсан бөгөөд надад байгаа баримтаар хүүнд 9 960 000 төгрөг өгсөн болно. 2014-2015 онд компанийн үйл ажиллагаа зогсож, ажилгүй иргэний тоонд орсон. Иймд нэхэмжлэгч Хээс уучлал хүсч, хүү өгч чадахгүй тул үндсэн мөнгийг төлж барагдуулна гэжээ.

 

Хариуцагч ХХХ, итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ нарын тайлбарт: Нэхэмжлэгч Х, хариуцагч ХХ нар нь зээлийн гэрээ байгуулсан юм аа гэхэд энэ зээлийн гэрээнд ХХХ нь гарын үсэг зураагүй, оролцоогүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэнээс нь ч мөнгө авч зээлийн гэрээ байгуулж байгаагүй. Мөн ХХХыг хариуцагчаар татахдаа түүнд холбогдуулан ямар шаардлага гаргасан болох нь тодорхойгүй байх тул хамтран хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч ХХгаас 6 129 879 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хэд олгож, нэхэмжлэлээс хариуцагч ХХХд холбогдох 6 129 879 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХХгаас 113 028 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хэд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХы давж заалдах гомдолд: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагджээ. Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, нэхэмжлэлийг сольж бичснээс болж шийдвэр ойлгомжгүй болсон. Нотлох баримтыг бодитой үнэлж чадаагүй. Уг хэлцлийг анх байгуулахад зуучилж өгсөн гэрч ХХХХХХХ нь хуучнаар Ээрмэлийн үйлдвэр одоо “ХХХ” ХХК-ийн хүний нөөцийн ажилтан ХХХтай нэг үйлдвэрт ажилладаг ба анх ХХХ мөнгө зээлэх санал тавьсны үндсэн дээр ХХХХХХХ хадам аав Хтэй уулзуулан мөнгө зээлдүүлэхээр амаар тохиролцож, ХХХ нь уг мөнгийг өөрийн дүү ХХгийн дансаар шилжүүлэн 8 000 000 төгрөгийг авсан. Дараагийн 6 000 000 төгрөгийг ХХ, ХХХ нарын хүссэнээр шилжүүлэн өгсөн.

Шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд бодитой эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Гэрч ХХХХХХХг худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаа бол түүнд хуулийн хариуцлага хүлээлгэж ёстой. Хариуцагч нарыг ХХХХХХХ зуучилж өгсөн гэдгийг тайлбартаа бичсэн байгаа.

Хариуцагч ХХ, ХХХ нар зээлсэн мөнгөө хугацаанд нь өгсөн бол нэхэмжлэгч банкны хууль тогтоомжийн дагуу хугацаагүй хадгалуулсан мөнгөний хэмжээгээр жил бүр 6 хувийн хүү авах байсан тул 14 000 000 төгрөгийг банкинд хадгалуулж байсан бол 2 379 759 төгрөг болох байсан учир энэ хохирлоо нэхэх нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон 6 129 879 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х, хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 12 254 759 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүхийн “хариуцагч ХХгаас 6 129 879 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хд олгон, хариуцагч ХХХд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” шийдвэрийн үндэслэл ойлгомжгүй, уялдаа холбоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй байна.         

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болоод маргаан бүхий эрх зүйн харилцаанд дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь анх 25 564 350 төгрөг хариуцагч ХХгаас гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  ХХХыг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлагаа эхлээд хариуцагч ХХгаас 12 259 758 төгрөг гаргуулах, хариуцагч ХХХаас 8 000 000 төгрөг, хариуцагч ХХгаас 4 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч тус бүрээс 6 127 379 төгрөг гаргуулах гэх зэргээр 3 удаа өөрчилжээ. Шүүх хуралдааны тэмдэглэлээс /хэргийн 130 дугаар тал/ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж үзэхээр боловч хариуцагч ХХХ энэ талаар мэтгэлцээгүй байхад хариуцагч нарын хүлээх үүргийн хэмжээг зөв тодорхойлох боломжгүй болно.

 

            Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг, үндэслэх хэсэг хоорондоо зөрчилтэй болжээ. 

            Шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх үндсэн зээлийн үлдэгдэл 7 9 00 000 төгрөгийг өмгөөлөгчийн ажлын хөлс 1 980 000 төгрөгийн хамт хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ хохиролд нэхэмжилсэн 2 379 758 төгрөгийг хамтад нь тооцон хариуцагч ХХд ногдох хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөрчилтэй болжээ.

 

            Түүнчлэн хариуцагч ХХгийн тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсгийг зөрчсөн байна.  

 

            Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/05779 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 113 028 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                             

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

           

                                         ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

                                                                                                         

                                                                                                А.МӨНХЗУЛ