Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 634

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,

улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Батнасан,

гэрч П.Б-,

шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч С.Баттамир /ҮД:2925/,

шүүгдэгч О.Э-, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа /ҮД:0414/ Л.Данзанноров /ҮД:0408/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Б-гийн С-,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бургалтай овогт О-ийн Э- нарт холбогдох эрүүгийн 1802000760140 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн,

 

2. Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч нийтийн албан тушаал буюу Хан-Уул дүүргийн ...ийн эрхлэгч Б.С- нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 тушаалаар О.Э-ийг ажилд томилж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 800.000 төгрөг,

Хан-Уул дүүргийн ...ийн 2017 оноос 2018 оны хичээлийн шинэ жилийн элсэлтийн шалгалтанд хамрагдаагүй Э-гийн И-, Т-гийн Д-, Ж-ын Ч- нарыг 2017 оны 08 дугаар сард цэцэрлэгт хамруулж, албан үүргээ хэрэгжүүлсний хариуд Э.И-ий эх Г.О-гээс 300.000 төгрөг, Т.Д-ий эх Б.Э-ээс 300.000 төгрөг, Ж.Ч-ий эх З.Ч-аас 200.000 төгрөгийг хандив нэрээр бэлнээр,

Хан-Уул дүүргийн ...ийн 2017 оноос 2018 оны хичээлийн шинэ жилийн элсэлтэнд Х-ын У-, Х-ын У- нарыг хамруулж, албан үүргээ хэрэгжүүлсний хариуд тэдгээрийн эх Ц.Х-гээс 2016 оны 09, 10 дугаар сард нийт 800.000 төгрөгийг хандив нэрээр өөрийн дансаар шилжүүлэн хахууль авсан,

Шүүгдэгч О.Э- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн ...т 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 тушаалаар угаагчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан тус цэцэрлэгийн эрхлэгч Б.С-т 800.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оноос хойш манай цэцэрлэгт ажиллаж байсан угаагч Б- “зээ хүүхдээ харна” гэх шалтгааны улмаас 2017 оны 10 дугаар сард ажлаас гарсан. Тухайн үед сонгон шалгаруулалт зарлах боломжгүй байсан тул О.Э-ийг ажилд авсан. Дүү П.Б-ийн нөхрийн эгч П.А- надад О.Э-ийг “гэр бүлийн найзууд” гэж танилцуулаад цэцэрлэгийн угаагчийн ажилд авахыг санал болгосон. Би П.А-, О.Э- хоёртой уулзахдаа О.Э-ээс мөнгө нэхэж байгаагүй. Харин урьд ямар ажил эрхэлж байсан талаар асуухад “одоогоор ажилгүй, 2 жилийн хугацаанд гэртээ хүүхэд харсан” гэж хэлсэн. Хавтаст хэрэгт намайг ажилчиддаа дарамт шахалт үзүүлдэг гэж бичигдсэн нь буруу ойлголт байна. Би ажлын шаардлагын дагуу ажилтнууддаа ажлын цагийг үр дүнтэй өнгөрөөх шаардлага тавьдаг болохоос дарамталдаггүй. Хэрэв би ажлын байранд ажилчдаа дарамталдаг байсан бол үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Тиймээс О.Э-ийг ямар шалтгааны улмаас тэгж мэдүүлснийг ойлгохгүй байна. Би боловсролын байгууллагад 22 жилийн турш ажиллаж байна. О.Э- манай цэцэрлэгт угаагчаар 1 жилийн хугацаанд ажилласан. Энэ хугацаанд миний зүгээс О.Э-т цалинг нь өгөхгүй удаасан, дарамталсан зүйл гарч байгаагүй.

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай цэцэрлэгийг хүлээлгэн өгсөн. Тухайн үед цэцэрлэгийн 10 бүлэг бүгд тохижиж амжаагүй байсан тул цэцэрлэгийн захиргаа хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй хамтарч цаашид тохижилт хийх талаар ярилцсан. Учир нь цэцэрлэгийн засварыг гүйцэтгэгч компани засвар, тохижилтыг дутуу гүйцэтгэж бидэнд хүлээлгэж өгсөн. Миний зүгээс хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс мөнгө шаардаж авч байгаагүй. Харин  2017-2018 оны хичээлийн жилийн хавар хүүхдүүдийн эцэг, эхчүүд өөрсдийн санаачилгаар мөнгө хуримтлуулж цэцэрлэгийн засварыг хийлгэсэн. Би цэцэрлэг хөгжүүлэх сангийн данс нээж, тухайн мөнгийг байршуулахгүйгээр эцэг, эхчүүдийн хураалгаж байсан мөнгийг өөрийн дансанд байршуулж байсан нь миний буруу. Тухайн асуудлаар цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд гомдол, хүсэлтээ цэцэрлэгийн захиргаанд гаргаж байгаагүй. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд Т.О-, Я.А- нарын шахалтаар мэдүүлэг өгсөн гэдгээ цэцэрлэгийн захиргаанд гаргасан өргөдөлд тайлбарласан байсан. Тиймээс намайг зохиомол гэмт хэрэгт гүтгэж байна. Учир нь манай ажлын газрын ажилчид бүгд нэг утгатай, өгүүлбэр, үг, үсэг нь зөрөөгүй мэдүүлэг гаргасан байна гэв.

Шүүгдэгч О.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр найз П.А- над руу залгаад “Нисэхийн ...т цагаан хэрэглэл угаагчийн ажилд орох уу” гэсэн саналыг тавихад нь зөвшөөрсөн. Би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр найз П.А-гийн зөвлөснөөр Нисэхийн ...ийн эрхлэгч Б.С-тэй гар утсаар ярихад “манайх угаагч авчихсан” гэж хэлсэн. Маргааш өглөө нь 08 цаг 30 минутын үед П.А- дахин над руу залгаад “Цэцэрлэгийн эрхлэгчтэй нь ярилцсан, тухайн цэцэрлэгийн эрхлэгч угаагч аваагүй байна. Хэрэв чи ажилд орохыг хүсэж байвал 1.000.000 төгрөгийг Б.С-т өгөх хэрэгтэй юм байна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгч рүүгээ залгаад “ажилд ороход мөнгө хэрэгтэй байна, та мөнгө зээлэх үү” гэж асуухад “одоогоор мөнгө байхгүй байна. Гэхдээ эгч нь тусална. Мөнгийг нь одоо өгөхгүйгээр ажилд орсны дараа төлж болох талаар асуу” гэж хэлэхээр нь би П.А- рүү залгаад “ажиллаж байх хугацаанд Б.С-т ажилд оруулсны мөнгийг хэсэгчилж төлөх боломжтой юу” гэж хэлсэн. Удалгүй П.А- надад “цэцэрлэгийн эрхлэгч Б.С- чамтай уулзахыг хүсэж байна” гэхээр нь маргааш өдөр нь П.А- бид хоёр хамт Б.С-тэй уулзсан. Тэгээд би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ...ийн цагаан хэрэглэл угаагчийн ажлыг хүлээн авч ажиллаж эхэлсэн. Шүүгдэгч Б.С- намайг ажилд орсон анхны өдрөөс эхэлж намайг хэнтэй найзлах, түүний нүд, чих нь болж ажиллахыг шаардаж байсан. Харин надтай мөнгөний талаар ярьж байгаагүй. Шүүгдэгч Б.С- нь П.Б- болон П.А- нараар дамжуулж ажилд оруулсны мөнгийг надаас нэхдэг байсан. Тиймээс би эгчийн дансаар П.Б-ийн данс руу шүүгдэгч Б.С-ийн нэхэмжилсэн 800.000 төгрөгийг “ажилд орсны хандив” гэсэн утгатай мөнгө шилжүүлсэн. Шүүгдэгч Б.С- намайг ажилд орсон цагаас хойш өрөөндөө дуудаж “хэн намайг муулж байна” гэж байнга асуудаг байсан. Мөн намайг нимгэн боловсролтой гэж загнадаг байсан ба цэцэрлэгийн ажилчдыг дарамталдаг байсан. Тиймээс би шүүгдэгч Б.С-ийн учруулсан дарамт, зүй бус харьцааг тэсвэрлэж чадаагүй тул Авилгатай тэмцэх газарт хандаж өөрийнхөө болон түүний гэм буруутай үйлдлийг илчилсэн өргөдөл гаргасан гэв.

Гэрч П.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би түрээсийн байранд амьдардаг бөгөөд түрээсээ төлөхийн тулд хадам ааваасаа мөнгө зээлсэн байсан. Гэтэл удалгүй хадам аав “зээлүүлсэн мөнгөө авъя” гэхээр нь мөнгийг нь буцааж өгөхийн тулд П.А- эгчээс мөнгө асуусан. Би Авилгатай тэмцэх газарт очиж өөрийн дансны хуулгыг шалгуулахад “ажилд орсны төлбөр” гэсэн утгатай мөнгөн шилжүүлэг байсан. Тухайн 800.000 төгрөгийг мөнгө орсны маргааш нь хадам аавдаа өгсөн. Би П.А- эгчид “Нисэхэд ойрхон гэртэй, цэцэрлэгт угаагчаар ажиллах сонирхолтой хүн байна уу, хэрэв тийм хүн байгаа бол манай нагац эгчийн ...т ажиллах хүн хэрэгтэй байна” гэж хэлж байсан. Би П.А- эгчээс мөнгө асуухад “хүнээс асууя” гэж хэлсэн. Шүүгдэгч О.Э- нь “ажилд оруулж өгсөнд баярлалаа, түүнийг шагнана” гэж П.А- эгчид хэлж байсан гэсэн.

 

Эрүүгийн 1802000760140 дугаартай хэргээс:

 

Гэрч Т.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2008 оноос 2016 оны хооронд Хан-Уул дүүргийн ...ийн багшаар ажиллаж байгаад Дүүргийн боловсролын хэлтсээс цэцэрлэгийн арга зүйч нарын сонгон шалгаруулалтанд хамрагдаж шалгалт өгч тэнцэн, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Дүүргийн боловсролын хэлтсийн дарга С.Э-ийн тушаалаар одоогийн Хан-Уул дүүргийн ...ийн арга зүйчээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ажлын байрны тодорхойлолтонд заагдсанаар цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаагаар хангах, багш нарын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах, бага боловсролыг олгоход анхаарч ажилладаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байтал цэцэрлэгийн эрхлэгч Б.С- бичиг баримт тэвэрчихсэн манай өрөөнд орж ирээд надад уурласан. Уурласан шалтгаан нь ахлах тогооч Б-тэй муудалцсан бөгөөд Б- нь “дээд шатны боловсролын байгууллагуудаар Б.С-ийг шалгуулна” гээд явж байна гэсэн. Тэр өдрийн өмнөх өдөр нь би өөрийн хүүхдээ эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байсан тул 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бүтэн өдрийн чөлөө авсан юм. Намайг Шар хадны эмнэлэг дээр байхад Б.С- залгаад “хаана байна” гэхээр нь “Шар хаданд байна” гэхэд утсаа тасалсан. Тэгээд намайг “ахлах тогооч Б-тэй нийлээд гадуур хүний мууг үзэх гээд урдуур хойгуур гүйгээд байна” гэж уурлаад ширээн дээр байсан бичиг цаас, тэмдэглэлийн дэвтэр, бал, хавтас зэргийг авч шидсэн. Би уурлаад “яаж байгаа юм” гэхэд “чамайг ер нь яасан ч яадаг юм” гээд гараараа 1-2 удаа цохихоор нь “би явлаа” гээд түлхүүрээ авах гэтэл өгөхгүй байсан. Тэгээд намайг түлхээд хөөж гаргахаар нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Миний мэдэж байгаагаар манай цэцэрлэгийн ахлах Б бүлгийн багш Я.А- хэлэхдээ С-ийг шинээр орсон ангийнх нь хүүхдээс 300.000-500.000 төгрөгийн хахууль авч оруулсан гэсэн. Багийн A бүлгийн багш С.О- нь надад хэлэхдээ өөрийнх нь бүлгийн хүүхдээс мөн адил 2017 оны 9 дүгээр сард 500.000 орчим төгрөг авч хамруулсан гэсэн. Хахууль өгсөн, авсан талаар эдгээр хүмүүс тодорхой сайн ярина. 2017 оны 9 дүгээр сарын үед Б.С- нь багш нарын хурал дээр “бид нарыг сэтгэлгүй, цэцэрлэгтээ юу ч хийдэггүй, өөрсдөөсөө мөнгө гаргаж цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийсэнгүй” гэж дарамтлаад байсан болохоор нэг хүнээс 50.000 төгрөг хураан авч “өөрсдөө эд зүйл аваад яахав, ямар сэтгэлд нь хүрэх юм биш” гээд эрхлэгчид өгөхөөр тогтсон. Тэгээд миний бие эрхлэгчид танилцуулахад “2017 оны 9 дүгээр сарын сүүлийн цалингаас хүн бүрээс мөнгө хурааж надад өг” гэж хэлснийх нь дагуу 2017 оны 10 дугаар сард хүмүүсээсээ 1.750.000 төгрөгийг хурааж Б.С-т өгсөн. Тэр мөнгөөр Б.С- нь цэцэрлэгт юу хийсэн талаар тайлан тавиагүй, хувьдаа авч үрсэн байх магадлалтай. Надад мөнгө хураасан баримт болон холбогдох баримтууд нь байгаа.

2017 оны 11, 12 дугаар сарын үед хагас сайн өдөр цэцэрлэгийн хүүхдийн хоолны материалаар тогооч Б-, М-, Ц- нараар хуушуур хийлгэж гэр рүүгээ зөөлгөсөн. Өөр ямар байдлаар хүүхдийн хоолны материалаас зөөсөн байж магадгүй талаар Б- тогооч хэлэх байх, холбогдох баримт нотолгоо бол байхгүй байна. Өөрийн төрсөн дүү Б-гийн М-ийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр манаачаар ажилд авсан байдаг. Энэ хүн нь өнөөдрийг хүртэл ажиллаж, төсвөөс цалин авч байгаа нь төрийн албыг төрлийн алба болгож байна. Холбогдох тушаал баримтууд нь байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 21-22-р хуудас/,

 

Гэрч Т.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дэлгүүрээс “зар мэдээ” сонин худалдаж аваад ажлын зар харж байхад “Төрийн албанд тогооч авна” гэсэн зар байсан. Би холбогдох утас руу нь залгахад “хүрч ирээд уулзана уу” гээд Хан-Уул дүүргийн ... гэсэн хаягийг өгсөн. Өгсөн хаягийн дагуу очиход Хан-Уул дүүргийн ...ийн эрхлэгч С-тэй уулзахад тэрээр надаас ажлын талаар хэдэн асуулт асуугаад “марааш ажилдаа ороорой” гэж хэлсэн. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус цэцэрлэгт ахлах тогоочоор томилогдон ажилд орсон. Ажилд орсноос хойш 1 сарын дараа төрийн албан хаагчийн анкет, хөдөлмөрийн гэрээ зэргийг байгуулж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би гал тогоонд туслах тогооч Ц-, сав угаагч М- нарын хамт ажилладаг. Сав угаагч М- нь ажлын цаг тарсны дараа “цэвэрлэгээ хийнэ” гэх нэрийдлээр үлддэг. Ажлаас тарж явахдаа хүүхдийн хоолны илүү гарсан үлдэгдэл мах, сүү, ургамлын тос зэрэг өргөн хэрэгцээний бараа хүнснээс хулгай хийж яваад байдаг. Мөн нярав Б- нь гал тогоонд дуртай үедээ орж ирж хүүхдийн тараг сүүнээс дураараа ууж хэрэглэдэг. Дээрх асуудлыг би цэцэрлэгийн эрхлэгч С-т хэлээд гал тогооны ажилчидтайгаа хамт эрхлэгч С-тэй хурал хийсэн. Хурал хийгээд С- нь “ахиж ийм асуудал гаргахгүй шүү” гэх зэргээр анхааруулж зөвлөмж өгсөн. 2017 оны 10 дугаар сарын 17-ны үед цэцэрлэгийн эцэг, эхчүүдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Эрхлэгч С- нь тэмцээний үеэр хүүхдийн хоолны материалаас 400 ширхэг хуушуур хийлгэж тэмцээнд өгөх нэрийдлээр авсан. Тэр хуушуурнаас 20 орчим ширхэгийг С- нь “аваад ир” гэж хэлүүлж аваад гарсан. Маргааш өдөр нь С- намайг өрөөндөө дуудаад “чи яагаад хэл ам хийгээд хуушуур авч явсан гэж ярьсан юм бэ? хэний буянд ажилтай болж орлоготой явж байгаа билээ, хов ярьж явдаг юу вэ, миний нэр төр, албан тушаалыг гутааж хов ярьсан байна” гэж гүтгэсэн. Энэ өдрөөс хойш С- бид хоёр таарамжгүй харилцаатай болон намайг хясаж дарамтлаж эрүүл саруул, эрх чөлөөтэй ажиллаж хөдөлмөрлөх боломжгүй болсон тул Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. ...50.000 төгрөгийг намайг ажилд орсон хойно манай цэцэрлэгийн бүх багш, ажилчдаас “цэцэрлэгт юм худалдаж авах” нэрийдлээр хурааж авсан мөнгө юм. Бүх хүмүүсээс албадлагын шинжтэй хурааж аваад юу хийсэн нь тодорхойгүй, зарцуулалтын тайланг тавиагүй. Түүнээс биш “ажилд орлоо, 50.000 төгрөг өг” гэсэн зүйл биш юм. С- нь дарамтладаг тайван ажиллаж хөдөлмөрлөх боломжгүй болсон болохоор 100.000 төгрөгийг өөрийн төрсөн хүүхэд Г.Өсөхбаярын Хаан банкны 5023057625 гэсэн дугаартай данснаас 2017 оны 10 дугаар сарын 18-ны үеэр авч, цагаан дугтуйнд хийж С-ийн өрөөнд нь хоёулаа байхдаа өөрт нь өгсөн. Надад бол ямар нэгэн санаа оноо байхгүй, бие муутай болохоор тайван ажиллах боломжоор хангаж өгөхийн тулд дээрх мөнгийг өгсөн. Манай цэцэрлэгийн багш нарын ярьж байгаагаар цэцэрлэгт хамрагдах хүсэлтэй хүүхдүүдийн эцэг, эхээс нь 500.000 төгрөг авч хүүхдийг нь хамруулдаг гэсэн. Түүнээс бол яг хэн гэдэг хүүхдийн эцэг, эхээс мөнгө авсан талаар мэдэхгүй. Үүнийг манай цэцэрлэгийн А-, О- багш нар нь гэрчилнэ. Бид нарын мэдэж байгаагаар С- нь өөрийн төрсөн дүү Б.М-ийг харуулаар ажилд авсан байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 23-24-р хуудас/,

Гэрч С.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс Хан-Уул дүүргийн ...ийн багшийн албан тушаалд зарлагдсан сонгон шалгаруулалтанд орж тэнцэн, тус цэцэрлэгийн эрхлэгч Б.С-ийн тушаалаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хичээлийн шинэ жил эхлэх үед миний бие цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн бүртгэлийг хийсэн. Тэр үед бэлтгэл Б бүлгийн багш Т- нь надад “багийн бүлэгт хүүхэд оруулах гэсэн юм, ямар нэгэн арга байна уу” гэхээр нь “би мэдэхгүй ээ, бүртгэж авч байгаа болохоос ямар нэгэн тушаал шийдвэр гаргах эрх надад байхгүй тул эрхлэгчтэй уулзаж ярьсан нь дээр” гэж хэлсэн. Тэгээд Т- багш цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзаж ярилцсан юм шиг байгаа юм. Т- багшийн яриад байсан хүүхэд Ж-ын Ч- нэртэй 2 настай хүүхэд багийн А бүлэгт бүртгүүлээгүй мөртлөө хамрагдсан. Т- багш надад хэлэхдээ “цэцэрлэгийн эрхлэгч Б.С- миний яриад байсан хүүхдийн ар гэрээс анх 300.000 төгрөг гэж нэхсээр байгаад 500.000 төгрөг авч оруулсан байна” гэж хэлж байсан. Ж.Ч- гэх хүүхэд нь манай цэцэрлэгийн албан ёсны орон тоонд бүртгэлтэй одоо суралцаж байгаа. Тухайн хүүхдийн эцэг, эхээс хэрхэн бүртгүүлээгүй байж цэцэрлэгт хамрагдсан талаар нарийн сайн асууж тодруулаагүй, асуувал надад хэлэхгүй байх гэж бодож байна. Түүнээс бол өөр нарийн зүйл мэдэхгүй. 2017 оны 10 дугаар сард багш, ажилчдын хурлаар “цэцэрлэгийн 2 корпусыг тохижуулж янзлах хэрэгтэй байна” гээд хүн тус бүрээс 50.000 төгрөг хураалгахаар ярилцаад, бүгд хураалгаж Б.С-т өгсөн боловч Б.С- нь тухайн мөнгөөр юу хийсэн нь тодорхойгүй, тайлан тооцоо тавиагүй тул хувьдаа авсан байж болзошгүй юм. Миний санаж байгаагаар Б.М- нь намайг ажилд томилогдохоос өмнө харуулаар ажилд томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Цэцэрлэгийн эрхлэгч Б.С-ийн төрсөн дүү нь гэдэг юм байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 25-26-р хуудас/,

Гэрч Э.Т- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Миний бие тус цэцэрлэгт 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн бэлтгэл бүлгийн багшаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ажлын байрны тодорхойлолтонд заагдсанаар сургуулийн өмнөх боловсролыг олгох, Боловсролын тухай хуулинд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Манай ангид суралцдаг Ж.М-ийн төрсөн дүү Ч- гэх хүүхдийн аав Ж- нь цэцэрлэгт хүүхдээ хамруулах гэсэн боловч чадаагүй тул 300.000 төгрөг өгч хүүхдээ багийн бүлэгт орууллаа гэж ярьсан байдаг. Энэ талаар ааваас нь тодруулахад “мөнгө өгч хүүхдээ хамруулсан нь үнэн, хэлдэг газар нь байвал хэлж ярина” гэж надад хэлж байсан. 2017 оны 10 дугаар сарын эхээр цэцэрлэгийн эрхлэгч Б.С- нь багш, ажилчдын хурлаар “цэцэрлэгийн багш, ажилчид мөнгө хураалгаж цэцэрлэгийн коридорийн талбайг засаж тохижилт хийнэ” гэж 50.000 төгрөгийг бүх багш, ажилтан нараас тус цэцэрлэгийн арга зүйч Т.О-ээр хураалгаж өөртөө авсан байдаг. Үүнийхээ тайлан тооцоог өнөөдрийг хүртэл тавиагүй, хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй байна. Манай цэцэрлэгийн багш, ажилчид О.Э-ийг мөнгө өгч байж томилогдсон талаар ерөнхийдөө мэддэг, өөрөө ч үүнийгээ хэлдэг. Мөн О.Э- нь цэцэрлэгийн эрхлэгчтэй таарамжгүй харилцаатай, тайван ажиллаж хөдөлмөр эрхлэхэд маш хүнд, цэцэрлэгийн удирдлагаас дарамт шахалт учруулдаг талаараа ярьдаг. Энэ асуудал нь дан ганц О.Э- гэлтгүй өөрийнх нь гэх тодотголтой хүмүүсээс бусад багш, ажилтан нарт хүндрэлтэй байдаг. Э- нь анх ажилд орох үед эрхлэгч Б.С- нь “заавал мөнгө өгч байж томилогддог ш дээ” гэж мөнгө нэхэж авч ажилд авсан гэдэг. Үүнийг Э- “Авилгатай тэмцэх газарт үнэн зөвөөр хэлж мэдүүлнэ” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 27-28-р хуудас/,

Гэрч Б.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би анх 2016 оны 10 дугаар сараас эхлэн эмчийн ажилд орох хүсэлт, анкет зэргийг өгч томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ажлын байрны тодорхойлолтонд заагдсанаар цэцэрлэгийн багш, ажилчид болон хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, цэцэрлэгийн дотоод үйл ажиллагаанд оролцох, хоол хүнс, цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавих, багш, ажилчдын шинжилгээг улирал тутамд авах зэрэг чиг үүрэгтэй ажилладаг. Манай цэцэрлэгт харьяаллын бус хүүхдүүд хамрагддаг. Харьяаллын бус, цэцэрлэгийн насанд хүрээгүй хүүхдүүдийг хамруулахдаа нэг хүүхдээс 400.000 төгрөгийг авч байж хамруулдаг гэж ам дамжин ярьдаг. Баттай мэдээллийг ангийн багш нар нь хэлэх байх. 2017 оны 10 дугаар сарын эхээр цэцэрлэгийн эрхлэгч Б.С- нь багш, ажилчдын хурлаар “цэцэрлэгийн багш, ажилчид мөнгө төгрөгийг хураалгаж цэцэрлэгийн коридорийн талбайг засаж тохижилт хийнэ” гэж 50.000 төгрөгийг бүх багш, ажилтан нараас тус цэцэрлэгийн арга зүйч Т.О-ээр хураалгаж өөртөө авсан байдаг. Үүнийхээ тайлан тооцоог өнөөдрийг хүртэл тавиагүй, хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй байна. Манай цэцэрлэгийн багш, ажилчид О.Э-ийг мөнгө өгч байж томилогдсон талаар ерөнхийдөө мэддэг, өөрөө ч үүнийгээ хэлдэг бөгөөд цэцэрлэгийн эрхлэгчтэй таарамжгүй харилцаатай, тайван ажиллаж хөдөлмөр эрхлэхэд маш хүнд, цэцэрлэгийн удирдлагаас дарамт шахалт учруулдаг талаараа ярьдаг. Энэ асуудал нь дан ганц О.Э- гэлтгүй өөрийнх нь гэх тодотголтой хүмүүсээс бусад багш, ажилтан нарт хүндрэлтэй байдаг. О.Э- нь анх ажилд орох үед эрхлэгч Б.С- нь “заавал мөнгө өгч байж томилогддог ш дээ” гэж мөнгө нэхэж авч ажилд авсан гэдэг бөгөөд үүнийгээ Авилгатай тэмцэх газарт үнэн зөвөөр хэлж мэдүүлнэ гэж байсан. Б.С- нь 2017 оны 11 дүгээр сард гэж санаж байна, оройн цагаар өөрийнхөө төрсөн дүү Б.М-ийн жижүүртэй ээлжин дээр 2, 3 удаа бөөгийн зан үйл хийж, элс, давс, шороо зэргийг цацсан байдаг. Мөн өөрийнх нь гэх тодотголтой ажилчдаас бусад багш нартай дээрэнгүй, муухай харьцаж ажлын байрны дарамт үзүүлж тайван ажиллаж хөдөлмөрлөх боломж нөхцөлөөр хангадаггүй зэрэг маш олон ёс суртахууны доголдолтой, цэцэрлэгийг удирдаж авч явах чадваргүй хүн гэж үзэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 29-30-р хуудас/,

Гэрч Я.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай цэцэрлэг нь 2017 оны 11 дүгээр сард шинээр байгуулагдсан бөгөөд нээгдэх үед нь хүсэлт, анкетаа цэцэрлэгийн эрхлэгчид өгч томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ажлын байрны тодорхойлолтонд заагдсанаар сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр, хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн хүмүүжил, боловсролд анхаарч мэдлэг боловсрол олгох чиг үүрэгтэй. Цэцэрлэг шинээр байгуулагдах үед хүсэлт, анкетаа өгч ажилд орж байсан, ямар нэгэн мөнгө төгрөг, эдийн болон эдийн бус зүйл өгсөн асуудал байхгүй. Харьяаллын бус хүүхдүүд хамрагддаг талаар нарийн мэдэх зүйл байхгүй. Миний мэдэж байгаагаар манай ангийн хүүхэд Т.Д-ий ээж нь 300.000 төгрөг өгч хүүхдээ цэцэрлэгт хамруулсан гэдэг. Тухайн мөнгийг Б.С- даргад бэлнээр өрөөнд нь өгсөн. Тэрээр “танай эрхлэгч С- надаас авсан мөнгөөр ангидаа юм авсан юм уу, яасан юм бол” гэж асуусан. Мөн манай цэцэрлэгийн бага бүлгийн А-д суралцдаг И-ий ээж нь цахимаар бүртгүүлээд орж чадаагүй тул цэцэрлэгийн эрхлэгчид хүүхдээ хамруулах хүсэлт гаргахад эрхлэгч Б.С- нь “500.000 төгрөг өгвөл хүүхдийг чинь хамруулж болж байна, өгөхгүй бол оруулахгүй” гэхэд “500.000 төгрөг байхгүй 300.000 төгрөг байвал болж байна” гээд Б.С-т бэлнээр 300.000 төгрөгийг өгсөн гэдэг. Б.С- нь багш, ажилчдын хурлаар “цэцэрлэгийн багш ажилчид мөнгө хураалгаж цэцэрлэгийн коридорийн талбайг засаж тохижилт хийнэ” гэж 50.000 төгрөгийг бүх ажилтан, багш нараас тус цэцэрлэгийн арга зүйч Т.О-ээр хураалгаж өөртөө авсан байдаг. Үүнийхээ тайлан тооцоог өнөөдрийг хүртэл
тавиагүй, хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй байна. Цэцэрлэгийн эрхлэгч Б.С-ийн дүү Б.М- нь манай цэцэрлэгт харуул жижүүрээр ажилладаг. Харин сүүлийн үед харагдахгүй байгаа. Халагдсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Манай цэцэрлэгийн багш, ажилчид О.Э-ийг мөнгө өгч байж томилогдсон талаар ерөнхийдөө мэддэг, өөрөө ч үүнийгээ хэлдэг бөгөөд цэцэрлэгийн эрхлэгчтэй таарамжгүй харилцаатай, тайван ажиллаж хөдөлмөр эрхлэхэд маш хүнд, цэцэрлэгийн удирдлагаас дарамт шахалт учруулдаг талаараа ярьдаг. Энэ асуудал нь дан ганц О.Э- гэлтгүй өөрийнх нь гэх тодотголтой хүмүүсээс бусад ажилтан, багш нарт хүндрэлтэй байдаг юм. О.Э- нь “анх ажилд орох үед эрхлэгч Б.С- нь заавал мөнгө өгч байж томилогддог ш дээ” гэж мөнгө нэхэж авч ажилд авсан гэдэг бөгөөд үүнийгээ АТГ-д үнэн зөвөөр хэлж мэдүүлнэ гэж байсан. Б.С- нь 2017 оны 11 дүгээр сард оройн цагаар өөрийнхөө төрсөн дүү Б.М-ийн жижүүртэй ээлжин дээр 2, 3 удаа бөөгийн зан үйл хийж, элс, давс, шороо зэргийг цацсан байдаг. Үүнийг манай цэцэрлэгийн бүх хүмүүс гэрчилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 31-32-р хуудас/,

Гэрч Б.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Т.Д- гэх 4 настай, эмэгтэй хүүхэдтэй юм. Хүүхдээ цэцэрлэгт хамруулахаар 2017 оны 08 дугаар сард хорооны харьяаллын ... дээр очиход бүртгэлээс хоцорсон байсан тул цэцэрлэгийн эрхлэгч Б.С-тэй уулзсан. Б.С- “цэцэрлэгийн бүртгэл явагдаад дууссан, харьяаллын бус хүүхэд байна, авах боломжгүй. Цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн бүртгэлийн тоо тодорхойгүй байна, түүнийг харж байгаад өөрт чинь хэлье” гэсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа эрхлэгч Б.С-тэй дахин уулзахад “манай цэцэрлэг шинээр байгуулагдсан учраас тохижилтонд туслах боломж байна уу, энэ ажилд туславал хүүхдийг чинь цэцэрлэгт хамруулж болох юм” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд хэдэн төгрөг болох талаар асуухад “300.000 төгрөг болно” гэхээр нь “эргээд тантай уулзъя” гэж хэлсэн. Би 2017 оны 8 дугаар сарын 20-ны үед аав, ээж хоёроосоо “цэцэрлэгт хүүхдээ оруулахад 300.000 төгрөг өгөх хэрэгтэй байна” гэж хэлээд Голомт банкны дансаараа дамжуулан аваад АТМ-ээс 300.000 төгрөг аваад эрхлэгч Б.С-ийн өрөөнд бэлнээр өгч хүүхдээ ахлахын Б бүлэгт оруулсан. Би өөрийгөө хахууль өгсөн гэж бодохгүй байна. Хандив өгсөн гэж ойлгож байна. ... нь дөнгөж байгуулагдсан шинэ цэцэрлэг байсан. Манай хүүхэд журмынхаа дагуу тухайн цэцэрлэгт хамрагдах боломжтой байсан. Тэгтэл Б.С- нь “танай хорооллын зарим нь манай харьяалалд хамаарна, танайх хамаарахгүй, хүүхдийн тоо дүүрсэн, түүнчлэн шинээр байгуулагдаж байгаа болохоор хандив хэлбэрээр 300.000 төгрөгийн туслалцаа үзүүлвэл авна” гэж тулган шаардсан маягтай хэлсэн болохоор тухайн мөнгийг Б.С-т өгч хүүхдээ оруулсан. 15 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэртээр 300.000 төгрөгийг Б.С-т өгөх үед бид хоёроос өөр хүн өрөөнд нь байгаагүй. Намайг мөнгө өгч хүүхдээ цэцэрлэгт оруулсан талаар манай нөхөр, аав, ээж нар мэднэ. Өөр мэдэх хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 33-34-р хуудас/,

Гэрч Н.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2 хүү, 1 охинтой. Б.Э- нь 2 дахь хүү А.Т-тай 2013 онд гэр бүл болж дундаасаа 1 охинтой болсон. Охин нь одоо 4 настай Т.Д- гэдэг. Одоо Хан-Уул дүүргийн ...т суралцдаг. 2017 оны 8 дугаар сарын сүүлээр охин Б.Э- нь надтай утсаар яриад “яаралтай 300.000 төгрөг хэрэгтэй байна, танд мөнгө байна уу” гэхээр нь ямар учиртайг ойлгоод Голомт банкны данс руу нь мөнгө шилжүүлсэн. Би ач охин Т.Д-ийг тус цэцэрлэгт 2017 онд хамрагдсан талаар мэднэ. Харин хэрхэн хамрагдсан талаар мэдэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 36-р хуудас/,

Гэрч А.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сард О.Э- над руу залгаад “Хан-Уул дүүргийн ...т угаагчаар ажилд орох гэсэн юм, цэцэрлэгийн эрхлэгч нь 1.0 сая төгрөг өгвөл оруулна гээд байна. Анкет, хүсэлтээ өгсөн боловч ажилд авахгүй юм, та надад мөнгө зээлэх боломж байна уу, мөнгө өгч байж орохгүй бол өөр арга алга, тан руу би цэцэрлэгийн эрхлэгчийн дүүгийн дансны дугаарыг мессэжээр явуулъя” гэхээр нь ямар учиртайг ойлгоод мөнгө зээлэхээр болсон юм. Э-ээс ирсэн мессэжийг харахад Б- гэх хүний нэртэй Хаан банкны ... гэсэн дансны дугаар байсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан тул төрсөн эгч А.Ц-гийн том хүү Б.Э-гээс мөнгө зээлэхээр болж Модны хоёрт байрлах Хаан банкны ATM /бэлэн мөнгөний машин/-ээс ... гэсэн дугаарын данс руу 800.000 төгрөгийг “Э- ажилд оруулсаны төлбөр” гэсэн утгыг бичиж шилжүүлэг хийсэн. Учир нь хууль журмын дагуу ажилд орох хүсэлт, анкетаа өгөөд орж болох байтал заавал мөнгө нэхэж, өгөхгүй бол ажилд авахгүй гэж хэлсэн болохоор нь “Э-ийг ажилд оруулсны төлбөр” гэж санаатай бичиж тэмдэглээд Б- гэх хүний данс руу 800.000 төгрөгийг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 41-р хуудас/,

Гэрч Г.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Э.И- гэх 2 настай эрэгтэй хүүхэдтэй юм. 2017 оны 8 дугаар сарын сүүлээр харьяа тойргийн шинээр байгууллагдсан ...т бүртгүүлсэн. Сугалаагаар манай хүүхэд хамрагдаж чадаагүй тул цэцэрлэгийн эрхлэгч Б.С-тэй уулзаж хүүхдээ хэрхэн хамруулж болох талаар асуухад “...Манай цэцэрлэг шинээр байгуулагдсан тул цэцэрлэгийн гадна талын хашааны будаг хийх гэж байгаа юм. Энэ ажилд туславал хүүхдийг чинь цэцэрлэгт авч болох юм, 500.000 төгрөг болно” гэхээр нь “яасан их мөнгө юм бэ? надад ийм их мөнгө байхгүй” гэхэд “за тэгвэл 300.000 төгрөг өгчих” гэхээр нь 300.000 төгрөгийг Б.С-ийн өрөөнд уулзахдаа бэлнээр өгсөн. Би өөрийгөө хахууль өгсөн гэж бодохгүй байна, хандив өгсөн гэж ойлгож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 43-44-р хуудас/,

Гэрч П.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би ээж Б.С-гийн хамт “...” ХХК-ийг цайны газрын үйл ажиллагаа эрхлэх чиглэлтэйгээр Чингэлтэй дүүргийн 37-р сургуулийн цайны газрыг ажиллуулж байна. Б.С- нь манай ээж Б.С-гийн төрсөн дүү, миний нагац эгч юм. Би 1 охинтой, А.А- гэдэг. Одоо 5 настай бөгөөд Хан-Уул дүүргийн ...ийн бэлтгэл “А” ангид суралцаж байгаад төгссөн. Би Хаан банкинд ... гэсэн дугаарын данс эзэмшдэг юм. Би түрээсийн байрны төлбөрийг төлөх шаардлагатай болсон тул 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хадам ааваас мөнгө зээлсэн байсан. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хадам аав над руу яриад “мөнгөний хэрэгтэй болчихлоо, мөнгө шилжүүлээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийн эгч А-гээс “байрны түрээсийн төлбөрийг төлөх гэсэн юм, мөнгө хэрэгтэй байна” гэхэд “эргээд яръя, би нэг хүний утасны дугаарыг өгье, тийшээ залгаад дансны дугаараа өгөөрэй” гэсэн. Тэгээд надад утасны дугаар өгөхөөр нь өөрийнхөө дансны дугаарыг явуулаад 800.000 төгрөг авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 46-р хуудас/,

Гэрч Д.Ж- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 07, 08 дугаар сарын үед хүү Ж.Ч-ийг цэцэрлэгт хамруулахын тулд шинээр байгуулагдсан Хан-Уул дүүргийн ...ийн эрхлэгч Б.С-тэй манай эхнэр З.Ч- уулзахад тэрээр “цэцэрлэгийн хүүхдийн ангийн тоо дүүрсэн. Гэхдээ цэцэрлэгт оруулж болно, хандивын ангид оруулж болох юм. Харин хамруулахад 200.000 төгрөг өгөх шаардлагатай” гэж хэлсэн байсан. Тэгээд манай эхнэр Ч- надаас бэлнээр 200.000 төгрөгийг авч цэцэрлэгийн эрхлэгч Б.С-т өгч, хүүхдээ тус цэцэрлэгт хамруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 242-243-р хуудас/,

Гэрч Ц.Х- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай том хүүхэд Х-ын У- эрэгтэй, 5 настай. 2017-2018 оны хичээлийн жилд ...ийн бэлтгэл Б бүлэгт суралцаж төгссөн. Дунд охин Х-ын У- нь 4 настай, эмэгтэй. Мөн адил Хан-Уул дүүргийн ...ийн бэлтгэлийн В бүлэгт суралцдаг. Би Б.С-ийг урьд нь таньдаг байгаагүй. 2016 оны 8 дугаар сард харьяа тойргийн Хан-Уул дүүргийн ...т дээрх хоёр хүүхдийг хамруулахаар Б.С-тэй анх уулзаж байсан. Уулзах үед тэрээр “бүртгэлийн хугацаа дууссан, хүүхэд ихтэй, авах боломжгүй” гэж хэлж байсан. Тэгээд хүүхдүүдээ хэрхэн хамруулах талаар асуухад “шинээр байгуулагдсан цэцэрлэг учраас хандив, туслалцаа үзүүлвэл болно” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд Б.С-ийн дансны дугаарыг авч 2016 оны хичээлийн жилд 2 хүүхдээ тус цэцэрлэгт хамруулсан. Ингээд өөрийнхөө Хаан банкны ... гэсэн дугаарын дансаар 2016 оны 9 дүгээр сард эхний хүүхдийн мөнгө 400.000 төгрөг, хоёр дахь хүүхдийн мөнгийг 2016 оны 10  дугаар сард 400.000 төгрөгийг тус тус Б.С-ийн данс руу шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 246-р хуудас/,

Гэрч З.Ч- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манайх 2014 оноос 2018 оны 8 дугаар сарыг хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 16-р хороонд байрлах Буянт-Ухаа 1 хороололд амьдарч байхдаа том хүү Ж.М-ийг харьяа тойргийн ...т сугалаанд оролцож хамруулж, 2018 он хүртэл суралцаад төгссөн. Харин 2017 оны 8 дугаар сарын үед Ж.Ч-ийг тус цэцэрлэгт хамруулах гэсэн боловч сугалаанд оролцож чадаагүй, хоцорсон байсан. Ингээд цэцэрлэгийн эрхлэгч Б.С-тэй уулзаж хүүхдээ хэрхэн хамруулах талаар асуухад “хүүхдээ оруулж болно. Харин хамруулахын тулд анги тохижуулах ажил байгаа” гэж ярихаар нь зөвшөөрөөд тухайн үед биедээ авч явж байсан 200.000 төгрөгийг /бэлнээр/, Ж.Ч-ийн төрсний гэрчилгээтэй нь хамт Б.С-т өгөөд хүүхдээ цэцэрлэгт хамруулсан. Би хүүхдээ хандивын ангид хамруулсан гэж ойлгож байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 138-р хуудас/,

Б.Э-гийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулганд: “Э- ажилд орсоны төлбөр 800.000 төгрөг” гэсэн гүйлгээний утгатай зарлага. /хх-ийн 1-р хавтас 52-р хуудас, 2-р хавтас 37-р хуудас/,

П.Б-ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулганд: “Э- ажилд орсоны төлбөр 800.000 төгрөг” гэсэн гүйлгээний утгатай орлого. /хх-ийн 1-р хавтас 54-57-р хуудас, 2-р хавтас 38-39-р хуудас/,

Б.С-ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулганд: “Хишгээ хандив” гэсэн гүйлгээний утгатай 400.000 төгрөгийн орлого, “Цэ хандив” гэсэн гүйлгээний утгатай 400.000 төгрөгийн орлого, “Бүжээгээс” гэсэн гүйлгээний утгатай 700.000 төгрөгийн орлого. /хх-ийн 1-р хавтас 58-61-р хуудас/,

Б.С-ийн Хаан банкны ... дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 79-80-р хуудас/,

 

Хан-Уул дүүргийн ...тэй холбоотой баримтууд:

- Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/602 дугаартай “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамж /хх-ийн 1-р хавтас 63-р хуудас/,

- Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 1-р хавтас 64-р хуудас/,

- Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 1-р хавтас 65-66-р хуудас/,

- танилцуулга /хх-ийн 1-р хавтас 67-р хуудас/,

- үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл, тогтоол /хх-ийн 1-р хавтас 68-70-р хуудас/,

- цэцэрлэгийн дүрэм /хх-ийн 1-р хавтас 71-83-р хуудас/,

- Аудитаар илэрсэн асуудлын бүртгэл /хх-ийн 1-р хавтас 84-85-р хуудас/,

- ажилчдын судалгаа /хх-ийн 1-р хавтас 86-88-р хуудас/,

- Б.С-ийг цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч болон эрхлэгчээр томилох тухай Нийслэлийн Засаг даргын захирамж /хх-ийн 1-р хавтас 89, 196-198-р хуудас/,

- О.Э-ийг ажилд томилох тухай Хан-Уул дүүргийн ...ийн эрхлэгчийн тушаал /хх-ийн 1-р хавтас 94-р хуудас/,

- үндсэн хөрөнгийн тайлан /хх-ийн 1-р хавтас 95-100-р хуудас/,

- 2017-2018 оны хичээлийн жилийн хүүхдийн элсэлтийн бүртгэл /хх-ийн 1-р хавтас 101-115-р хуудас/,

- 2017-2018 оны хичээлийн жилийн статистик мэдээ /хх-ийн 1-р хавтас 116-134-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны хамран сургах тойргийн 2-5 насны хүүхдүүдийн судалгаа /хх-ийн 1-р хавтас 135-149, 160-178-р хуудас/,

- 2016-2017 оны хичээлийн жилийн хүүхдийн элсэлтийн бүртгэл /хх-ийн 1-р хавтас 150-159, 179-189-р хуудас/,

- Б.С-т сахилгын шийтгэл ногдуулах тухай Боловсролын газрын даргын тушаал /хх-ийн 1-р хавтас 199-р хуудас/,

- ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 2-р хавтас 18-21-р хуудас/,

- цэцэрлэгийн багш, ажилчдын хандив хураамж /хх-ийн 2-р хавтас 69-р хуудас/,

- Багш, ажилчдын хурлын тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 176-186-р хуудас/,

Шүүгдэгч Б.С- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Манай цэцэрлэгт 2016 оны 8 дугаар сард угаагчаар ажилд орсон О Б- нь 2017 оны 10 дугаар cap хүртэл хугацаанд ажиллаж байгаад тэрээр “төрсөн охин нь гадаад улс руу сургуульд явахаар болж зээ хүүхдээ харах болсон” гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний оронд ажилтан авах зорилгоор би том эгчийн охин П.Б-т “угаагчийн ажилд ажиллах боломжтой хүн байна уу, хүн асууж байгаарай” гэж захисан юм. Дүү П.Б- нөхрийнхөө эгч Э.А-д “манай цэцэрлэгт угаагчаар ажиллах хүн байгаа эсэх” талаар асуухад найз О.Э-ийг санал болгосон гэсэн. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын эхээр Э А- нь найз О.Э-ийн хамт над дээр ирээд “О.Э- нь танайд угаагчаар ажилд орох сонирхолтой байгаа юм, та бичиг баримтыг нь үзээд ажилд аваач” гэхээр нь О.Э-ээс ажил эрхлэлтийнх нь талаар асуусан. Тэгээд Э-т “төрийн албан хаагчийн анкет болон холбогдох бичиг баримтуудаа авч ирээрэй, ажилд авъя” гэж хэлээд явуулсан. Хэд хоногийн дараа 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр О.Э- нь холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлж ирэхээр нь угаагчийн ажилд томилох тушаал гаргаж ажилд авсан. П.Б- нь эгч А-гээс мөнгөний хэрэг гараад мөнгө асуухад А- нь О.Э-ийн утасны дугаарыг өгөөд “энэ хүнээс мөнгө аваарай” гэж ярьсан гэсэн. Тэрний дагуу О.Э-ээс 800.000 төгрөгийг авч хадам аавдаа өгсөн гэсэн. Тухайн 800.000 төгрөгнөөс миний бие ямар нэгэн байдлаар авсан зүйл байхгүй. Цэцэрлэгт элсүүлэх журмаар тэнцээгүй, шалгалтанд ороогүй Э-гийн И-, Т-гийн Д-, Х-ын У-, Х-ын У-, Ж-ын Ч- нарын эцэг, эхээс цэцэрлэгийн тохижилт засвар үйлчилгээнд хувь нэмэр оруулж хандив авч хамруулсан. Би цэцэрлэгийн тохижилт үйлчилгээнд хандив нэрээр Г.О-гийн ээжээс бэлнээр 300.000 төгрөгийг, Б.Э-ээс бэлнээр 300.000 төгрөгийг, Ц.Х-гээс дансаараа дамжуулж 800.000 төгрөгийг, З.Ч-аас 200.000 төгрөгийг тус тус авч, ангийн будагны ажилд зарцуулсан. Эдгээр эцэг, эхээс мөнгө авсан талаар надаас өөр мэдэх хүн байхгүй. Эцэг, эхчүүдээс авсан мөнгийг байгууллагын данс тооцоо, төсөв санхүүд төвлөрүүлээгүй, бэлнээр зарцуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 81-82-р хуудас/,

Шүүгдэгч О.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Найз Э.А- намайг тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа гэдгийг мэдэж байсан болохоор “Хан-Уул дүүргийн ...т угаагчаар ажилд орох уу” гэсэн санал тавьсан. Гэтэл тухайн цэцэрлэгийн эрхлэгч нь “ажилд орохын тулд 1.0 сая төгрөг өгч байж ордог шүү” гэж найз Э.А-гээр дамжуулж хэлүүлсэн байсан. Би “юу ч гэсэн эхлээд ажилдаа орьё, ажиллаж байх явцдаа 1.0 сая төгрөгийг өгье” гэж хэлүүлсэн. Тэгээд би аавын дүү А.О-аас “ажилд орох гэсэн чинь мөнгө өгөхгүй бол ажилд авахгүй гэнэ. 1.0 сая төгрөг өг гээд байна. Та надад зээлж болох уу” гэхэд “яасан хэцүү юм бэ? заавал мөнгө өгч байж ажилд авна гээд байгаа юм уу. Би 12 дугаар сарын 08, 09-нд мөнгөтэй болно, тэгэхээрээ мөнгө өгье” гэж хэлсэн. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын эхээр ...ийн эрхлэгч Б.С-тэй уулзахад “намайг маргаашнаас ажилдаа ор, өрөөгөө хүлээж ав, төрийн албан хаагчийн анкет бөглөж өгөөрэй” гэсэн. Хэлснийх нь дагуу төрийн албан хаагчийн анкет бөглөж өгөөд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тус цэцэрлэгт угаагчаар ажилд орсон. Миний бие тус цэцэрлэгийн угаагчийн ажилд өөрийн анкет, хүсэлтээ өгөөд орж болох байтал заавал мөнгө нэхэж, дүү П.Б-ээээр дамжуулж 800.000 төгрөгийг авсан. Ажилд орсны дараагаар эрхлэгч Б.С- нь намайг “чи миний гар хөл, нүд, чих болж ажиллана шүү, хэн хаана юу ярьж байна” гэж хууль бус үүрэг даалгавар өгч, тайван ажиллах нөхцөл бололцоогоор хангахгүй байнга уурлаж, загнаж хүнд суртал гаргадаг. Үүнийг манай цэцэрлэгийн ажилчид бүгд хэлнэ. Би өөрийн ашиг сонирхлын үүднээс Б.С-т мөнгө өгч ажилд томилогдье гэж гуйж хүссэн зүйл байхгүй. Түүний хэлсэн мөнгийг өгсөн нь миний буруу боловч би С-т мөнгө өгсөн үйлдэлдээ сайн дураараа өргөдөл гаргасан. Мөн үнэн зөв мэдүүлж холбогдох баримтуудыг гаргаж өгснийг минь харгалзан үзэж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 9-10-р хуудас/,

Шүүгдэгч Б.С-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 250-р хуудас/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 335 дугаартай шийтгэвэр /хх-ийн 2-р хавтас 16-17-р хуудас/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 2-р хавтас 30-35-р хуудас/, Төрийн банкны дансны хуулга /хх-ийн 2-р хавтас 41-42-р хуудас/, Хас банкны дансны хуулга /хх-ийн 2-р хавтас 44-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 51-р хуудас/, ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас 187-195-р хуудас/, дипломын хуулбарууд /хх-ийн 2-р хавтас 196-201-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 2-р хавтас 202-203-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас 204-р хуудас/,

Шүүгдэгч О.Э-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 2-р хавтас 84-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас 85-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 2-р хавтас 86-р хуудас/, жирэмсэн эмэгтэйн хяналтын дэвтрийн хуулбар /хх-ийн 2-р хавтас 238-250-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 3-р хавтас 76-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.С-, О.Э- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

           Шүүгдэгч Б.С- нь:

1. Хан-Уул дүүргийн ...ийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 тушаалаар О.Э-ийг тус цэцэрлэгийн угаагчийн ажилд томилж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан 800.000 төгрөгийн хахууль авсан,

 

          Шүүгдэгч О.Э- нь Хан-Уул дүүргийн ...т 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 тушаалаар угаагчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгч Б.С-т 800.000 төгрөгийн хахууль өгсөн болох нь:

 

           Гэрч А.О-ын “... 2017 оны 12 дугаар сард О.Э- над руу залгаад “Хан-Уул дүүргийн ...т угаагчаар ажилд орох гэсэн юм, цэцэрлэгийн эрхлэгч нь 1.000.000 төгрөг өгвөл оруулна” гээд байна. Анкет, хүсэлтээ өгсөн боловч ажилд авахгүй юм. Та надад мөнгө зээлэх боломж байна уу. Мөнгө өгч байж орохгүй бол өөр арга алга, тан руу би цэцэрлэгийн эрхлэгчийн дүүгийн дансны дугаарыг мессэжээр явуулъя” гэхээр нь ямар учиртайг ойлгоод мөнгө зээлэхээр болсон юм. О.Э-ээс ирсэн мессэжийг харахад П.Б- гэх хүний нэртэй Хаан банкны ... гэсэн дансны дугаар байсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан тул төрсөн эгч А.Ц-гийн том хүү Б.Э-гээс мөнгө зээлэхээр болж Модны хоёрт байрлах Хаан банкны ATM /бэлэн мөнгөний машин/-ээс ... гэсэн дугаарын данс руу 800.000 төгрөгийг “Э- ажилд оруулсаны төлбөр” гэсэн утгыг бичиж шилжүүлэг хийсэн. Учир нь хууль журмын дагуу ажилд орох хүсэлт анкетаа өгөөд орж болох байтал заавал мөнгө нэхэж, өгөхгүй бол ажилд авахгүй гэж хэлсэн болохоор нь “Э-ийг ажилд оруулсны төлбөр” гэж санаатай бичиж тэмдэглээд П.Б- гэх хүний данс руу 800.000 төгрөгийг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 41-р хуудас/,

Б.Э-гийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулганд: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Э- ажилд орсоны төлбөр 800.000 төгрөг” гэсэн гүйлгээний утгатай зарлага. /хх-ийн 1-р хавтас 52-р хуудас, 2-р хавтас 37-р хуудас/,

П.Б-ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулганд: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Э- ажилд орсон төлбөр 800.000 төгрөг” гэсэн гүйлгээний утгатай орлого. /хх-ийн 1-р хавтас 54-57-р хуудас, 2-р хавтас 38-39-р хуудас/,

          Шүүгдэгч О.Э-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... манай найз Э.А- намайг “Хан-Уул дүүргийн ...т угаагчаар ажилд орох уу” гэсэн санал тавьсан. Тухайн цэцэрлэгийн эрхлэгч нь “ажилд орохын тулд 1.000.000 төгрөг өгч байж ордог шүү” гэж найз П.А-гээр дамжуулж хэлүүлсэн байсан. Би “юу ч гэсэн эхлээд ажилдаа орьё, ажиллаж байх явцдаа 1.000.000 төгрөгийг өгье” гэж хэлүүлсэн. Тэгээд би аавын дүүгээс “ажилд орох гэсэн чинь мөнгө өгөхгүй бол ажилд авахгүй гэнэ. 1.000.000 төгрөг өг гээд байна. Та надад зээлж болох уу” гэхээр нь “яасан хэцүү юм бэ? заавал мөнгө өгч байж ажилд авна гээд байгаа юм уу. Би 12 дугаар сарын 08, 09-нд мөнгөтэй болно. Тэгэхээрээ мөнгө өгье” гэж хэлсэн. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын эхээр ...ийн эрхлэгч Б.С-тэй уулзахад “намайг маргаашнаас ажилдаа ор, өрөөгөө хүлээж ав, төрийн албан хаагчийн анкет бөглөж өгөөрэй” гэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тус цэцэрлэгт угаагчаар ажилд орсон. Ажилд орсны дараагаар эрхлэгч Б.С- нь намайг “чи миний гар хөл, нүд, чих болж ажиллана шүү, хэн хаана юу ярьж байна” гэж хууль бус үүрэг даалгавар өгч, тайван ажиллах нөхцөл бололцоогоор хангахгүй байнга уурлаж, загнаж хүнд суртал гаргадаг. Найз П.А-гээр дамжуулж нөгөө мөнгөө өг гэж хэлсэн тул би эгчид хэлж 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дүү Б-ийн данс руу нь 800.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг,

Гэрч П.Б-ийн “...Б.С- нь манай ээж Б.С-гийн төрсөн дүү, миний нагац эгч юм. Би Хаан банкинд ... гэсэн дугаарын данс эзэмшдэг юм. ... 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хадам аав над руу яриад “мөнгөний хэрэгтэй болчихлоо, мөнгө шилжүүлээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийн эгч А-гээс “байрны түрээсийн төлбөрийг төлөх гэсэн юм, мөнгө хэрэгтэй байна” гэхэд “эргээд яръя, би нэг хүний утасны дугаарыг өгье, тийшээ залгаад дансны дугаараа өгөөрэй” гэсэн. Тэгээд надад утасны дугаар өгөхөөр нь өөрийнхөө дансны дугаарыг явуулаад 800.000 төгрөг авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 46-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

           

         2. Шүүгдэгч Б.С- нь Хан-Уул дүүргийн ...т 2017 оноос 2018 оны хичээлийн жилийн элсэлтэнд хамрагдаагүй Э-гийн И-, Т-гийн Д-, Ж-ын Ч- нарыг 2017 оны 08 дугаар сард цэцэрлэгт хамруулж, албан үүргээ хэрэгжүүлсний хариуд Э.И-ий эх Г.О-гээс 300.000 төгрөг, Т.Д-ий эх Б.Э-ээс 300.000 төгрөг, Ж.Ч-ий эх З.Ч-аас 200.000 төгрөгийг бэлнээр авсан, мөн Х-ын У-, Х-ын У- нарыг тус цэцэрлэгт элсүүлж, албан үүргээ хэрэгжүүлсний хариуд тэдний эх Ц.Х-гээс 2016 оны 09, 10 дугаар сард нийт 800.000 төгрөгийг хандив нэрээр өөрийн дансаар авч хахууль авсан болох нь:

 

Гэрч Г.О-гийн “... Би Э.И- гэх 2 настай эрэгтэй хүүхэдтэй юм. 2017 оны 8 дугаар сарын сүүлээр харьяа тойргийн шинээр байгуулагдсан ...т бүртгүүлсэн. Сугалаагаар манай хүүхэд хамрагдаж чадаагүй тул цэцэрлэгийн эрхлэгч Б.С-тэй уулзаж хүүхдээ хэрхэн хамруулж болох талаар асуухад “...Манай цэцэрлэг шинээр байгуулагдсан тул цэцэрлэгийн гадна талын хашааны будаг хийх гэж байгаа юм. Энэ ажилд туславал хүүхдийг чинь цэцэрлэгт авч болох юм, 500.000 төгрөг болно” гэхээр нь “яасан их мөнгө юм бэ? надад ийм их мөнгө байхгүй” гэхэд “за тэгвэл 300.000 төгрөг өгчих” гэхээр нь 300.000 төгрөгийг Б.С-ийн өрөөнд уулзахдаа бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 43-44-р хуудас/,

          Гэрч Б.Э-ийн “... Би Т.Д- гэх 4 настай, эмэгтэй хүүхэдтэй юм. Хүүхдээ цэцэрлэгт хамруулахаар 2017 оны 08 дугаар сард хорооны харьяаллын ... дээр очиход бүртгэлээс хоцорсон байсан тул цэцэрлэгийн эрхлэгч Б.С-тэй уулзсан. Б.С- “цэцэрлэгийн бүртгэл явагдаад дууссан, харьяаллын бус хүүхэд байна, авах боломжгүй. Цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн бүртгэлийн тоо тодорхойгүй байна, түүнийг харж байгаад өөрт чинь хэлье” гэсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа эрхлэгч Б.С-тэй дахин уулзахад “манай цэцэрлэг шинээр байгуулагдсан учраас тохижилтонд туслах боломж байна уу, энэ ажилд туславал хүүхдийг чинь цэцэрлэгт хамруулж болох юм” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд хэдэн төгрөг болох талаар асуухад “300.000 төгрөг болно” гэхээр нь “эргээд тантай уулзъя” гэж хэлсэн. Би 2017 оны 8 дугаар сарын 20-ны үед аав, ээж хоёроосоо “цэцэрлэгт хүүхдээ оруулахад 300.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлээд Голомт банкны дансаараа дамжуулан аваад АТМ-ээс 300.000 төгрөг аваад эрхлэгч Б.С-ийн өрөөнд бэлнээр өгч хүүхдээ ахлахын Б бүлэгт оруулсан. Би 15 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэртээр 300.000 төгрөгийг Б.С-т өгөх үед бид хоёроос өөр хүн өрөөнд нь байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 33-34-р хуудас/,

Гэрч Н.А-гийн “... 2017 оны 8 дугаар сарын сүүлээр охин Б.Э- надтай утсаар яриад “яаралтай 300.000 төгрөг хэрэгтэй байна. Танд мөнгө байна уу” гэхээр нь Голомт банкны данс руу нь мөнгө шилжүүлсэн. Би ач охин Т.Д-ийг тус цэцэрлэгт 2017 онд хамрагдсан талаар мэднэ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 36-р хуудас/,

Гэрч Д.Ж-ын “... Би 2017 оны 07, 08 дугаар сарын үед хүү Ж.Ч-ийг цэцэрлэгт хамруулахын тулд шинээр байгуулагдсан Хан-Уул дүүргийн ...ийн эрхлэгч Б.С-тэй манай эхнэр З.Ч- уулзахад тэрээр “цэцэрлэгийн хүүхдийн ангийн тоо дүүрсэн. Гэхдээ цэцэрлэгт оруулж болно, хандивын ангид оруулж болох юм. Харин хамруулахад 200.000 төгрөг өгөх шаардлагатай” гэж хэлсэн байсан. Тэгээд манай эхнэр Ч- надаас бэлнээр 200.000 төгрөг авч цэцэрлэгийн эрхлэгч Б.С-т өгч, хүүхдээ тус цэцэрлэгт хамруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 242-243-р хуудас/,

Гэрч З.Ч-ын “...2017 оны 8 дугаар сарын үед хүү Ж.Ч-ийг цэцэрлэгт хамруулах гэсэн боловч сугалаанд оролцож чадаагүй, хоцорсон байсан. Ингээд цэцэрлэгийн эрхлэгч Б.С-тэй уулзаж хүүхдээ хэрхэн хамруулах талаар асуухад “хүүхдээ оруулж болно. Харин хамруулахын тулд анги тохижуулах ажил байгаа” гэж ярихаар нь зөвшөөрөөд тухайн үед биедээ авч явж байсан 200.000 төгрөгийг /бэлнээр/, Ж.Ч-ийн төрсний гэрчилгээтэй нь хамт Б.С-т өгөөд хүүхдээ цэцэрлэгт хамруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 138-р хуудас/,

Гэрч Ц.Х-гийн ...Манай том хүүхэд Х-ын У- эрэгтэй, 5 настай. 2017-2018 оны хичээлийн жилд ...ийн бэлтгэл Б бүлэгт суралцаж төгссөн. Дунд охин Х-ын У- нь 4 настай, эмэгтэй Хан-Уул дүүргийн ...ийн бэлтгэлийн В бүлэгт суралцдаг. 2016 оны 8 дугаар сард харьяа тойргийн Хан-Уул дүүргийн ...т дээрх хоёр хүүхдийг хамруулахаар Б.С-тэй анх уулзаж байсан. Уулзах үед тэрээр “бүртгэлийн хугацаа дууссан, хүүхэд ихтэй, авах боломжгүй” гэж хэлж байсан. Тэгээд хүүхдүүдээ хэрхэн хамруулах талаар асуухад “шинээр байгуулагдсан цэцэрлэг учраас хандив, туслалцаа үзүүлвэл болно” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд Б.С-ийн дансны дугаарыг авч 2016 оны хичээлийн жилд 2 хүүхдээ тус цэцэрлэгт хамруулсан. Ингээд өөрийнхөө Хаан банкны ... гэсэн дугаарын дансаар 2016 оны 9 дүгээр сард эхний хүүхдийн мөнгө 400.000 төгрөг, хоёр дахь хүүхдийн мөнгийг 2016 оны 10  дугаар сард 400.000 төгрөгийг тус тус Б.С-ийн данс руу шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 246-р хуудас/,

Гэрч С.О-ы “... Т- багшийн яриад байсан Ж-ын Ч- нэртэй 2 настай хүүхэд багийн А бүлэгт бүртгүүлээгүй мөртлөө хамрагдсан. Т- багш надад хэлэхдээ “цэцэрлэгийн эрхлэгч Б.С- миний яриад байсан хүүхдийн ар гэрээс анх 300.000 төгрөг гэж нэхсээр байгаад 500.000 төгрөг авч оруулсан байна” гэж хэлж байсан. Ж.Ч- гэх хүүхэд нь манай цэцэрлэгийн албан ёсны орон тоонд бүртгэлтэй ба одоо суралцаж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 25-26-р хуудас/,

Гэрч Э.Т-ын ...Манай ангид суралцдаг Ж.М-ийн төрсөн дүү Ч- гэх хүүхдийн аав Ж- нь цэцэрлэгт хүүхдээ хамруулах гэсэн боловч чадаагүй тул “300.000 төгрөг өгч хүүхдээ багийн бүлэгт орууллаа” гэж ярьсан байдаг. Энэ талаар ааваас нь тодруулахад “мөнгө өгч хүүхдээ хамруулсан нь үнэн, хэлдэг газар нь байвал хэлж ярина” гэж надад хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 27-28-р хуудас/,

Б.С-ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулганд: “Хишгээ хандив” гэсэн гүйлгээний утгатай 400.000 төгрөгийн орлого, “Цэ хандив” гэсэн гүйлгээний утгатай 400.000 төгрөгийн орлого. /хх-ийн 1-р хавтас 58-61-р хуудас/,

Б.С-ийн Хаан банкны ... дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 79-80-р хуудас/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

          Хахууль авах гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдэл хийж, цөөн тохиолдолд хууль ёсны мэт боловч хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авснаар төгсдөг бөгөөд хахууль өгөх гэмт хэргийн онцлог шинж нь өгөгч, авагч талуудын харилцан сонирхол нэгдлийн илэрхийлэл байдгаараа онцлогтой.

 

          Шүүгдэгч Б.С- нь Хан-Уул дүүргийн ...ийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр О.Э-ийг тус цэцэрлэгийн угаагчийн ажилд томилж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 800.000 төгрөгийг төрсөн эгчийн охин П.Б-ээр дамжуулан авсан, түүнчлэн эцэг, эхчүүдээс бага насны хүүхдээ цэцэрлэгт хамруулах, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх гэсэн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан “хандив” нэрийдлээр эцэг, эхчүүдээс бэлнээр болон “Хаан” банкин дахь өөрийн харилцах дансаар мөнгө авсан үйлдлүүд нь “хахууль авах” гэмт хэргийн,

         шүүгдэгч О.Э- нь тус цэцэрлэгт угаагчийн ажилд томилогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Б.С-т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 800.000 төгрөгийг түүний эгчийн охин П.Б-ээр дамжуулан өгсөн үйлдэл нь “хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.

 

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч бөгөөд шүүгдэгч Б.С- болон түүний өмгөөлөгч С.Баттөмөр нар нь “хахууль аваагүй. Эцэг, эхчүүдээс хандив авч цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулсан. Төрсөн эгчийн охин П.Б-ээр дамжуулан 800.000 төгрөг аваагүй” хэмээн хэргийн үйл баримт, гэм бурууд маргаж мэтгэлцэв. Шүүгдэгч Б.С-ээс “цэцэрлэгийн засварт зарцуулсан” гэх хэргийн 2 дугаар хавтас 153-175 дугаар талд гаргаж өгсөн зарлагын баримтууд нь санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл хангахгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж дүгнэлээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, банкин дахь Б.С-ийн харилцах дансны хуулга, П.Б-ийн дансны хуулга, Б.Э-гийн дансны хуулга зэрэг баримтуудыг үгүйсгэх үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.

          Иймд шүүгдэгч Б.С-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч О.Э-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Э- болон түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Л.Данзанноров нар нь “хахуул өгсөн” гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч, хэргийн байдал болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.С-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Э-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжээр торгох ялын дүгнэлт гаргав.

 

Авилгын гэмт хэрэг нь нийгэмд шудрага ёсыг алдагдуулах, иргэдийн оюун санааг хордуулах үр дагавартай, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгчөөс гаргасан “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

 

           Шүүхээс шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр анх удаа шүүхээр ял шийтгэгдэж байгаа, 2003 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин С.Н-, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү С.Ж- нарын хамт өрх толгойлон амьдардаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

           Шүүгдэгч О.Э-ийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Л.Данзанноров нараас О.Э- нь Авилгатай тэмцэх газарт өөрөө өргөдлөө гаргаж илчилсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн Тайлбарт зааснаар О.Э-ийг ялаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг гаргав.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн “Тайлбарт төрийн үйлчилгээ авсан хүнийг ялаас чөлөөлөхөөр” хууль тогтоогч заажээ. Шүүгдэгч О.Э-ийн хувьд Хан-Уул дүүргийн ...ийн угаагчийн ажлын байранд нээлттэй өрсөлдөх бусад этгээдийн боломжийг хязгаарлаж, тухайн ажлын байранд өөрөө томилогдох давуу байдал бий болгох зорилгоор “хахууль өгсөн”-ийг “төрийн байгууллагаас үйлчилгээ авсан” гэж үзэхгүй юм.

 

Шүүгдэгч О.Э- нь хувийн байдлын хувьд 2006 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн П.М-, 2010 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төрсөн П.А-, 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн П.Х-, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн П.Т- нарын дөрвөн хүүхэд төрүүлсэн, ажил хөдөлмөр эрхэлж, орлоготой болох зорилгоор анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон тэрээр 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Авилгатай тэмцэх газарт өргөдөл гаргаж өөрийгөө илчилж энэ гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.С- нь О.Э-ээс 800.000 төгрөг, Г.О-гээс 300.000 төгрөг, Б.Э-ээс 300.000 төгрөг, З.Ч-аас 200.000 төгрөг, Ц.Х-гээс 800.000 төгрөгийн хахууль авсныг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого нийт 2.400.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.С-т хорих ял оногдуулсан тул түүний насанд хүрээгүй хүүхдүүд болох 2003 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин С.Н-, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү С.Ж- нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.С-, О.Э- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч О.Э- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт Б-гийн С-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Бургалтай овогт О-ийн Э-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас шүүгдэгч О.Э-ийг чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

6. Шүүгдэгч Б.С-т авсан хувийн баталаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийн бага насны хүүхэд болох 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн С.Ж-, 2003 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн С.Н- нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

8. Шүүгдэгч Б.С-, О.Э- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч О.Э- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч О.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР