Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 1235

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Б.Энхбат, шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар, шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч А.Нацагдорж, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ч.Д, Б овогт Э.Ө, Боржигин овогт С.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04938 1074 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овогт Ч.Д, Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 2 дугаар гудамжны * тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Б овогт Э.Ө, Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

3. Б овогт С.А, Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 2 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял;

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 931 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Дундговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ч.Д, Э.Ө, С.А нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30 дугаар гудамж * тоотод байрлах иргэн А.Б-ын эзэмшлийн агуулахын зорилгоор ашигладаг байшингийн цонхоор нэвтэрч, цагаан өнгийн шүрэн хөөрөг, Чүнчүгноров хөөрөг, цахилгаан гар өрөм, түрдэг цахилгаан хөрөө, тархи мана хөөргөний 4 ширхэг бэлдэц, сийлбэр хийдэг машин, 50 метртэй уртасгагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1,585,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн,

Шүүгдэгч Ч.Д, Э.Ө нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30 дугаар гудамж *** тоотод байрлах иргэн А.Б-ын эзэмшлийн агуулахын зорилгоор ашигладаг байшингийн цонхоор нэвтэрч, Сонота 6 загварын тээврийн хэрэгслийн 3 ширхэг ободтой дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 160,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдэхийг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Ч.Д, Буянт овогт Э.Ө, Б овогт С.А нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30 дугаар гудамж * тоотод байрлах хохирогч А.Б-ын агуулахын зорилгоор ашигладаг байшингийн цонхоор нэвтэрч, цагаан өнгийн шүрэн хөөрөг, Чүнчүгноров хөөрөг, цахилгаан гар өрөм, түрдэг цахилгаан хөрөө, тархи мана хөөргөний 4 ширхэг бэлдэц, сийлбэр хийдэг машин, 50 метртэй уртасгагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,585,000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн шүүгдэгч Б овогт Ч.Д, Б овогт Э.Ө нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөн хохирогч А.Б-ын агуулахын зорилгоор ашигладаг дээрх байшингийн цонхоор дахин нэвтэрч, Hyundai Sonata-6 загварын тээврийн хэрэгслийн 160,000 төгрөгийн үнэлгээ бүхий гурван ширхэг ободтой дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч байгаад, хохирогч А.Б үйлдэл дээрээ баригдсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.Д, Э.Ө, С.А нарын шүүх хуралдаанд өгсөн: “....мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж өгөх мэдүүлэг байхгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч А.Б-с 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “...гэрт хулгай орсон байна...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 11 дүгээр хуудас);

3. Хэргийн газарт үзлэг хийсэн: “...цонхны дотор хүрээнээс 3 ширхэг, гадна хүрээнээс 1 ширхэг гарын мөрийг хар өнгийн сажа нунтаг ашиглаж, наалдамхай тууз ашиглаж хурааж авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 12-17 дугаар хуудас);

4. Хохирогч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 21-ны өдөр гэртээ юм хийж байгаад 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30 дугаар гудамж * тоотод байрлах агуулахын зориулалтаар ашигладаг байшиндаа ирэхэд манай хашаанд үл таних гурван залуу хашаанд байдаг Сонота-6 машины гурван ширхэг дугуйг өнхрүүлээд явж байхаар нь яваад очиход намайг хараад нөгөө гурван залуу зугтаагаад, тэгээд би араас нь хөөгөөд нэг залууг нь барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед агуулахаар ашигладаг манай байшинд байсан цагаан шүр хөөрөг, чүнчүгноров хөөрөг, цахилгаан өрөм, түрдэг хөрөө, тархи мана хөөргөний бэлдэц 4 ширхэг, сийлбэр хийдэг машин, 50 метрийн дамартай уртасгагч зэрэг эд зүйлс алга болсон байсан. Манай байшингийн цонхыг хагалж хулгайч нар орсон байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 23-25 дугаар хуудас);

5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04/209 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2, 3 гэж дугаарласан гарын мөрүүд нь Папилон санд МN004410004624 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Ч.Д-ын зүүн гарын дунд болон баруун гарын эрхий хурууны хээтэй тохирч байна. Мөн 4 гэж дугаарласан гарын мөр нь Адис-Папилон санд МИ0000210003618 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн С.А-ийн зүүн гарын алганы хээтэй тохирч байна. Харин 1 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардастай болон илрээгүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 58-65 дугаар хуудас);

6. Хулгайд алдагдсан эд зүйл болох цахилгаан өрмийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2хх-ийн 3-4 дүгээр хуудас), хулгайд алдагдсан эд зүйл болох цагаан өнгийн шүрэн хөөргийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2хх-ийн 10-12 дугаар хуудас), хураан авсан цахилгаан өрөм, шүрэн хөөргийг хохирогчид хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (2хх-ийн 16 дугаар хуудас);

7. Хулгайд алдагдсан эд зүйлс болох “Цагаан шүрэн хөөрөг, Чүнчүгноров хөөрөг, цахилгаан гар өрөм, түрдэг цахилгаан хөрөө, тархи мана хөөргөний 4 ширхэг бэлдэц, сийлбэр хийдэг машин” зэрэг эд зүйлсийг 1,535,000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 127 тоот дүгнэлт (1хх-ийн 41-44 дүгээр хуудас), хулгайд алдагдах гэж байсан эд зүйлс болох “Hyundai Sonata-6” загварын тээврийн хэрэгслийн гурван ширхэг ободтой дугуй, 50 метр дамартай уртасгагч, хагарсан вакум цонх” зэрэг эд зүйлсийг 240,000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 781 тоот дүгнэлт (1хх-ийн 71-73 дугаар хуудас);

8. Гэрч Н.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн орой 19 цагийн үед санагдаж байна, манай урд айлын залуу надад дээр ирээд ахаа надад мөнгөний хэрэг гараад байна миний өөрийн хэрэглэж байсан гар цахилгаан өрмийг авах уу гэж асуухаар нь би хэдэн төгрөгөөр өгөх юм бэ гэхэд 5,000 төгрөгөөр өгнө гэсэн. Тэгээд би хар өнгийн цахилгаан өрмийг авсан. Тухайн үед тэр залуу ганцаараа орж ирсэн хоёр найз нь гэх хар царайтай өндөр нам хоёр залуу хашаанд зогсож байсан. Би тэр залууг харвал танина. Манай урд айлын залуутай 2, 3 өдөр нийлж архи уусан хүмүүс байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 198 дугаар хуудас);

9. Гэрч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай хажуу айлын хашаан дотор хоёр хүн машины дугуй түрээд явж байсан. Би манай гэрээс хулгай хийсэн, машины дугуй түрээд явсан хүмүүсийг одоо харвал танина. Нэг залуу нь манай хажуу айлын хүн нөгөө нэг нь өдөр туранхай хар царайтай хүн байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 200 дугаар хуудас);

10. 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрч А.Г-р “гэмт хэрэг үйлдсэн этгээд”-ийг таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл (1хх-ийн 186-187 дугаар хуудас), 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрч Н.Ч-р “гэмт хэрэг үйлдсэн этгээд”-ийг таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл (1хх-ийн 188-191 дүгээр хуудас);

11. Яллагдагч Э.Ө-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 192-194 дүгээр хуудас), яллагдагч Ч.Д-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 195-196 дугаар хуудас);

12. Шүүгдэгч Ч.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 223 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 109 дүгээр хуудас), шүүгдэгч Э.Ө-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 221 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 109 дүгээр хуудас), шүүгдэгч С.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 219 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 80 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (1хх-ийн 81-107 дугаар хуудас);

13. Шүүгдэгч Э.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн үед санагдаж байна. Толгойтын эцэс дээр Д бид хоёр А /Х/-тэй таарсан. Тэгээд байж байсан чинь найз Д өөрийнхөө гар утсыг ломбардад 50,000 төгрөгөөр тавьсан. Тэгэхээр нь би Х, Д нарын хамт Толгойтын эцэс дээрээс хоол, хүнсний зүйл, 0.75 граммын “Хамаг Монгол” нэртэй архи аваад манай гэрт ирээд хоол, цай ууж байгаад би Д-т манай хажуу айл эзэнгүй гэж хэлсэн чинь Д манай гэрээс гараад явсан. Тэгээд удаагүй Д манай хажуу айлын байшингийн цонхны урд зогсож байгаад Хг дуудаад байхаар нь би хамт яваад очсон чинь Д Х-г цонхыг нь онгойлго гэж хэлсэн. Х цонхыг онгойлгож чадахгүй байхаар нь би жижиг салхивчийг нь онгойлгоод Д-ийн хамт байшин руу орсон. Би Д, А нарын хамт цахилгаан гар өрөм, цагаан хөөрөг, бор өнгийн хөөрөг зэрэг эд зүйлийг аваад бусдад зараад архи уусан. Би 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Толгойтын эцэс дээрээс Х, Д хоёроос салсан. Дараа нь би баз хүргэн Э-ны гэрт байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед Толгойтын эцэс дээр ирээд Д, Т нартай уулзаад манай гэрт очиж архи уухаар болсон. Машинаас Д, Т нар буугаад манай байшингийн зүүн талаас машины 3 ширхэг дугуй гаргаж ирээд түрээд явж байсан чинь манай хажуу айлын байшингийн залуу ирээд Д-ийг барьж аваад цагдаад дуудлага өгөөд бариулсан. Тухайн үед Д, Х нарын хамт эд зүйл авахад машины 3 ширхэг дугуй байсан. Намайг базындаа 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл байж байгаад гэртээ ирэхэд Д байшингийн цонхыг хагалаад 3 ширхэг машины дугуйг гаргаж манай байшингийн хажууд тавьсан байсан. Манай хажуу айлын цонхыг Д хагалсан. Д хажуу айлын цонхоор хараад энд архинд тавиад зарчих зүйл байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дийн хамт байшингийн жижиг цонхоор нь орсон юм. Тухайн үед Х согтуу байшингийн цонхны гадаа үлдсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 164-167 дугаар хуудас);

14. Шүүгдэгч Ч.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30 дугаар гудамжны * тоот байшин луу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр найз Ө, А нартай хамт орж эд зүйл хулгай хийсэн. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр найз Ө-тай хамт байшин дотроос нь машины 3 ширхэг ободтой дугуйг авч байгаад гэрийн эзэнд баригдсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 176-177 дугаар хуудас);

15. Шүүгдэгч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30 дугаар гудамжны * тоот байшин луу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр найз Ө, Д нартай хамт орж эд зүйл хулгай хийсэн. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр найз Ө, Д нар орж машины дугуй хулгай хийж байгаад гэрийн эзэнд баригдсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 184-185 дугаар хуудас) зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.Д, С.А, Э.Ө нарын эхний удаагийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэгт хамаарна. Харин шүүгдэгч Ч.Д, Э.Ө нарын тухайн объектод дахин халдсан үйлдэл нь төгсөөгүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмнөх хулгайлах үйлдэлтэйгээ нэгдмэл гэмт хэрэг болох тул төгссөн гэмт хэрэгт нь багтаан нэг зүйлчилж, нэг ял оногдуулах нь зөв.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйл болох цагаан шүрэн хөөрөг, Чүнчүгноров хөөрөг, цахилгаан гар өрөм, түрдэг цахилгаан хөрөө, тархи мана хөөргөний 4 ширхэг бэлдэц, сийлбэр хийдэг машин зэрэг эд зүйлсийг 1,535,000 төгрөгөөр, Hyundai Sonata-6 загварын тээврийн хэрэгслийн 3 ширхэг ободтой дугуй, 50 метр дамартай уртасгагч, хагарсан вакум цонхыг 240,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 1,775,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Ч.Д, С.А, Э.Ө нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч А.Б-ын агуулахын зорилгоор ашигладаг байшингийн цонхоор нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Шүүгдэгч Ч.Д, С.А, Э.Ө нарын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул тэднийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “бусдын тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ч.Д, С.А, Э.Ө нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэдний өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.Д, С.А, Э.Ө нарыг “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч А.Б нь алдагдсан эд зүйлсээ хүлээж авсан, иргэний нэхэмжлэгч Н.Ч-д 5,000, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 10,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ч.Д, С.А, Э.Ө нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Д, С.А, Э.Ө нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Д, Э.Ө нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч шунахайн сэдэлтээр орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүйг дурдах нь зүйтэй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Д, Э.Ө нарт 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.А-д 2 жил 6 сарын хугацаагаар тус бүр хорих ял оногдуулж, тэдэнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна. Шүүгдэгч С.А нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 55 хоног, шүүгдэгч Ч.Д нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 22 хоног цагдан хоригдсон байх тул тэдний цагдан хоригдсон хоногийг тус бүрд нь эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно. Шүүгдэгч С.А, Ч.Д-т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, харин шүүгдэгч Э.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Ч.Д-ийн өмгөөлөгч Н.Энхбаатар эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан байдаг. Шүүгдэгч Ч.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анхнаасаа өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Мөн түүний хувийн байдлын хувьд эх нь өвчтэй, бие нь муу байгаа юм. Ч.Дээс өөр эхийг нь харж хандах хүн байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Э.Ө-ын өмгөөлөгч А.Нацагдорж эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Ө нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн хийсэн хэргээ шударгаар хүлээн зөвшөөрсөн бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйл байхгүй. Тэрээр анх удаа гэмт хэрэгт холбогдож, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Хувийн байдлын хувьд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан, хөгжлийн бэршээлтэй, өрөөсөн нүд нь хараагүй бөгөөд нөгөө нүдэндээ нөлөөлж байгаа талаарх баримтуудыг шүүх хуралдаанд шинээр гаргаж, шинжлэн судалсан. Мөн Э.Ө нь “Таван толгой” түлшний компанид ажиллаж, сард 600,000 төгрөгийн цалин авдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээр ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч С.А-ийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...С.А нь шинэ Эрүүгийн хуулиар анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, талуудаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Д, Э.Ө нарт нэг жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.А-д хоёр жилийн хугацаагаар тус бүр хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй хэмээн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхийн эрх хэмжээний хүрээнд сонгон хэрэглэх хэм хэмжээ бөгөөд шүүх шүүгдэгч С.А-ийн урьд хулгайлах гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгүүлсэн хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан ял хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ч.Д, Э.Ө, С.А нар бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байх тул тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-ийн цагдан хоригдсон 22 хоног, С.А-ийн цагдан хоригдсон 55 хоногийг тус бүрд нь эдлэх ялд оруулан тооцлоо.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, шүүгдэгч Э.Өад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Ч.Д, Э.Ө, С.А нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Ч.Д, Б овогт Э.Ө, Б овогт С.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаархулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Д, Э.Ө нарт нэг жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Ад хоёр жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д, Э.Ө, С.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-ийн цагдан хоригдсон 22 (хорин хоёр), шүүгдэгч С.А-ийн цагдан хоригдсон 55 (тавин тав) хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Ө-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Ч.Д, Э.Ө, С.А нарын эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Д, Э.Ө, С.А нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.БАТАА