Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 600

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 10-нд Увс аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, писи тоглоомын газарт хамгаалагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, дүүгийн хүүхдийн  хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Нарангийн 528 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: /, Боржигон овогт Төмөрбаатарын Нямаад  холбогдох эрүүгийн 1905023100737 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Т.Нямаа  2019 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “came arena” писи тоглоомын газар хамгаалагчаар ажиллаж байхдаа Е.Багдаулетыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Нямаа шүүхийн хэлэлцүүлэгт:  Холбогдсон хэргийн талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Е.Багдаулет мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 5 дугаар сарын 21-ний шөнө 01 цаг 50 минутын үед гэрээсээ ганцаараа гараад гэрийн ойролцоо байдаг Game arina гэх нэртэй писи тоглоомын газар орсон. Тэгээд цагийн мөнгөө өгөөд тоглоод сууж байтал уг писи тоглоомын газрын хамгаалагч чиний цаг чинь өчигдөр тоглох ёстой цаг байсан байна гэж хэлээд миний сууж байсан компьютерыг унтраах гэхээр нь би тоглоомоосоо гараад өөрийнхөө авсан цагийг харуулсан чинь чиний цаг биш байна гээд миний нуруу орчим руу нэг удаа цохисон.  Тэгэхээр нь би босож ирээд яагаад байгаа пизда вэ гэсэн чинь миний нүүр рүү нөгөө хамгаалагч 2-3 удаа цохисон тэгж байтал удалгүй ойр орчим байсан үл таних хүмүүс салгасан. Тэгж байсан чинь хамгаалагчийг таньдаг бололтой нэг залуу ирээд миний тогойруу нэг удаа цохиод намайг тонгойх үед толгой руу өвдөглөсөн. Тэр үед би ширээн доогуур унасан. Тэгээд миний дээрээс хамгаалагчийг таньдаг бололтой залуу миний цээж толгой руу цохиод байсан. Тэгээд бас нөгөө хүмүүс салгахаар нь би зөрүүлээд нөгөө 2 залууг хоёр, хоёр удаа нүүр хэсэг рүү нь цохисон...хамгаалагч залуу толгой руу цохисноос болж нүд хөхөрсөн бас толгой өвдсөн. /хх-ийн 11/ гэх мэдүүлэг,

Дахин байцаалтаар “...хамгаалагчийг би нүүрэн тус газар нь баруун гараараа 2 удаа цохисон. Харин нөгөө залууг нь нэг удаа баруун гараараа цохисон. Баруун гараа би хүн цохиж байхдаа юм уу ширээ цохиж гэмтээсэн болохоор гомдол байхгүй...” /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Ахжол мөрдөн байцаалтанд: Би Баянгол дүүргийн 1 дүгээр хороо game arina PC тоглоомын газар тоглоод сууж байтал шөнө миний танил Багдаулет гаднаас орж ирээд миний хажууд сууж бид нар писи тоглож байсан. Тэгсэн чинь уг тоглоомын газрын хамгаалагч ирээд Багдаулеттай төлбөр тооцооноос болж маргалдаж эхэлсэн. Тэгээд писи тоглож байсан комьютерыг унтраана гээд байсан тэгээд маргалдаж байгаад Багдаулет пизда  минь яваач гэж хамгаалагчийг хэлэхэд хамгаалагч нь Багдаулетыг нүд рүү нь цохисон. тэгээд хоорондоо барилцаж аваад зогсож байхаар нь би хамгаалагчийг тавиулаад холдуулсан. Тэгсэн чинь бас нэг үл таних залуу Багдаулет рүү дайраад байсан. Тэгэхээр нь би хамгаалагчийг тавиад Багдаулет рүү дайраад байсан залууг салгасан. Тэр үед писи тоглоомын админ болон бас нэг үл таних хүн ирсэн. Тэгээд бид нар уг хүмүүсийг салгаад миний утсаар цагдаад дуудлага өгсөн. /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  6354 дугаартай дүгнэлт: Е.Багдаулетын биед баруун гарын алганы 5 дугаар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Баруун гарын алганы 5 дугаар ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний зовхины цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 21/ гэжээ.

 

Т. Нямаа мөрдөн байцаалтанд “Миний бие “came arena” нэртэй тоглоомын газарт хамгаалагч ажил хийдэг юм. 2019 оны 5 дугаар сарын 20-ны 02 цагийн үед би тоглоомын газартаа нэг залуу өөрөөсөө гадна 3 залуутай мөнгө өгөлгүй бид нарт мэдэгдэхгүйгээр үнэгүй суугаад байсан юм. Тэгэхээр нь манай админ хийдэг эмэгтэй очоод та нар мөнгө өгөхгүй суугаад байна мөнгөө өг өгөхгүй бол гар гэсэн чинь шаардлагыг нь биелүүлэхгүй байсан. Тэгэхээр нь би тэр залуу дээр нь очоод та нар ингэж болохгүй гэж хэлсэн чинь нэг залуу нь юу яриад байгаа юм пизда минь зайл гээд намайг хөөгөөд надтай хэрүүл үүсгээд байсан. Би тэр залуугийн толгойных нь баруун талд гараараа нэг удаа цохисон чинь тэр залуу босож ирээд надтай барицалдаад авсан. Тэгээд миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэр үед нь би ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Мөн харин тэр үед нэг улаан күртиктэй залуу намайг тэр залуучуудаас өмөөрсөн. Тухайн үед ийм л зүйл болсон. Тэр залууг нэг их айхтар зодож цохисон зүйл байхгүй. Би эхлээд нэг удаа л цохисон. Тухайн үед ийм л зүйл болсон. ...Миний зүүн талын нүдний хэсэгт хавдсан байна. Тэгээд толгой бага зэрэг өвдөөд байна. Өөр өвдөж байгаа зүйл байхгүй. Хамгийн гол нь зодоон болсон шалтгаан тэр залуучууд мөнгөө өгөхгүй үнэгүй тоглоод байхаар нь зүй ёсны шаардлага тавихад миний шаардлагыг биелүүлэхгүй намайг хэл үгээр доромжилсоноос болж зодоон болох болсон. Тэрнээс өөр ямар нэгэн шалтаг байхгүй” /хх-ийн 7/ гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Т.Нямаагийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Нямаа  2019 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Came arena”  тоглоомын газар хамгаалагчаар ажиллаж байхдаа тус газарт Е.Багдаулетыг зодож баруун нүдний зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Е.Багдаулетын“...миний нуруу орчим руу нэг удаа цохисон тэгэхээр нь би босож ирээд яагаад байгаа пиздаа бэ гэсэн чинь миний нүүр рүү нөгөө хамгаалагч 2-3 удаа цохисон...” /хх-ийн 11/, гэрч М.Ахжолын”...хамгаалагч нь Багдаулетыг нүд рүү нь цохисон...” /хх-ийн 16/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шинжээчийн  6354 дугаартай “... Баруун нүдний зовхины цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт хх-ийн 21/, Т.Нямаагийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...би тэр залуугийн толгойных нь баруун талд гараараа нэг удаа цохисон...”/хх-ийн 7/ гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.  

 

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Е.Багдаулетын биед “баруун гарын алганы 5 дугаар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Баруун гарын алганы 5 дугаар ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна”   

“Баруун нүдний зовхины цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тус тусад нь анагаахын тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэсэн байна.

 

 

Хохирогч Е.Багдаулет мөрдөн байцаалтанд “...хамгаалагчийг би нүүрэн тус газар нь баруун гараараа 2 удаа цохисон. Харин нөгөө залууг нь нэг удаа баруун гараараа цохисон. Баруун гараа би хүн цохиж байхдаа юм уу ширээ цохиж гэмтээсэн болохоор гомдол байхгүй...” /хх-ийн 15/ гэж мэдүүлсэн байгааг нь дурьдах нь зүйтэй.

 

Т.Нямааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хяналтын прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаан дээр улсын яллагчаас Т.Нямааг “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Т.Нямаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Т.Нямааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.Нямаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Нямаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Т.Нямаад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон  овогт Төмөрбаатарын Нямааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Нямаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Нямаад мэдэгдсүгэй.

 

4. Т.Нямаа цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ