| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0615/Э |
| Дугаар | 637 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 637
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч А.Т-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт А-ийн Т-т холбогдох эрүүгийн 1910000000626 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянавал:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч А.Т- нь 2019 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... гудамжинд иргэн Д.Б-ыг ... улсын дугаартай “Тоёото Приус-10” маркийн автомашиндаа унтаж байхад нь “Samsung A50” маркийн гар утсыг нь нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910000000626 дугаартай хэргээс:
Хохирогч Д.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2013 оны 10 дугаар сарын 13-наас эхлэн одоог хүртэл Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй буйдангийн үйлдвэрт ажиллаж байна. 2019 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 0200 цагт ажлаа тараад хамт ажилладаг найз охин Э-ыг Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ... гудамжинд байх гэрт нь хүргэж өгөхөөр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Приус 10” маркийн тээврийн хэрэгслээр хамт явсан. Шөнө 02 цаг 20 минутын орчимд Э-ын гэрийн гадаа ирээд бид хоёр шөнийн 0300 цаг хүртэл юм ярьж сууж байгаад зүүрмэглээд унтсан байсан. Энэ үед машины жолооч талын цонх бүтэн онгойсон, бусад талын цонх хаалттай байсан. Би шөнө 0400 цаг өнгөрч байхад сэрээд утсаа хайтал миний утас алга болсон байсан. Миний утас жолооч талын суудал дээр байсан, би өөрөө найз охинтойгоо хамт жолоочийн эсрэг талын суудал дээр тэврэлдээд унтаж байсан. Би “Samsung A50” маркийн хар өнгийн гар утсаа 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “Тэди 2” худалдааны төвөөс 840.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн гар утсанд 95022419, 80022480 гэсэн дугааруудыг хийж ашигладаг байсан. Би машинаасаа гар утсаа хайгаад олохгүй болохоор цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд явсны дараа согтуу 30 гаран насны эрэгтэй хүн /Т-/ ирээд “ахтайгаа тохиролцох уу, ганц шил архи аваад өгчих, утсыг чинь гаргаад өгье” гэж хэлэхээр нь “шагналыг чинь өгөөд утсаа авъя, гаргаад ир” гэж хэлсэн. Тэгсэн тэрээр намайг дагуулаад арын хашааны айл руу ороод “М-” гэсэн хүнийг дуудаад М-т “утас гаргаад ир” гэхэд “би аваагүй, чи юу солиороод байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу ахыг /Т-/ дагуулаад Цагдаагийн байгууллага дээр ирсэн. ...Би гар утсаа буцааж авсан тул гомдол санал, нэхэмжилэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
Гэрч А.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө дарханы ажлаа хийдэг жижиг байшиндаа байж байтал шөнө 04 цагийн орчимд үеэл Т- хар хөх өнгийн гар утас барьчихсан согтуу орж ирсэн. Тэрээр гар утсаа надад өгөөд “нуучих” гэхээр нь “юун утас юм бэ” гэхэд “гудамжинд зогсож байсан машины цонх онгорхой байхаар нь авчихлаа” гэж хэлэхээр нь өрөөний хананд өлгөөтэй ширэн арьсан зурагны ард хийсэн. Тэгээд би нойл орохдоо гудамжинд саарал өнгийн “Приус 10” маркийн автомашин зогсож байхыг харсан. Т-т “машинд нь хүн байгаа юм биш үү, яаж байгаа юм бэ” гэхэд “энэ гар утсыг өөр дээрээ байлгаж бай” гэж хэлчихээд гараад явсан. Би Т-ыг гарсны дараа арьсан зурагны араас гар утсыг авч жижиг уутанд хийгээд дарханы байрны хажуу тал, хашаа хоёрын завсарт хураалттай хивэгний дунд нь хийж нуусан. Тэгтэл удалгүй цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Шүүгдэгч А.Т- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2019 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ яг хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна, үүр цайж байхад хамаатны залуу А.М-ын гэрт орохоор гэрээсээ гарахад манай хашааны гадна “Приус” маркийн автомашин зогсож байсан. Би машин дээр очтол жолооч талын цонх хагас онгорхой, дотор нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн тэврэлдээд унтаж байсан. Харин жолооч талын суудал дээр “Samsung A50” маркийн хар өнгийн гар утас байсан. Би тухайн үед унтаж байсан хоёр хүнийг сэрээх гээд дуудсан боловч сэрэхгүй байхаар нь урд талын суудал дээр байсан гар утсыг нь авсан. Тухайн үед би согтуу байсан учраас өөрийгөө бүрэн хянаж чадахгүйгээс болоод буруу зүйл хийсэн байна. Би нэмж архи уух санаатай гар утсыг авч А.М-т өгч хадгалуулсан. Утасны эзэн утсаа хайж асуувал нэг шил архи авахуулаад утсыг нь буцааж өгье гэж бодож байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: хар өнгийн гадаргуутай 358584100379354, 358583100379356 имей кодтой, гадуураа ямар нэгэн гэр байхгүй гар утсыг А.М-аас хураан авч, Д.Б-д хүлээлгэн өгөв. /хх-ийн 5-6-р хуудас/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Samsung A50” маркийн гар утсыг 800.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 17-19-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: гэрч Т.Түмэнжаргалын мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 23-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Т-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч А.Т- нь 2019 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ... гудамжинд хохирогч Д.Б-ыг ... улсын дугаартай “Тоёото Приус-10” маркийн автомашиндаа унтаж байхад нь онгорхой байсан цонхоор “Samsung A50” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Б-ын ... Би шөнө 0400 цаг өнгөрч байхад сэрээд утсаа хайтал миний утас алга болсон байсан. ...Цагдаа нар ирээд явсны дараа согтуу 30 гаран насны эрэгтэй хүн /Т-/ ирээд “ахтайгаа тохиролцох уу, ганц шил архи аваад өгчих, утсыг чинь гаргаад өгье” гэж хэлэхээр нь “шагналыг чинь өгөөд утсаа авъя, гаргаад ир” гэж хэлсэн. Тэгсэн тэрээр намайг дагуулаад арын хашааны айл руу ороод “М-” гэсэн хүнийг дуудаад М-т “утас гаргаад ир” гэхэд “би аваагүй, чи юу солиороод байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу ахыг /Т-/ дагуулаад Цагдаагийн байгууллага дээр ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
Гэрч А.М-ын ...Шөнө 04 цагийн орчимд үеэл Т- хар хөх өнгийн гар утас барьчихсан согтуу орж ирсэн. Тэрээр гар утсаа надад өгөөд “нуучих” гэхээр нь “юун утас юм бэ” гэхэд “гудамжинд зогсож байсан машины цонх онгорхой байхаар нь авчихлаа” гэж хэлэхээр нь өрөөний хананд өлгөөтэй ширэн арьсан зурагны ард хийсэн. Тэгээд би нойл орохдоо гудамжинд саарал өнгийн “Приус 10” маркийн автомашин зогсож байхыг харсан. Т-т “машинд нь хүн байгаа юм биш үү, яаж байгаа юм бэ” гэхэд “энэ гар утсыг өөр дээрээ байлгаж бай” гэж хэлчихээд гараад явсан. Би Т-ыг гарсны дараа арьсан зурагны араас гар утсыг авч жижиг уутанд хийгээд дарханы байрны хажуу тал, хашаа хоёрын завсарт хураалттай хивэгний дунд нь хийж нуусан. Тэгтэл удалгүй цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
мөрдөн байцаалтанд А.Т- яллагдагчаар өгсөн: ...Би машин дээр очтол жолооч талын цонх хагас онгорхой, дотор нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн тэврэлдээд унтаж байсан. Харин жолооч талын суудал дээр “Samsung A50” маркийн хар өнгийн гар утас байсан. Би тухайн үед унтаж байсан хоёр хүнийг сэрээх гээд дуудсан боловч сэрэхгүй байхаар нь урд талын суудал дээр байсан гар утсыг нь авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: хар өнгийн гадаргуутай 358584100379354, 358583100379356 имей кодтой, гадуураа ямар нэгэн гэр байхгүй гар утсыг А.М-аас хураан авч, Д.Б-д хүлээлгэн өгөв. /хх-ийн 5-6-р хуудас/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Samsung A50” маркийн гар утсыг 800.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 17-19-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иргэний эд хөрөнгө эзэмших, ашиглах, өмчлөх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилжээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотловол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч А.Т-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Т-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нар нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:
Хохирогч Д.Б-ын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 800.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 17-19-р хуудас/ ба хохирогч нь “гар утсаа буцааж хүлээн авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 9-р хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 904 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон, 01 сар 14 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 03 жил 01 сар 14 хоногийн хугацаагаар тогтоох дүгнэлт гаргасан ба,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгээс миний үйлчлүүлэгч нь учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүгдэгч А.Т- нь Баянгол дүүргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 904 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа эдлээгүй байна. /хх-ийн 60-61-р хуудас/
Шүүхээс шүүгдэгч А.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид хохирлыг биет байдлаар буцаан өгч, хохиролгүй болгосон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 904 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон, 44 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 сар 14 хоногийн /долоон сар арван дөрөв хоног/ хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Т-ын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс шүүх хэргийг хэлэлцсэн энэ өдрийн байдлаар 01 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Боржигон овогт А-ийн Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ыг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Т-т Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 904 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон, 44 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 сар 14 хоногийн /долоон сар арван дөрөв хоног/ хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугара зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-т оногдуулсан 7 сар 14 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ын цагдан хоригдсон 01 /нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч А.Т- нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР