Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 5786

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, ТТК байр, 109 тоотод оршин суух, Балдан овогт Гомбо-Очирын Базарсад /РД:ЙЕ56111211/

Улсад ажилласан байдал тогтоох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Базарсад, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Базарсад шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед би эхнэрийн хамт уг нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд ихэвчлэн нэгдлийн үхэр малладаг байсан. Би Улаантуг нэгдэлд малчнаар 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн архивын тасгаас цалингийн тодорхойлолт гарч ирсэн. Иймд намайг 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Базарсад нь улсад ажилласан байдал тогтоох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Г.Базарсад нь 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өөрийн гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны 222 тоот архивын лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Мөн Г.Базарсадтай Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд хамт ажиллаж байсан гэрч Т.Нямдоржийн “Би Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул. Г.Базарсад бид нэг нутаг усны хүмүүс учир бие биенээ багаасаа мэднэ. Г.Базарсад нь эхнэрийн хамт 1979 оноос эхлэн Бүрд сумын Улаантуг нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Т.Нямдорж би Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд 1981 оны 10 дугаар сараас эхлэн Газ-53 автомашины жолоочоор ажиллах болсноор Г.Базарсадтай хамт ажилласан. Намайг ажилд ороход Г.Базарсад тус нэгдэлд эхнэрийн хамт малчнаар ажиллаж байсан ба тухайн үед нэгдлийн үхэр малладаг байсан. Тус нэгдэлд миний бие 1987 оны 12 дугаар сар хүртэл ажилласан бөгөөд намайг нэгдлээс гарах үед Г.Базарсад нь нэгдэлд ажиллаад үлдсэн. Г.Базарсад нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд 1979 оноос 1989 онд малчнаар ажиллаж байсан нь үнэн”

гэрч Ч.Хишигдалайгийн “Би Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул иргэн бөгөөд Г.Базарсадтай нэг нутаг усны хүмүүс учир нэг нэгнээ багаасаа мэднэ. Миний бие 1980 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд малчнаар ажиллах болсон бөгөөд намайг ажилд ороход Г.Базарсад тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үед Г.Базарсад нь нэгдлийн үхэр малладаг байсан. Тус нэгдэлд миний бие 1990 он хүртэл ажилласан бөгөөд Г.Базарсад нь 1989 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан.  Г.Базарсад нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд 1979 оноос 1989 оныг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан нь үнэн” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Г.Базарсадын ажиллаж байсан байдлыг тогтоож хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Иймд хүсэлт гаргагч Г.Базарсадыг 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Балдан овогт Гомбо-Очирын Базарсад /РД:ЙЕ56111211/-ыг 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Базарсадаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.КУЛЬДАНА