Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 850

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Э хөтлөн

улсын яллагч С.Ц

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч П.Болортуяа

хохирогч Ш.Т, түүний өмгөөлөгч Л.Б

гэрч Б.Ж

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905026500830 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны ..дугаар сарын ...-нд ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл 2; эхийн хамт ... аймгийн .... сум, ... баг ... дүгээр байр ... тоотод оршин суух, ялгүй, .... дугаарын регистртэй, С... овогт Б...ын Д...

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Д.... 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “СиСи” ресторанд Ш.Т....тэй маргалдан түүнийг цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Д... шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тэр өдөр бид нар телевизэд ярилцлага өгөөд гарч ирэхэд Т. ах над руу залгаад хүрээд ир гэж хэлсэн. Очиход Тө. ах согтуу байсан. Бид нар Ж...ын машинаар явсан. Т ах биднийг хүлээж аваад, очиход ширээ засаад бэлдсэн байсан. Бид нар вип өрөөнд ороогүй, гадаа задгай зааланд суусан. Т ах бидэнд 0.75 граммын архи авчирч өгсөн. Бид архи ууцгааж, хоол унд идсэн. Тухайн үед Э гэх иргэний хөдөлгөөний залуу улс төр ярьж жаахан маргаан үүсгэсэн. Тэр үед Б өмгөөлөгч ирж таараад Б, Э хоёр хоорондоо улс төр яриад маргалдсан. Би тухайн үед чимээгүй бай, боль гэж хэлэхэд хэн нь ч миний үгийг сонсоогүй. Маргалдаад байхаар нь би ширээ цохисон. Би -ыг боль гэж хэлээд, түүнийг аваад гарах гэтэл Төмөрсүх ах ирээд та нар манай ажил дээр ирээд маргалдаж болохгүй гэсэн. Би бид хоёр гарах гэж байна гэж хэлээд цаашаа түлхсэн. Т ах өөрөө миний гарыг бариад цаашаа газар унасан. Т ах бид хоёр ямар ч өс хонзонгийн асуудал байхгүй. Т ах намайг намдаа авсан. Тэгээд энэ үед Батбаяр өмгөөлөгч цагдаа дуудсан байсан.

Миний хувьд Т ахтай маргаан үүсгэх, түүний зодож цохих санаа зорилго байхгүй, харин ч хүндэлж явдаг. Гэхдээ тухайн үеийн маргаанаас болоод Төмөрсүх ах гэмтсэн гэдгийг ойлгож байна. Тийм ч учраас би Төмөрсүх ахад 1 сая төгрөг өгсөн. Энэ 1 сая төгрөгийг хохирол энэ тэр гэхээс илүүтэй монгол хүний ёс жудаг гэж хэлж болно. Би Т ахаас уучлалт гуйсан, бүр сөгдөж мөргөсөн.

Өнөөдөр шинээр нэмж нэхэмжилж байгаа 2.4 сая төгрөгийг төлөх эсэхээ би хэлж сайн мэдэхгүй байна гэв.

 

Хохирогч Ш.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Үдээс хойш 16 цагийн үед над руу Э, Ж хоёр залгаж ярихаар нь ирж хоол ид гэж хэлсэн. Би архи уугаагүй байсан, согтуу байгаагүй. Тэгээд эд нар ирсний дараагаас хоорондоо муудалцаад байхаар нь би та нар ингэж болохгүй гэж зөвлөсөн. Энэ үед өмгөөлөгч Б над руу ярихаар нь би хүрээд ир гэж хэлсэн.

Одоо бодоход энэ хэргийг зохион байгуулалттай хэрэг гэж би үзэж байна. Намайг эргэж хараад болиоч гэж хэлэхэд газар унагаад цохисон. Б өмгөөлөгч цагдаа дуудсан байсан. Э надаас уучлалт гуйхаар нь би мөрдөн байцаагчид энэ залуус надаас уучлалт гуйгаад байна гэж хэлээд аль болох зөөлөн мэдүүлэг /зөөлрүүлж мэдүүлгээ/ өгсөн. Гэтэл эд нар, энэ Д намайг нэг ч удаа эргэж ирээгүй. Би Д ийг хүн сэтгэл гаргах байх гэж бодож байсан. Эмч намайг бүтэн 2 сар хэвтрийн дэглэм барь гэж хэлсэн. Би тухайн үеийн камерийн бичлэгийг авъя гэхэд яг тэр үед нь токгүй байсан байна гэж хэлээд надад гаргаж өгөөгүй.

Би сүүлд нь Э-тай утсаар ярьтал тэр намайг “хохь чинь, хуулийн зүйл анги нь тийм л ялтай юм чинь яах юм, та насаараа доголон явна даа” гэж хэлсэн. Даваадорж их согтуу байсан. Дараа нь гомдол саналгүй гээд хэлчихээч гээд гуйгаад байсан. Гэтэл одоо юу ч болоогүй, зодоогүй юм шиг юм яриад байна. Миний биеийн байдал зөвхөн хүндэвтэр гэмтэл биш хүнд гэмтэл учирсан гэхээр байдалтай байна.

Миний хувьд Д-д огт гар хүрээгүй. Эд нарыг өөрсдөө гуйгаад байхаар нь би тийм мэдүүлэг өгсөн. Д өнөөдөр худлаа мэдүүлж байна. Хуучин ярьж байсан нь бүгд худлаа. Би өмнө нь гуйгаад байхаар нь худлаа мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгээсээ татгалзаж байна. Надад хандаж Ж, Э нар хохь чинь гэж хэлсэн. Э гэгч нөхрийг энэ хэргийн хамжигч гэж үзэж байна.

Гомдолтой байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 1.937.277 төгрөгийн баримт байгаа. Д надад 1 сая төгрөг өгсөн нь үнэн. Өнөөдөр шинээр 2.4 сая төгрөгийн баримт өгч байна, нийт 4.5 сая төгрөг нэхэмжилнэ гэв.

 

Гэрч Б.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тэр өдөр Сүхбаатарын талбай дээр махны үнийг бууруулах, хятадуудад олгосон газрын талаар бид нар машинтай жагсаал хийж, жагсаалаа дуусгаад телевизийн ярилцагад орсон. Ярилцлагад орохын өмнө Т ах утасдаад хүрээд ирээрэй, дүү нар гэж хэлсэн. Ярилцлагын дараа Т ахын ажил дээр очиход Т ах биднийг архи, хоол ундаар дайлсан. Тө ах тэгэхэд хэдэн найзууд маань ирээд явлаа, ах нь архи уусан байна, ахыгаа зөвөөр ойлгоорой, та нарын ярилцлага их зөв боллоо гэх мэт зүйл хэлж байсан. Ингээд хоол унд, архи дарс ууж идэх зуураа улс төрийн талаар ярьцгаасан. Би архи уудаггүй болохоор уугаагүй, эрүүл байсан. Гэтэл Э гэх залуу дахиад архи ууя, архи аваад ир гэхээр нь би хэрэггүй, гэр рүүгээ харь гэж хэлсэн. Ер нь би хүмүүсийг би архи уухгүй байх талаар хэлж зөвлөдөг. Энхболд архи ууя гээд байсан. Тухайн үед Батбаяр өмгөөлөгч Төмөрсүх ах руу утсаар ярихад Б өмгөөлөгчийг хүрээд ир гээд, гаднаас орж ирэх үед Э Б өмгөөлөгч рүү салаавч гаргаад байхаар нь ингэж болохгүй гэж би хэлсэн. Тэр үед Даваадорж хоолны ширээн дээр ганцаараа сууж байсан. Хоолны заалнаас гараад өөр ширээн дээр очсон байсан. Б өмгөөлөгч, Э, Т ах, бид дөрөв өөр нэг ширээн дээр суусан. Бид дөрөв сууж байхад Э салаавч өгсөн байдалтай л байсан. Би болиулах гэж хэлсэн боловч болихгүй байсан. Тэгээд байж байтал хүүхдийн жижиг суудаг ширээг Д та нар одоо боль гээд цохисон. Тэр үед Т ах жаахан ууртай босож ирээд Д муудалцсан. Э Д-ийг авч гарах гээд очих гэтэл Т ах, Д хоёр барьцалдаад авсан. Д хэн нэгэн рүү дайрсан асуудал байхгүй. Т ах, Д хоёрт өөр муудалцах шалтгаан байгаагүй. Д нь нийгмийн идэвхи сайн, хувь хүн талаасаа зөв, сайн хүн. Д Т-ийг цохиж зодсон асуудал болоогүй. Б өмгөөлөгч цагдаа дуудсан. Би эд нарыг хоорондоо эвлэрч, учраа олсон байх гэж бодож байсан гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1905026500830 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл 2019 оны 6 дугаар сарын 20-ны орой 21 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Лион” нэртэй зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах “SS hot pot” хоолны газарт Ш.Т-ийн биед “зүүн дунд чөмөгт ясны их төвгөр дайрсан сэлтэрсэн хугарал” гэсэн онош бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэгдсэн дээрх үйл баримтыг хэргийн бодит байдалтай шүүх харьцуулан дүгнэвэл:

 

Тухайн өдрийн орой хэргийн хохирогч Ш.Т түрээслэн ажиллуулдаг “SS hot pot” хоолны газарт байснаас гадна, тэрээр ажил төрлийн холбоо бүхий өөрийн танил хүмүүсийг уг хоолны газарт дуудсан, улмаар согтуурсан хүмүүсийн хооронд үл ойлголцсон маргаан үүсч, энэ маргааны явцад шүүгдэгч Б.Д-ийн үйлдлийн улмаас хохирогч Ш.Т-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирсан болох нь

хохирогч Ш Тийн “… 21 цагийн орчим миний танил Э, Ж, Э, Даваадорж нар утсаар яриад миний ажиллуулдаг Лион зочид буудлын 1 давхарт байрлах “SS hot pot” гэх газарт ирж хоол идье гэхээр нь би зөвшөөрч хоолонд орсон. Тэр хэд 100 грамм татъя гэхээр нь би 1 литрийн Соёрхол архи авч ирж вип өрөөнд оруулж задлаад уг архийг тавуулаа хувааж уусан. Ингээд хоол идээд сууж байтал Даваадорж, Энхболд хоёр бие биедээ чанга дуугараад маргалдаад эхэлсэн. Би боль боль гээд сууж байхдаа би Б руу залгаад хүрээд ир гэхэд 20 орчим минутын дараа Батбаяр ирсэн. Ингээд сууж байтал Э Б руу үг хаясан. Тэгэхэд нь би Б нааш ир гээд өөр ширээн дээр дуудаж суусан. Энэ үед Э нь Б бид хоёрын сууж байсан ширээн дээр ирээд ирж Б руу салаавч гаргасан. Тэгэхээр нь би Э боль, зүгээр бай гээд тайвшруулаад байж байтал цаана Д индукцин ширээг гараараа цохихоор нь би хөөе чи боль гэж хэлтэл эргэж хараад гараараа нүүр рүү хальт цохиод, заамдаж барьж аваад дэгээдээд би хойшоо унах үед Д дээрээс дараад над дээр унасан. Энэ үед миний зүүн талын сүүж өвдөөд ёо ёо гэж орилсон. Гэтэл Б цагдаа болон түргэн дуудсан. Энэ цаг хугацаанд би шоконд ороод зарим зүйлээ санахгүй байгаа.

Би гэмтлийн эмнэлэгт 26 хоног хэвтэн эмчлүүлж байна. 1 сар хэвтрийн дэглэм сахих хэрэгтэй гэж хэлсэн. Өнөөдрийн байдлаар 1.700.000 орчим төгрөг эмчилгээнд зарцуулсан. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. Энэ зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой тул хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй” /хх-н 13-14, 16/ гэсэн,

гэрч Г Бын “... 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт ажилтай явж байгаад орой 21 цагийн орчим Улаанбаатар хотод орж ирээд явж байтал Т ах над руу удаа дараа утсаар залгаад хоол ид гэж Баянгол дүүрэгт байрлах Лион зочид буудлын 2 давхрын түргэн хоолны Сиси нэртэй гэх хоолны газарт очсон. Ингээд очих үед уг газарт 8 хүн байсан ба миний таних Э, Жагар, Э, Даваажав, босоо хөх монголын гишүүн гэх Д гэх зүс таних хүмүүс байсан. Би орохдоо Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч А-тай хамт орсон ба тухайн үед Э агсам тавиад хүмүүс рүү салаавч гаргаад ноцолдож байгаа харагдсан. Ингээд би Аг чи явж бай, би Т-х ахтай ганц нэг үг солиод явна гэж хэлээд А гарсан.

Би Т ахад явмаар байна, энд чинь согтуу хүмүүсийн дунд сууж ажил ярина гэж байхгүй. Хоёулаа том заал руу чинь ороод хэдэн үг солиод явлаа гэж хэлсэн. Ингээд том заал руу ортол хүнгүй байсан ба Т ах бид хоёр ширээн дээр дөнгөж суутал Э гэх залуу цаанаас ална тална гээд гараад ирсэн. Ингэж байх үедээ би шоронд ормоор байна, та М Этой нэг завинд суусан байна, танд гомдож байна, алалцмаар байна, Д хөдлөөрэй гээд орилоод байсан. Тэгтэл Э-ын хатгаасаар Д нь ална гэж хэлээд, цаана байсан индукцин цахилгаан ширээг балбаад цохиод байхаар нь Т ах өөрийнх нь хоолны газар учир наанаас нь хөөе чи яаж байна, ширээ эвдчихлээ гээд яваад очтол Д би үүнийг чинь төлчихнө гэж хэлээд нүүрэн тус газар нь баруун гараараа цохиод авсан. Тэгтэл Т ах цохилтонд нь хойшоо унасан. Тэр үед Даваадорж цохисон хэвээрээ дээрээс нь давхралдаад унасан. Тэгээд би цагдаа дуудсан. Тэгсэн Энхболд нь больж больж наад ширээ чинь 120.000 төгрөгний ширээ, би төлнө, Энхболдын талын хүмүүсийг зодоорой, цохиорой, хядаарай гээд орилж байтал цагдаа нар орж ирсэн бөгөөд цагдаа нартай Энхболд, Даваадорж нар ноцолдоод байсан” /хх-н 17-19/ гэсэн,

гэрч Б-ийн Ж-ын “... Хятад улсын иргэдэд 50 га газар өгөхгүй гэж хэсэг хүмүүс талбай дээр жагсаж үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд тэр өдрийн орой нь телевизэд ярилцлага өгөөд гарч байтал 18-19 цагийн хооронд Т ах залгаж Э бид хоёр руу яриад өөрийнхөө ресторанд хүрээд ир гэж дуудсан. Тухайн үед хамт телевизийн ярилцлаганд орсон Д, Э, Э бид дөрөв Баянгол дүүрэгт байрлах Лион зочид буудлын нэг давхрын Сиси ресторанд очиж хоол идсэн. Бид нарыг очиход Т ах өөрөө өөр хүмүүстэй уулзсан гээд бага зэрэг архи уусан байсан. Бид нарт 0,5 литрийн нэг шил архи гаргаж өгсөн. Би архи уудаггүй учир уугаагүй. Т, Э, Э, Д дөрөв хувааж уусан. Дахин нэмж авсаар байгаад 5 дахь шил архиа ууж байтал Т ах Б өмгөөлөгчийг ирж байна гэтэл Э “Б салавч өгнө” гээд биетээр үзүүлээд байхаар нь би “чи яахаараа хүнд салавч өгдөг юм, архины хажууд битгий салавч өгөөд хэрүүл хийгээд хүмүүсийг өдөөд турхираад бай, одоо яв” гэтэл “чиний амаар ууж байгаа юм уу, чиний ресторанд байгаа юмуу” гээд байж байхад Б өмгөөлөгч гаднаас ороод ирсэн. Б өмгөөлөгч бас архи уудаггүй учир бид хоёр ундаа уугаад нөгөө дөрөв архи уусан.

Э Б өмгөөлөгч рүү түй май гэж гар руугаа нулимж байгаад салавч гаргатал Б өмгөөлөгч “чи хүмүүсийг битгий өдөөн хатгаад бай, зүгээр суу” гэж хэлээд Б өмгөөлөгч, Э, Т ах бид дөрөв заалны баруун талын ширээн рүү очиж суугаад юм яриад сууж байтал Э зүүн талын ширээн дээр Д-той хамт суугаад бид нар руу та нар май шүү, би би бол язгууртан хүн гээд салаавч гаргаад байсан.

Тэгтэл Д гэнэт босч ирээд ширээ цохиод сандал түлхээд яваад байсан чинь Т ах дүү нар одоо боль гээд очсон. Нэг мэдсэн Т ах, Д хоёр газар уначихсан байсан. Юу болов, яав гэтэл Т ах өөрөө босох гэж оролдоод босч чадахгүй байна гээд хэвтэж байхад нь бид нар бүгдээрээ түшиж босогсон. Б ах түргэн болон цагдаа руу залгаж дуудсан” /хх-н 20/ гэсэн,

гэрч Н Э-н “... Жа, Э, Д, Ө эгч бид нар Хятад улсын иргэдэд 50 га газар өгөхгүй гэж хэсэг хүмүүс талбай дээр жагсаж үзэл бодлоо илэрхийлсэн талаар С1 суваг телевизэд ярилцлага өгөөд гарч иртэл Т ах Э ах, Ж хоёрын утас руу залгаад бид нарыг өөрийнхөө ресторанд ирж хоол идэхийг урьсан. Өн эгч гэр рүүгээ явсан. 21 цаг 40 минутын үед бид дөрөв Жын машинаар Лион зочид буудлын нэг давхарт байрлах СиСи ресторанд очиход Төмөрсүх ах вип өрөөнд ширээ зассан байсан. Ж вип өрөөнд суухгүй зааланд сууя гээд бид нар зааланд ширээ засуулж суусан. Т ах нэвтрүүлэг үзээд сэтгэл нь их хөдөлсөн гээд 0,5 литрийн нэг шил архи задлаад уусан. 1 цаг гаруйн дараа өмгөөлөгч Б гаднаас ирсэн. Ж бид хоёр улс төрийн ярианаасаа болоод маргаж байхдаа би Б өмгөөлөгчид хандаад М-ын Э-ын завинд би суухгүй шүү гэтэл Ж намайг ийшээ явж ярилцъя гээд нэг вип өрөө рүү авч орсон. Энэ үед Д бид нарыг хоорондоо маргалаа гэж уурлаад ширээ цохиод сандал түлхэж унагаж байсан. Ж бид хоёр өөр өөрсдийн байр сууриа хамгаалаад хэсэг маргаж байгаад би явлаа гээд гараад иртэл Д юу болсон гэхээр нь би явлаа чи цуг явах юмуу гээд рестораны үүдэнд яриад зогсож байтал Т ах Д бид хоёрыг маргаж байна гэж бодсон уу ирээд дүү нар одоо боль гэтэл Д энэ таны оролцох асуудал биш, та цаанаа байж бай гээд гарнаасаа таталцаж байгаад Д, Т ахын дээрээс давхралдаад уначихсан. Д босоод бид хоёр явлаа гэж хэлээд гадаа гараад такси бариад явах гэтэл Ж гүйж гарч ирээд андуудаа байж бай эргээд ороод ир гэхээр нь буцаад гурвуулаа хамт ортол Б өмгөөлөгч цагдаа дуудаж байсан. Т ах газар хагас босоод суучихсан байсан. Удалгүй цагдаа ирээд Д бид хоёрыг эрүүлжүүлэх байр руу авч явсан” /хх-н 21/ гэсэн,

гэрч н Э-ын “ ... 1-р суваг телевизэд ярилцлага өгөөд гарч иртэл Т Ж руу залгаад хүрээд ир, хоол ид гэж байна гэхээр нь Ж, Д, Э нар 21 цаг 40 минутын үед Ж-н машинаар Лион зочид буудалд очиход Т халамцуу бид нарыг өөрөө гадаа тосч авсан. Дотогш ороход Т урьдчилаад вип өрөөнд ширээ бэлдсэн байхаар нь вип өрөөнд суухгүй, гадаа зааланд сууя гээд бид нар зааланд ширээ засуулж суугаад хоол идэж байхад Т нэг шил архи авчруулж Э сүн түшиж бид нарт хийж өгсөн. 3 дахь шил архиа задлаад ууж байтал өмгөөлөгч Б ирсэн.

Би тухайн үед нилээн согтсон байсан учир хэн нь хэнтэйгээ юу гэж маргаж байсныг сайн санахгүй байна. Э л лав Ба өмгөөлөгч рүү байна уу, хэн нэгэн рүү нь май гээд салавч гаргаад байсан. Зарим нэг болсон асуудлыг нь санахгүй байна, ямар ч байсан нэг мэдсэн Д Т-ийн дээр давхралдаад унаж байхаар нь би очоод Д-ийг босгоод юу болоод байгаан гэхэд хажууд Э зогсож байсан. Удалгүй цагдаа түргэн ирэхээр нь би Б, Т, Ж гуравт явлаа шүү гэж хэлээд замын хойд талаас такси бариад гэр рүүгээ харьсан. Маргааш нь Тө-ийг гэмтлийн эмнэлэгт байна гэдгийг мэдээд очсон” /хх-н 22/ гэсэн мэдүүлгүүдэд тусгагдсан, эдгээр мэдүүлгүүд нь шүүгдэгч Б.Д-ийн гэм буруутайг нотлох нотолгооны шаардлага хангасан баримтууд мөн гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн хохирогч Ш.Т-ийн гэмтэлтэй холбоотойгоор “Ш.Т-ийн биед зүүн дунд чөмөгт ясны их төвгөр дайрсан сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.гэсэн 7800 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 26/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл /хохирол/ санаатай учруулах гэдэг нь сэдэлийн хувьд санаатай гэм буруугийн хэлбэртэй, шууд ба шууд бус санаатай байна. Ихэвчлэн санаа нь тодорхой бус, тухайн гэмт хэргийн зорилго сэдэлт янз бүр байдаг онцлогтой.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгч хүний үйлдлийн сэдэл нь санаатай байдаг буюу “... цохьчихъё, ... зодоон хийчихье, ... түлхчихье” гэх мэтээр түүний субьектив тал санаатай гэм буруугийн хэлбэртэй байдаг боловч чухам ямар үр дүнд хүрэхийг тооцоолдоггүй.

 

Улмаар гэмт хэрэг үйлдэгч этгээдийн шууд ба шууд бус үйлдлээс хохирогчийн биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоогдсоноор уг гэмт хэргийн бүрдэл хангагдана.

 

Эрүүгийн эрх зүйн онол дахь дээрх нөхцөлүүд шүүгдэгч Б.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн бүрдэлтэй нийцэж байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Д-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Ш.Т, түүний өмгөөлөгч Л.Б нар хохирол, гэм хортой холбогдуулж нийт 4.5 сая төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хуралдааны явцад гаргасны 1.937.277 төгрөгийн нэхэмжлэлийн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа гэж тайлбарлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Д нь Ш.Т-д 1 сая төгрөгийг өгсөн, авсан гэдэг дээр талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Харин хохирогч Ш.-ийн эмчилгээ, хохиролтой холбоотой гэх хавтаст хэргийн 25 дугаар хуудас, хавтаст хэргийн 40-41 дүгээр хуусанд авагдсан “нийт 1.937.277 төгрөг” гэх баримтуудыг нягтлан шалгаж үзвэл 1.201.580 төгрөгийн баримт нотолгооны шаардлага хангаж байна.

Дээрх 1.201.580 төгрөгийн баримт дээр өнөөдрийн шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн баримтуудаас “таягны” гэх 20.000 төгрөг, “аарцаг зурагны” гэх 25.000 төгрөгийг нэмж тооцвол 1.246.580 төгрөг болж байгаагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Д-ийн өгсөн 1.000.000 төгрөгийг хасвал түүний одоогийн байдлаар хохирогч Ш.Т-д төлбөл зохих мөнгө 246.580 төгрөг болно.

 

Зарим баримтуудыг нэхэмжлэлийн шаардлага хангаагүй гэж шүүх үзэх болсон шалтгаан нь;

Хохирогч Ш.Т-ийн өнөөдрийн шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн баримтуудын зарим хэсэг нь эх хувиараа баримт байх бөгөөд эдгээр нь хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас дахь хуулбар /канон/ баримтуудын эх хувь мөн байна.

Түүнчлэн нэхэмжлэлтэй холбоотой заримт баримтууд ямар эмчийн заавраар, хэн гэдэг өвчтөн ямар эм тариа авч хэрэглэсэн гэдэг нь тодорхой бус, хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсан тухайлбал, архи худалдаж авсан баримтуудыг хохиролтой холбоотой нэхэмжлэлийн баримтууд гэж үзэх боломжгүй юм.

 

Нэхэмжилсэн мөнгөн дүнгийн зарим хэсгийг хангаж шийдвэрлээгүй буюу нотлох баримтаар үнэлэх боломжгүй байгаа энэ байдал нь хохирогч Ш.Т-г гэмт хэргийн улмаас гэмтэж хохирсон гэдгийг үгүйсгэсэн зүйл огт биш, харин хохирогчийн нэхэмжилж буй зүйл өөр байдлаар давхар нотлогдох ёстой тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирогчийн цаашид нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх хуралдааны явцад хохирогч Ш.Т-ийн өмгөөлөгч Л.Б- “... хохирогчид учирсан гэмтэл одоо хүртэл эдгэрэхгүй байгаа тул шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах, улмаар хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцаалгах, ... гэрч Жагарын мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах” тухай,

хохирогч Ш.Т- “... одоо бодоход би энэ хэргийг зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байна, ... Энхболд гэгч нөхрийг энэ хэргийн хамжигч гэж үзэж байна” гэсэн,

шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч П.Б- “... хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан, гэтэл яаж хохирол учраад байгаа юм бэ, энэ байдал ойлгомжгүй байна” гэсэн,

улсын яллагч С.Ц- “... шүүгдэгч талаас гаргасан 2 ширхэг гэрэл зураг, өмгөөлөгч Г.Б-ын нэрийн хуудсыг нотлох баримтаар үнэлэхгүй байх” тухай агуулга бүхий санал, хүсэлтүүд гаргасныг аль алийг нь хүлээж авах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

 

Хэргийн оролцогчдоос гаргаж буй дээрх санал, хүсэлтүүдийн аль аль нь энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтууд биш, хэргийг прокурорт буцаах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй.

 

Тухайлбал, гэрч Б.Ж- тухайн үед болсон үйл явдал буюу “... хохирогч Ш.Т-ийг шүүгдэгч Б.Д- нь цохиж зодоод түүнд гэмтэл учруулчихсан юм” гэдгийг гэрчлэхээс илүүтэйгээр чухам яагаад тэр хоолны газарт хүмүүс цугларах болсон, тэнд байсан хүмүүсийн хэн хэн нь ямаршуухан байр байдалтай байсныг гэрчилж мэдүүлсэн байдаг.

 

Хууль тогтоогчоос 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиийг батлахдаа хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийг “гэмтэл” гэж томъёолоогүй “хохирол” гэж томъёолсон.

Жишээ нь; Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэг буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн бүлэгт “... хүнийн эрүүл мэндэд ... хохирол учруулсан бол ...” гэж гэмт хэргийн диспозиц шинжийг тодорхойлсон.

 

Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б-ийн “... хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан, гэтэл яаж хохирол учраад байгаа юм бэ, энэ байдал ойлгомжгүй байна” гэсэн тайлбар бүхий санал нь үгүйсгэгдэнэ.

 

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Б.Д-д холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Д- цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

        ТОГТООХ нь:

 

1. С- овогт Б-ын Да-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн дахь 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Б.Д цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ш.Т гомдолтой, гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-оос 246.580 төгрөг гаргуулж хохирогч Ш.Т-д олгож,

хохирогч Ш.Т-ийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ