Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 1248

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч М.Амарзаяа, шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04361 0894 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт М.О, Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл дөрөв, эх, хоёр хүүхдийн хамт Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг, Өгөөмөр фермийн * тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд:

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2  дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих, 126 дугаар зүйлийн 126.2.6 дах хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих, нийт 12 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Төв аймгийн Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М.О нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Б-д хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж эд зүйлсийг нь дээрэмдсэний улмаас 645,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт М.О нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Б№д хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж эд зүйлсийг нь дээрэмдсэний улмаас 645,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч М.О-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.Б-ийн цагдаагийн байгууллагад гаргасан “...нийтийн байрны гадаа сууж байгаад 1 залуу, 3 хүүхэнтэй танилцаж гэрт нь очиж 1 шил архи, пиво авч уусан. Тэр хэд маргалдан залуу нь эгчийгээ цохиж зодоод байхаар нь салгах гэтэл над руу дайрч чулуу барьж цохих гэсэн. Би чулууг нь хаяулаад холдох гэтэл над руу дайрч хэд хэдэн удаа цохиж авсан. Зугтаах гэтэл футболк, паск, малгай, эрх зэргийг зулгаагаад авч үлдсэн. Би зугтаагаад ойр байсан шатахуун түгээх станц руу очиж цагдаад дуудлага өгсөн...” гэсэн гомдол (хх-ийн 11 дүгээр хуудас);

3. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...05 цагийн үед Жий бааранд найз А-н хамт ороод нэг “Соёрхол” аваад үед бүжиглэж байгаад 30 орчим насны эмэгтэйтэй танилцсан. Тэр эмэгтэйн найз гээд 1 залуу, 2 эмэгтэй байсан бөгөөд бөөнөөрөө баарнаас гарсан. Танилцсан хүмүүстэйгээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Цэргийн ангийн * тоотод байрлах нийтийн байранд очоод нэг шил “Соёрхол” архи хувааж ууж байтал О гэх тэр залуу агсам тавиад эгч гээд байсан эмэгтэйн үснээс зулгаагаад зодоод эхэлсэн. Би салгах гээд очтол намайг шууд мөргөсөн. Тэгсэн миний хамраас цус гараад тонгойсон. Хамрын цусаа тогтоогоод явах гэж байтал над руу дайраад “хоёулаа зодолдох уу, би саяхан шоронгоос гарсан, чамайг алнаа” гээд чулуу бариад хөөсөн. Тэгэхээр нь би зугтаагаад Сод Монгол шатахуун түгээх станц руу гүйж очоод түгээгчид нь “цагдаа дуудаад өгөөч” гэж гуйсан чинь дуудаж өгсөн. Тэгээд би сууж байтал над дээр ирээд цохиод байхаар нь салах гээд ноцолдоод байж байтал цагдаа нар ирж байна гээд түгээгч нар хэлсэн чинь “чамайг алнаа” гээд гүйгээд яваад өгсөн. Намайг чулуугаар цохих гэж байхад нь би өөрийгөө хамгаалаад тэр залуутай зууралдаж байхад миний үүрч явсан цүнхнээс барьсан байсан. Би зугтаах гээд хойшоо ухрахад миний өмсөж явсан футболк урагдаад бас цүнх мултраад тэр залуугийн гарт үлдсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19 дүгээр хуудас);

4. Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Жий бааранд О, О-ийн эхнэр Б, манай найз Д бид нар орж суугаад 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Д бааранд Б гэх залуутай танилцсан. Ингээд Д-ын танилцсан залуутай 5-уулаа болоод дүү О-ийн түрээслэн амьдарч байсан нийтийн байранд ирцгээгээд 3 шил 0.75 литрийн архи уусан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-31 дүгээр хуудас);

5. Гэрч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ажил үүргээ гүйцэтгээд байж байтал үүрээр нэг өндөр шаравтар царайтай нэг залуу хүрч ирээд “намайг хүн зодчихлоо, цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь би өөрийнхөө утаснаас цагдаа руу залгаад тэр залуу өөрөө цагдаа руу ярьж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34-35 дугаар хуудас);

6. “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...гар утас, малгай, эрх, футболк, цүнх нь бүгд 550,000 төгрөг...” гэсэн тайлан (хх-ийн 38 дугаар хуудас), “Мастер үнэлгээ” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний “...түрийвч, гар утасны чихэвч, цэнэглэгч, гар утас нь бүгд 95,000 төгрөг...” гэсэн тайлан (хх-ийн 42 дугаар хуудас);

7. Шүүгдэгч М.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 58 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 62 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 64-106 дугаар хуудас);

8. Шүүгдэгч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тухайн үед миний уур хүрээд Б-тай маргалдаад түүний цагаан футболкноос татсан чинь Б зугтаагаад шатахуун түгээх станц руу яваад өгсөн. Би буцаад нийтийн байрныхаа гадаа ирэхэд Б-ийн жижиг шар өнгийн цүнх, паск нь байсан. Тэр цүнхийг уудалж үзэхэд 3 ширхэг гар утас байсан. Тэгэхээр нь 3 ширхэг гар утсыг хашааны буланд чулуун доор нуучхаад байж байтал цагдаагийн алаг машинтай цагдаа нар ирээд намайг цагдаагийн байгууллага руу авч явсан. Тэр орой нь эрүүлжүүлэх байранд хоночхоод маргааш өглөө нь хэсгийн байцаагчтай уулзчихаад буцаж нийтийн байрны хашаан дотор нуусан 3 ширхэг гар утсаа очиж авсан. Тухайн 3 утасны 1 нь “iPhone” маркийн утас байсан, нөгөө 2 нь ямар утас байсныг мэдэхгүй. 3 утсаа Хархорин зах дээр аваачаад зарчихсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 136 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон санаатай үйлдэл хийгдсэнээр төгсөх бөгөөд шүүгдэгч М.О-ийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон шинжийг хангаж байх тул мөн зүйл, хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, төгссөн гэмт хэрэг байна.

Эрүүгийн эрх зүйд зарим гэмт явдал нэг гэмт хэргийн шинжээр эхэлж, өөр гэмт хэргийн шинжийг ханган төгсөх буюу нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт хүндэрч шилжих тохиолдол гардаг. Ийнхүү нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт шилжихэд эхний гэмт хэрэг төгсөөгүй байхад дараагийн гэмт хэрэг эхэлсэн байх ёстой бөгөөд төгссөн гэмт хэрэг нь эхэлсэн гэмт хэргээсээ ямагт хүндрэх шинжийг агуулсан байх учиртай.

Тухайлбал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдах гэмт хэргээр эхэлж, дээрэмдэх гэмт хэргээр төгсөх, эсхүл дээрэмдэх гэмт хэргээр эхэлж, хүнийг алах гэмт хэргээр төгсөх тохиолдолд буюу зүй тогтлыг нийлмэл гэмт хэргээр, эсхүл нэг гэмт хэрэгт нь нөгөө гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан тохиолдолд тэрхүү хүндрүүлэх шинжтэй гэмт хэргээр, эсхүл урьдчилан илэрч буй ижил шинжүүдийг нэгтгэн сүүлд төгссөн гэмт хэргийн үйлдэл, үр дагавраар зүйлчлэх зэрэг гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал хөндөгддөг.

Шүүгдэгч М.О-ийн үйлдэл нь хүний эрх чөлөөнд халдах буюу эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй эхэлсэн боловч эцэстээ хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргээр төгсжээ.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас дээрмийн эд зүйл болох гар утас, малгай, эрх, футболк, цүнхийг 550,000 төгрөгөөр, түрийвч, гар утасны чихэвч, цэнэглэгч, гар утсыг 95,000 төгрөгөөр буюу халдлагын зүйлсийг нийт 645,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 645,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч М.О-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахаар довтолсон байх тул тэднийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч М.О нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирол, хор уршгийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.О-г “дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас нийт 645,000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч М.О нь 180,000 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар түүнээс 465,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д олгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар М.О-д  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан 465,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Б-д олгуулах, шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 108 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчтой нийтийн байрны өмнө зодоон хийж, улмаар шатахуун түгээх станц дээр үргэлжилсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. Мөн шүүгдэгч хохирлын үлдэгдэл болох 465,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Тэрээр цагдан хоригдсон байсан тул уг хохирлыг нөхөн төлөх боломжгүй байсан юм. Хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлын үлдэгдлээ нөхөн төлөхөө илэрхийлсэн, бага насны хоёр хүүхэдтэй хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч М.О нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш нийт 109 (нэг зуун ес) хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд урьд авсан “цагдан хорих” таслан арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.О-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч М.О-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ийн цагдан хоригдсон нийт 109 (нэг зуун ес) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-с 465,000 (дөрвөн зуун жаран таван мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.О-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч М.О-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.О-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

                       

                        ДАРГАЛАГЧ                                          Б.БАТАА