Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 659

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Отгонжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц /томилолтоор/,

шүүгдэгч Х.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Засгийнхан овогт Х-ийн Ж-д холбогдох эрүүгийн 1910021710740 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Х.Ж- нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төвийн авто зогсоол орчим хохирогч Б.Э-ын гээгдүүлсэн “Samsung А70” маркийн гар утсыг авч завшиж бага хэмжээнээс дээш 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Х.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910021710740 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16, 20-р хуудас/,

Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Эд зүйл, бичиг баримт түр хураан авч, хүлээлгэн тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг А70” маркийн гар утыг 850.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 11-12-р хуудас/,

Шүүгдэгч Х.Ж- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...” худалдааны төв нээгдсэн тул манайх гэр бүлээрээ очсон юм. Биднийг “...” худалдааны төвийн авто зогсоолоос дотогшоо орох гээд явж байхад хүргэн ах Б- “Приус 30 маркийн автомашинаас гар утас оллоо” гэхээр нь би уг гар утсыг авсан. Тэгээд “...” худалдааны төв орчихоод гэртээ харьсан. Би тухайн гар утсыг оролдож байтал цэнэг нь дуусаад унтарчихсан. Би гар утсыг цэнэглээд кодыг нь тайлж, өөрийнхөө сим  картыг хийж ашиглаж байхдаа цагдаад баригдаад гар утсаа хураалгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч А.Ганчимэгийн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: Шүүгдэгч Х.Ж- нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төвийн авто зогсоолоос хохирогч Б.Э-ын гээгдүүлсэн 850.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung А70” маркийн гар утсыг авч завшсан болох нь:

Хохирогч Б.Э-ын ...2019 оны 9 дүгээр сарьн 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төвд 11 цагийн орчимд нөхөр, хүүхдийн хамт үйлчлүүлж байхдаа төөрөөд нөхөр рүүгээ залгах гэтэл миний гар утас алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16, 20-р хуудас/,

Гэрч М.Б-ийн ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төвийн гаднах авто зогсоол дээрээс “Тоёота приус 20” болон “Тоёота приус 30” маркийн 2 автомашины голд дэлгэцээрээ доошоо харсан “Samsung А70” маркийн гар утас байхаар нь аваад дүү Х.Ж-д өгсөн. Дүү Ж- надаас “энэ гар утсыг ашиглаж болох уу” гэхээр “зарж үрэгдүүлэхгүй өөрөө ашиглаарай” гэж хэлсэн. Дүү Ж- тухайн гар утсыг ашиглахаар болж нэвтрэх кодыг нь өөрөө гаргаж, утсыг нь форматлаад 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж өөрийн 89892972 дугаарыг хийж ашигласан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

 

Эд зүйл, бичиг баримт түр хураан авч, хүлээлгэн тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг А70” маркийн гар утыг 850.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 11-12-р хуудас/,

мөрдөн байцаалтанд Х.Ж- яллагдагчаар өгсөн: ...“...” худалдааны төвийн авто зогсоолоос дотогшоо орох гээд явж байхад хүргэн ах Б- “Приус 30 маркийн автомашинаас гар утас оллоо” гэхээр нь би уг гар утсыг авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл: шүүгдэгч Х.Ж- нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгө буюу гар утсыг өөрийнх биш, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авч ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.

 

         Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Ж-г гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-ын эд хөрөнгөнд 850.000 төгрөгийн хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд тэрээр “гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 20-р хуудас/ гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

            

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Х.Ж- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Б.Э-, шүүгдэгч Х.Ж- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Х.Ж- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг биет байдлаар төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Х.Ж-д торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Ж-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.

           

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Засгийнхан овогт Х-ийн Ж-г гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Ж-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР