Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 666

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,

хохирогч О.Н-,

шүүгдэгч Н.Р-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Н-гийн Р-т холбогдох эрүүгийн 1910014300620 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Н.Р- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн ... байрны жижүүрийн өрөөнд эхнэр О.Н-ыг бусадтай хардан маргалдан, тогоотой халуун ус өшиглөн, биеийг нь түлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Р- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Хохирогч О.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... тоотод орцны жижүүр хийдэг байсан. Манай нөхөр тухайн орой 10 өнгөрч байхад гаднаас жаахан халамцуу орж ирсэн. Тэр үед манай ангийн залуу надтай “сайн уу” гээд мэндэлсэн чинь Р- намайг хардаад бид хоёр маргалдсан. Гэтэл нөхөр Р- бууз жигнэх гэж байсан тогоотой халуун усыг өшиглөх үед би халуун усанд түлэгдсэн. Би Р-тэй цаашид хамт амьдарна, надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Эрүүгийн 1910014300620 дугаартай хэргээс:

 

Хохирогч О.Н-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7424 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/,

Шинжээч Т.Ч- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 41-42-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 43-49-р хуудас/,

Шүүгдэгч Н.Р- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... орцны жижүүр хийдэг. 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 1300 цагийн үед эхнэр бид хоёр орцоо цэвэрлэчихээд оройн хоол хийх хүнс байхгүй гэхээр нь би Хархорин зах орж ажил хийж мөнгө олоод зүс таних хүнтэй таараад 0,75 литрийн савлагаатай архи хувааж уусан. Гэртээ иртэл эхнэр Н- “таньдаг хүн мах, гурил өглөө” гэж хэлсэн. Хоёр хүүхэддээ тараг авч өгөхөөр хамт дэлгүүр орсон. Би эхнэр Н-д “0,5 литрийн савлагаатай архи нэгийг авчих уу” гэхэд “тэг тэг” гэхээр нь аваад гэртээ ирсэн. Би буузны мах амтлаад, эхнэр бууз чимхээд байж байтал гаднаас 2 залуу орж ирээд эхнэр Н-ыг “миний урьдны эхнэр” гээд байхаар нь би “цагдаа дуудлаа шүү” гэхэд тэр хоёр гараад зугатаасан. Би эхнэртээ “чамайг яахаараа урьдны эхнэр гэдэг юм бэ” гээд хэрүүл маргаан хийсэн. Эхнэр Н- халуун тогоон дээр жигнүүртэй буузаа тавих гэж байхад нь би уурандаа тогоог нь өшиглөчихсөн юм. Тэгтэл эхнэр халуун усанд түлэгдэж цагдаа дуудсан. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: ял шалгах хуудас /хх-ийн 33–р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34-р хуудас/, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1052 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 38-40-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Р-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Н.Р- нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны орой Хан-Уул дүүргийн ... байрны жижүүрийн байранд байх өөрийн гэртээ хамтран амьдрагч хохирогч О.Н-ыг “бусадтай хардаж” маргаан үүсгэж улмаар тогоотой халуун өшиглөж өндөр хэмийн үйлчлэлээр түлж хохирогчийн биед нь “цээж, хүзүү, баруун мөр, зүүн зулай, чамархайн хуйх, зүүн чихний дэлбэн, нүүр, баруун бугалга, зүүн шуу, зүүн чихний сувагт биеийн нийт гадаргуугийн 10 хувийг хамарсан 2-3а зэргийн түлэгдэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч О.Н-ын ...Би тогоондоо ус буцалгаад жигнүүртэй буузаа хийх гээд хажууд нь сууж байтал Р- намайг бусадтай хардаж хэрэлдээд байсан. Би гар утсаа авсан чинь “чи цагдаа дуудах гэж байна уу” гээд тогоотой халуун ус өшиглөсөн. Тэгтэл би тогооноос цацагдсан халуун усанд түлэгдсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7424 дугаартай дүгнэлтэнд: О.Н-ын биед цээж, хүзүү, баруун мөр, зүүн зулай, чамархайн хуйх, зүүн чихний дэлбэн, нүүр, баруун бугалга, зүүн шуу, зүүн чихний сувагт биеийн нийт гадаргуугийн 10 хувийг хамарсан 2-3а зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-ийн 17-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 41-42-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 43-49-р хуудас/,

мөрдөн байцаалтанд Н.Р- яллагдагчаар өгсөн: ...Би эхнэртээ “чамайг яахаараа урьдны эхнэр гэдэг юм бэ” гээд хэрүүл маргаан хийсэн. Эхнэр Н- халуун тогоон дээр жигнүүртэй буузаа тавих гэж байхад нь би уурандаа тогоог нь өшиглөчихсөн юм. Тэгтэл эхнэр халуун усанд түлэгдэж цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Р-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Н.Р-, хохирогч О.Н- нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч 2012 оноос хойш хамтран амьдарч, дундаасаа хоёр хүүхэдтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 06-ны орой шүүгдэгч нь хохирогчийг “бусадтай хардаж” маргаан үүсгэж улмаар тогоотой халуун өшиглөж өндөр хэмийн үйлчлэлээр түлж хохирогчийн биед “цээж, хүзүү, баруун мөр, зүүн зулай, чамархайн хуйх, зүүн чихний дэлбэн, нүүр, баруун бугалга, зүүн шуу, зүүн чихний сувагт биеийн нийт гадаргуугийн 10 хувийг хамарсан 2-3а зэргийн түлэгдэл” бүхий хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдсан бие махбодийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

        

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Н-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд тэрээр “Н.Р- бид хоёр эвлэрсэн, хамт амьдарч байгаа, гомдол, саналгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

         

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгээс гэм буруугийн талаар маргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Н.Р-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан байдал, учруулсан хор уршиг болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Р-т 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Р- нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 13 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцоход  шүүхээс оногдуулсан 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 104 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, үлдэх 416 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Р-т мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Р- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

            1. Боржигин овогт Н-гийн Р-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Р-ийг 520 /таван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Р-ийн цагдан хоригдсон нийт 13 хоногийн нэг  хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 104 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, үлдэх 416 /дөрвөн зуун арван зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Р-т мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Р-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Шүүгдэгч Н.Р- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Р-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР