| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0667/Э |
| Дугаар | 668 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 668
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сосорбарам хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаа,
шүүгдэгч Ш.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анангаа овогт Ш-ын О-д холбогдох эрүүгийн 1910020190684 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Ш.О- нь 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хорооллын ... тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Б-ыг хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярх зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910020190684 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11, 14-р хуудас/,
Гэрч Д.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Гэрч Б.Б-хийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10241 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/,
Шүүгдэгч Ш.О- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би найзуудтайгаа уулзаад 2019 оны 8 дугаар сарын 23-ны шөнө 03 цагийн үед гэртээ харихад эхнэр Б- байхгүй байсан. Тэгж байтал эхнэр Б- орж ирэхээр нь “чи харанхуй шөнө хаагуур, юу хийгээд яваад ирж байгаа юм бэ“ гэхэд “чи өөрөө шөнө гэртээ ирчихээд надтай юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхэд нь Б- бид хоёр маргалдсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор өөрийн мэдэлгүй эхнэр Б-ыг цохиход тэрээр над руу дайрсан. Тэгэхээр нь Б-ыг 3-4 удаа гараараа цохиход тэрээр газар унасан. Би Б-ыг босгох гэтэл над руу гараа сарвайхаар нь мөн 1-2 удаа гараараа цохичихоод гэрээс гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: гэрч О.Ш-ын мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, гэрч Ч.Т-ын мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 37-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 39-р хуудас/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.О-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Ш.О- нь 2019 оны 8 дугаар сарын 23-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хорооллын ... эхнэр Г.Б-ыг “шөнө ирлээ” гэж шалтаглан маргаан үүсгэж, зодож хохирогчийн биед нь “тархи дО-т, үүдэн 1 шүдний эмтрэл, зулай хэсгийн хуйх, дух, хамар, зүүн хацар, доод эрүүний баруун булан, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, шуу, баруун бугуйны шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Г.Б-ын ...2019 оны 8 дугаар сарын 23-ны шөнө 00 цаг 37 минутанд нөхөр О- над руу “хаана байгаа юм бэ” гэсэн мэссэж бичсэн. Миний сууж байсан газар “...” гэх нэртэй газар ямар ч сүлжээгүй болохоор би 02 цаг 47 минутанд гарахдаа нөхөр рүүгээ “...д байна” гээд хариу илгээсэн. ...Би гэрт шөнө 04 цагийн үед ороход нөхөр О- согтуу буйдан дээр сууж байсан. О- надад “би танай аавтай ярьсан, чамайг хаана байгааг мэдэхгүй байна лээ, чи хаана байсан юм бэ, хэнтэй яваад байгаа юм бэ” гэхээр нь “Энхээ эгчтэй /Э-/ юм ярьж сууж байгаад СU орж юм идчихээд ирж байна” гэхэд тэрээр шууд миний толгой, хөл, цээж хэсэг рүү цохиж, хоолойг минь боогоод шал руу унагааж шахсан. Би “боль” гээд хэсэг ноцолдож байж намайг тавьсан. Мөн намайг хэл амаар доромжлоод байхаар нь “чи одоо яагаад байгаа юм бэ, хэнээсээ юу сонсчихоод ингээд байгаа юм бэ” гээд маргалдсан. ...Манай нөхөр О- надад шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг учруулсан. Ингэхдээ миний толгойн хэсэгт маш олон удаа баруун гараараа цохиж, баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед миний эрүү, хацар, дух, хуйх зэргийг гэмтээж хөхрүүлсэн. Би толгой, нүүр хэсгээ цохиулахгүйн тулд гараараа толгойгоо дарахад миний хоёр гар руу баруун хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж хөхрүүлсэн. Мөн хоолойг минь боон газарт шахаж шүд болон эгэмд гэмтэл учруулсан. ...Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 14-р хуудас/,
Гэрч Д.Г-ын ...2019 оны 8 дугаар сарын 23-ны шөнө 03 цагийн үед охин Б-ын нөхөр О- над руу залгаад “охин чинь хаана байна, утсаа авахгүй байна” гэхээр нь “чи нөхөр нь юм бол яахлаараа мэддэггүй юм бэ, би хөдөө байна, мэдэхгүй” гэхэд “чи яахлаараа мэддэггүй юм бэ” гэж хэлэхээр нь утсаа тасалчихсан. О- дахин залгаад “хаалгаа онгойлгохгүй байна, утсаа авахгүй байна, охин руугаа утасдаад хэлээдэх” гэхээр нь “миний утсыг авахгүй байна, чи одоо эрүүл байгаа юм уу, согтуу байгаа юм уу” гэхэд өөдөөс уурлаад байхаар нь утсыг нь дахиад тасалсан. ...Охин Б-ын хоёр гар хөхөрчихсөн, эрүү нь халцарчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Гэрч Б.Э-гийн ...Б- бид хоёр “Маршал таун” хотхоны дунд байх “...” нэртэй лоунжид орж суусан. Тэнд хоёр шил вино хувааж ууцгаасан. Би лоунжаас хэдэн цагт гарснаа санахгүй байна. Шөнө 01 цагийн үед гарсан байж магадгүй. Б- бид хоёр буцаад “...” хороололд байрлах “СU” гэсэн нэртэй дэлгүүрт орж юм ярьж сууж байгаад шөнө 02 цагийн орчимд гараад гэр гэр рүүгээ явцгаасан. Би гэртээ унтаж байтал үүрээр 05 цаг 16 минутад Б- над руу залгаад “манай нөхөр намайг зодчихлоо” гэхээр нь “юунаас болж байгаа юм бэ” гэхэд “тантай хамт гарсан гэж хэлсэн боловч итгэхгүй хардаад зодчихлоо” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10241 дугаартай дүгнэлтэнд: Г.Б-ын биед тархи дО-т, үүдэн 1 шүдний эмтрэл, зулай хэсгийн хуйх, дух, хамар, зүүн хацар, доод эрүүний баруун булан, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, шуу, баруун бугуйны шарх, зулгаралт, цус хуралт,
зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 29-р хуудас/,
мөрдөн байцаалтанд Ш.О- яллагдагчаар өгсөн: ...Эхнэр Б- шөнө гэртээ орж ирэхээр нь “чи харанхуй шөнө хаагуур, юу хийгээд яваад ирж байгаа юм бэ“ гэхэд “чи өөрөө шөнө гэртээ ирчихээд надтай юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд Б- бид хоёр маргалдсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор өөрийн мэдэлгүй эхнэр Б-ыг цохиход тэрээр над руу дайрсан. Тэгэхээр нь Б-ыг 3-4 удаа гараараа цохиход тэрээр газар унасан. Би Б-ыг босгох гэтэл над руу гараа сарвайхаар нь мөн 1-2 удаа гараараа цохичихоод гэрээс гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.О-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ш.О-, хохирогч Г.Б- нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан хууль ёсны гэр бүл болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүдэгч нарын мэдүүлэг болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “эхнэр, нөхөр” энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болохыг тодорхойлсон ба гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө болон бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.
Шүүгдэгч Ш.О- нь эхнэр Г.Б-ыг “шөнө оройтож ирлээ” хэмээн хардаж улмаар зодож биед нь “тархи дО-т, үүдэн 1 шүдний эмтрэл, зулай хэсгийн хуйх, дух, хамар, зүүн хацар, доод эрүүний баруун булан, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, шуу, баруун бугуйны шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдсан бие махбодийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд тэрээр “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 14-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ш.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Ш.О- нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Ш.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч Ш.О-д торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.О- нь “Дашваанжил” ХХК-нд сарын 320.000 төгрөгийн цалинтай ажилладаг орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.О-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Анангаа овогт Ш-ын О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.О-д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэглэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.О-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ш.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР