Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 182/2016/01701/И |
Дугаар | 001/ХТ2018/00535 |
Огноо | 2018-04-05 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2018/00535
Б.М-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01955 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2551 дугаар магадлалтай,
Б.М-ийн нэхэмжлэлтэй,
М К-ХХК, Т.Б- нарт холбогдох,
9911**** дугаарыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, уг дугаарын эзэмших эрхийг шилжүүлэн бүртгэхийг даалгах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагч Т.Б-, өмгөөлөгч Д.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Иргэн Б.М- нь М К-компанитай гэрээ байгуулан 9911**** дугаарыг 2005 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ашигласан. Үүнээс хойш 2007 оны 11 дүгээр сарын 08, 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тус тус шинэчилсэн гэрээг М К-компанитай байгуулсан. Б.М- нь хүнд өвчтэй, өвчний улмаас эмчилгээний төлбөр шаардагдаж байсан тул 2014 оны 10 дугаар сарын 21-нд н.Батзоригоор зуучлуулж Т.Б-тэй утасны дугаараа барьцаалж, зээл олгооч гэсэн хүсэлт тавьж, биечлэн уулзаж 6.000.000 төгрөгийг зээлж авсан. Б.М- М К-компани дээр ирж Т.Б-д дугаараа шилжүүлж өгсөн байдаг. 2014 оны 10 дугаар сарын 21-ээс 2015 оны 6 дугаар сарын 05-ыг хүртэл хугацаанд зээлийнхээ хүүгийн төлбөрт нь 7.000.000 орчим төгрөгийг өгсөн. Б.М- нь 6.000.000 төгрөгөөс гадна дахин хүсэлт тавьж 14.000.000 төгрөг зээлж авсан, ингэхдээ мөн л **** УНУ Lexus LX470 маркийн авто машиныг барьцаалж, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлж авсан. Ингээд нийт 20.000.000 төгрөгийг Т.Б-ээс зээлж авсан бөгөөд үүнийгээ 2015 оны 4 дүгээр сарын 15-нд 10.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 05-нд 10.000.000 төгрөгийг төлсөн. Б.М- нь Итгэл хүлэг ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд төлбөрийг Б.М-ийн өмнөөс тус компани төлж барагдуулсан. Т.Б- нь 2015 оны 6 дугаар сарын 19-нд машиныг нь буцаан Б.М-д шилжүүлсэн. Тухайн өдрөө Мобиком компани дээр очиж дугаар шилжүүлэх гэтэл ажлын цаг өнгөрсөн учир маргааш шилжүүлье гээд түүнээс хойш өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй учир шүүхэд хандсан. Т.Б-ийн нэр дээр 9911**** дугаарын гэрээ шилжсэн боловч хэрэглэж, ашиглаж, эзэмшиж байсан хүн нь Б.М- байсан. Б.М- өөрөө утасны төлбөрөө төлдөг. Харин 2016 оны 11 дүгээр сараас сим картыг хариуцагч шинээр сэргээж авсан учир Б.М- уг дугаарыг эзэмшиж ашиглах ямар ч боломжгүй болсон. Тийм учраас талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт хангагдсан тул Б.М-ийг 9911**** дугаарын эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, хариуцагч Т.Б-д 9911**** дугаарын эзэмших эрхийн гэрээг Б.М-ийн нэр дээр эргүүлэн шилжүүлэхийг даалгаж, мөн М К-ХХК-д 9911**** дугаарын эзэмших эрхийн гэрээг Б.М-ийн нэр дээр буцаан бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Б.М-, Т.Б- нарын хооронд зээлийн гэрээ хийгдээгүй. 9911**** дугаарын эзэмших эрхийг барьцаалсан үйл баримт болоогүй. Худалдахаар тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дугаар шилжүүлэх гэрээний дагуу 10.000.000 төгрөгийг Б.М-д олгож, М К-ХХК-ийн дотоод журмын дагуу эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хийсэн. Ингээд уг дугаарыг худалдаж авсан. Ажлаа гүйцэтгэж дуустал дугаарыг эзэмшүүлж байгаач гэж гуйсны дагуу ашиглуулж байсан боловч өгөхгүй байсан учир М К-ХХК-д очиж симээ сольж, өөрөө ашиглаад төлбөрөө төлөөд явж байгаа. Харин **** УНУ Lexus LX470 маркийн автомашиныг барьцаалж 20.000.000 төгрөгийн зээл өгсөн. Зээл төлөгдөх хүртэл автомашинаа Т.Б- өөрийн эзэмшилдээ байлгаж ашигласан. 2015 оны 4 дүгээр сарын 16-нд н.Болорчимэгийн дансанд 10.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 05-нд 10.000.000 төгрөг тус тус төлж зээл төлөгдснийг зөвшөөрч байгаа. Мөн өдрөө Автотээврийн үндэсний төв дээр очиж барьцаалсан 92-93 УНУ улсын дугаартай автомашиныг Б.М-ийн нэр дээр шилжүүлсэн. Т.Б- 10.000.000 төгрөгөөр дугаар худалдаж авсан нь эрх шилжүүлэх гэрээгээр нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М К-ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Б.М- болон Т.Б- нарын хооронд тухайн үед харилцан тохиролцож хийгдсэн хэлцлээс энэхүү маргаан үүдэлтэй. Үйлчилгээний журмын дагуу үйлчилгээ үзүүлж, 9911**** гэсэн дугаарыг Б.М-ийн өөрийнх нь хүсэлтийн дагуу Т.Б-ийн нэр дээр эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Үүнд манай байгууллагын буруутай байдал баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан М К-ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01955 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ийг 9911**** дугаарыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, уг дугаарын эрхийг Б.М-ийн нэр дээр шилжүүлэх, шилжүүлэн бүртгэхийг хариуцагч М К-ХХК болон хариуцагч Т.Б- нарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.150 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2551 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01955 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-ийг 9911**** дугаарыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, уг дугаарын эрхийг Б.М-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Т.Б-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч М К-ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэснийг ...хариуцагч Т.Б-ээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Б- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийн хугацаа нь тодорхойгүй автомашин, 9911**** дугаарыг эзэмшиж, ашиглах эрх зэргийг барьцаалан 20.000.000 төгрөгийг зээлсэн гэх тайлбарыг үндэслэн түүнийг нотолсон зээлийн гэрээ, холбогдох баримтгүй байхад хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхээс “...2015 оны 4 сарын 15-ны өдрийн 10.000.000 төгрөгийн дүн бүхий хариуцагч Т.Б-ийн гарын үсэгтэй “Итгэлт хүлэг” ХХК-иас бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2015 оны 4 сарын 16-ны өдрийн Хаан банк дахь А.Болорцэцэгийн 5099105060 тоот дансанд “Итгэлт хүлэг” ХХК-иас 10.000.000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны 19100501 тоот шилжүүлгийн мэдээлэл, 2015 оны 5 сарын 05-ны өдрийн 10.000.000 төгрөгийн дүн бүхий хариуцагч Т.Б-ийн гарын үсэгтэй “Итгэлт хүлэг” ХХК-иас бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, мөн өдрийн “Итгэлт хүлэг” ХХК-ийн 10.000.000 төгрөгийн дүн бүхий бэлэн мөнгөний зарлагын баримтууд авагдсан байх ба хариуцагч Т.Б-д 2015 оны 4 сарын 15-аас 5 сарын 15-ны хооронд нийт 20.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-ээс зээлийн гэрээний үүрэгт буцаан төлсөн талаарх үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 6 сарын 05 хүртэл төлбөрийг төлсөн гэсэн тайлбартай зөрдөг. Хэрэв 2015 оны 4 сарын 15-аас 5 сарын 15-ны хооронд 20.000.000 төгрөгийг төлөөд зээл дууссан юм бол яагаад 2015 оны 6 сарын 05 хүртэл төлбөрийг төлөөд байхад уг нэхэмжлэгчийн хэлдэг зээлийн гэрээ дууссан гэж дүгнэж болох уу.
Түүнчлэн автомашиныг барьцаалж 20 сая төгрөгийг зээлсэн бөгөөд төлбөр төлсөн өдөр нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр буцаагаад автомашиныг шилжүүлсэн байдаг. Хариуцагч нь автомашиныг барьцаалан зээлүүлсэн 20.000.000 төгрөгөөс гадна 9911**** дугаарыг 10.000.000 төгрөгөөр худалдан авч гэрээг өөрийн нэр дээр шилжүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч дугаарыг барьцаалан 6.000.000 төгрөгийг зээлсэн гэдэг баримт мөн байхгүй байхад шүүх баримттай байна гээд хариуцагч Т.Б- намайг баримтгүй гэж хэт нэг талыг барьж байна. Тухайн үед түр хэрэглэж байя гэчихээд хэрэглээд байхаар нь өөрийнхөө нэр дээр сим картыг сэргээлгэж, дугаараа хариуцагч миний бие хэрэглэж, төлбөрөө төлөөд явж байсан. Хариуцагчийн хувьд 9911**** дугаарыг эзэмшиж, ашиглах эрхийг М К-ХХК-тай нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр олж авсан тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар уг дугаарыг шударгаар эзэмшиж байгаа бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Т.Б-ээс уг дугаар ашиглах эрхийг буцаан шаардах эрхтэй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.М- хариуцагч Т.Б-, М К-ХХК-д холбогдуулж үүрэн холбооны 9911**** дугаарын эзэмшигч болохыг тогтоолгох, уг дугаарын эзэмших эрхийг шилжүүлэн бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.
Анхан шатны шүүх хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний болон хариуцагч М К-ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, өөрийн нэр дээр бүртгэлтэй 9911**** дугаарын эзэмших эрхийг барьцаалж 6.000.000 төгрөг зээлсэн, уг мөнгөө төлсөн гэснийг, хариуцагч дугаарын эзэмших эрхийг 10.000.000 төгрөгөөр худалдан авсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан байна.
2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Б.М- нь М К-ХХК-тай байгуулсан 23251847 тоот гэрээний дагуу 9911**** дугаарыг эзэмшиж байсан эрхээ хариуцагч Т.Б-д шилжүүлснээр М К-ХХК болон Т.Б- нарын хооронд дээрхи дугаар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан нь тогтоогджээ.
Нэхэмжлэгч өөрийн нэр дээр бүртгэлтэй дугаар эзэмших эрхээ ямар төрлийн гэрээний үндсэн дээр хариуцагчид шилжүүлсэн болох, нэхэмжлэгч дугаарын эзэмших эрхийг буцаан сэргээлгэх эрхтэй эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болжээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан өмчлөгчийн өмчлөх эрхийн хамгаалалт болон 106.2-т заасан өмчийг бусад зөрчлөөс хамгаалах зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл гэж үзснийг давж заалдах шатны шүүх 106 дугаар зүйлийн 106.1 болгон өөрчилсөн байна.
Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг зохицуулсан нь дугаарын эзэмших эрхээ сэргээлгэх шаардлагад хамаарахгүй ба хариуцагч маргаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар түүний эзэмших эрх хууль ёсны эсэхэд шүүх дүгнэлт хийх шаардлагатай.
Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэжээ.
Хариуцагч Т.Б- татгалзалдаа утасны дугаарын эзэмших эрхийг 10.000.000 төгрөгөөр худалдан авсан, зээлийн гэрээ байгуулаагүй, Б.М- өөрийн хүсэл зоригийн дагуу эзэмших эрхийн бүртгэлээ шилжүүлсэн, тодорхой хугацаанд дугаарыг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байсан боловч одоо эзэмшлийг шилжүүлэн авсан гэж маргасан байх ба түүнийг дугаарын эзэмших эрхийн бүртгэл болоод бодит эзэмшлийг хууль бусаар олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан нь тогтоогдоогүй байхад хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах- худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүсээгүй гэж үзэхдээ гэрээний зүйл бүрэн шилжээгүй нь тухайн хэлцэл хийгдснийг үгүйсгэсэн нөхцөл гэж үзсэн нь буруу байна.
Мөн М К-ХХК-д хандаж гаргасан хүсэлтийг барьцааны гэрээ бичгээр байгуулагдсан гэх агуулгаар анхан шатны шүүх тайлбарласан нь барьцааны эрх үүсэх хуулийн зохицуулалттай нийцээгүй байна.
Нэхэмжлэгчээс гаргасан утасны ярианы билл, 3 сарын төлбөр төлсөн баримт нь дугаар эзэмших эрх барьцаалж зээл олгосныг нотлохгүй бөгөөд хариуцагч тодорхой хугацаанд дугаарын эзэмшил нэхэмжлэгчид байсныг үгүйсгээгүй байна. Мөн гэрч А.Батзориг, Д.Энхтөр нарын мэдүүлэг, мөнгө төлсөн баримт нь зохигчийн хооронд зээлийн ба барьцааны гэрээ байгуулагдсныг нотлох хангалттай баримт биш байна.
Иймд зээлийн болон барьцааны эрх үүссэн, барьцаагаар хангагдах шаардлага биелэгдснээр барьцааны эрх дуусгавар болсон гэх шүүхийн дүгнэлт хэргийн баримтад тулгуурлаагүй гэж үзэв.
Хариуцагчийн хувьд 9911**** дугаарыг эзэмшиж, ашиглах эрхийг М К-ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр олж авсан тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар уг дугаарыг шударгаар эзэмшиж байгаа бөгөөд Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Б-ийн татгалзал үндэслэлтэй.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01955 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2551 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар М К-ХХК, Т.Б- нарт холбогдох 9911**** дугаарыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, уг дугаарын эзэмших эрхийг шилжүүлэн бүртгэхийг даалгах тухай Б.М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ