Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 585

 

 

Г.Алтантуулд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Алтанцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Алтантуулын гаргасан давж заалдах гомдлоор, түүнд холбогдох эрүүгийн 201725010652 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Гомбодоогийн Алтантуул, 1966 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 114 дүгээр байрны 37 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 535 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг ялыг 2007 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялын зарим болох 5 жил 4 сар 10 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн 5 жил 10 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар оногдуулж, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уг хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ЖЭ66041904/,

Г.Алтантуул нь давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд Ж.Баттөгстэй уулзахдаа өөрийгөө “Солонгос компанид менежер хийдэг, Солонгос улс руу эмчилгээний визээр 3 сарын хугацаатай гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 5.500.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5133056218 дугаарын дансаар авч итгэл эвдэн залилан мэхлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Алтантуулд холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Алтантуулыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Г.Алтантуулаас эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Алтантуулд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Алтантуулын хувьд ногдох хөрөнгөнөөс 10.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Баттөгсөд олгож, давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Алтантуулд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Г.Алтантуул гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2015 оноос эхлэн Солонгос улсын эмч нартай хүмүүнлэгийн тусламжаар хамтран ажиллаж Монголчууддаа тусламж үзүүлж, түнхний хагалгаа, хэлгүй, сонсголгүй хүүхдүүдийг Дэдүн, Инчон эмнэлэгт эмчлүүлэн эрүүл саруул болгосон ч нэг ч төгрөг авалгүй ирж очих зардлыг даан асран хамгаалагч эцэг, эхийн хамт авч яван сайн үйлсийн ажлыг 2016 оны 10 дугаар сард Солонгос улсын Дэдүн, Инчон эмнэлгийн дарга, эмч нар ирж үзлэг оношлогоо хийж асрамжийн газрын хүүхдүүдэд витамин хувцас өгч, эмч эмнэлгийн үзлэгт хамруулж мөнгөн хандив өгсөн. Мөн Дэдүн эмнэлгийн дарга, эмч нар 1,2 дугаар эмнэлэг, Улаанбаатар сувилал, Баянзүрх дүүргийн өрхийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байгаа болно. Ийнхүү ажиллаж гэрээнд гарын үсэг зурж буйг телевизийн сувгуудаар орон даяар мэдээлсэн. Гэтэл найз Батцогт дүү Баттөгсдөө виз гаргуулж өгөөч гэж 9 сараас эхлэн гуйж байсан. Түүнд “эмч нараас асууж байж хариу өгье” гэсэн. Батцогт Солонгосчуудыг явсан үед нь түрээсийн байранд нь хонож өнжиж, дүү Баттөгс нь миний зарж байсан шубыг Сэлэнгэ аймагт зарахаар авч бие биедээ тусладаг найзууд. 2016 оны 10 дугаар сард Солонгос эмч нарыг ирэхэд найзынхаа дүүг явуулах гэсэн юм гэхэд очоод хариу өгье гээд явсан. Солонгос эмч нар мэйл хаягаа явуулж, Баттөгс тэр хаягаар өөрөө материалаа явуулсан. Найзынхаа дүүд туслаад явуулчих юмсан гээд ийм байдалд хүрсэндээ туйлын их харамсаж байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулна. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулна уу...” гэжээ.

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Алтантуул нь мөрдөн байцаалтын шатанд тухайн Солонгос компанид ажилладаг байсан, тухайн компани хаана байдаг талаар огт мэдүүлдэггүй атлаа анхан шатны шүүхэд Чой гэх Солонгос хүнд мөнгө өгсөн талаараа мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын шатанд дээрх 10.500.000 төгрөгийг өөрийн хувийн бизнес болох шубаны наймаанд мөнгө хэрэгтэй болохоор нь зарцуулсан гэдгээ хэлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй хуулийн шаардлагыг хангаж гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ. Энэ хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэх нь зөвхөн тусгай ангид заасан тохиолдолд давтан гэмт хэрэгт тооцогдоно.” гэжээ.

Гэтэл прокуророос Г.Алтантуулыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх зөвтгөлгүй хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь Г.Алтантуул нь нэг санаа бодлоор, нэг хохирогчид 2 удаагийн үйлдлээр хохирол учруулсныг тус тусдаа эхлэл төгсгөлтэй бие даасан гэмт хэргүүд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх эрхтэй боловч гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан байхад яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд бага бус хэмжээний хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлсөн болно.

Түүнчлэн анхан шатны шүүх Г.Алтантуулд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцаах эсэхийг шийдвэрлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул ялтан Г.Алтантуулын “...Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүссэн...” агуулга бүхий гомдлыг энэ удаад хэлэлцээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэснийг дурдах нь зүйтэй.  

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн иргэний үнэмлэхний лавлагаанд “...РД:ЖЭ66041904...” гэсэн байхад шийтгэх тогтоолд “...РД:ХВ66041904...” гэж буруу бичсэн алдаа гаргасныг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Алтантуулд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Г.Алтантуулд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.   

      

                                               

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧИД                                                             Ц.ОЧ

                                                                                                      Н.БАТСАЙХАН