Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2020/0591

 

А.Ж-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч А.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Х нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 522 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор А.Ж-ын нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 522 дугаар шийдвэрээр: “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-т заасныг тус тус баримтлан “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/1235 дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Ж-ыг урьд эрхэлж байсан ажил болох Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах” шаардлага бүхий А.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А давж заалдах гомдолдоо: “... тус байгууллагын албан хаагч бүрд дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг, даалгавруудыг танилцуулах хуудсаар дамжуулан үүрэг болгодог бөгөөд А.Ж өөрт ногдсон ажил үүрэгтэй тухай бүр нь танилцаад гүйцэтгэж ирсэн. Гэтэл хариуцагч тайлбартаа өмнө нь огт өгч байгаагүй ажлыг үүрэг болгосон мэтээр дурдаж, хийж гүйцэтгэсэн ажлыг огт хийгээгүй мэтээр дурдаж, зөрүүтэй тайлбар хийсэн байдаг. Ингэхдээ “...Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Б 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр сургалт, сурталчилгаа ,урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах талаар, ахмадын зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 12-нд боловсруулан өгсөн зөвлөмж, үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй гэх боловч үүний дагуу 2019 оны уул уурхайн аврах ангийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хуваарийг Үндэсний аврах бригадын захирагчийн 2019 оны А/02 дугаар тушаалаар батлуулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилласан. Мөн Уул уурхайн аврах ангийн ахмадын зөвлөлөөс өгсөн зөвлөмж болон ангийн захирагчийн үүргийн дагуу сургалтын хөтөлбөр боловсруулан ангийн захирагч хурандаа Г.Б болон ахмадын зөвлөлийн дарга нараас санал авахаар 2, 3 удаа өгсөн боловч санал өгөөгүй иймд тус ангид сургалтын инженерээр ажиллаж байсан н.Б инженерийг урьж 7 хоногт 1:40 минутын сургалтыг оруулж байсан, “...Ангийн цахим хуудсыг өөрсдийн дотоод нөөц боломжийг бүрдүүлэн байгуулсан гэвч үйл ажиллагааг сурталчлах, мэдээ мэдээлэл тавих ажлыг нэхэмжлэгч А.Ж хариуцан ажиллаж байсан боловч Онцгой байдлын байгууллагын хэмжээнд тухайн цахим хуудасны үйл ажиллагаа хангалтгүйд тооцогдож байсан” гэх боловч Онцгой байдлын ерөнхий газраас цахим хуудаст нэвтрэх нэр нууц үгийг өгөлгүй байсаар 2019 оны 10 дугаар сард өгсөн.

Мөн А.Ж нь Уул уурхайн аврах ангийн урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг 2019 оны 01 дүгээр сард боловсруулсан боловч ангийн захирагч хурандаа Г.Б тусад нь батлахгүй гээд батлаагүй. Улмаар 2019 оны 05 дугаар сард Онцгой байдлын ерөнхий газраас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө шалгана гэхэд штабын дарга батлуул гэж хэлээд энэ төлөвлөгөөг 2019 оны 05 дугаар сард батлуулсан ба энэ нь ангийн захирагчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр алба хаагчдад өгсөн үүргээр нотлогдоно. Ийнхүү хариуцагчийн хариу тайлбарт дурдсан 6 үйлдэлд холбогдох тайлбар няцаалтыг нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан дээр гаргасан боловч шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Нэхэмжлэгч А.Ж нь 2012 оноос Уул уурхайн аврах албанд аврагч, механик инженерийн туслах зэрэг албан тушаалд ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 325 дугаар тогтоолоор Уул уурхайн яамны харьяа Уул уурхайн аврах албыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангид нэгтгэхэд хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж, 2015 оны 02 дугаар сард “Цэргийн гангараг” өргөснөөр төрийн тусгай албан хаагч болсон. Гэтэл анхан шатны шүүх төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг биелүүлж, ёс зүйн хэм хэмжээг биелүүлэх шаардлагатай хэр нь нэмэгдэл баталгаагаар хангагдах, төрийн жинхэнэ албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн “Онцгой байдлын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын даргад би өөрийн биеэр 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр авч орсон 2017, 2018 онуудад хангалтгүй дүгнэгдсэн учраас 2019 онд А.Ж-тай үр дүнгийн гэрээ байгуулах боломжгүй байсан” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ын шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбараас үзэхэд маргаан бүхий Б/1235 дугаар тушаалын үндэслэлд дурдсан “...2019 оны үр дүнгийн гэрээ батлуулаагүй” гэх нөхцөл байдал нь А.Ж өөрийн буруутай үйлдлээс үр дүнгийн гэрээг байгуулахаар хүргүүлээгүй бус харин эрх бүхий этгээд өөрөө баталж өгөөгүй гэдгийг харуулж байна. Энэ нь гэрч Г.М-ын "...Алба хаагч нар ажлын үр дүнгийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг өөрсдөө боловсруулж өгдөг. Би нэгтгэдэг”, “Нэхэмжлэгч 2019 оны үр дүнгийн гэрээ гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулаагүй гэх үндэслэлээр ажлаас халагдсан. 2019 оны үр дүнгийн гэрээ үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нэхэмжлэгч таны фэйсбүүк хаяг руу явуулсан нь үнэн үү?” гэхэд “Тийм” гэж, "Би ангийн захирагчид бүх үр дүнгийн гэрээг өгсөн. н.Б А.Ж нарын үр дүнгийн гэрээг батлаагүй байсан” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/1235 дугаар тушаалын үндэслэлд дурдсанаар “...2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй, ажлаа тайлагнаагүй” гэх боловч нэхэмжлэгч А.Ж-ын 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын төлөвлөгөө, тайлан зэрэг нь “Онцгой байдлын ерөнхий газрын Уул уурхайн аврах ангийн Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн” гэх албан тушаалтны хувьд батлагдаж тайлагнаагүй гэх боловч 2019 оны Уул уурхайн аврах ангийн сар, улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайланд тухай бүр нь тусгагдсан байдаг бөгөөд уг баримтууд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэлгүй орхигдуулсан байна.

... Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0522 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхээс маргаан бүхий актын үндэслэлийг буруу дүгнэсэн боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/1235 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Ж-ыг “албан тушаалын тодорхойлолтод заасан сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлаа хийгээгүй, 2019 оны үр дүнгийн гэрээ гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй, ажлаа тайлагнаагүй” зөрчил гаргасан үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Маргаан бүхий тус актад заасан“...албан тушаалын тодорхойлолтод заасан сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлаа хийгээгүй” зөрчлийг нэхэмжлэгч А.Ж гаргасан болох нь хэрэгт авагдсан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний аврах бригадын уул уурхайн аврах ангид албаны шалгалт явуулах ажлын удирдамж”-ийн дагуу хийсэн хяналт шалгалт болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, аюулгүй байдлын хэлтсийн даргаар удирдуулсан ажлын хэсгээс хийсэн тухайн шалгалтаар нэхэмжлэгч А.Ж-ыг “Үндэсний аврах бригадын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/02 дугаар тушаал, хөтөлбөр, төлөвлөгөөг үндэслэн сургалтын салбар төлөвлөгөө гаргах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, бие бүрэлдэхүүний сургалтын жилийн хөтөлбөр, төлөвлөгөө гаргаагүй, бие бүрэлдэхүүний сургалтын хичээлийн 44 төрлөөс 9 төрөлд буюу 20 хувьд нь конспект бэлдэж, бие бүрэлдэхүүнд орсон, сургалтын үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлан, мэдээ байхгүй, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил хийгээгүй, офицер бүрэлдэхүүний болон ангиллын сургалт хийгээгүй” зэрэг үндэслэлээр түүнийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн дүгнэлт гаргаж, “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулах саналтайгаар Онцгой байдлын ерөнхий газрын даргад илтгэх хуудас бичсэн, үүнийг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Б-аас “үүргээ хангалтгүй биелүүлсэн А.Ж-ыг төрийн албанаас халах”[1] шийдвэрийг гаргасан байна.

Нэхэмжлэгчээс шалгалтын дүнгээр илэрсэн зөрчлүүдийг үгүйсгэж, тухайн ажлуудыг бүрэн гүйцэд хийж, хэрэгжүүлсэн гэж маргаагүй, шүүхээс цуглуулсан баримтуудаар түүнийг албан тушаалын тодорхойлолтод заасан дээрх сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлаа хийсэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байх тул Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/1235 дугаар тушаалын холбогдох хэсэг үндэслэлтэй байна.

Харин “...2019 оны үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй” гэх үндэслэлийн тухайд,

Хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл, Уул уурхайн аврах ангийн захирагч Г.Б нь нэхэмжлэгч А.Ж-ын 2019 оны үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн[2] байх тул түүнийг “...2019 оны үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй” гэж дүгнэх боломжгүй, удирдлагын зүгээс үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах, хянах үүргээ хэрэгжүүлээгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.           

Гэхдээ нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлаа хийгээгүй зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэснийг зөрчсөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасан төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлтэй, тус зөрчил дангаар байсан ч ажлаас халах сахилгын шийтгэлийн үндэслэл болохоор байна.

Нэхэмжлэгчээс “...удирдлагаас дарамт, шахалт үзүүлсэн, ажил хийлгэхгүй байсан” гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, маргаан бүхий тушаал гарахаас өмнө ажлын байрны дарамт үзүүлсэн талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол гаргаж байгаагүй, түүний дээрх тайлбар нотлогдохгүй байхад шүүхээс нотлох баримтаар тогтоогдоогүй тайлбарт үндэслэн нэхэмжлэгч А.Ж-ыг ажлын байрны дарамтад орсны улмаас  албан үүргээ биелүүлээгүй гэж зөвтгөн дүгнэх боломжгүй.

Анхан шатны шатны шүүхээс хэргийн үйл баримтыг дүгнэхдээ маргаан бүхий актад хамаарахгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж, А.Ж-ын 2017, 2018 оны хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан цаг хугацаанд хамаарах үйл баримтад дүгнэлт өгсөн нь буруу, мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэх заалтыг буруу хэрэглэж, сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаа өнгөрсөн байхад өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүргийг хэрэгжүүлэх хүрээнд сургалтын материал бэлтгэж, алба хаагчдад мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулах үүрэг өгснийг биелүүлээгүй, Онцгой байдлын ерөнхий газрын даргын өгсөн “сургалт, сурталчилгаа сайжруулах” үүргийг, ахмадын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй, байгууллагын цахим хуудсыг ажиллуулаагүй, 2019 оны 04 дүгээр сард Онцгой байдлын ерөнхий газраас уул уурхайн салбарын аж ахуйн нэгжид зохион байгуулсан сургалтыг тасалсан, тус сургалтын болон Ухаа худаг төсөл дээр явуулсан дадлага сургуулийн материалыг нэгтгэн сургалтын үйл ажиллагаанд ашиглахаар бэлтгэх үүргийг биелүүлээгүй, 2019 оны урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг 05 дугаар сард батлуулсан, эдгээр зөрчлүүд нь 2019 оны 03 дугаар болон 10 дугаар сард явагдсан шалгалтаар илэрсэн” гэх зэргээр тайлбар гаргасан.

Дээрх тайлбарт дурдагдсан үүрэг даалгаваруудыг удирдлагаас өгөөгүй гэж, мөн өгсөн үүрэг даалгаврыг бүрэн биелүүлсэн гэж тус тус нэхэмжлэгч маргаагүй, дээр дурдсанчлан маргаан бүхий актын үндэслэл болсон илтгэх хуудсаар тогтоосон зөрчлийг няцаан үгүйсгэх баримт байхгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 522 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

 


[1] 1хх-75 дугаар хуудсанд авагдсан илтгэх хуудас дахь удирдлагын заалт

[2] 1хх-25 дугаар хуудсанд авагдсан хариу тайлбар