Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 429

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1818004050529 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овогт Б.Б /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрийн “Хүүхэд хөгжлийн ордон”-ы орчимд иргэн Р.Дгаас мөнгө нэхэж, биед хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн гэмтлийн гаралтай хурц үрэвсэл, хүзүүний булчингийн чангарал бүхий хөнгөн хохирол учруулан, хүзүүндээ зүүж явсан монетон гинжийг тасалсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Бгийн өгсөн: Хохирогчтой муудалцаад ороолтоос нь татахад монетон гинж нь унасан байх. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Р.Дгийн өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Хүүхэд хөгжлийн ордон”-ы хажууд явж байтал нэлээн архи үнэртүүлсэн, ам хамар нь хөөс цахарсан, хар царайтай, махлаг биетэй, чамархай нь шалбарсан, 40 орчим насны эмэгтэй хүн намайг “хөөе хөөе” гэж дуудахаар нь эргэж харчхаад шууд зугтаасан. Тэгтэл миний араас хүзүүгээрээ ороосон алчуураас мушгиж боогоод толгой дээрээс дарсан. Тэгээд тэр эмэгтэй намайг ална шүү гэж заналхийлээд хүзүүндээ зүүж байсан гинжийг тасалсан. Миний гинж 3 хэсэг болж хуваагдсан бөгөөд нэг хэсгийг нь тэр эмэгтэй аваад энгэр лүүгээ хийсэн. Нөгөө хоёр хэсэг нь надад байгаа. Тэгээд авраарай гэж хашхирахад 40-50 орчим насны эрэгтэй хүн ирж намайг салгасан. Тэгээд цааш явахад нөгөө эмэгтэй намайг дагаад байсан. Би тэр эмэгтэйгээс хохирлын мөнгө 370.000 төгрөг бэлнээр авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-24, 84/,

Гэрч С.Нийн өгсөн: ...Б.Б нь хэрэгт холбогддог өдрийнхөө өглөө нь манай салсан нөхөр бид 3 шүүхийн байрны ойролцоо архи уусан. Тэгээд Б.Б нь ганцаараа зах руу явлаа гээд салсан гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

Шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар өгсөн: ...би ганцаараа нэлээн согтчихсон 20.7 дугаар байрны ойролцоо явж байхад Төв гандангийн урд хохирогчтой таарч архины 2000 төгрөг өгчхөөч гэж хэлэхэд тэр эмэгтэй “биржийн архичин чамд мөнгө өгөх юм уу?” гэхээр нь би уур хүрээд хүзүүндээ зүүж явсан нимгэн ороолтоос нь татахад монетон гинж нь тасраад миний гарт нэг хэсэг нь үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

Хохирогч Р.Дгийн зүүж явсан гинжинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/,

Таньж олуулахаар тусгай өрөөнд 1, 2, 3, 4 гэсэн дугаарыг бариулан суулгасан 4 этгээдээс 1 дугаарыг барьж суусан Б.Бг хохирогч Р.Д нь намайг дээрэмдсэн этгээд мөн байна гэж махлаг том биетэй, бор царайтай, онигор нүдтэй гэсэн онцлог шинжээр нь шууд заасан гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19/,

Р.Дгийн толгой өвдөнө, хоолой хөндүүрлэнэ, биед ил шарх үгүй гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 35/,

Р.Дгийн төвөнх орчмыг тэмтрэхэд эмзэг, дурандахад халхавч мөгөөрс сөхөөстэй, орох хэсгийн салстад цус хурсан... гэх Бид эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 36/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 548 дугаартай “Р.Дгийн биед төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн гэмтлийн гаралтай хурц үрэвсэл, хүзүүний булчингийн чангаралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүзүүг гаднаас хүчтэй боох үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрийн “Хүүхэд хөгжлийн ордон”-ы орчимд Р.Дд хүч хэрэглэж, монетон гинжийг нь дээрэмдэж 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн зүүж явсан монетон гинж 3 хэсэг болж тасарсан, 1 хэсгийг нь шүүгдэгч авч яваад хаясан, үлдсэн 2 хэсэгт мөрдөгч үзлэг хийн хохирогчид буцаан өгснийг хохирогч хаясан гэх нөхцөл байдал шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож ба хохирогчийн монетон гинжний бодит үнэлгээ, шүүгдэгчийн авч яваад хаясан гэх хэсгийн үнэлгээг гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Р.Дгийн эзэмшлийн эмэгтэй хүний 60 сантиметр урт, 16.5 грамм монетон өргөн гинж 1.320.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-87/ нь 60 см урттай, 16.5 грамм монетон гинжний өнөөгийн үнэ цэнэ 1.320.000 төгрөг гэдгийг нотолж байгаа боловч хохирогчийн зүүж явсан гэх гинж нь 60 см урттай, 16.5 грамм жинтэй байсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй, хохирогчийн ...миний монетон гинж 60 см урттай, ойролцоогоор 16.5 грамм өргөн гинж байсан... гэх мэдүүлэг нь таамаглалд үндэслэсэн, эх сурвалж нь тодорхойгүй байгаа тул хохирогчид 1.320.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.

Гэвч шүүгдэгч Б.Бгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрийн “Хүүхэд хөгжлийн ордон”-ы орчимд Р.Дгаас мөнгө нэхэж, хүзүүний ороолтоор нь боож эрүүл мэндэд нь төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн гэмтлийн гаралтай хурц үрэвсэл, хүзүүний булчингийн чангарал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор, биед нь хүч хэрэглэн довтолсон шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсноор төгсдөг бөгөөд заавал материаллаг хохирол учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн зүүж бүхий монетон гинж 3 хэсэг болж тасарсан, монетон гинж болон уг гинжний тасархай хэсгийн үнийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн хэдий ч шүүгдэгч нь хохирол төлбөрт 420.000 төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Р.Дгийн “...Би тэр эмэгтэйгээс хохирлын мөнгө 370.000 төгрөг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84/, хохирогчийн “би эд материал, эрүүл мэндээрээ хохирсон боловч надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Б нь надад 420.000 төгрөг өгсөн...” гэх хүсэлт /хх-ийн 135/-аар нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 5-18 насны 3 хүүхэдтэй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60-62/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч нь гомдол саналгүй, хохирлыг бүрэн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж хорих ялын хамгийн хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хөнгөрүүлж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус цагдан хоригдсон 153 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхдүүд нь эх Б.Бгээр овоглодог болох нь гэрч Б.Лхагвасүрэн, Ж.Нямжав нарын мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 07-нд төрсөн, шийтгэх тогтоол гарах үед 10 настай Бгийн Ат, 2014 оны 3 дугаар сарын 17-ний өдөр төрсөн, шийтгэх тогтоол гарах үед 5 настай Бгийн Аб нарт нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 153 /нэг зуун тавин гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгчийн асрамжинд байгаа Бгийн Ат /РД: /, Бгийн Аб /РД: / нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР