| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1204/Э |
| Дугаар | 1249 |
| Огноо | 2019-12-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 1249
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Б.Дэлгэрмаа, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00974 0436 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт Б.Э, Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежид тооцооны нягтлан бодогч ажилтай, ам бүл дөрөв, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Viva City” хорооллын L4 дүгээр байрны 4 тоотод оршин суудаг, регистрийн дугаар иг92122906, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 48 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайван өргөн чөлөө, “Москва-47” хорооллын хойд замд “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Keeway cafe racer” маркийн ** улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, жолооч С.Г эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Тайж овогт Б-ийн Э нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 48 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайван өргөн чөлөө, “Москва-47” хорооллын хойд замд “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Keeway cafe racer” маркийн * улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч С.Г-ын бие махбодод “дух ясны зүүн талын сэртэн, гавлын суурь ясны бага далавч, зүүн хацрын ясны нум дайрсан хугарал, зүүн гайморын хөндийн гадна, урд хананы цөмөрсөн хугарал, хүзүүний 7-р нугалмын латериал массын бяцарсан хугарал, сээрний 1-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал, тархи доргилт, нүүр, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвуу 4,5-р хуруунд зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Э-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. 3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 4-13 дугаар хуудас), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14 дүгээр хуудас);
3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явах эгнээнээс зүүн гар тийш буцаж эргэх уулзвараас улаан өнгөтэй Тоёота Приус маркийн автомашины жолооч зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээрээ хойноосоо урагш чиглэлтэй буцаж эргэж улмаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж байсан мотоциклийн жолоочтой автомашины баруун хойд хаалга орчмоор мөргөлдөж автомашины жолооч урагш явж зогсож улмаар мотоциклийн жолооч зам дээр унаж байна” гэсэн тэмдэглэл (хх-ийн 24 дүгээр хуудас);
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 10235 дугаартай: “...С.Г-ны биед дух ясны зүүн талын сэртэн, гавлын суурь ясны бага далавч, зүүн хацрын ясны нум дайрсан хугарал, зүүн гайморын хөндийн гадна, урд хананы цөмөрсөн хугарал, хүзүүний 7-р нугалмын латериал массын бяцарсан хугарал, сээрний 1-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал, тархи доргилт, нүүр, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвуу 4,5-р хуруунд зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 38 дугаар хуудас);
5. Хохирогч С.Г-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би машиныг хараад тоормос гишгэхийн завдалгүй мөргөлдсөн. Би Хархорин захын гэрэл дохио дээр зогсож улмаар ногоон гэрэл асах үед дөнгөж хөдлөөд явж байсан болохоор ойролцоогоор 50 орчим км/цагийн хурдтай явж байсан байх. Ослын улмаас нүүрний гавлын ясны зүүн шанаа цөмөрч хугарсан, зүүн нүдний хөмсөгний доод хэсгийн яс хугаралтай, баруун сарвууны яс зөөлөн эдийн гэмтэл, зүүн өвдөг зулгаралт зөөлөн эдийн няцрал, зүүн гар мөр хэсэг гэмтсэн байсан, миний эмчилгээний хохирол болон мотоциклийн хохирлыг төлж өгөх юм бол цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31-33 дугаар хуудас);
6. “Арвижих-Эстимэйт” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний: “Keeway cafй racer” маркийн * улсын дугаартай мотоциклд 1,140,000 төгрөгийн шууд, 1,385,000 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэсэн тайлан (хх-ийн 55-56 дугаар хуудас);
7. Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 63-70 дугаар хуудас); Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий компакт диск;
8. Шүүгдэгч Б.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 80 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 83 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 98 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Г-ны биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компакт дискт бэхжүүлсэн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн нөхцөл байдлыг харуулсан дүрс бичлэг болон хохирогч С.Ганчулууны мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдов.
Шүүгдэгч Б.Э-ийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Э нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргахгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Э-г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн
27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч С.Г нь хохиролд нийт 5,635,000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, мөн хохирогчид нийт 5,635,000 төгрөгийг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, шүүгдэгчийн 731265 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, өөрийн үйлдэлдээ гэмшин харамсаж байгаа. Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Мөн шүүгдэгч нь өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Гэр бүлийн хувьд 1 болон 2 настай хоёр хүүхэдтэй байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж өгөөч гэж хүсэж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын талаар тусгайлан гаргах саналгүй...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “тэнсэх” гэсэн ойлголтыг хууль зүйн агуулгаар нь тодорхойлсон зүйл, хэсэг бөгөөд хууль тогтоогч 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад илүү нарийвчилсан зохицуулалт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрхэн заагтай авч үзэхийг, мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнээс салгах боломжгүйгээр хуульчилсан.
Тодруулбал, эрүүгийн хариуцлага нь ял болон албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүх зөвхөн ял тэнсэх шийдвэр гаргавал хууль зүйн хувьд эрүүгийн хариуцлагын асуудал огт шийдвэрлэгдэхгүй үлдэх тул өмгөөлөгчөөс гаргасан “...тэнсэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.
Шүүгдэгч Б.Э нь хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул тухайн зүйл, заалтыг журамлаж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж ... ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй.
Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгод нийцнэ хэмээн дүгнэв.
Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэлээ.
Шүүгдэгч Б.Э-д тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт нь хуульд заасан үндсэн ял оногдуулахыг санууллаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, шүүгдэгчийн 731265 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлан зохих байгууллагад шилжүүлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Т овогт Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч Б.Э-д тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт нь үндсэн ял оногдуулахыг сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний 731265 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлан зохих байгууллагад шилжүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА