Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 5821

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 17 дугаар гудамж 237 тоотод оршин суух, 1994 онд төрсөн 22 настай, Хэрцээ овогт Ганболдын Хишигсүрэн /РД:УХ94072201/

            Хариуцагч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 34 дүгээр байр 121 тоотод оршин суух, 1984 онд төрсөн 32 настай, Цагаан тэмээт овогт Нямдоржийн Мөнхжаргал /РД:ФМ84091866/

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Чингэлтэйн 19 дүгээр гудамж 110 тоотод оршин суух, 1984 онд төрсөн 32 настай, Сартуул овогт Даваасүрэнгийн Цогбадрах /РД:ФМ84042913/

            Хамтран ажиллах гэрээний улмаас учирсан хохирол 6.366.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4.608.750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, машин худалдан авсан болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Хишигсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагч Н.Мөнхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогбаяр, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Цогбадрах шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Хишигсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 09 сарын 05-ны өдөр Н.Мөнхжаргалтай эмийн сан хамтарч ажиллуулахаар гэрээ байгуулсан. 2 талаасаа тус бүр 6 000 000 төгрөгний хөрөнгө оруулах, ашиг орлого, цалин зарлагаа тэнцүү 50, 50 хувиар хуваахаар тохиролцсон. Би өөрийн аав Я.Ганболдын нэр дээр бүртгэлтэй, приус маркийн цагаан өнгийн 02-37 УНЦ улсын дугаартай автомашинаа зарж, хамтран ажиллах гэрээний дагуу 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Машин авах хүнийг Н.Мөнхжаргал олж, өөрийн ах Д.Цогбадрахын нэр дээр итгэмжлэл хийлгэж өөрөө шилжүүлэн авсан. Машиныг авсан Д.Цогбадрахаас авах мөнгөнөөс 3 000 000 төгрөгийг эмийн сангийн тусгай зөвшөөрөл авахаар Энхсайханд өгсөн. Хамтран ажиллах гэрээ байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш эмийн сангаа ажиллуулах ажлын байр хайж нэг сарын хугацаа өнгөрсөн боловч нийтдээ 3 газар ажилласан. Чингэлтэйд, Ханын материалд, Улаанхуаранд тус бүр нэг нэг сар эмийн сан ажиллуулсан боловч тодорхой ашиг гараагүй. Н.Мөнхжаргал нь өөрийн оруулах ёстой байсан 6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаа оруулаагүй ба миний оруулсан  6 сая төгрөг буюу авто машиныг зарж хамтран ажилласан хугацаанд хөрөнгө оруулалт хийж байсан. Н.Мөнхжаргал нь гэрээний үүргээ биелүүлээгүй, оруулах ёстой хөрөнгө оруулалтаа оруулаагүй. Бид 2014 оны 1-р сарын 7-ны өдөр харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээгээ цуцалсан болно. Иймд миний хөрөнгө оруулсан 6.000.000 төгрөгийг Н.Мөнхжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Г.Хишигсүрэн, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч болон хариуцагч бид харилцан тохиролцсоны дагуу дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээнд Г.Хишигсүрэн би нэхэмжлэлийн шаардлагын 4.866.000 төгрөгөөс татгалзаж, 1.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Мөнхжаргал зөвшөөрч, 1.500.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулах, уг эвлэрэлтэй холбоотойгоор хариуцагч Н.Мөнхжаргал нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Цогбадрах нь автомашин худалдан авсан болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагаасаа тус тус татгалзсан. Иймд талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

              

Хариуцагч Н.Мөнхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зохигчид бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Г.Хишигсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын 4.866.000 төгрөгөөс татгалзаж, 1.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Мөнхжаргал 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, уг эвлэрэлтэй холбоотойгоор хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Цогбадрах нь автомашин худалдан авсан болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагаасаа тус тус татгалзахаар тохиролцсон. Иймд бидний байгуулсан эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Цогбадрах шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зохигчид бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Г.Хишигсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын 4.866.000 төгрөгөөс татгалзаж, 1.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Мөнхжаргал төлөхөөр зөвшөөрч, 1.500.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулах, уг эвлэрэлтэй холбоотойгоор хариуцагч Н.Мөнхжаргал нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Цогбадрах нь автомашин худалдан авсан болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагаасаа тус тус татгалзаж талууд харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Хишигсүрэн нь хариуцагч Н.Мөнхжаргалд холбогдуулан хамтран ажиллах гэрээний улмаас учирсан хохирол 6.366.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Н.Мөнхжаргал нь 4.608.750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Цогбадрах нь автомашин худалдан авсан болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч Г.Хишигсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын 4.866.000 төгрөгөөс татгалзаж, 1.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Мөнхжаргал төлөхөөр зөвшөөрч, 1.500.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулах, уг эвлэрэлтэй холбоотойгоор хариуцагч Н.Мөнхжаргал нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Цогбадрах нь автомашин худалдан авсан болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагаасаа тус тус татгалзаж талууд харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Зохигчдын эвлэрэлтэй холбогдуулан тус шүүхийн 102/ШЗ2016/19846 дугаар шүүгчийн захирамжийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч Г.Хишигсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын 4.866.000 төгрөгөөс татгалзаж, 1.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Мөнхжаргал төлөхөөр зөвшөөрч, 1.500.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулах, уг эвлэрэлтэй холбоотойгоор хариуцагч Н.Мөнхжаргал нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Цогбадрах нь автомашин худалдан авсан болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагаасаа тус тус татгалзаж харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөг, хариуцагчаас төлсөн 88.700 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөнхжаргалаас 38950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Хишигсүрэнд олгосугай.

 

3. Тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2016/19846 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА