Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 431

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч  Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч Ц.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ц.Бт холбогдох эрүүгийн 1918007140499 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Ц.Б /РД: /, Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “...................” ХХК-нд машинист качегори ажилтай, ам бүл 1, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр Шарын голын гүүрний орчимд иргэн Э.Нын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь дагз, зүүн хацар, зүүн мөрөнд шарх, зүүн хацар, дээд уруулын хэсэг, доод эрүү, баруун, зүүн дал, хоёр далны хооронд, цээж, бүсэлхийн хажуу хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...хамт ажилладаг Ц.Б ахтай 0.5 граммын шилтэй 3 шил архи хувааж уусан ба нэг ухаан ороход би Шарын голын гүүрийн орчим цусаа гоожуулчихсан явж байсан. Тэгээд эхнэр рүүгээ залгаад “би хүнд зодуулчихсан байна” гээд ярьснаа санаж байна. Сүүлд нь би Ц.Б ахын араас очиж хэрүүл маргаан үүсгэж зодуулснаа мэдсэн. Миний биед учруулсан гэмтлийг Ц.Б учруулсан гэдгээ өөрөө надад хэлээд уучлалт гуйсан. Мөн надад эмчилгээндээ хэрэглээрэй гээд 150.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хохирогч Э.Нын мэдүүлэг /хх-ийн 4-5/,

- ...2019 оны 10 дугаар сарын 14-ний 19 цагийн орчимд би Орхон сумын Эрүүл мэндийн төвийн байрандаа яваад ортол бие нь нэлэнхийдээ цус болчихсон, зүүн талын чамархай хэсэг болон мөр хэсэгтээ хурц ирмэгтэй зүйлээр зүсүүлсэн, архи хэтрүүлсэн хэрэглэсэн байдалтай согтуу эрэгтэй хүн байсан. Тэгээд манай эмч нар тухай иргэнд зүрх судас дэмжих, цус тогтоох, шингэн сэлбэх тариа хийж, толгой хэсэгт 9 ширхэг оёдол хийж өгсөн... гэх гэрч Н.Оийн мэдүүлэг /хх-ийн 10-11/,

- ...тэгээд байж байтал манай нөхөр Н над руу залгаад “Х намайг зодчихлоо. Эмч дуудаад эмнэлэг оруулаад өгөөч, Х намайг чулуугаар цохичихлоо” гэж хэлсэн. Тухайн үед би согтуу хүмүүс хоорондоо бага зэрэг муудалцсан л биз гээд тоогоогүй. Тэгээд Х руу юу болж байгаа талаар асуухаар залгатал “Н бид 2 муудалцаад би Ныг чулуугаар 2 удаа цохисон” гэж хэлсэн. Тэгээд би нөхрийгөө очиж автал бие нь цус болчихсон, согтуу байдалтай байж байсан... гэх гэрч Д.Яийн мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- ...2019 оны 10 дугаар сарын 14-ний орой гэр рүүгээ явж байхад машины гэрэлд согтуу байдалтай, нүүр ам нь нэлэнхийдээ цус болчихсон эрэгтэй хүн ороод ирэхээр нь анзаараад хартал манай сумын уурын зуухад галчаар ажилладаг Н байхаар нь би цагдаад дуудлага өгсөн... гэх гэрч Л.Аийн мэдүүлэг /хх-ийн 14/,

- ...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр рүүгээ явах замдаа Бтай таарсан. Бид 2 уулзаад 2 минут ч болоогүй байхад Н бид 2-ын хажууд ирэнгүүтээ үгийн зөрүүгүй газраас чулуу аваад Бийн цээж хэсэг рүү цохих шиг болсон. Тэгтэл Б нь Н руу уурлаж босож ирээд “яахаараа намайг цохидог юм бэ?” гэж хэлээд Нын хоёр гарыг биетэй нь давхар тэврээд газарт унагаад дараад хэвтсэн. Тэгэхээр нь “та 2 яагаад байгаа юм бэ?” гэж хэлэхэд тэр хоёр дуугүй хэвтээд байхаар нь хоорондоо учраа олчих байх гэж бодоод гэр рүүгээ явсан... гэх гэрч Т.Бийн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- ...Шарын голын гарам дээр Бямбадоржтой уулзаад байж байтал гэнэт Н “чи муу гөлөг шүү дээ” гэж хэлээд над руу чулуу шидээд, намайг өшиглөөд цохиод байхаар нь би “чи боль л доо, яагаад байгаа юм бэ?” гээд маргалдаж байхад Бямбадорж бид 2-г орхиод явсан. Тэгээд бид 2 хоорондоо зууралдаад ноцолдож байгаад би газраас атга дүүрэн чулуу аваад Нын толгой руу 2 удаа цохисон. Тэгэхэд түүний толгойноос цус гарсан... гэх шүүгдэгч Ц.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 21/

- Э.Наранбоддын биед дагз, зүүн хацар, зүүн мөрөнд шарх, зүүн хацар, дээд уруулын хэсэг, доод эрүү, баруун, зүүн дал, хоёр далны хооронд, цээж, бүсэлхийн хажуу хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 876 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/,

Хохирогч Э.Н нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай 12018 дугаартай өвчний түүх /хх-ийн 52-58/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч Э.Нын “...Миний биед учруулсан гэмтлийг Ц.Б учруулсан гэдгээ өөрөө надад хэлээд уучлалт гуйсан. Мөн надад эмчилгээндээ хэрэглээрэй гээд 150.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/, “Э.Н миний бие Ц.Бт гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 66/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Бийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр Шарын голын гүүрний орчимд иргэн Э.Нын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь дагз, зүүн хацар, зүүн мөрөнд шарх, зүүн хацар, дээд уруулын хэсэг, доод эрүү, баруун, зүүн дал, хоёр далны хооронд, цээж, бүсэлхийн хажуу хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.  

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ц.Б нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Дархан-Уул аймгийн Орхон сумын “...................” ХХК-нд машинист качегори ажилтай, сарын 330.000 төгрөгийн цалин авдаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 32-34/, “...................” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаартай тодорхойлолт /хх-ийн 38/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 42/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Бийн цалин хөлс, бусад орлого, хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 50.000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР