Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 665

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж, 

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,

иргэдийн төлөөлөгч Д.Өлзиймаа,

хохирогч Б.Т-,

шүүгдэгч Ц.С-, түүний өмгөөлөгч Б.Баярням /ҮД:0226/,

шүүгдэгч Д.Ч-, Г.А-, тэдгээрийн өмгөөлөгч С.Батдэлгэр /ҮД:1338/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уулдүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ламын гэгээн овогт Ц-ын С-, Боржигон овогт Д-ын Ч-, Боржигон овогт Г-гийн А- нарт холбогдох эрүүгийн 1910008610327 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянавал:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн

2. Монгол Улсын иргэн

3. Монгол Улсын иргэн

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ц.С-, Д.Ч-, Г.А- нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод оршин суух Б.Т-ыг гэртээ байхад нь хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, айлган 750.000 төгрөгийн үнэ бүхий “Huawei P20” маркийн гар утас болон бэлнээр 50.000 төгрөгийг авч нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ц.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч  “... “...” даатгалтай байранд хүрээд ир, цагийн 150.000 төгрөг гэсэн. Мөн ирэхдээ нэг хайрцаг ченж Эссэ тамхи, нэг том савтай пиво авчраарай” гэсэн. Намайг таньж магадгүй гээд Д.Ч-тай хамт орсон. Тэгээд “...” даатгалтай байрны 4 давхарт гартал улаан халаадтай залуу /Т-/ хаалгаа онгойлгочихоод цаашаа явчихсан. Би гэрт нь ороод Б.Т-т “чи намайг таньж байна уу, бусад чинь хаана байна” гэж асуусан. Учир нь намайг трансжендерүүд 5 удаа хутгалсан болохоор Б.Т-аас “бусад чинь хаана байна” гэж суухад “манай найз залуу бид хоёр л байдаг” гэж хэлсэн. Хиймэл хөх байхаар нь хөлөөрөө холдуулаад Т-аас “энэ юу вэ” гэж асуухад “би гармоны эмчилгээ хийлгэж байгаа. Миний хөх ургаж дуусах хүртэл үүнийг түр хэрэглэдэг юм” гэхээр нь Т-т “эр хүн байж эр хүнээрээ амьдарч болдоггүй юм уу” гэхэд “би ингэж амьдраад сурчихсан юм, одоо миний хөх ургаж байгаа” гэхээр нь утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Г.А- гаднаас орж ирээд “яажчихав явъя” гэж хэлсэн. Гэтэл Т- “гар утсан дээр миний хувийн зураг байгаа” гэхээр нь сонирхоод гар утсыг нь аваад гарсан. Хохирогч Т- мансуурсан байхдаа мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн байна лээ. Миний авсан гар утасны кэйсэнд 50.000 төгрөг байсныг авсан. Түүнээс гадуур хувцасных нь халааснаас мөнгө аваагүй. Б.Т-ыг миний араас хутгалчих байх гэж бодож биеэ хамгаалах зорилгоор хутгыг авч гараад хаясан. Хохирогчийн гэрт хутга авч очоогүй гэв.

 

         Шүүгдэгч Д.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр таксинд явж байхад эхнэр Г.А- над руу залгаад“С- хүнд хутгалуулаад идээ бээр нь гарчихсан байна гэнэ. Эмнэлэг явах шаардлагатай байна” гэхээр нь эхнэр Г.А-тэй хамт очсон. Ц.С- “намайг хутгалсан трансжендерүүд энд цугларчихсан байна” гэж хэлсэн. Бид гурав “...” даатгал гэсэн байрны гадаа очтол Ц.С- “намайг харвал хаалгаа онгойлгохгүй байх хамт ороод өгөөч” гэсэн. Нөгөө хүн нь /Т-/ Ц.С-ыг “...” даатгалтай байрны 4 давхарт гараад залгаарай” гэж хэлсэн байсан тул 4 давхарт гараад дугаар руу нь залгахад улаан халаадтай залуу /Т-/ хаалгаа тайлсан. Тухайн залуу /Т-/ улаан даашинзтай, улаан үстэй өндөр биетэй, эротик ая тавьчихсан трансжендер байсан. Ц.С- бид хоёр ороод байж байтал манай эхнэр Г.А- “чи хаашаа орчихов оо” гээд орж ирэхээр нь би гараад явсан. Би бэлэг эрхтнээ гаргасан асуудал байхгүй. Би хохирогчид “чи эрэгтэй юм байж, яадаг юм бэ, чи хаашаа хийлгэдэг юм бэ” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй гэв.

Шүүгдэгч Г.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай нөхөр Д.Ч- шоронгоос гарч ирээд удаагүй байсан тул дахин гэмт хэрэгт холбогдчих вий гэж бодсон. Тэгээд байрны үүдээр орж байтал нэг хүн орилоод байхаар нь очтол улаан үстэй хүн /Т-/ том биетэй хүн орилоод гараад ирэхээр цочиод хаалгыг нь хаасан. Гэтэл Ц.С- нөгөө залуугийн /Т-/ үснээс татаад  гэж хэлсэн. Д.Ч- бид хоёр Ц.С-ыг хүлээгээд орцонд зогсож байтал Ц.С- цаасны хутга бариад гараад ирсэн. Ц.С-аас “цаасны хутгаараа яах гэж байгаа юм бэ” гэхэд “араас гарч ирээд хутгалчихна, би өмнө нь трансжендерүүдэд хутгалуулсан” гэж хэлсэн. Бид гурав байрны булан эргээд  хутгыг нь хаясан. Би хохирогч Т-т гар хүрээгүй, гэрийнх нь үүднээс нөхөр Д.Ч-ыг аваад гарсан гэв.

Хохирогч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн хэрэг шөнө 12 цаг болж байхад гарсан. Би хаалга тогшихоор нь хаалгаа тайлсан. Гэтэл өндөр, нам хоёр эрэгтэй хүн /С-, Ч-/ орж ирээд өндөр залуу нь /С-/ өөрийгөө Ш- гэдэг гээд “намайг таних уу, би чамтай адилхан хүмүүсээс болж хутгалуулж байсан тул өшөөгөө авна” гээд цээжиндээ хутгалуулаад идээлсэн сорвио үзүүлээд намайг өшиглөөд зодсон. Намхан залуу нь /Ч-/ өмдөө тайлчихаад “миний эрхтнийг хөх, цаашаа хар, араас чинь шаана” гэж хэлсэн. Тэгээд “чамайг алчихаад гарахад хэн ч олохгүй” гэж айлгасан. Намхан нуруутай эрэгтэй нь халааснаасаа цагаан өнгийн оймс гаргаад гартаа углаад гэрийн эд зүйлсийг онгойлгож үзээд байсан. Тэгтэл гаднаас эмэгтэй хүн орж ирэхээр нь би хаалгаар зөрөөд гараад зугатаах гэтэл нөгөө эмэгтэй хаалга хаагаад миний хөлийг хавчсан. Энэ үед нөгөө хоёр эрэгтэй нь араас үсдээд чирсэн. “Ш-” гэдэг нь хоолойнд хутга, намхан залуу нь гэдсэнд цаасны хутга тулгасан. Цаасны хутгаа барьчихаад савчаад байсан. Би гар утасаа өгмөөргүй байна гэхэд эмэгтэй нь гэрийн халаадны халааснаас гарын утсыг маань шүүрч авсан. Тэгснээ “байгаагаа өг” гэхээр нь би айсандаа өөрт байсан 50.000 төгрөгийг пальтоны халааснаас авч Ш-д /С-/ өгсөн. Би хэрэг гарснаас хойш их айдастай байгаа. Одоо ч гэсэн шоконд орсон байдалтай байна. Би тухайн хэрэг үйлдсэн хүмүүстэй дахин тааралдмааргүй байна. Би гар утсаа буцааж авсан. Би 50.000 төгрөгөө аваагүй ч нэхэмжлэхгүй. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, гэхдээ цаашид яахыг нь мэдэхгүй байна, дахиж таарвал ална, хоолой хэрчинэ гэж айлгасан, ийм явдал болох вий гэж айж байна гэв.

 

Эрүүгийн 1910008610327 дугаартай хавтаст хэргээс:

 

            Хохирогч Б.Т-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 23-34-р хуудас, 2-р хавтас 4-6-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №05/174 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 44-51-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №2244 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 54-55-р хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 13-16-р хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 93-р хуудас/,

 

“Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1-р хавтас 229-р хуудас/,

Хохирогч Б.Т-ын интернет орчинд тавьсан зарын хуулбар /хх-ийн 1-р хавтас 244-245-р хуудас/,

Шүүгдэгч Ц.С- мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэхдээ: Би 2019 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө “Миний зар.мн” сайтад тавигдсан “бүхнийг хийнэ, анал трансжендер” гэсэн зарын дагуу ... гэсэн дугаарын утсаар нь холбогдоод “ямар үйлчилгээ үзүүлэх вэ” гэж асуухад “хөхөж тавиулна, анал секс хийнэ. ... автобусны буудлын хажууд ирээд залгаарай. Нэг цагийн 160.000 төгрөг шүү. Харин ирэхдээ том пиво болон ченж эссэ аваад ирээрэй” гэж ярьсан. Тэгээд би найз Ч-, А- нарын хамт очихоор утас руу нь залгаж хаягийг нь асуухад “... даатгалтай байрны 1 дүгээр орцны 5 давхарт гарч ирээд залга” гэж хэлсэн. Ч- бид хоёр тухайн байрны 5 давхарт нь гараад утас руу залгахад “... тоот” гэсэн хаалгыг тайлж өгсөн. Хаалгаар ортол улаан өнгийн плаж өмссөн улаан үстэй эрэгтэй хүн /Т-/ зогсож байсан. Дотогшоо ороод би хаалгыг нь түгжсэн. Би Т-т “чи эр хүн байж жудагтай бай л даа, эрэгтэйгээрээ чи дажгүй л залуу байна ш дээ” гэж хэлээд 2-3 удаа үсдэж татсан. Түүнд “чи хүн шиг амьдарч болдоггүй юм уу” гэж хэлээд зүүн хөл рүү нь хоёр удаа өшиглөсөн. Тэр үед Д.Ч- миний хажууд зогсож байсан. Би өөрийн ... гэсэн дугаарын утаснаас А-ийн 80124452 гэсэн дугаарын утас руу залгаад “ороод ир” гэж хэлсэн. Ч- Т-ыг зодож цохисон зүйл байхгүй. ...Би Т-ын өмсөж байсан улаан өнгийн плажны халаасанд байсан хар өнгийн “Huawei P20” маркийн гар утас болон 50.000 төгрөгийг нь авсан. Тухайн үед тэр гомо залуу /Т-/ надад байгаа нь 50.000 төгрөг гэж хэлээд гаргаж өгсөн. Би тухайн үед гал тогооны ширээн дээр нь хутга байхаар нь нуух зорилготой авсан. Учир нь би 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Өргөөгийн хажууд байрлах байрны орцонд үл таних 8-н трансжендер залууд 4-5 удаа хутгалуулсан юм. Тэгээд гэрээс нь гарах үед Т-ыг араас хутгалчиж магадгүй гэж бодоод хутгыг авч гарсан. Харин тухайн үед Ч- цаасны хутга барьчихсан байсан. Тэрнээс биш Т- руу хутга тулган айлган сүрдүүлсэн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 36-37-р хуудас/,

Шүүгдэгч Ц.С- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Жуков зочид буудалд найзтайгаа хамт архи ууж байхдаа “анол, орол, смайл цэвэрхэн трансжендер байна, санхүү авна” гэсэн мессэж зарын дагуу залгахад “цагийн 130.000-150.000 төгрөг, Хан-Уул дүүргийн ... “...” даатгалтай байранд ирээд залгачих” гэж хэлсэн. Би Ч- руу залгаад “машинтай явж байвал найзыгаа ... хүргээд өгөөч” гэхэд “халтууранд явж байна, нэг хүн буулгачихаад очьё” гэсэн. Ч- А-ийн хамт ирэхээр нь бид гурав ... “...” даатгалтай байранд ирээд тухайн дугаар руу залгахад “би нүүр, амаа янзалж дуусаагүй байна, чи дэлгүүр хаахаас өмнө 1 ширхэг том пиво, ченж эссэ тамхи аваад ... даатгалтай байрныхаа 4 давхарт гараад залгачих уу” гэж хэлсэн. Би Ч-ад “хамт орьё” гээд дагуулаад ороход улаан үстэй, улаан плажтай хүн /Т-/ хаалга онгойлгохоор нь Ч- бид хоёр орсон. Би нөгөө хүнд /Т-/ “чи намайг таньж байна уу, пизда минь” гэхэд “та юу яриад байгаа юм бэ” гэхээр нь “хуцаад байгаарай, бусад чинь хаана байна” гэхэд “манай найз залуу ирэх болоогүй байна” гэж хэлсэн. Би түүний шилбэ рүү нь 3-4 удаа өшиглөөд Т-т “эр хүн байж эр хүнээрээ амьдарч болдоггүй юм уу” гэхэд “би ингэж амьдраад сурчихсан юм, одоо миний хөх ургаж байгаа” гэхээр нь утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. А- гаднаас орж ирээд “яачив, шижгийн юм аа явъя” гэж хэлсэн. Тухайн үед Т- өөрөө “надад байгаа нь 50.000 төгрөг байна. Үүнийг аваад явчих” гээд өгөхөөр нь аваад, мөн түүний халаасанд байсан гар утсыг нь авсан. А-ийг гаднаас орж ирэхэд Т- зугатаах гэхэд нь би араас нь татаж унагаасан. А-, Ч- хоёр түрүүлээд гэрээс нь гарсан. Харин би араас нь гарахдаа гал тогооны ширээн дээр байсан хутга болон үүдэнд угаалгын машин дээр байсан цаасны хутгыг авч гараад байрны хажуу буланд хаячихсан юм. Би өмнө нь трансжендер хүнд хутгалуулж байсан учир араас хутгалж магадгүй гэж бодоод хутгыг авч гарсан болохоос Т- руу хутга барьж айлган сүрдүүлсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 76-77, 79-80, 235-236-р хуудас/,

 

          Шүүгдэгч Д.Ч- мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын хэдний өдрийг сайн санахгүй байна. С- над руу залгаад “... их сургуулийн хажууд байрлах ... буудалд хүрээд ир” гэхээр нь очсон юм. Ц.С-тай уулзахад тэрээр “бие үнэлэгч нартай уулзаж эзэнгүй, хараа хяналтгүй бие үнэлдэг хүмүүсийг хараандаа авч хамгаалалтандаа авъя” гэснээ трансжендер хүний дугаарыг өгөөд “160.000 төгрөгөөр бие үнэлдэг юм байна, хоёулаа хамт очиж уулзъя” гэж хэлсэн. Би С-ын өгсөн трансжендер залуугийн утас руу залгахад тэрээр “... дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд ... дээр ирээд утас руу залгаад “ирчихлээ” гэж хэлэхэд “... даатгалтай ... 5-р орцны 4 давхарт нэг ченж эссэ, нэг пиво, бэлгэвч аваад ир” гэсэн. Захисан юмнуудыг нь аваад 4 давхарт гараад “ирчихлээ” гэж хэлэхээр залгасан боловч гар утсаа авахгүй байхаар нь “за за худлаа болчихлоо, явъя” гэж байтал өөрөө хаалга онгойлгосон. Дотогшоо эхэлж С- ороод, араас нь би ороод гэрийн хаалгыг нь түгжсэн. Гэр рүү ороход эротик дуу тавьсан лаа асаасан байсан. С- Т-т “намайг Ш- гэдэг” гэж хэлээд өөр өрөө рүү аваад орсон. Юу гэж ярьсаныг нь сонсоогүй. Тэр хоёр өрөөнөөс гарч ирээд С- надад “А-ийг дууд” гэж хэлсэн. Би хаалга тайлж А-ийг оруулаад буцаад хаалга түгжих үед нөгөө хүн /Т-/ үүд рүү зугтах гэж гүйж байхад нь С- үснээс нь татсан. С- нөгөө хүнд “чи монгол хүн юм уу, эр юм байж ичээч” гээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. С- Т-т “чи хэнтэй явдаг юм, хэдэн жил болж байгаа юм бэ, чи секс яаж хийдэг юм, чи яг ямар зорилгоор ингэж явдаг юм, чамд боов байгаа юу” гэж асуухад “миний хөх ургаж байгаа, анал секс хийдэг” гэж хэлсэн. Т- “надад байгаа нь л 50.000 төгрөг байна. Энэ мөнгийг аваад зүгээр орхичих тэгэх үү” гэж гуйгаад байсан. Тэгээд Т-ын өгсөн 50.000 төгрөгийг С- аваад гараад явсан. Харин гар утсыг С- аваад гарсан байх. Намайг гэр рүү нь ороход угаалгын машинаас цаасны хутга унахаар нь аваад барьж байгаад гэрээс нь гарахдаа орцны үүдэнд хаясан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 39-41-р хуудас/,

 

Шүүгдэгч Д.Ч- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ганцаараа таксинд явж байхад эхнэр А- залгаад “манай нэг найз согтуу байна, ирээд аваач гэнэ, хамт очиж авъя” гэж хэлэхээр нь эхнэр А-ийг гэрээс нь аваад Жуковд байрлах “...” зочид буудалд очсон. Буудал руу эхнэр А-ийн хамт ороход С- ганцаараа байсан. Бие нь шархтай “намайг хутгалсан трансжендерүүд энэ байранд байх шиг байна. Чатаар санхүү авна гээд зар тавьсан байна. Би олчихлоо” гэж хэлсэн. Тухайн үед би С-ыг сайн танихгүй байсан учир танилцаад бие биенийгээ мэддэг болж тэрээр надад “хамт яваад өгөөч, миний биенээс эдээ бээр гараад ганцаараа орохоос айгаад байна, намайг хутгалсан хүмүүс танина” гэхээр нь хамт явсан. С- хохирогчтой мессэжээр холбогдоод ... “...” даатгалтай байранд очиж пиво, ченж эссэ тамхи, чипс зэрэг эд зүйл авсан. Гэтэл бид хэдийг харж байгаа бололтой ийшээ, тийшээ гээд утсаар ярихдаа заагаад байсан. Байрны 4 давхарт гарахад нөгөө хүн нь утсаа авахгүй 5-10 минутын дараа хаалга онгойхоор нь С- эхлээд орсон. Дараа нь би араас нь орж хаалганы хажууд зогссон. Тухайн байранд улаан үстэй, улаан плажтай эрэгтэй хүн /Т-/ гэртээ улаан хөшиг татсан, лаа асаасан бас эротик ая тавьсан байсан. С- нөгөө трансжендерийг /Т-/ “та нар нийлж байгаад намайг хутгалсан. Бусад чинь хаана байна” гээд хоорондоо хэрэлдээд цаад талын хөшиг татсан өрөө рүү аваад орсон. Намайг үүдэнд зогсож байхад А- гаднаас ороод ирэхэд нөгөө трансжендер /Т-/ үүд рүү гүйж ирээд зугатаах гэхэд нь С- араас нь үсдэж татаад цаашаа аваад явсан. А- “юу хийгээд байгаа юм, балай юм уу, дахиад хэрэг төвөгт орох гээд байгаа юм” гэж уурлаад гарсан. Би А-ийн араас нь гараад орцонд бид хоёр маргалдаад зогсож байхад С- гартаа цаасны хутга бариад “араас хутгалж магадгүй гээд авчихлаа” гээд гараад ирсэн. Гадагшаа гараад хутгаа байрны булан руу шидсэн. Тэгээд бид гурав яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас /хх-ийн 1-р хавтас 82-86-р хуудас/,

 

           Шүүгдэгч Г.А- мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр оройн 19 цагийн үед намайг Дарь-Эхэд гэртээ байхад С- над руу залгаад “Баянзүрх дүүрэгт байрлах Кино үйлдвэрийн “...” зочид буудалд хүрээд ир” гэхээр нь нөхөр Ч-ын хамт очсон. С-тай уулзахад тэрээр “нэг трансжендер рүү утсаар юм биччихсэн чинь хүрээд ир гээд өдөржин янз бүрийн юм бичээд байна. Гурвуулаа очоод уулзъя” гэхээр нь бид гурав ... автобусны буудлын наана “... даатгал” гэсэн бичигтэй байранд ирсэн. С- “намайг наад гомонууд чинь танина. Тиймээс Ч- хаалгыг нь тогшоод онгойлгуулчих” гэж хэлсэн. Тэгээд Ч- хаалгыг нь тогшиж онгойлгуулаад С- Ч- хоёр дотогшоо орсон. 4-н давхар билүү, тоотыг нь бас санахгүй байна. Би гадаа нь зогсож байсан. Ч- над руу залгаад “Ороод ир” гэхээр нь ороход тэр гомо залууг /Т-/ С- “чи ингэж яваад хэр удаж байгаа юм. Чамайг эр хүний нэр гутаасан болохоор зодож байгаа юм” гээд гартаа алчуур ороочихсон бие рүү нь 2-3 удаа цохисон. Нөгөө нь /Т-/ урдаас нь зодолдоод байсан. Тэр гомо залуу /Т-/ “намайг Марлаа гэдэг. 2-3 жил ингэж явж байна. Найз гомотойгоо амьдардаг” гэсэн. С- түүнд “Би та нар шиг ийм юмнуудыг цэгцэлдэг. Би чиний үсийг чинь хусна” гэхэд “битгий хусаач. Манай найз ирж байгаа. Та нар одоо ингээд гарчих. Надад 50.000 төгрөг л байна. Энийг аваад явчих” гэхэд С- “намайг унтуулахгүй янз бүрийн юм бичээд байдаг. Гар утсаа гаргаад ир” гээд 50.000 төгрөг болон гар утсыг нь авсан. Тэгээд бид гурав гараад явсан. Ч- бид хоёр ямар нэгэн зүйл аваагүй. С- “гомо залуутай уулзаж, мөнгө авна” гэхээр нь Ч- бид хоёр хамт явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 42-р хуудас/,

 

Шүүгдэгч Г.А- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр С- над руу залгаад “хүнд хутгалуулаад зочид буудалд байна. Эм, тариа аваад өгөөч” гэхээр нь “завгүй байна” гэж хэлсэн. Орой нь дахиж над руу залгаад “хүрээд ир, бие өвдөөд байна” гэхээр нь нөхөр Ч- руу яриад “манай найз хүнд зодуулсан гээд дуудаад байна, хоёулаа очоод ирье” гээд дуудсан. Нөхөр Ч- ирэхээр нь С-ын байсан Жуковд байх “...” зочид буудалд очиход ганцаараа “3 хоногийн өмнө баахан гомо нарт зодуулаад, хутгалуулсан, ганц шил архи аваад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд С- “би хутгалсан хүнээ олчихлоо, трансжендерийн нэгийг олчих шиг боллоо, янз бүрийн юм хийнэ гэсэн зар тавьсан байхаар нь 2 цаг шахуу чатлалаа. Тэгсэн намайг гэртээ хүрээд ир гэнэ” гэж хэлсэн. Нөхөр Ч-тай С- танилцаад нэг шил архи авч өгсөн. Архийг С- ууж шарх сорвио цэвэрлээд “намайг ...ад хүргээд өгөөч, трансжендертэй уулзана” гэж хэлсэн. Би нөхөр Ч-ын хамт ... “...” даатгалтай байранд хүргэж өгөхөд “трансжендерүүд намайг танина, захисан юмыг нь аваад чи хаалга онгойлгуулаад өгчих, бусдыг нь би өөрөө зохицуулна” гэж хэлсэн. Ч-тай орохоосоо өмнө С- надад “4 давхарт шатны өөдөөс харсан хаалга” гэсэн мессэжийг уншуулсан. С-, Ч- хоёр байр руу ороод гарч ирэхгүй удаад байхаар нь санаа зовоод араас нь ороод 4 давхарт гарахад С- нэг хүний хамт хашгираад байсан ба хаалгыг нь татахад онгойсон. Намайг дотогшоо ороход өөдөөс Т- гүйгээд ирэхэд С- үснээс нь татаж цаашаа авч ороод “намайг Ш- гэдэг” гээд орилоод байсан. Манай нөхөр Ч- үүдэнд зогсож байхаар нь “гаръя, хэрэг төвөгт орох гээд байгаа юм уу” гэж хэлээд намайг гарахад араас Ч- гарч ирсэн. С- “найз нөхөд нь ирж магадгүй харж байгаарай” гэсэн. Орцонд Ч- бид хоёрыг зогсож байхад С- гартаа цаасны хутга барьчихсан “эд нар араас хутгалдаг юм, тэгэхээр нь хутгыг нь аваад гараад ирлээ” гэж хэлээд гарч ирсэн. Гадагш гараад С- байрны булан руу хутгаа шидсэн. Бид хэд машиндаа суугаад хөдлөхөд С- “Гэмтэл хүргээд өгчих, найз хүлээж байгаа” гэхээр нь Гэмтлийн эмнэлгийн автобусны буудал дээр хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 89-90, 92-р хуудас/

 

Шүүгдэгч Ц.С-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хавтас 108-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 110-р хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 114-118, 125-127-р хуудас/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 75 дугаартай “Хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай” ерөнхий шүүгчийн захирамж /хх-ийн 1-р хавтас 117-118-р хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 123-124-р хуудас/,

Шүүгдэгч Д.Ч-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хавтас 131, 133-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 134-р хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 147-154-р хуудас/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 551 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 174-201-р хуудас/, 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 413 дугаар хорих ангийн “Суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт”-ын хуулбар /хх-ийн 2-р хавтас 66-р хуудас/,

Шүүгдэгч Г.А- хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хавтас 203, 206-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 207-р хуудас/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 209-210-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 211-р хуудас/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтэрийн хуулбар /хх-ийн 1-р хавтас 213-217-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.С-, Д.Ч-, Г.А- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

           Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.С-, Д.Ч-, Г.А- нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод оршин суух хохирогч Б.Т-ын гэрт орж хутга, цаасны хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж буюу хүч хэрэглэн “Huawei P20” маркийн гар утас болон бэлэн 50.000 төгрөгийг дээрэмдэн авч, нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Т-ын ... 2019 оны 4 дүгээр сарын 05-ны шөнө 23:30 цагийн орчимд гэрийн хаалга тогших чимээ гарахаар нь хаалгаа тайлахад 2 эрэгтэй хүн /С-, Ч-/ байсан. Нэг нь /С-/ намайг түлхээд гэр рүү орж ирэхэд, нөгөө эрэгтэй /Ч-/ араас нь орж ирээд гэрийн хаалгыг дотроос нь түгжсэн. Эхлээд орж ирсэн өндөр нуруутай залуу нь /С-/ “таньж байна уу, гичий минь, намайг Ш- гэдэг” гэх зэргээр хэл амаар доромжилсон. Ш- нь гал тогооны өрөөнөөс бор иштэй хутгыг авч, мөн намхан нуруутай залуу нь /Ч-/ угаалгын машин дээр байсан цаасны хутгыг авсан. Тэгтэл намхан нуруутай залуу нь /Ч-/ өмдөө шувтлаад бэлэг эрхтнээ гаргаад “миний эрхтэнг хөх” гэхээр нь би дуугарахгүй зогсож байтал нөгөө залуу “намайг цаашаа хар, бөгсрүү чинь шаана” гэсэн. Тэгтэл Ш- гэх залуу нь /С-/ “би өмнө нь трансжендер хүнд хутгалуулж байсан, энийг хар” гээд дээгүүр өмсөж байсан хувцсаа тайлж баруун суганы доод хэсэгтээ шархны тууз наасан газраа үзүүлсэн. Уг газар нь ангайсан шинэ шархтай байсан. Ш- гэх залуу /С-/ нь намхан залуудаа /Ч-/ “одоо нөгөө эмэгтэйгээ дууд, бусад нь хэрэггүй” гэж хэлэхэд тэрээр гар утсаараа нэг хүнтэй яриад “4 давхарт ... тоотод ороод ир” гэсэн. Удалгүй хаалга тогшоод намхан нуруутай, махлаг биетэй эмэгтэй /А-/ орж ирэхэд нь би зөрөөд хаалгаар гарч зугатаах гэхэд нөгөө эмэгтэй /А-/ хаалга хаахад нь би зүүн хөлөө хаалганд хавчуулсан. Намайг нэг залуу үсдээд хойшоо татаж, дараа нь үсдэж доош тонгойлгож дараад том өрөө рүү чирсэн. Ш- гэх залуу /С-/ “чи эр хүн юм байж ичээч, Монгол хүн мөн үү” гээд орилоод гар утсаараа бичлэг хийж байснаа “дахиж нүдэнд харагдвал ална шүү” гэж занаад мөнгө асуухад нь пальтоны халааснаасаа 50.000 төгрөг гаргаж өгсөн. Тухайн үед миний гэртээ өмсөж байсан халаадны халаасанд байсан гар утсыг сүүлд орж ирсэн эмэгтэй /А-/ нь авсан. Би хэдэн минутын дараа араас нь гарахад дээрх гурван хүн байхгүй байхаар нь гадаа явж байсан ахаас утсыг нь гуйж 102-т дуудлага өгсөн. Өндөр нуруутай, өөрийгөө “Ш- гэх залуу нь: 25-30 орчим насны, 178-180 орчим см өндөр нуруутай, туранхай шар царайтай, шанааны яс товгор, духны баруун хэсэгтээ зулгарсан шархтай. Онигор нүдтэй, хөдөөний юм шиг ярьдаг. Хоёр гарны дээд хэсэгт шивээстэй, цээжиндээ 4-5 см хурц ирмэгтэй зүйлийн хуучин сорвитой, баруун хөхний доод хэсэгт шинэ шархтай. Тухайн өдөр хар өнгийн саравчтай малгай, богино савхин куртик, юүдэнтэй ноосон цамц, бэлтгэлийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй байсан.

2. Намхан нуруутай залуу нь: бор өнгийн царайтай, 25-30 орчим насны 165 см өндөр нуруутай, туранхай, хөх өнгийн нимгэн куртиктэй, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан.

3. Эмэгтэй нь: 25-30 орчим насны 160-165 орчим см өндөр, махлаг биетэй, бор шаргал өнгийн урт үстэй, хар өнгийн хувцастай байсан.

Хоёр эрэгтэйгээс /С-, Ч-/ архи үнэртэж байсан. Миний зүүн хөлний орчим зулгарч хавдсан /хаалганд хавчуулсан/, толгойн үсний хэсэг, духны дээд талд үс халзарч унасан. Өөр гэмтэл шарх байхгүй. Би 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 11 цагийн үед үзлэгийн өрөөнд эмчид үзүүлсэн. Өөрийн алдсан гар утсаа хүлээн авсан, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 23-34-р хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэнд: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ... ... тоотод үзлэг хийхэд ...зурагтын суурь хэсгийн бариулаас 1 ширхэг гарын мөр, өсгөгчний гол хэсгээс 2 ширхэг гарын мөр, ширээн дээр “Huawеi P20” маркийн гар утасны цагаан өнгийн хайрцагнаас 2 ширхэг гарын мөр, 15х25 хэмжээтэй толиноос 2 ширхэг гарын мөр тус тус бэхжүүлсэн талаар тусгажээ. /хх-ийн 1-р хавтас 13-16-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 05/174 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 2019 оны 4 дүгээр сарын 05-ны 23 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 1-р хороо, ... ... тоотод ...хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн ...7 ширхэг гарын мөрүүдээс 2, 4, 5, 6, 8, 10 гэж дугаарласан мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх №3 “Тольны дээд хэсгээс” гэж дугаарласан тунгалаг наалдамхай тууз дахь гарын мөр нь Ц-агийн С-ын баруун гарын эрхий хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна гэх дүгнэлт /хх-ийн 44-45-р хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэлд: Ц.С-аас хар өнгийн “Huаwеi P20” маркийн гар утсыг хураан авав. /хх-ийн 1-р хавтас 93-р хуудас/,

“Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Huawei P20” маркийн гар утсыг 750.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 1-р хавтас 229-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхитэй үйлдлээр илэрдэг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тодорхойлсон бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог ба энэ гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байхаар хуульчлагджээ.

 

Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичигт “зэвсэг” гэдэг нь үйл хийхэд чухал хэрэглээтэй хэрэгсэл, багаж гэж тайлбарлажээ. Харин эрүүгийн эрх зүйн хувьд “Зэвсэг” гэдгийг иж бүрдэл, бүтцийн хувьд амьд болон бусад биетийг устгах, гэмтээх зориулалт бүхий эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгодог.

 

           Шүүгдэгч Ц.С- нь “би дээрэмдэх гэж очоогүй. Урьд трансжендер хүмүүст хутгалуулж байсан. Намайг хутгалсан трансжендерыг хайж очсон. Гар утасны арын хавтасанд нь 50.000 төгрөг байсан. Хохирогч намайг араас хутгалж магадгүй гэж бодоод гэрт байсан хутгыг нь авч гараад хаясан” гэж, шүүгдэгч Д.Ч- нь “Ц.С- хамт орьё гэхээр нь би хохирогчийн гэрт орсон. Би цаасны хутга барьж хохирогч руу дайраагүй” гэж, шүүгдэгч Г.А- “манай нөхөр Д.Ч-, Ц.С- хоёр гарч ирэхгүй удаад байхаар нь санаа зовоод араас нь орсон. Намайг 4 давхарт хаалганы дэргэд очиход урдаас өндөр том биетэй хүн орилоод гараад ирэхээр нь сандраад хаалгыг нь хаасан. Би хохирогчийн гар утсыг аваагүй” гэж тус тус гэм буруугийн талаар маргав. Шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба гэмт хэрэг үйлдснээ зөвшөөрөхгүй байх нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийн асуудал боловч энэхүү эрхээ эдлэх, хэрэгжүүлэх хэмжээ хязгаар нь илтэд худал мэдүүлэг өгч бусдыг гүтгэхгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүргээр хязгаарлагдана. 

 

          Шүүгдэгч Ц.С-, Д.Ч- нар нь хохирогч Б.Т-ын гэрт түрүүлж ороод хутга болон цаасны хутгаар хохирогчийг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлсэн, хохирогчийн хаалгаар зугтаах үйлдлийг шүүгдэгч Г.А- зогсоож, хөлийг нь хаалгаар хавчихад шүүгдэгч Ц.С- хохирогчийг үсдэж чирэн хүч хэрэглэсэн, хохирогчийн халааснаас “Huawеi P20” маркийн гар утсыг шүүгдэгч Г.А- авсан, шүүгдэгч Ц.С- нь хохирогчоос 50.000 төгрөг авсан талаар хохирогч Б.Т- мөрдөн байцаалтын шатанд удаа дараа болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлсэн ба түүний мэдүүлгийг эргэлзээтэй гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Хохирогч Б.Т- нь үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй этгээд ба тэрээр удаа дараа гаргасан мэдүүлэгтээ мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан байна.

           Иймд шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгч Б.Баярнямаас гаргасан “хутгыг зэвсгийн чанартай хэрэглээгүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэсэн, шүүгдэгч Д.Ч-, Г.А- нарын өмгөөлөгч С.Батдэлгэрээс “Хэргийг прокурорт буцааж, хохирогч, шүүгдэгч нарыг нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа хийлгэх” хүсэлтийг үндэслэлгүй гэж үзлээ.

 

           Шүүгдэгч Ц.С-, Д.Ч-, Г.А- нар нь бүлэглэн хохирогч Б.Т-т хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж “Huawеi P20” маркийн гар утас, бэлэн 50.000 төгрөгийг дээрэмдэн авахдаа хутга болон цаасны хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлох гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч Ц.С-, Д.Ч- нарыг гэм буруутай. Харин шүүгдэгч Г.А-ийг гэм буруугүй” гэсэн дүгнэлт гаргажээ. Шүүгдэгч Ц.С-, Д.Ч- нарыг хутга болон цаасны хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогчийг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлэх үед хохирогч Б.Т-ын зугатаах үйлдлийг шүүгдэгч Г.А- нь хаалгаар хөлийг нь хавчиж зогсоосон ба шүүгдэгч Ц.С- нь хутга барьж, шүүгдэгч Д.Ч- нь цаасны хутгаар хохирогчийг сүрдүүлэх явцад шүүгдэгч Г.А- нь хохирогчийн халааснаас гар утсыг нь авсан байх тул иргэдийн төлөөлөгчөөс гаргасан шүүгдэгч Г.А-т холбогдох дүгнэлтийг үндэслэлгүй гэж дүгнэв. 

 

Хохирогч Б.Т-ын “Huawei P20” маркийн гар утасыг хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайланд: 750.000 төгрөгөөр үнэлсэн баримт хэрэгт авагдсан /хх-ийн 1-р хавтас 229-р хуудас/ ба гэмт хэргийн улмаас хохирогчид гар утас болон бэлэн 50.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.С-аас “Huawei P20” маркийн гар утасыг хураан авч /хх-ийн 1-р хавтас 93-р хуудас/ хохирогчид хүлээлгэн өгсөн ба хохирогч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт “гар утсаа буцааж авсан, 50.000 төгрөгөө нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.С-, Д.Ч-, Г.А- нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Ц.С-, Д.Ч-, Г.А- нарт тус бүр 08 жил хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,

шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгч Б.Баярнямаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн,

шүүгдэгч Д.Ч-, Г.А- нарын өмгөөлөгч С.Батдэлгэрээс “Шүүгдэгч Г.А- нь 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн Г.Э- гэх бага насны хүүхэдтэй, мөн одоо 8 сартай жирэмсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялтай “хүнд” гэмт хэргийг ангилалд хамаардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан боловч шүүгдэгч Г.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь “хүнд” гэмт хэргийг ангилалд хамаарч байх тул түүнийг жирэмсэн гэх шалтгаанаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ц.С-, Д.Ч-, Г.А- нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан шүүгдэгч Ц.С-, Д.Ч- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тус бүр 06 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Г.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 05 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.С-аас “2019 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарын тойргийн ард байрлах саунд гарсан дээрмийн хэрэгт шалгагдаж байгаа тул хэргийг нэгтгэн шийдвэрлүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргасан боловч уг үйлдэлд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.С-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгаж байгаа гэх баримт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж болно” гэж заасан боловч шүүгдэгч Ц.С-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэх баримт хэрэгт авагдаагүй тул эрүүгийн хэргийг нэгтгэж шалгуулахаар хэргийг прокурорт буцааж болохгүй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдссэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан. Шүүгдэгч Ц.С- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 75 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 02 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан ба /хх-ийн 1-р хавтас 114-118-р хуудас/ 2019 оны 04 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 9 сар 02 хоногийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Д.Ч- нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 551 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлж /хх-ийн 1-р хавтас 174-201-р хуудас/, 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан байна. /хх-ийн 2-р хавтас 66-р хуудас/

 

Шүүгдэгч Г.А- нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан байна. /хх-ийн 1-р хавтас 209-210-р хуудас/

 

Шүүгдэгч Ц.С-т 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс  яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч /хх-ийн 1-р хавтас 234-р хуудас/ шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн энэ өдрийн байдлаар нийт 143 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.А- нь 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн Г.Э- гэх бага насны хүүхэдтэй гэх боловч хүүхдийн төрсний гэрчилгээ болон холбогдох баримт хэрэгт авагдаагүй тул эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна. Шүүгдэгч Г.А- нь насанд хүрээгүй хүүхдийнхээ асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу харъяа дүүргийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарлав.

 

Шүүгдэгч Ц.С-, Д.Ч-, Г.А- нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй, шүүгдэгч Д.Ч-, Г.А- нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Ламын гэгээн овогт Ц-ын С-, Боржигон овогт Д-ын Ч-, Боржигон овогт Г-гийн А- нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж буюу хүч хэрэглэн, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Ц.С-ыг 06 /зургаа/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Д.Ч-ыг 06 /зургаа/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Г.А-ийг 05 /тав/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.С-т энэ тогтоолоор оногдуулсан 06 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 06 жил 9 сар 02 хоногийн /зургаан жил есэн сар хоёр хоног/ хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-т оногдуулсан 06 жил 9 сар 02 хоногийн хорих ялыг, шүүгдэгч Д.Ч-ад оногдуулсан 06 жилийн хорих ялыг тус бүр хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Г.А-т оногдуулсан 05 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Ч-, Г.А- нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.С-ын цагдан хоригдсон нийт 143 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Шүүгдэгч Г.А- нь насанд хүрээгүй хүүхдийнхээ асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуульд зааснаар харъяа дүүргийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарласугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг  шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар ...ийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.С-, Д.Ч-, Г.А- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР

                

                ШҮҮГЧИД                                                Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                С.БАЗАРХАНД