Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 441

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Б.Б, Д.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, Д.М  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918005030407 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, гааль, татварын эдийн засагч мэргэжилтэй, “Мак” ХХК-д бутлуурын операторчин ажилтай, ам бүл 3, эцэг эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б,

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .............. тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

 

Урьд: Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Д.М,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Б, Д.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан 50” цогцолборын хашаан дотор Л.Б маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь баруун эгэм, ар нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжний хэсэгт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан 50” цогцолборын хашаан дотор найз Д.М ухаан алдууллаа гэх шалтгаанаар мөн иргэн Л.Б нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

 

Хохирогч Л.Б “...2019 оны 07 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчим ажлаасаа буух гэж байхад манай найз нар болох М, Б, Г нар намайг дуудаад бид нар Сатурн баранд сууж байна. Чи хүрээд ирэх үү гээд байхаар нь би ажлаасаа буугаад яваад очсон. Тэгээд бид нар тэнд хэсэг сууж байгаад бар хаах болохоор нь ууж байсан архиа аваад Дархан 50 цогцолборын хашаан дотор ороод нөгөө архиа хувааж уугаад сууж байгаад М  миний ам руу гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд зүүн шанаа руу гараараа цохиод заамдалцаад хэсэг хугацаанд хоорондоо дээр доороо ороод ноцолдож байгаад би М дээр нь гараад заамдаад сууж байтал миний хамар руу Б өшиглөсөн. Тэр үед миний хамарнаас цус гарахаар нь би хамраа дараад үзэхэд миний хамар хугарчихсан юм шиг байхаар нь би Нэгдсэн эмнэлэг орж үзүүлсэн. Тэгээд эмч үзчихээд хамар чинь хугарсан байна гэж хэлсэн. Би эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан, надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,

 

Гэрч Б.Г “...2019 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад Сатурн баранд би, М, Б бид гурав барнаас гараад Дархан 50 цогцолбор руу ганц шил архи уух гэж очсон. Очоод архиа уугаад байж байхад Б, Мөнгөөнөө хоёр гэнэт хоорондоо муудалцаад сууж байснаа биднээс 100 метрийн зайтай холдоод яваад өгсөн. Тэгээд удалгүй 5-10 минутын дараа тэр хоёр орилолдоод байхаар нь Буянаа очсон чинь Б М боосон, М ухаан алдсан байсан гэсэн. Тэгээд Б Б нүүрэн тус газар нь цохисон гэж Б надад хэлсэн. Тэгээд Б уурлаад яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа Б над руу залгаад би Нэгдсэн эмнэлэг дээр байна. Оёдол тавиулах гэсэн мөнгөгүй байна. Чи хүрээд ирээч гэсэн. Тэгээд очтол цээж болон нуруу хэсэгтээ оёдол тавиулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 

Д.М “...2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би найз Б, Б, Г, О нарын хамт орой 21-22 цагийн орчим хээтэй хорооллын 1-а байрны гаднах саданд сууж 1 шил 0.75 литрийн экс архи хувааж уусан. Тэр архийг уухаас өмнө ямар нэгэн архи уугаагүй, эрүүл байсан. Тэр архийг найз Г 380 айлын хүнсний дэлгүүрээс авсан. Би нар архиа ууж дуусаад Сатурн баранд 5-уулаа 23 цагийн орчим орж үйлчлүүлсэн. Баранд 1 шил 0.75 литрийн архи уусан. Ингээд барнаас гарч ирээд 1 шил 0.75 литрийн архи Дархан 50 дээр сууж байгаад уусан. Архи уугаад сууж байх үед би найзуудын дунд “за охидуудаа” гээд хэлчихсэн чинь найз Б “чи яахаараа бид нарыг охин гэдэг юм бэ? гээд л надтай барьцалдаад зодолдож эхэлсэн. Б бид хоёр газар унаад, дээр доороо орж гараараа бие биенээ хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн чинь Б намайг араас боогоод ухаан алдуулчихсан байсан. Энэ үед бид хоёрыг салгах гээд Б Б өшиглөсөн байсан. Би ухаан алдаж сэрэх үед Б Б хандаж чи яаж байгаа юм бэ? хамар яачихваа гэхэд Б “чи согтуу хүн аллаа, салахгүй болохоор чинь чамайг өшиглөсөн юм аа” гэж хэлсэн. Тэгээд л Б эмнэлэг ороод цагдаа дуудаад бид нар эрүүлжүүлэхэд орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

Б.Б “...2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн үед Дархан сумын 11 дүгээр багт байрлах шинэ хороололын 18 дугаар байранд байх Г гэдэг найзындаа ойрд уулзаагүй учир уулзах гэж очсон. Тэгээд очоод Г гэрт нь байхад гаднаас М гаднаас орж ирээд ойр зуурын юм ярьж суусан. Тэгээд 23 цагийн үед Г гэрээс гараад Дархан сумын 16 дугаар багт байрлах Сатурн нэртэй баранд бид гурав орж 1 шил 0.75 литрийн архи уусан. Би тухайн үед архи уугаагүй. Тэгээд Б гаднаас ганцаараа эрүүл орж ирээд бид нар нийлээд хамт архи ууцгаасан. Тэгээд 01 цаг 40 минутын үед барнаас гараад дэлгүүрээс архи авчихаад Дархан 50 цогцолбор руу явсан. Очоод би архи уугаагүй, Г, Б, М нар ууцгаасан. Тэгээд юм яриад сууцгааж байтал Б, М хоёр хоорондоо тоглоом шоглоомоор ноцолдож байгаад М Б газар цементэн дээр зөөлхөн унагаасан. Тэгээд Б М  руу уурлаад маргалдаж эхлээд сууж байсан газраасаа 20 метрийн зайтай явган хүний зам дээр юм яриад зогсож байсан. Тэр үед Г бид хоёр юм яриад сууж байсан. Тэгээд Б М  хоёрыг юу болж байна гээд харсан чинь Б М хоолойноос боосон байдалтай амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд М  ухаан алдах гээд газар сөгдөх гээд нүүр ам нь цайчихсан байдалтай байхаар нь Бд хандаж наадах чинь ухаан алдлаа, болиочээ гээд хэлсэн. Тэгтэл Б тавихгүй байгаад байхаар нь би Б гийн нүүрэн тус газар нь өшиглөөд унагаасан. Тэгээд М  боолтноос гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 603 дугаартай “Л.Бгийн биед хамар ясны хугарал, хамарт чихээс хийсэн байдал, баруун эгэм, ар нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, цээжний хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-19-20/,

 

Шинжээч эмч Э.О “....Би 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Л.Бгийн биед үзлэг хийж 603 дугаартай дүгнэлтийг гаргасан. Л.Б гийн биед учирсан “баруун эгэм, ар нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, цээжний хэсэгт цус хуралт, зулгаралт” гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Л.Бгийн хамарт чихээс хийсэн байдал гэдэг нь хамар ясны хугарал мөн бөгөөд дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-16/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22-23/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.М хохирогчтой маргалдан улмаар харилцан ноцолдон зодолдож байх үед хохирогчийн ар нуруу, баруун эгэм хэсэгт зулгаралт, шарх бүхий хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Л.Б шүүгдэгч Д.М дээр гарсан байх үед шүүгдэгч Б.Б хохирогчийг болиулах зорилгоор нүүрэн тус газар нь өшиглөж хөнгөн хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч нарын учруулсан хохирол, гэмтэл нь тус тусдаа хөнгөн хохиролд хамаарч байх ба үйлдэл, санаа зорилгын хувьд тус тусдаа үйлдэгдсэн, тус тусдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд  Б.Б, Д.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт “тухайн үед шүүгдэгч нар эмчилгээний зардлыг хариуцан төлсөн, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Б, Д.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нар үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэмшиж байгаа байдал, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.М Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 508,923 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул торгох ялаар шийтгэж, өмнө тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад эдлүүлэх нь шүүгдэгчид ашигтай байна.

 

Шүүгдэгч Д.М д энэ тогтоолоор торгох ял шийтгэж, Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих байгууллын харьяа цагдан хорих байранд шилжүүлэн хорьсон 15 хоногийг өмнө тогтоолоор оногдуулсан хорих ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 11-р сарын 19-нд Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цагдан хорих, баривчлах байранд хоригдохоос өмнөх цагдан хоригдсон болон хорих ял эдэлсэн хугацааг тоолоход 347 хоногийн хорих ял эдэлсэн байна.

 

Энэ хэрэгт 2019 оны 12-р сарын 5 хүртэл цагдан хоригдсон 15 хоногийг нэмж нийт 362 хоногийг 5 жилийн хугацаагаар хорих ялаас хасаж үлдэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Б, Д.М  нарыг тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Д.М  нарт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2019 оны 12-р сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон болон хорих ял эдэлсэн 362 хоногийг хасаж биечлэн эдлэх ялыг 4 жил 3 хоногийн хугацаагаар хорих ял, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Мөнгөнтулгын биечлэн эдлэх 4 /дөрөв/ жил, 3 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан  Б.Б, Д.М нар торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Д.Мөнгөнтулгын хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД