Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 442

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч Ж.С ,

Хохирогчийн өмгөөлөгч Р.П-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Ж.Г  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918006460495 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 08 сарын сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, эгч, 3 дүүгийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 6-р баг, Тээвэрчидийн 17-8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, У овогт Ж.Г /РД: ТА95080835/,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ж.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Ж.Г нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, Малчин багийн нутаг дэвсгэр “Ноён хонгор” гэх газарт иргэн Н.Г гэрт хөзөр тоглох явцдаа иргэн Ж.С тай маргалдаж улмаар унины хугархай модоор гарын шуу хэсэгт нь цохиж “зүүн гарын шууны 2 ясны итүү хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ж.С ын “...Галбадрах надад хожигдоод үхэр өгөх болсон, тэгэхээр нь би надад өгөх ёстой 40,000 төгрөгөө л өгчих гэж хэлсэн чинь маргааш өгнө гээд байсан. Энэ асуудлаас болж бид хоёр маргалдсан. Тэгээд гадаа барьцалдаж аваад хэрэлдээд зодолдсон чинь Ц ах А нар салгасан. Тэгээд дахиад үргэлжлүүлээд хэрэлдсэн, ...Г гүйж нэг мод барьж ирээд намайг цохих гэхээр нь зүүн гараараа хаасан чинь гар эвгүй болчихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

Гэрч Ж.Ц “...Гадаа гараад Галбадрах ална аа гээд гүйгээд явчихсан. Тэгснээ буцаж гүйж ирээд манай дүүг цохих шиг болсон. Тэгсэн манай дүү Сайнжав ёо ёо гар өвдөөд байна аа гээд газар уначихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Гэрч Н.Г “...Сайнаа яаая гээд орилохоор нь очиж хартал Сайнаа гар хугарчихлаа гээд гараа бариад зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Гэрч Б.А “...Галаа ах модоо цохиж гэмтээсэн, хугарсан унины мод байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Гэрч Б.М “...Үүдэнд байсан хугархай унины талыг аваад гарсан. Тэгэхээр нь би араас нь сандраад гарсан чинь Сайнжав гар цохичихлоо гээд л орилоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 787 дугаартай “...Ж.С ын биед зүүн гарын шууны 2 ясны битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/,

 

Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24-25/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад “хутга бариад ирэхээр нь биеэ хамгаалах зорилгоор гар руу нь унины хугархайгаар цохисон” гэж мэдүүлсэн байх боловч хэрэгт энэ талаар ямар нэгэн баримт байхгүй байх ба хохирогч хутгатай байсан үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Иймд Ж.Г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хууль бус үйлдлээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хор түүнтэй холбогдон гарсан зардлыг хариуцан арилгах үүрэгтэй ба хохирогч 474,700 төгрөгийн хохирлын баримт ирүүлснээс шүүгдэгч 403,200 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс 71,500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

 Мөн хохирогч Ж.С  нь “мэс заслын хадаасыг тодорхой хугацааны дараа авхуулна, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэж байх тул уг зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ж.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлөхөө илэрхийлсэн, баримтаар гаргаж өгсөн хохирлын ихэнх хувийг төлсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сарын орлогын хэмжээ зэргийг харгалзан 500 нэгжээр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  57 см урттай модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт Ж.Г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У овогт Ж.Г  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Галбадрахаас 71,500 /далан нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ноёнхонгорын задгай тоотод оршин суух У овогт Ж.С-д олгож, хохирогч нь гэм хор учруулсантай холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 57 см урттай модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД