Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 443

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт С.Ц холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918004160547 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1946 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймаг, Чандмань суманд төрсөн, 73 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл-1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, ............. тоотод оршин суух, “Алтан гадас” одон, Санхүү, банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, Б овогт С.Ц /РД: ТИ46021004/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас С.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 16 дугаар баг, 39 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг гутлын үйлдвэрийн орчим иргэн Ц.Энхзулын гээсэн Самсунг Галакси жи 6 маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 630,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Э “...Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны 11 цаг өнгөрч байхад гэрээсээ хуучин хорооллын 39 дүгээр байрны гутлын үйлдвэрт очиж захиалсан гутлаа авсан, тэгээд гэртээ ирээд өөрийн гар утсаа үзэхэд байхгүй байхаар нь гутлын үйлдвэрт орхисон байх гээд буцаж очоод гар утсаа үлдээсэн байна гэхэд үгүй манайд гар утас харагдаагүй гэж хэлсэн, …явсан замаараа хаясан байж магадгүй гээд хайж үзэхэд олдохгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан, ....гар утсаа буцаан авсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,

 

Насанд хүрээгүй гэрч А.Т “...Манай эмээ 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ирэхдээ эмээ нь утас олсон, миний хүү хадгалж байгаарай, зарж борлуулж хүнд өгч болохгүй, эзэн нь гарч ирэхээр эзэнд нь эргүүлж өгнө шүү гэж хэлж надад өгсөн. Тэгээд би сим карт ч хийгээгүй, хааяа интернетэд холбогдож ашиглаж байсан. Тухайн үед энэ утсыг олсон бол цагдаагийн байгууллагад хандаарай гэсэн утгатай мессеж ирсэн. Би айж сандраад цагдаад хэлж мэдэгдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “...Самсунг жи-6 загварын гар утас /шинэвтэр/-ны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны байдлаар 630,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38/

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийн зүйлс гэдгийг мэдсээр атлаа уг эд хөрөнгийн эзнийг олох талаар идэвхитэй үйлдэл хийхгүй байх, уг эд хөрөнгийг олсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшилд байлгасан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба хууль тогтоогч 300,000 төгрөгөөс дээш үнэтэй эд зүйлийг завшсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч С.Ц нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулсныг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Ц.Э нь гар утсаа буцаан авсан, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба учруулсан хохирлыг нөхөн төлсөн, өндөр настны тэтгэвэр авдаг, хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжээр торгох ял шийтгэж, 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт С.Ц гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ц 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД