| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0439/Э |
| Дугаар | 444 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 444
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт И овогт Б.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918007120534 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “Бурхант хясаат” ХК-д туслах ажилтан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 16 дугаар байрны 20 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт Б.Д,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 9 дүгээр байрны 37 тоотод эхнэр Б.Б зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Б “...00 цаг өнгөрөөд би гэртээ ирэхэд манай гэрийн хаалга дотроосоо түгжээтэй байхаар нь би нөхөр Б.Д руу залгаад хаалгаа онгойлгуулаад ороход чи миний хадгалж байсан мөнгөнөөс 100.000 төгрөг авсан байна, тэр мөнгөөрөө чи архи уугаа юу гээд над руу дайраад байхаар нь би тэр мөнгөөр чинь байрныхаа цахилгаан, дулаан, усны мөнгө төлсөн баримт нь энэ байна гээд үзүүлэхэд чи архи уугаад байхдаа яадаг юм бэ, чи өөр хүнтэй явдаг, би харсан гээд над руу орилж чарлаж байгаад 2 охиныг сэрээчихсэн, 2 охин сэрчхээд уйлахад, чи орилж чарлаад охидууд сэрээгээд айлгаад уйлуулчихлаа гэж хэлээд миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь би гар утсаа шидэхэд Дарханбаярын толгойнд очиж оноод газар унасан. Миний биед учирсан эдгээр гэмтлүүдийг Б.Д надад учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
Гэрч Т.У “...2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гэртээ амарч байхад манай ажлын газрын нэг байрны нэг орцонд амьдардаг Б.Б орой 00 цагийн үед миний гар утас руу залгаад би айлын хуриман дээрээс гэр рүүгээ орж байна. Манай нөхөр Б.Д намайг дарамтлаад байна, янз бүрийн зүйл болбол тань руу би залгана шүү гэж хэлээд удалгүй 10-20 минутын дараа над руу залгаад та манай гэрт ороод ирээрэй гэж хэлэхээр нь гэрт нь яваад ороход Б.Б уйлчихсан, энэ намайг сая нүүр рүү минь цохичихлоо гээд нүүрээ үзүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 880 дугаартай “...Б биед тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/,
Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 5 оноо буюу бага түвшинд байна” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлджээ.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж прокурорын 500 нэгжээр торгох ялын саналыг багасгаж 450 нэгжээр торгов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Б.Б, шүүгдэгч нар эвлэрсэн, /хохирогч, шүүгдэгч нарын гаргасан баталгаа хэргийн 73/ хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Б.Д ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД