Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 445

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч А.М, Б.М, Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А.М, Б.М, Н.Т  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918006510502 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд төрсөн, эрэгтэй, халх, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Малчины 5-58 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

Урьд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, А.М,

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, халх, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологи, бизнесийн сургуулийн нягтлан бодох бүртгэлийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эх, ах, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Тосгоны 2-46 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.М,

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, халх, 20 настай, бүрэн дунд боловсролтой, механик мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Скиллтэч” сургуулийн механикийн ангийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, 5-9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Т

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас А.М, Б.М, Н.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.М, Б.М, Н.Т нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Эрдэнэс плаза төвийн гадна иргэн З.Жавхлантөгсийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч З.Ж “...Би Х төрсөн өдрийг тэмдэглэх гээд 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим суудлаар Улаанбаатараас Дарханд ирсэн. Найз М, Э, Х нарын хамт 22 цагийн орчим Эрдэнэс плазагийн караокед ороод нэг шил виски аваад ууж байгаад 23 цагийн орчимд Диди баранд орсон. Тэгээд бүжиглэж байгаад гарсан чинь манай найз Эрхэс гадаа зогсчихсон хэдэн залуучуудтай маргалдаж байх шиг байхаар нь би очоод боль гэсэн чинь намайг барьж аваад шатаар татаж буулгаад тэр хэдэн залуучууд энэ тэндээс цохиод байсан. Тэгсэн нэг мэдсэн чинь цагдаа ирээд бид нарыг аваад явсан. Тэр хэдэн залуучууд М, Т, М гэх залуучууд байсан. Т гэдэг нь ямар ч байсан нүүр рүү 2 удаа гараараа цохиж байсан. Бусад нь яаж цохисон гэдгийг мэдэхгүй байна. Эмчилгээний зардал гэж Мөнхтулга гэж хүнээс 2,000,000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 

Гэрч Б.Г “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагийн орчим М, М, Т, Т, Т нарын хамт Күийний лоунжид ороод 1 шил 0.75 литртэй Соёрхол архи хувааж уугаад тэндээс 21 цагийн орчим гараад Диди баранд ороод 2 шил 0.75 литртэй Соёрхол архи уугаад Т зөөгчтэй маргалдаад бид нар барнаас гарсан. Гадаа гараад байж байсан чинь нэг залуу ирээд маргалдахаар нь би очоод салгах гээд юм ярьж байсан чинь тэр залуутай хамт явж байсан Ж гэх найз нь хажуунаас нь ороод ирэхэд  шатаар чирээд буулгасан, араас нь М, Т 2 буугаад тэр 3 нийлээд тэр залууг зодохоор нь би очоод салгаад байж байхад цагдаагийн машин ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Гэрч Х.Х “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цагийн орчим Эрдэнэс плазагийн караокед Э, Ж, М нарын хамт ороод 0.7 литртэй виски авсан. Тэгээд сууж байгаад үлдсэн юмаа аваад Диди баранд ороод сууж байгаад 24 цагийн орчимд би гадаа гараад таньдаг хүнтэй юм яриад зогсож байсан чинь Эрхэс хэдэн залуучуудтай маргалдаад гараад ирэхээр нь би юу болоод байгаа юм бэ? гээд байж байсан чинь Ж араас гараад ирсэн. Тэгсэн чинь нэг мэдсэн Ж нэг залуу нь шатаар чирж буулгаад 3 залуу нийлээд зодохоор нь би араас нь очоод салгаад байж байхад цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Шүүгдэгч Н.Т гэрчээр өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр найз М, Г, М, Т, Т, С нарын хамт “Күийн” барны лоунжид уулзаад 1 шил 0.75 литртэй архи уусан. Тэгээд тэндээс гараад Диди баранд ороод 2 шил 0.75 литртэй Соёрхол архи авч уугаад 00 цагийн орчимд бид нар гадаа гарсан чинь нэг залуу барны үүдэнд зогсож байгаад бид нартай маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад М М бид гурав нийлээд тэр залууг зодсон. Тухайн үед нилээн согтуу байсан болохоор яг юунаас болж маргалдсан гэдгээ санахгүй байна. Тэр залуутай дараа нь уулзаад уучлалт гуйхад өөрийгөө Ж гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Шүүгдэгч Б.М гэрчээр өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагийн орчимд Г, М, Т, Т, Т нарын хамт Күиний лоунжид ороод 1 шил 0.75 литртэй Соёрхол архи авч уугаад тэндээс 21 цагийн орчимд гараад Диди баранд ороод 2 шил 0.75 литртэй Соёрхол архи уугаад Түвшинтөр зөөгчтэй маргалдаад бид нар барнаас гарсан. Гадна гарсан чинь манай хэдэн ах нартай маргалдаад зогсож байхаар нь юу болсон гэсэн чинь Мөнхтулга нэг ахыг чирээд шатаар буулгахаар нь би араас нь очоод тэр ахын толгой руу гараараа нэг удаа цохисон чинь хажуу талаас Төмөр-Өлзий орж ирээд тэр ахыг толгой руу нь гараараа цохисон. Тэгээд бид нар салсан чинь удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Шүүгдэгч А.М гэрчээр өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагийн орчимд Б.М, Г, Т, Т, Т нарын хамт Күийний лоунжид ороод 1 шил 0.75 литртэй Соёрхол архи авч уугаад тэндээс 21 цагийн орчимд гараад Диди баранд ороод 2 шил 0.75 литртэй Соёрхол архи уугаад 00 орчхоод гаръя гээд гарсан чинь манай хэд хүмүүстэй маргалдаж байхаар нь Ж гэдэг залууг алгадаад шатаар доош нь чирч буулгаад заамдаад толгой хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон чинь М Т хажуу талаас ирээд Ж цохиод байсан. Тэгээд цагдаа нар ирээд бид нарыг салгасан” гэх мэдүүлэг /хх-18-р хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн “...З.Ж биед 1 шүдний хугарал, баруун чамархай, дух, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдний хугарал гэмтэл нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/,

 

Дархан-Уул аймгийн Саран-Элит клиникийн эмнэлгийн дүрс оношилгооны тасаг.КТ оношилгоо, томографкийн зураг /хх-ийн 23-26/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах хэргийг нэг санаа зорилгоор нэгдэн хамтран үйлдсэн байх тул “1 шүдний хугарал” гэмтлийг шүүгдэгч нарын хэн нэгэнд хариуцуулах үндэслэлгүй байх ба прокурорын яллах күгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Иймд  А.М, Б.М, Н.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч А.М, Б.М, Н.Т нар нь хохирогч З.Ж 2,000,000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч имплант шүд хийлгэхэд 3,5 сая төгрөг шаадлагатай гэх баримт ирүүлсэн боловч уг эмчилгээг хийлгэсэн талаар баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч нарын төлсөн 2,000,000 төгрөгөөс илүү гарсан зардлаа жич нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч А.М, Б.М, Н.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан А.М, Б.М, Н.Т нарт торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, орлогын хэмжээг харгалзан тус тус 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.М, Б.М, Н.Т  нарыг “бүлэглэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.М, Б.М, Н.Т  нарт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, Б.М, Н.Т нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч А.М, Б.М, Н.Т нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч З.Жавхлантөгсөд эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн, хохирогч гэм хор учирсантай холбогдон цаашид гарах зардлаа жич нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М, Б.М, Н.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД