Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00537

 

М У- ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэнийхэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02686 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2577 дугаар магадлалтай,

М У- ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

О Т- ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 173.755.408 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд, М.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нарантуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч М У- ТӨААТҮГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: О Т- ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 314/НSЕ дугаар албан бичгээр ус ашиглах дүгнэлт гаргуулахаар хүсэлт тавьж холбогдох материалаа ирүүлсэн. О Т- ХХК-ийн тухайн оны үйлдвэрлэлийн хэмжээ, гидрогеологийн нөхцөл, байгаль орчны үнэлгээ, урд онуудад ус ашигласны төлбөр төлсөн байдал, тухайн жилд хийх биологийн нөхөн сэргээлтийн хэмжээ, байгаль орчныг хамгаалах арга хэмжээний хэрэгжилтийг нарийвчлан судалж үзсэний үндсэн дээр ус ашиглуулах дүгнэлтийг гаргаж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хянуулсан. О Т- ХХК-ийн 2015 оны ус ашиглуулах дүгнэлт гаргуулсаны үйлчилгээний хөлсөнд ашиглах усны хэмжээнээс 1 хувиар тооцож 173.755.408 төгрөг нэхэмжилж 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 278 дугаар дүгнэлтийг хүргүүлсэн. Гэтэл О Т- ХХК-иас 2015 оны ус ашиглуулах дүгнэлт гаргуулах үйлчилгээний хөлсийг тодорхой хугацаанд төлөөгүй учраас М У- ТӨҮГ-аас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 360, 12 дугаар сарын 08-ны өдрийн 392 дугаар тоот албан бичгүүдээр 173.755.408 төгрөгийг тухайн санхүүгийн жилд багтаан төлөхийг удаа дараа мэдэгдсэн болно.

Түүнчлэн М У- ТӨҮГ-аас 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 107 тоот албан бичгээр О Т- ХХК-д хандан 2016 онд ус ашиглуулах дүгнэлт гаргуулахын өмнө 2015 оны дүгнэлт гаргуулсаны үйлчилгээний хөлсийг бүрэн төлж дуусгах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Үндэсний Аудитын газрын шийдвэрээр СМД Аудит ХХК нь тус үйлдвэрийн газрын 2016 оны үйл ажиллагаанд хийсэн Аудитын шалгалтын тайландаа дээр дурдсан авлагыг барагдуулах, хэрэв барагдуулах боломжгүй тохиолдолд найдваргүй авлагад тооцуулж шийдвэр гаргуулах талаар дурдсан. О Т- ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2824/НSЕ тоот албан бичгээр 2015 оны ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилээний хөлс болох 173.755.408 төгрөгийн төлбөрийг манай байгууллагад төлөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй талаар мэдэгдсэн байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/157 дугаар тушаалд 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/323 дугаар тушаалаар өөрчлөлт оруулан ус ашиглуулах дүгнэлт гаргуулах үйлчилгээний хөлсийг шинэчлэн баталсан. Уг тушаалаар баталсан Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг баримтлан О Т- ХХК-ийн 2015 оны ус ашиглуулах дүгнэлт гаргасны үйлчилгээний хөлсийг тооцож нэхэмжилсэн атал хариуцагч нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/323 дугаар тушаалыг хүчингүй гэж үзэж, 2013 оны А/157 дугаар тушаалаар баталсан тарифаар тооцож ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг төлсөн. Үүнээс үүдэн шинэ, хуучин 2 тарифын зөрүүнээс 173.755.408 төгрөгийн авлага үүссэн. Иймд ус ашиглуулах дүгнэлт гаргасны үйлчилгээний хөлсөнд 173.755.408 төгрөгийг О Т- ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О Т- ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 390 дүгээр тогтоолоор Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зарим чиг үүргийг М У- төрийн өмчит үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэх шийдвэр гарсан. Эдгээр чиг үүргийн нэг нь хоногт 100 шоо метрээс их хэмжээний ус ашиглуулахтай холбоотой дүгнэлт гаргах юм. О Т- ХХК нь 2015 оны усны хэрэгцээтэй холбоотойгоор Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлтээ холбогдох баримт материалын хамт 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 314/НSЕ дугаартай албан бичгээр М У- ТӨҮГ-т гаргасан. Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-т зааснаар М У- ТӨҮГ нь хүсэлтийг хүлээн авснаар ажлын 15 өдрийн дотор дүгнэлт гаргах ёстой энэхүү заалтыг зөрчин 2015 оны усны дүгнэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр О Т- ХХК-д хүлээлгэн өгсөн. О Т- ХХК дүгнэлт гаргуулах хүсэлт гаргах үед Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/157 дугаар тушаалаар батлагдсан үйлчилгээний хөлс үйлчилж байсан бөгөөд уг тушаалын дагуу 20.000-с дээш /м3/хоног/ усны хэрэглээнд 780.000 төгрөг байсан.

О Т- ХХК-иас тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2013 оны А/157 дугаар тушаалаар батлагдсан үйлчилгээний хөлсийг төлсөн байтал нэхэмжлэгч нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/323 дугаар тушаалыг үндэслэн усны дүгнэлт гаргасны хөлсөнд 173.755.408 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг шинэчлэн тогтоосон 2015 оны А/323 дугаар тушаал нь 2015 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 1.2, 1.6.4 болон 2.5.2 мөн хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3. 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу Хууль зүйн яаманд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болж, аж ахуйн нэгж байгууллагууд дагаж мөрдөх үндэслэл бий болно. Тэгвэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/323 дугаар тушаал нь Хууль зүйн яаманд огт бүртгэгдээгүй байгаа.

Захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг хуульд заасны дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй хуулийн зохицуулалтай. Тиймээс хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт болох дээрх А/323 дугаар тушаалыг үндэслэн О Т- ХХК-иас 173.755.408 төгрөгийг гаргуулах М У- ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02686 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч О Т- ХХК-иас 173.755.408 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М У- ТӨААТҮГ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М У- ТӨААТҮГ-аас 2017 оны 9 сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.026.725 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 2 төгрөгийг нэхэмжлэгч М У- ТӨААТҮГ-аас гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч О Т- ХХК-иас 1.026.727 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М У- ТӨААТҮГ-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2577 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.026.727 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нарантуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхлэхээс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр гаргах асуудал Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын дагуу зохицуулагдаж байсан. Уг журмын 1.3-т зааснаар “захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр” гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдийн заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй, гадагш чиглэсэн шийдвэрийг хэлэх бөгөөд 2.5.2-т захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэх ба энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэх тухай заасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй, нийтлэгдээгүй, улмаар хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрт үндэслэсэн.

“М У-” ТӨҮГ нь манай хүсэлтийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ус ашиглуулах дүгнэлтийг гаргасан ч уг дүгнэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “О Т-” ХХК-д албан ёсоор хүлээлгэн өгсөн. Усны тухай хуулийн 28.5-д зааснаар хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор дүгнэлт гаргахаар байтал тус байгууллага нь дүгнэлтийг бараг 1 жилийн дараа гаргасан. 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/157 дугаар тушаалаар батлагдсан ус ашиглуулах дүгнэлт гаргуулсны үйлчилгээний хөлсний хувь хэмжээг нийтээр дагаж мөрдөж байсан. Уг тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3421 дугаарт бүртгэгдсэн болох тухай Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бичгээр мэдэгдсэн. “О Т-” ХХК нь 2015 оны ус ашиглуулах дүгнэлт гаргуулсны үйлчилгээний хөлсөнд А/157 дугаар тушаалын дагуу 780.000 төгрөг төлсөн. 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/323 дугаар тушаал нь тухайн үед захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд огт бүртгэгдээгүй, одоо ч бүртгэлгүй байгаа. “М У-” ТӨҮГ-аас 2015 оны ус ашиглуулах дүгнэлтийг “О Т-” ХХК-Д 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлсний дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, ногоон хөпкил, аялал жуулчлалын сайд “Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай” А/33 дугаар тушаальг баталж ХЗЯ-ны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн. А/33 дугаар тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд А/157 дугаар тушаалын бүртгэлийн дугаар болох 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3421-д нэмэлт, өөрчлөлт 1 (н/ө-1) гэж бүртгэгдсэн байдаг. Энэ талаарх лавлагааны хуудас хавтаст хэрэгт мөн авагдсан. А/323 дугаар болон А/33 дугаар тушаалуудаар тогтоосон үйлчилгээний хөлсний хэмжээ адил буюу тухайн жилд ашигласан усны нөөцөд төлсөн төлбөрийн 1% юм. А/323 дугаар тушаал нь дээр дурдсанчлан хүчин төгөлдөр болоогүй, харин А/33 дугаар тушаал нь 2016 онд батлагдаж, ХЗЯ-нд бүртгэгдсэн тул “О Т-” ХХК нь 2015 оны ус ашиглуулах дүгнэлт гаргуулсаны үйлчилгээний хөлсийг дүгнэлт гарах хүсэлт гаргасан, дүгнэлт гарсан, дүгнэлтийг хүлээн авсан үед нэгэн адил үйлчилж байсан А/157 дугаар тушаалыг үндэслэн 780.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сард төлсөн болно. Харин 2015 оны дүгнэлт гаргуулсаны үйлчилгээний хөлсийг 2016 оны А/33 дугаар тушаалын дагуу 193.191.299 төгрөгийг төлсөн бөгөөд төлбөр төлсөн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэтэл “М У-” ТӨҮГ нь “О Т-” ХХК-иас төлсөн 2015 оны ус ашиглах дүгнэлт гаргуулсаны үйлчилгээний хөлсийг эс зөвшөөрч, хүчин төгөлдөр бус А/323 дугаар тушаалын дагуу төлбөл зохих болон бидний төлсөн хөлсний зөрүүг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно. 2015 оны А/323 дугаар тушаалаар батлагдсан ус ашиглуулах дүгнэлт гаргуулсаны үйлчилгээний хөлсний хэмжээ нь тухайн 2015 онд үйлчилж байсан. Учир нь тус А/323 дугаар тушаалыг хууль бус захиргааны акт гэсэн үндэслэлээр захиргааны байгууллага болон шүүхээс хүчингүй болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх шийдвэрээ гаргажээ. Монгол Улсын засгийн газар хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2010 оны 119 дүгээр тогтоолоороо баталсан бөгөөд 2015 онд үйлчилж байсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын дагуу зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, нийтэлсэн тохиолдолд захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр нь хүчин төгөлдөр болж, нийтээр дагаж мөрдүүлэх бөгөөд эдгээр шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр заасан. Тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход энэ л хангалттай бөгөөд аливаа нэмэлт шаардлага буюу шүүхийн шийдвэр, магадлалд дурдсанчлан, захиргааны байгууллага буюу шүүхээс хүчингүй болгох тухай шаардлага тавигдахгүй. Түүнчлэн, анхан болон давж заалдах шатны шүүх захиргааны хэм хэмжээний актыг хянаж, бүртгэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага болох Хууль зүйн яамнаас ирүүлсэн 2015 оны А/323 дугаар тушаал нь бүртгэлгүй, бүртгүүлбэл зохих тухай шаардлагыг агуулсан албан бичиг, лавлагааг нотлох баримтын хэмжээнд хангалттай үнэлээгүй болно. Иймд, “О Т-” ХХК нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу хүчингүй болгож, М У- ТӨҮГ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М У- ТӨААТҮГ, О Т- ХХК-с ус ашиглуулах дүгнэлт гаргуулсны үйлчилгээний хөлс 173.755.408 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ, хариуцагчийн хүсэлтийн дагуу 2015 онд ус ашиглуулах дүгнэлт гаргаж хүргүүлсэн, ажлын хөлсийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны А/323 дугаар тушаалаар батлагдсан журамд” хоногт 3000 м.куб-с дээш хэрэглээтэй бол усны нөөц ашигласанд оногдуулах төлбөрийн хэмжээний 1 хувиар  усны  төлбөрийн 1 хувиар тооцно” гэж заасныг үндэслэн төлөгдсөн 780.000 төгрөг хасч, 173.755.408 төгрөг гаргуулах гэснийг хариуцагч үгүйсгэж, дүгнэлт гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, тухайн үед үйлчилж байсан журмыг үндэслэж ажлын хөлсөнд 780.000 төгрөг төлсөн, 2015 оны А/323 дугаар тушаалаар батлагдсан журам Хууль зүйн яаманд бүртгэгдэж, хүчин төгөлдөр болоогүй гэж маргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хугацаа болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэйг Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан байна. Хуулийн зохицуулалтаас үзэхэд ус ашиглагч ус ашиглуулах дүгнэлтийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гаргуулсны дараа тухайн дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулж, ус ашиглах эрх үүсч улмаар үүрэг, хариуцлага хүлээхээр байх бөгөөд хоногт 100 шоометрээс их ус ашиглах бол ...дүгнэлтийг байгаль, орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргахыг хуулиар журамласан байна. Харин Засгийн газрын 2013 оны 390 дугаар тогтоолоор байгаль, орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ус ашиглуулах дүгнэлт гаргах чиг үүргийг М У- ТӨААТҮГ-т шилжүүлсэн нь тогтоогджээ.

О Т- ХХК нь М У- ТӨААТҮГ-т хандаж ус ашиглуулах дүгнэлт гаргах  хүсэлтийг 2015 оны 02 дугаар сард гаргасны дагуу тус үйлдвэрийн газар 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөр огноолсон дүгнэлтийг 2016 оны 01 дүгээр сард хүсэлт гаргагчид хүргүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Зохигчийн хооронд үүссэн энэхүү эрх зүйн харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний агуулгатай талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч М У- ТӨААТҮГ нь ус ашиглах дүгнэлт гаргасны ажлын хөлс  төлөх гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч О Т- ХХК-с шаардсан ба зохигч ажлын хөлсийн хэмжээг хэрхэн тооцох эрх зүйн үндэслэлийн талаар маргаж, хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа нэгдүгээрт дүгнэлт гаргах хугацаа хэтэрсэн, хоёрдугаарт нэхэмжлэгчийн баримталж буй ажлын хөлсийн хэмжээг тогтоосон журам хүчин төгөлдөр бус гэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн татгалзалд заасан нөхцөл буюу үүрэг гүйцэтгэгчийн хугацаа хэтрүүлсэн нөхцлийн талаар дүгнэлт өгөөгүй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан байна.

Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д энэ хуулийн 28.4-т заасан этгээд ус ашиглах хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 өдрийн дотор дүгнэлт гаргахыг үүрэгжүүлсэн байх ба М У- ТӨААТҮГ дүгнэлтийг хуульд заасан хугацаанаас 6 сарын дараа гаргаж, үүнээс 3 сар гаруйн дараа хүргүүлсэн нь тогтоогдсон тул хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.17-д зааснаар ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталдаг байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/323 дугаар тушаалаар үйлчилгээний хөлсийг хоногт 3000 м.куб-с дээш хэрэглээтэй бол усны нөөц ашигласанд оногдуулах төлбөрийн хэмжээний 1 хувиар усны  төлбөрийн 1 хувиар тооцож тогтоохоос өмнө Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/157 дугаар тушаалаар батлагдсан журам үйлчилж, хоногт 20.000 м.куб-ээс дээш хэмжээгээр ашиглах бол ус ашиглуулах дүгнэлтийн хөлс тогтмол хэмжээгээр буюу 780.000 төгрөг байжээ.

М У- ТӨААТҮГ нь хуульд заасан үүргийнхээ дагуу 15 хоногийн дотор ус ашиглуулах дүгнэлтээ гаргаж ирүүлэх үүрэгтэй бөгөөд О Т- ХХК нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/157 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу ус ашиглуулах дүгнэлт гаргасны хөлсөнд 780.000 төгрөг төлөх үүрэг хүлээх юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хуучин мөрдөж байсан журмын дагуу төлбөрийг төлж, шинээр батлагдсан журмын дагуу нэхэмжилж буй төлбөр гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдлаас үүдэж өмнө тогтоосон хэмжээнээс илүү хөлс төлөх үндэслэлгүй, ажлын хөлс 780.000 төгрөг төлөгдсөн байна.

Дээрх нөхцөл байдлыг хоёр шатны шүүх харгалзахгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ гэрээний дагуу талууд ажлын хөлсийг тохиролцоогүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар ус ашиглуулах дүгнэлт гаргасан үйлчилгээний хөлсийг шинэчлэн тогтоосон журам хүчин төгөлдөр үйлчилж байсан гэх дүгнэлт хийж Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, энэхүү хуулийн зохицуулалтад заасан “ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн үнийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэсэн хуулийг хэрэглэсэн нь маргааныг зохицуулах хууль зүйн үндэслэл болохгүй. 

Шүүх нэгэнт хугацаа хэтрүүлсэн гэсэн хариуцагчийн татгалзлын үндэслэлд дүгнэлт хийсэн тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар батлагдсан ус ашиглуулах журмын хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзснийг дурдах нь зүйтэй.

Дурдсан үндэслэлээр хоёр шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж О Т- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02686 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2577 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул О Т- ХХК-с 173.755.408 төгрөг гаргуулахыг хүссэн М У- ТӨААТҮГ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч О Т- ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.026.727 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ