Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2020/0585

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөч Б.У, Ж.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 525 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2, 13 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Эг” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, MV-015593 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, MV-015593 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-ийг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуулийг зөв хэрэглээгүй, үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй үндэслэлээр Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Хариуцагч захиргааны байгууллага Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-ын 3-д зааснаар хяналт шалгалт явуулсан бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газар хамтран 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хяналт шалгалт хийж дүгнэлтээ Нийслэлийн Засаг даргад ирүүлсэн байдаг.

Дүгнэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргад Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-ын 4-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож, тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Анхан шатны шүүх газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон болохоос тусгай зөвшөөрлийг цуцлаагүй гэж дүгнэсэн нь үйл баримтад тулгуурлаагүй гэж үзэж байгаа бөгөөд Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж газрын хэвлий ашиглахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй тул газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгосны үр дагавар нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлтэй гэж үзсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий захирамжийн тус компанид холбогдох хэсгийн илт хууль бус болохыг тогтоох бөгөөд шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай хуулиудаар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан захирамж юм.

Иймд давж заалдах журмаар хэргийг хянан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 525 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, MV-015593 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай шаардлага гаргасанд анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2, 13 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримталж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасантай нийцээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх зорилгоор гаргах онцлогтой.

Харин шүүхээс маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосон тохиолдолд ашигт малтмал ашиглах MV-015593 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгах боломжгүй.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрт “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 534 дүгээр захирамжийн дагуу хариуцагч үүргээ биелүүлээгүй тул тухайн газрыг ашиглах боломж олгогдоогүй байхад Ашигт малтмалын тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан цуцлах болон Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-ийн 5/, 21 дүгээр зүйлийн 5-д заасан газрын хэвлий ашиглах эрх дуусгавар болгох нөхцөл байдлууд тус тус үүсээгүй байхад ... тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох замаар газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох зохицуулалт болохоос газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох замаар тусгай зөвшөөрлийг цуцлах агуулгагүй байна” гэж дүгнэсэн нь захиргааны актыг илт хууль бусд тооцох үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар тус тус заасан, хэрэв нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус тохиолдолд шүүх тодруулж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагууд нь хэрхэн хоорондоо уялдаж байгаа, эсхүл бие даасан тусдаа шаардлагууд эсэхийг тодруулах ажиллагааг хэрэгжүүлээгүйгээс гадна уг алдаа нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байна

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлуулсны үндсэн дээр анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 525 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА