| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 2428002310006 |
| Дугаар | 2026/ХШТ/66 |
| Огноо | 2026-06-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2026/ХШТ/66
...-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбат, иргэний хариуцагч “...-” ХХК-ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа /цахим/, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаар магадлалтай, ...-ад холбогдох 2428002310006 дугаартай хэргийг иргэний хариуцагч “...-” ХХК-ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар нээлттэй хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, ...
Шүүгдэгч ...- нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ... аймаг ... сумын ... ... километрт нүүрс тээврийн асфальтан зам дээр “Shacman” загварын ... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын, хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.4. “Эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаар явж байсан “North benz” загварын ... дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлийг мөргөж авто осол гаргаж, зорчигч ...-ийн биед аарцаг, гуяны шарх, аарцаг ясны хугарал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, дух, баруун хацар, хэвлий, зүүн гуя, зүүн тавхай, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт бүхий хүнд гэмтлийн улмаас олон цус эргэлтийн алдагдалд орж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч ...-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнд ... аймгийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...-аас гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардалд 19.055.070 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 135.300.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...-т,
Иргэний хариуцагч “...” ХХК-иас 29.055.070 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...-т,
Иргэний хариуцагч “...-” ХХК-иас 104.640.804 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...-т тус тус олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ...-аас автомашины эвдрэл хохиролд нийт 71.220.215 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “...” ХХК-нд олгож,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...- банкны зээлийн төлбөрийн 29.849.659 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацааг ял оногдуулсан үеэс тоолохыг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ерөнхий прокурор Б.Батжаргалын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх эсэргүүцлийн хангаж, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан “...-” ХХК-иас 104.640.804 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... аймгийн” гэснийг “... аймгийн ... сумын” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч “...-” ХХК-ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хоёр шатны шүүхийг хуульд заасан эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргаж, оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд зааснаар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч тогтоож, акт, дүгнэлт гаргахаар хуульчилсан байхад хэргийн хүрээнд ... гэж хувь хүн шинжээчийн дүгнэлт гаргаад, үүнийг нь улсын байцаагчийн акттай адилтган үзэж, үйлдвэрлэлийн ослын хүнд хэлбэрийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэдэг агуулгаар шүүх тайлбарлан, иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим, агуулгад нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т зааснаар шүүх тухайн этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, үүний улмаас үүссэн хор уршгийг хохиролд тооцохоор тус тус хуульчилсан. Гэтэл шүүх үүнийг анхаарч үзээгүй. Энэ хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэмт хэрэг үйлдэгдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэх ёстой байхад амь хохирогчийн ажиллаж байсан компанийг үйлдвэрлэлийн осол гарсан гэдэг төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэсэн агуулгаар нөхөн шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Хоёрдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татаж оролцуулна гэж хуульчилж өгсөн. Гэтэл “...-” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг ямар хуулийн дагуу хариуцах ёстой этгээд юм бэ гэдэг нь тодорхойгүй байхад шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр иргэний хариуцагчаар татсан нь учир дутагдалтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд иргэний хариуцагчаар татагдсан байсан “...-” ХХК-ийн өмгөөлөгч Э.Дөлгөөний зүгээс “хуульд зааснаар иргэний хариуцагч биш этгээд юм. Учир нь зам тээврийн ослын улмаас осол гаргасан ...-тай хамааралтай хуулийн этгээд биш, амь хохирогчийн буруутай үйлдлийн улмаас тухайн осол гарсан гэсэн дүгнэлт гараагүй учраас хариуцвал зохих этгээд биш байна” гэсэн гомдол гаргаж, ерөнхий прокурор түүний гомдлыг хангаж шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэртэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч талаас гомдол гаргаагүй учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатнаас “...-” ХХК гарсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд иргэний хариуцагчаар татсан тул нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Гуравдугаарт, үйлдвэрлэлийн осолтой холбоотой асуудлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.5, 33 дугаар зүйлийн 33.2, 33.2.5, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм зэргээс үзэхэд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч энэ асуудлыг тогтоож, үйлдвэрлэлийн осолтой холбоотой баримт бичиг, маршрут, зураглал, ажил олгогч, ажилтны гэх мэт бүх баримт бичгийг судлаад дүгнэлт гаргана. Энэ дүгнэлтийг хохирогч болон ажил олгогч, бусад этгээд зөвшөөрөхгүй тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж эцсийн байдлаар шийдвэрлүүлэхээр хуульчлан зохицуулсан байна. Гэтэл энэ бүх процессыг алгасаад шинжээчийн дүгнэлт гарч түүнийг нь шүүх үнэлээд хэргийг шийдвэрлэсэн учраас энэ эрхээ хэрэгжүүлэх боломж “...-” ХХК-д олгогдоогүй. Шинжээчийн дүгнэлтийн агуулгыг харахад зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт хөтлөгдөөд үйлдвэрлэлийн осол байх магадлалтай байна гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл ажил олгогчийн зүгээс тухайн этгээд хэрэв үдийн цайнд явах бол ажил олгогчид мэдэгдээд, ажил олгогч өөрийн тээврийн хэрэгслээр ирж авах, эсхүл тухайн ажлын байрыг орхиж явах ёсгүй гэсэн дүрэм, журам байхад огт шалгахгүйгээр хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагч ... дүгнэлт гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалаас харахад ...ийн албан тушаалтны хувьд акт байдлаар гаргаагүй дүгнэлтийг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй адилтган үзэж, нотлох баримтаар үнэлээд үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэдэг агуулгаар иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хуульд огт нийцэхгүй байна. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, иргэний хариуцагчаар тогтоогдсон “...-” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн 104.640.804 төгрөгийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Хэрэв шүүхийн шийдэл энэ хэвээр үлдэх юм бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах магадлалтай. Шүүхийн шийдвэрийг зөвтгөж, хууль хэрэглээг нэг мөр болгох үүднээс хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хэрэгт хөдөлмөрийн эрх зүйн маргаан, нөхөн төлбөр буюу үйлдвэрлэлийн осолтой холбоотой маргааныг шийдвэрлэх эсэх талаар дараах тайлбарыг хиймээр байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ ажиллагааг хийх ёстой эсэх талаар хууль хэрэглээний талаар нэг мөр дүгнэлт хийх нь ач холбогдолтой гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх цаг хугацааны нөхцөл байдал болоод шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлтийг хийхдээ буруу хууль баримталсан болохоос биш хүний амь нас хохирсон асуудалд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйл болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зэрэгтэй холбогдуулсан нөхцөл байдлаар шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгахгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд “...-” ХХК-ийн өмгөөлөгч үйлдвэрлэлийн осол мөн эсэхтэй огт маргаагүй. Энэ маргаагүй нөхцөл байдлаас үзвэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу иргэний хариуцагч тал үнэхээр маргаантай гэж үзэж байсан бол мөрдөн шалгах ажиллагаа учир дутагдалтай гэж үзэх эрх зүйн үндэслэл байсан. Тухайн хэрэг үйлдэгдээд хүний амь нас хохирсон байхад ажил олгогч “...-” ХХК-ийн зүгээс нэг ч удаа амь хохирогчийн ар гэрийн хүмүүстэй очиж уулзаагүй, мөнгөн тусламж үзүүлээгүй. Гэтэл хохирол төлбөрт 104.640.804 төгрөг гаргуулахаар шийдвэр гарах үед тус компанийн захирал гэж хүн давж заалдах шатны шүүх хуралдаанд ирж оролцож байсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бий болгосон байна. Хууль болон захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн үйлдэл байхад мөрдөгч болон хэрэгт хяналт тавьж байгаа прокурор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэн байна уу гэдэг талаас нь шалтгаант холбоо үүсгэж “...-” ХХК-ийг татан оролцуулах ёстой байсан. Гэтэл энэ нөхцөл байдлын хүрээнд тодорхой хэмжээний ажиллагаа учир дутагдалтай хийгдсэн, шүүх хуралдаанд маргаж оролцож байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа процессын дагуу явагдсан байна уу, үгүй юу гэдгийг шүүх бүрэлдэхүүн эрх зүйн дүгнэлт хийж өгнө үү. Анхан шатны шүүх хуралдаанд үйлдвэрлэлийн осол гэдэгтэй маргаагүй, энэ хэрэгт шийдвэрлэх ёсгүй гэж цаг хугацааны алдагдал бий болгох гэж маргаж байна. Бодит хууль хэрэглээний тал дээр маргах зүйл байхгүй. Улсын дээд шүүх жишиг тогтоох эрх зүйн ач холбогдолтой нөхцөл байдалд шийдвэр гаргах байх гэж найдаж байна.
Үйлдвэрлэлийн ослыг эрх бүхий албан тушаалтан гаргаагүй гэж иргэний хариуцагч тал маргадаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдаан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийг прокурор хянаж байхад “...-” ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар үйлдвэрлэлийн ослын дүгнэлттэй танилцаад ямар нэгэн маргаан гаргаагүй болохыг анхаарч үзнэ үү. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүх хууль буруу хэрэглэж гаргасан гэж үзэж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлан нөхөн төлбөрийг гаргаж, хууль баримталсан зүйлд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Прокурор Ц.Сүхбат шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар хоёр шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа зорчих эрх хязгаарлах ялын бүсийг өөрчилснөөс бусад тохиолдолд зөрүүгүй дүгнэлт хийсэн. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч “...-” ХХК-аас төлбөр төлүүлэхтэй холбоотой хэсгийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг прокурорын зүгээс дэмжиж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хохирол, хор уршгийг хариуцан гаргах үүргийг гэмт хэрэг үйлдсэн этгээд болон хуулийн этгээд хариуцах ёстой. Энэ агуулгаараа иргэний хариуцагчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг. Иргэний хариуцагчийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хариуцлагын асуудал яригдана. Гэмт хэрэг үйлдсэн этгээд “...-” ХХК-ийн ажилтан биш, тухайн жолоочийн тээврийн хэрэгсэлд гар өргөн суусан амь хохирогч “...-” ХХК-ийн ажилтан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааснаар ажил олгогч өөрсдөө акт гаргаж, тухайн актыг улсын байцаагч баталгаажуулах, эсвэл баталгаажуулахгүй байх, дүгнэлт гаргах процесс нь хуульчлагдсан. Шүүхийн шатанд үйлдвэрлэлийн ослын талаар маргаагүй гэж асуудалд хандаж болохгүй. Учир нь хэргийн харьяаллын асуудал болон оролцогчийн Үндсэн хуульд заасан гомдол гаргах эрхийн асуудал яригдана. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлгүй учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс “...-” ХХК-аас 104.640.804 төгрөгийн хохирол төлбөр гаргуулахтай холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр иргэний хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн ...-ад холбогдох хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэв.
Шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч ...- нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ... аймгийн ... сумын “...” гэх газарт нүүрс тээврийн тусгай зориулалтын замаар ... .. дугаартай “Shacman” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа эсрэг урсгалаар явсан “North benz” загварын ... дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийн чиргүүлийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ...-ийн амь насыг хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан үндэслэлийн дагуу шүүгдэгчийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан байгууллагаар хувь тэнцүү нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Харин анхан болон давж заалдах шатны шүүх тухайн хэрэгт хамааралгүй буюу гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих үүрэг үүсээгүй хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, амь хохирогчийн хөдөлмөрлөх харилцаатай холбоотой олговрыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.
Учир нь ажил олгогч “...-” ХХК нь амь хохирогч ...-ийн хөдөлмөрлөх харилцааны явцад үүссэн гэм хорын үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй боловч гэмт хэргийн улмаас буюу зам тээврийн осолд нэрвэгдэж амь нас нь хохирсноос үүдэлтэй гэм хорын үр дагаврыг барагдуулах үүргийг хууль болон гэрээгээр хүлээгээгүй, шууд шалтгаант холбоогүй тул иргэний хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн эрх зүй дэх иргэний хариуцагч гэх ойлголт нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг илэрхийлдэг болох нь хууль хэрэглээнд нэг мөр хэвшиж тогтсон ойлголт болно.
Иймээс анхан болон давж заалдах шатны шүүх иргэний хариуцагч “...-” ХХК-иас үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 104.640.800 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...-т олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, тэрээр нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Мөн анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуульд шинээр нэмэгдсэн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас зөрүүтэй хэрэглэсэн байна.
Хяналтын шатны шүүх нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх замаар эрх зүйн шинэ ойлголтын талаарх шүүхийн практик, жишгийг тогтоодог бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Эрүүгийн хуулиар тогтоосон хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хангуулахдаа хүнийг нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоон олгох жишгийг тогтоож, зөвхөн гэм буруутайд тооцогдсон хүнээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Хоёр шатны шүүх амь хохирогч ...-ийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан Баянхонгор аймагт эрэгтэй хүний дундаж наслалт тухайн цаг хугацаанд 69 жилийг суурь болгож, түүнээс зөрүүг хасч 41 жил наслах боломжтой байсан мэтээр таамаглалд тулгуурласан тооцооллоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийн хэмжээг тогтоосон нь бодит байдлыг тогтоох эрүүгийн эрх зүйн нотолгооны зарчимтай харшилсан хууль хэрэглээний буруу жишиг тул гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99.000.000 төгрөгөөр төлбөрийн хэмжээг тогтоож шүүгдэгч ...-аар нөхөн төлүүлэх өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж хууль хэрэглээний жишигт нийцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаар магадлалын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай:
1.1.“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...-аас гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардалд 19.055.070 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 99.000.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...-т олгосугай” гэж өөрчилсүгэй.
1.2.“Иргэний хариуцагч “...-” ХХК-иас 104.640.804 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...-т олгосугай” гэснийг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “...-” ХХК-ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ