Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 18 өдөр                                                  120/ШШ2017/0019                                                      Өмнөговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн .......... сумын .... дугаар баг, .........гудамж .... тоотод оршин суух Т овогт Г.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргад холбогдох,

“Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/12 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С, түүний өмгөөлөгч Б.О, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Гарьдхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ханхонгор сумын Засаг дарга надад мэдэгдэлгүй Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай тогтоолыг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халах гэсэн сахилгын хариуцлага ногдуулж 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр б/12 тоот захирамжаар намайг ажлаас халсан нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцэхгүй, төрийн жинхэнэ албан хаагч миний хуулиар олгогдсон эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна.

Учир нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 18 дугаартай тогтоол нь аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтийг үндэслэж гарсан бөгөөд тус ёс зүйн хорооны дүгнэлтийг надад танилцуулалгүй, тайлбар нотолгоо гаргаж өгөх боломжоор хангалгүй Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоол гаргаж, энэхүү 18

 

D:\Захиргаа\ерөнхий\шийдвэр\Г.Сайнбуян-СЗД.docx

дугаартай тогтоолтой нь холбоотой гомдлоо Төрийн албаны салбар зөвлөлд гаргаад маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад намайг хэзээ, хэрхэн ёс зүйн зөрчил гаргасныг тогтоолгүйгээр улс төр, намын бодлогын шинжтэйгээр Ханхонгор сумын Засаг дарга надад сахилгын арга хэмжээ авч ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол гарсныг нь би мэдээгүй, ажлаас халагдахаас 5 хоногийн өмнө тогтоолыг надад өгсөн. Засаг даргатай уулзах гээд ортол өргөдлөө хэзээ өгөх гэж байна гэхэд нь би байж байгаад өгнө, бүр болохгүй бол халчихгүй юу даа гэж хэлээд гарсан. Би улсад 26 жил ажиллахдаа 19 жилд нь сумандаа удирдах албан тушаал эрхэлж байсан. Энэ хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Надад сахилгын хариуцлага ногдуулж ажлаас халсан тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, улс төржин намайг ажлаас халсан. Би ажиллаж байх хугацаандаа нийт ажилчдынхаа дунд ёс зүй, харилцаа хандлагын санал асуулга явуулдаг байсан. Би уг санал асуулгаар үргэлж сайн үнэлгээтэй гардаг байсан. Мөн би сүүлийн 3 жил үр дүнгийн гэрээгээ А үнэлгээтэй үнэлүүлсэн.

Би Төрийн албаны салбар зөвлөлд ёс зүйн хорооны дүгнэлт үндэслэлгүй байна гэж гомдол, шүүхэд захирамж үндэслэлгүй байна гэж нэхэмжлэл гаргасан, шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Засаг дарга 2017 оны 6 сарын 04-ний өдөр надтай уулзсан гэж байгаа боловч тухайн өдөр нь бүтэн сайн өдөр байсан. Би 6 сарын 05-нд Засаг даргад мэдээлэл хийчихээд гарах гэтэл чамайг хална гэж байсан. Би чаддаг бол халчих гэж хэлээгүй тун яараад байвал халчихгүй юу даа гээд гарсан. Намайг 2016 оны 12 сараас хойш ажлаас халах гээд хөөж эхэлсэн. 2017 оны 1 сард үр дүнгийн гэрээ байгуулах гэтэл үр дүнгийн гэрээ байгуулахгүй аймгаас чиглэл өгсөн гэж байсан.

Нягтлан О-Э 2 удаа дараалан ёс зүйн зөрчил гаргасан учраас би ажлаас нь халсан, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 18 дугаар тогтоол бол Оюун-Эрдэнийн гомдлын дагуу гарсан тогтоол юм. Ямар нэгэн хувийн шалтгаанаар би ажлаас нь халаагүй. Миний хувьд 2016 оны 04 сарын 12-ны өдрөөс 05 сарын 18-ны хооронд амрах хувиартай байсан. Би 05 сарын 26-ны өдөр гэхэд амралтаа нөхөж амраад дуусгасан. Засаг даргын шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбартай санал нийлэхгүй байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн б/12 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-д зааснаар ажлаас халах тухай захирамж гаргасан байна. Захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг Захиргааны ерөнхий хуульд заасан атал хариуцагч уг журмыг баримтлаагүй байна. Уг захирамж нь  ойлгомжгүй, С-г Төрийн албаны тухай хуулийн аль заалтыг зөрчсөн болохыг нотлоогүй, үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан хууль зүйн үндэслэлийг заагаагүй байна. Бодит нөхцөл байдлыг захирамждаа дурьдаагүй учраас хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан шаардлага буюу хэд хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг захирамжид дурьдаагүй, Сайнбуянг сахилгын зөрчил хэзээ гаргасан тухай тодруулаагүй атал сахилгын зөрчил ногдуулсан байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг дарга А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тамгын газрын даргаар ажиллаж байсан Г.С нь 2017 оны 2 сард Өмнөговь аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Ханхонгор сумын Засаг Даргын Тамгын Газрын нягтлан бодогч М.О-ийн гаргасан гомдлын дагуу аймгийн Ёс зүйн хороо тус суманд ажиллан дүгнэлт гаргасан. Үүнд Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Сайнбуян нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.1.8 дахь заалт, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.3, 5.3.4 дэх хэсгийг зөрчсөн байна гэж дүгнэсэн.

Энэ дүгнэлтийг Өмнөговь аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанд танилцуулснаар Өмнөговь аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 18 тоот тогтоолоор Г.С-г Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.1.8 дахь заалтыг тус тус зөрчсөнийг тогтоосон Ёс зүйн хорооны 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 01 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэнийг үндэслэн сумын Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гарган албан ажлаас нь чөлөөлсөн. Г.С нь төрийн албан хаагчдад дарамт шахалт үзүүлэх, ялгаварлан гадуурхах зэрэг зүй бус үйлдлийг удаа дараа гаргаж байсныг нэр бүхий 13 албан хаагч нотолж, Ёс зүйн хороонд тайлбар хүргүүлсэн нь өөрийн ажил үүргийн дагуу өдөр тутмын шууд удирдлагаар хангадаг нийт албан хаагчдын дийлэнх нь уг тайлбараар Г.С-г Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэн ажилладаггүй болохыг харуулж байна. М.О-Э-ийг аймгийн ёс зүйн хороонд гомдол гаргасных нь төлөө албан ажлаас халж, өөрийнхөө удирдлага дор ажилладаг бичиг хэргийн ажилтантайгаа хувийн харилцаа тогтоож улмаар тухайн ажилтны эрхлэх ажил үүргийх нь дагуу өөрт ашигтай байдлаар сумын төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөгөөний тэмдэглэлийг өөрчилсөн, маргаантай холбоотой бусад тушаал шийдвэрийг хуурамчаар үйлдсэн зэрэг нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, хэрээс хэтэрсэн хариуцлагагүй үйлдлыг гаргаж байсан, энэ үйлдлийг дахин давтуулахгүйн тулд албан тушаалтанд хариуцлага тооцсон.

Г.С-г ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг дүгнээд дүгнэлт нэгэнт гарсан тул дахин шалгаж тогтоох шаардлагагүй, аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолд ажлаас чөлөөлөх тухай дурдаагүй ч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй гэж заасан учир сахилгын шийтгэл ногдуулж ажлаас нь халах шийдвэр гаргасан. Тухайн үед С амарчихсан, амралтынхаа дундуур ажиллаад байсан. Би дуудаад амралтаа дуусга гээд ажилд нь оруулсан.

Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг гардуулж өгчихөөд 2017 оны 06 сарын 04-нд дуудаж уулзаж өргөдлөө өгөх үү гэж асуусан. Маргааш нь С чаддаг юм бол хал гэж хэлчихээд гараад явсан.  С-г халах шийдвэрийг гаргахдаа Төрийн албаны салбар зөвлөлийн 18 дугаар тогтоол болон бусад хууль тогтоомжийг үндэслэж гаргасан. Салбар зөвлөлд гомдол гаргасан нягтлан О-Э-тэй хувийн таарамжгүй харилцаатай байсан учраас С түүнийг ажлаас нь чөлөөлчихсөн. Иймд уг захирамж хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан, Г.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

С өөрөө ажилдаа сайн байсан гэдэг нь үнэн, ажилдаа бол сайн байсан боловч ёс зүйн хувьд доголдолтой байсан. Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол дээр Төрийн албаны тухай хуулийн 13.1.5, 13.1.8 дахь заалтыг зөрчсөн гэж тогтоол гаргасан байгаа учраас би захирамжаа гаргасан. Төрийн албаны салбар зөвлөлийн шийдсэн 2017 оны 18 дугаар тогтоолыг Төрийн албаны зөвлөлөөс буцаасан, одоо аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл дээр байгаа учраас уг асуудал шийдэгдсэний дараа шүүхээр шийдүүлсэн нь зөв гэж үзэж байна гэв.

 

Гуравдагч этгээд Ц.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ  “Миний бие Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 тоот захирамжаар тус сумын ЗДТГ-ын даргын ажилд томилогдон ажиллаж байгаа билээ. Урьд нь ажиллаж байсан Г.С ажлаасаа чөлөөлөгдөж сул орон тоо гарсан тул миний бие өргөдлөө өгч төрийн албаныг тасралтгүй хэвийн үргэлжлэх тэр үүргийн дагуу намайг томилсон гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй тул хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.С нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргад холбогдуулан “Ханхонгор сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч талаас “Ханхонгор сумын Засаг дарга надад мэдэгдэлгүй, хэдийд ямар ёс зүйн зөрчил гаргасныг шалган тогтоолгүйгээр хүчин төгөлдөр болоогүй байсан Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаар тогтоолыг үндэслэн улс төр, намын бодлогын шинжтэйгээр надад сахилгын арга хэмжээ авч ажлаас халсан нь Төрийн жинхэнэ албан хаагч миний хуулиар олгогдсон эрх ашгийг зөрчсөн, албан үүргээ хангалтгүй биелүүлж байгаагүй зүйл надад байхгүй” гэж, хариуцагчаас “Г.С үүрэгт ажилдаа сайн байсан боловч ёс зүйн хувьд доголдолтой, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2017 оны 01 дугаар дүгнэлтээр болон Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 18 дугаар тогтоолоор түүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг нэгэнт тогтоочихсон байхад дахин шалгах шаардлагагүй, сумын Засаг даргад хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргасан, хууль, журам зөрчөөгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

          Нэхэмжлэгч Г.С нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн б/11 дүгээр тушаалаар мөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдсон байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.11, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны удирдах албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байсан “төрийн жинхэнэ албан хаагч” болох нь хэрэгт авагдсан[1] баримтуудаар тогтоогдож байна.

          Маргаан бүхий захиргааны акт[2] болох Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн б/12 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 5-ийн 5.1, Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаар тогтоол, Байгууллагын дотоод журмын 28-ийн 1/б, 32-ийн 1/в, 8-ийн 4-т заасныг үндэслэн “төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Г.С-г үүрэгт ажлаас нь халсан ба мөн өдрийн б/13 дугаар захирамжаар Тамгын газрын даргын албан тушаалд Ц.А-г томилсон байна.

          Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн а/21 дүгээр тушаалаар байгуулагдсан Ёс зүйн хороо Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч М.О-Э-ийн гомдлыг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянаад Г.С-г Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.1.8, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5-ийн 5.3.1, 5.3.3, 5.3.4-т заасныг зөрчсөн гэж дүгнэн 01 дугаартай дүгнэлт[3] гаргасан ба аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаар тогтоолоор “Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.С Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.1.8 дахь заалтыг тус тус зөрчсөнийг тогтоосон Ёс зүйн хорооны 2017 оны 01 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй” гэж үзэж, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 5-ийн 5.1-д заасныг хэрэгжүүлж ажиллахыг Ханхонгор сумын Засаг дарга А.Б-д даалган шийдвэрлэсэн байх бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс уг тогтоолын хууль зүйн үндэслэлийг дахин шалгуулахаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.[4]

          Дээрх аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоол нь нягтлан бодогч М.О-Э-ийн Ёс зүйн хороонд гаргасан гомдлыг шийдвэрлэсэнтэй холбоотой байх ба Төрийн албаны зөвлөлийн тогтоол нь цаг хугацааны хувьд маргаан бүхий захиргааны акт гарсны дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гарч уг тогтоолд “...Г.С-г Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.1.8, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.3.1, 5.3.3, 5.3.4 дахь заалтыг зөрчсөн гэсэн ёс зүйн зөрчлүүдийг ямар хугацаанд хэзээ гаргасан, зөрчил гаргаснаас хойш ямар хугацаанд хэрхэн тогтоогдсон, ёс зүйн зөрчил гэх үйлдлүүд нь хэрхэн нотлогдож байгаа, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан хугацааг хэрхэн баримтласан нь тодорхойгүй байна...” гэж дүгнэн дахин хянан шалгуулахаар хүргүүлснээс үзвэл маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаар тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан гэж үзэхээр байх тул маргаан бүхий захиргааны актын үндэслэл болж илэрхийлэгдэх боломжгүй юм.

          Тиймээс хариуцагчийн “Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2017 оны 01 дугаар дүгнэлтээр болон Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 18 дугаар тогтоолоор түүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг тогтоочихсон байхад дахин шалгах шаардлагагүй” гэх тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй.

          Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд хариуцагч нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд ажлаас халах, уг үндэслэл тодорхой байх төдийгүй нотлох баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

          Мөн маргаан бүхий актын үндэслэлийг хариуцагч шүүх хуралдаанд “Г.С орон нутгийн сонгуулиар төрийн албан хаагчийн хувиар сонгууль битгий өг гэж мессэж бичсэн, ёс зүйн хувьд доголдолтой” гэх агуулгаар тайлбарлах боловч Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын Хоёрын 4-т заасны дагуу Ханхонгор сумын Засаг дарга нь Г.С орон нутгийн сонгуулиар төрийн албан хаагчийн хувиар сонгууль битгий өг гэж мессэж бичсэн, ёс зүйн хувьд доголдолтой” гэх байдлыг шалган тогтоогоогүй, үүнийг маргаан бүхий актын үндэслэл болгоогүй, нэхэмжлэгч Төрийн албаны тухай хууль болон “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасныг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн энэ тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

          Өөрөөр хэлбэл төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж, үр дагавартайгаа тохирсон байх ёстой атал хариуцагч Ханхонгор сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Г.С-д сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн...тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан...ногдуулна”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “...төрийн албан хаагч...түүнийг...томилох, чөлөөлөх...зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчихийг...хориглоно”, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын Хоёрын 4-т “Сахилгын  шийтгэл  ногдуулах  үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай  баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан  байна...” гэж заасныг зөрчиж, сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлийг шалгаж тогтоолгүйгээр хариуцлага тооцсон нь үндэслэлгүй байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн б/12 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасантай нийцээгүй, хууль бус шийдвэр байх бөгөөд нэхэмжлэгч Г.Сайнбуянгийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Ажлаас халах тухай ”б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.С-г мөн аймгийн Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа /2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал/-ны цалинтай тэнцэх олговор 4.948.065.00 /дөрвөн сая есөн зуун дөчин найман мянга жаран тав/ төгрөгөөс хуульд заасан шимтгэлийг суутган тооцож, үлдэх олговрыг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан Г.С-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

          Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр Ц.А-г оролцуулсан бөгөөд шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15:00 цагт хийхээр товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар[5] гуравдагч этгээд Ц.А-д 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, гуравдагч этгээдээс “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй” тухай хүсэлтийг[6] шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Ажлаас халах тухай ”б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.С-г мөн аймгийн Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоосугай.

 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа /2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал/-ны цалинтай тэнцэх олговор 4.948.065.00 /дөрвөн сая есөн зуун дөчин найман мянга жаран тав/ төгрөгөөс хуульд заасан шимтгэлийг суутган тооцож, үлдэх олговрыг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан Г.С-д олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ОТГОНЦЭЦЭГ

 


[1] Хавтаст хэргийн 13, 75-79, 95-98 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 29 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 24, 109-111 дүгээр хуудас 

[5] Хавтаст хэргийн 136 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 56 дугаар хуудас