Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 586

 

Ц.Болд, Ш.Наранбаатар нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор С.Болорчулуун,

Ялтан /хохирогч/ Ц.Болдын өмгөөлөгч Н.Одонтуяа,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Ц.Болдын гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Болд, Ш.Наранбаатар нарт холбогдох 201726030411 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар  сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Шаравдагвын Наранбаатар, 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 11 дугаар гудамжны 38 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:Ч081062271/,

Бөх Гарамбазар Бандгай овогт Цэрэннадмидын Болд, 1988 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, түгээгч мэргэжилтэй, “Петровис” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 50 дугаар гудамжны 3 тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УУ88041410/,

Ц.Болд нь ялтай байх хугацаандаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүургийн 8 дугаар хороо Дэнжийн 11-38 тоотод иргэн Ш.Наранбаатартай архидан согтуурах явцдаа маргалдаж, улмаар түүнийг зодож, биед нь “дух хүзүүнд зулгаралт, баруун гуя, тохойнд цус хуралт, баруун тохойны үе, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Ш.Наранбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 11-38 тоотод иргэн Ц.Болдтой архидан согтуурах явцдаа маргалдаж, улмаар түүнийг зодож, биед нь “тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн чихний дэлбээ, хамарт шарх, эрүү, цээж, баруун бугуй, зүүн тохой, сарвуунд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокрорын газраас: Ц.Болд, Ш.Наранбаатар нарт холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Болдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, Ш.Наранбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Ц.Болдыг 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ш.Наранбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Ц.Болдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар баривчлах ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Болдод оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Ц.Болдод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж, шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ц.Болдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Ш.Наранбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ц.Болд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие хэрэг болдог өдөр Ш.Наранбаатарт зодуулж чих сэтэрч, хамар хавдан, нуруу, хавирганы хэсэгт хөндүүрлэж толгой өвддөг болсон. Миний биед учруулсан гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгтээ гарсан нь эргэлзээтэй. Гэхдээ хохирогчтой эвлэрч, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ч гэмтлийн зэргийг дахин тогтоолгох хууль зүйн үндэслэлтэй байхад шинжээч дахин томилж дүгнэлт гаргаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Миний бие ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Өөрийн үйлдсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг байдлыг харгалзан үзэж шинэ Эрүүгийн хуулинд нийцүүлэн ял шийтгэлийг минь хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү...” гэжээ.

Ялтан /хохирогч/ Ц.Болдын өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн үйл баримтын талаар маргахгүй. Н.Болдын хувийн байдлын хувьд эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Анхан шатны шүүхээс Н.Болдын хийсэн гэм буруутай үйлдэлд 1 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулсан. Энэ нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд баривчлах ялыг ялын төрлөөс хассан учраас 1 сар баривчлах ялыг эдэлж дууссан гэж үзэхээр байгаа. Харин урьд ял шийтгэлийн хувьд тэнсэнтэй байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн боловч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж байгаа. Ялыг тэнсэн харгалзаж байгаа хугацаанд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах гэдэгт хамруулахгүйгээр шийдвэрлэх буюу Эрүүгийн хуулийг ялтанд ашигтайгаар шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Прокурор С.Болорчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Болдын өмгөөлөгчийн зүгээс хөнгөн зэргийн гэмтэл авсан гэдэгт санал нийлэхгүй гэсэн зүйл хэлдэг. Энэ талаар шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдаан хойшилж байсан. Ц.Болдод учирсан хохирлын талаар маргадаггүй, Ш.Наранбаатартай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4066 дугаартай шинжээчийн эмч Ц.Бадрал “Ц.Болдын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн чихний дэлбээ, хамарт шарх, эрүү, цээж, баруун бугуй, зүүн тохой, сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт гарч Ц.Болдод учирсан гэмтлүүдийг бүрэн тогтоосон. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Ц.Болд нь ялтай байх хугацаандаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 11-38 тоотод иргэн Ш.Наранбаатартай архидан согтуурах явцдаа маргалдаж, улмаар түүнийг зодож, биед нь “дух хүзүүнд зулгаралт, баруун гуя, тохойнд цус хуралт, баруун тохойны үе, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Ш.Наранбаатарын: “...Ц.Болд бид 2 архиа ууж дуусгаад дахиж дэлгүүрт орж 0.5 литрийн архи авч ирсэн. Тэгээд эхнэр найзыгаа тосох гэж байна гээд хашаанаас гарахаар нь Ц.Болд бид 2 архиа аваад гэр лүү ороод сууж байтал гаднаас эхнэр, найзтайгаа орж ирсэн. Эхнэр том пиво авчихсан найзтайгаа баруун талын орон дээр сууж байсан. Ц.Болд та 2 наашаа суугаач нэг гэрт байж хол суугаад байхын хөзөр байгаа юу гэсэн. Тэгээд бид 4 хамт суугаад юм ярьж байсан чинь Ц.Болд “унтацгаах уу, бид хоёрт ор засаад өгчих” гэхээр нь “чи тоглоод байна уу, санаа зовдоггүй юм уу” гэсэн. Гэтэл эхнэр найзтайгаа бие засах гээд гарсан. Тэднийг гарсан хойгуур хүүхэд рүү харж, муухай орилоод хүүхэд айлгаад байсан. Тэгээд эхнэр, найзтайгаа орж иртэл Ц.Болд “би явлаа” гээд гарахаар нь би гаргаж өгөхөөр хамт гартал гадаа гарснаа “чи энэ гичийгээ харамлаад байгаа юм уу” гээд чанга чанга орилоод машин руугаа явахаар нь би араас нь татаад “чи машин унаж явах гээд байгаа юм уу, ойрхон газарт алхаад яваач” гэтэл эргэж хараад намайг мөргөх гэхээр нь хойшоо алхсан чинь намайг 3-4 удаа цохиж, хөл рүү өшиглөсөн. Тэгээд “чиний төлөө хэлж байхад чинь чи яагаад байгаа юм бэ” гээд би тэврээд авсан. Тэгтэл намайг Ц.Болд хавсарч унагаах гэж байгаад хоёулаа газар унасан, Унасныхаа дараа миний нүүр лүү дахиад цохихоор нь би босож ирээд нүүр лүү нь 4-5 удаа цохисон. Тэгээд Ц.Болд “би явлаа” гээд явахдаа “чи одоо хохино болсон” гэж хэлээд гараад явсан. Баруун тохой хөдлөхгүй хавдчихсан, мөн зүүн хөмсөг хөхөрсөн зүүн шанаа хавдсан. Духны дээд талд шалбараад хавдсан, чихнээс зулгаагаад самардсан, баруун талын гуя хөхөрсөн, хамар хөндүүрлээд хавдсан байсан...” /хх-17-19/,

Гэрч О.Золзаяагийн “...2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ц.Болд машинтай ирээд манай нөхөр Ш.Наранбаатарт машинаа үзүүлнэ гээд гадаа тэр 2 хамт байж байгаад архи уусан байсан. Манай найз Мөнгөнчулуу манайд ирж байна гээд над руу ярихаар нь Наранбаатарыг “гэртээ ор, манай найз ирж байна” гэж хэлээд Ц.Болдыг “эртхэн харь” гэж хэлтэл Ц.Болд “надад очих газар байхгүй, танайд хоноод явья” гэхээр нь “чи архи уухаараа агсам тавих гээд байдаг, манайд хүн ирж байна, эртхэн гайгүй байгаа дээрээ харь” гэж хэлтэл “найз нь зүгээрээ, тэгэхгүй хоноод явья” гэхээр нь “за за” гээд гэр лүүгээ орсон. ...Би найзтайгаа юм ярьж байсан чинь Болд “та хоёр ойртоод суучихаач, хоёр талд юм яриад байх эвгүй байна” гэхээр нь хамт суугаад ярьж байтал Ц.Болд “одоо унтацгаая, бид хоёрт ор засаад өг” гэтэл манай найз Мөнгөнчулуу уурлаад “би юу гэж чамтай унтаж байдаг юм” гэсэн. Тэгээд манай найз намайг “хоёулаа гарья, бие засчихаад ирье” гэхээр нь гарчихаад орж иртэл манай хүүхэд Төгөлдөр уйлсан байсан. Тэгтэл Ц.Болдоо “наад гичийгээ харамлаад байгаа юм уу” гээд шкаф цохиод Наранбаатар луу дайраад байсан. Тэгтэл Ш.Наранбаатар Ц.Болдыг гаргаж өгөөд ирье” гээд аваад гарсан. Тэгтэл гадаа орилоод байхаар нь шагайтал Ц.Болдын хамарнаас цус гарсан байсан. Тэгэхээр нь Ш.Наранбаатарыг “чи гэртээ ор” гээд хэлж байтал Ш.Наранбаатарын эгч Саранцацрал гэрээсээ гарч ирээд Ц.Болдыг “чи одоо яв, яахаараа архи уугаад уруу татаад байдаг юм” гэж хэлж байсан. Тэгээд Ц.Болд яваад Ш.Наранбаатар гэртээ орж ирсэн...” /хх-23-25/,

Гэрч Л.Мөнгөнчулуугийн: “...2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр найз Золзаяагийн гэрт очсон. Бид хоёр дэлгүүрээс идэж уух юм, нэг том пиво аваад гэрт нь ортол нөхөр нь нэг залуутай архи уугаад сууж байсан. Тэгээд Золзаяа бид хоёр яриад сууж байтал нөхөртэй нь хамт сууж байсан залуу бид хоёрыг “цуг суугаач, хол сууж яах юм, ойртоод суу” гэхээр нь “тэгье” гээд ойртож суугаад юм ярьсан. Тэгтэл тэр залуу нь “бид хоёрт ор засаад өг” гээд байхаар нь би гайхаад найзыгаа “хоёулаа гарья” гээд гадаа гараад “Энэ залуу яагаад байгаа юм. Би юу гэж ийм хүнтэй унтаж байдаг юм” гэсэн. Тэгээд гадаа ярьж байгаад ортол манай найзын нөхөр Ш.Наранбаатар тэр залуу хоёр гарсан. Манай найз хаалга онгойлгоод юу болоод байгаа юм гэж байсан. Би зодооны талаар мэдэхгүй байна...” /хх-22/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4091 дугаартай “Ш.Наранбаатарын биед дух хүзүүнд зулгаралт, баруун гуя, тохойнд цус хуралт, баруун тохойны үе, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-30/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

Ш.Наранбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 11-38 тоотод иргэн Ц.Болдтой архидан согтуурах явцдаа маргалдаж, улмаар түүнийг зодож, биед нь “тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн чихний дэлбээ, хамарт шарх, эрүү, цээж, баруун бугуй, зүүн тохой, сарвуунд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Ц.Болдын: "...Наранбаатар ах дэлгүүрээс 0.5 литрийн архи аваад хоёулаа хувааж уусан. Тэгээд дахиж нэг шил 0.5 литрийн архи аваад гэрт нь уусан. Гэрт нь архи ууж байхад эхнэр нь  найз эмэгтэйтэй хамт байсан. Би бие засчихаад явах гэсэн чинь Наранбаатар ах дахиад нэг шил архи авчих гэж хэлэхээр нь “харьж амарлаа” гэтэл тэврээд намайг явуулахгүй байхаар нь тавь гээд хоорондоо ноцолдож байтал миний нүүр лүү мөргөөд авахаар нь яаж байгаа юм бэ гээд Наранбаатар ахын нүүр, болон мөр лүү цохисон. Тэгээд Наранбаатар ах уурлаад “ямар овоо муу гар вэ” гэж хэлээд намайг үсдэж доошоо дараад дээрээс өшиглөөд байсан. Тэгээд би Наранбаатар ахтай ноцолдож байгаад салаад цагдаа руу явсан. Цагдаагийн хэлтэс дээр 23 цагийн үед ирсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би Наранбаатар ахтай урьд нь хэрэлдэж муудалцаж байгаагүй. Өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй. Би Наранбаатар ахыг 7-8 жилийн өмнөөс таньж мэднэ. Миний нүүр лүү мөргөж, газар унагааж байгаад дээрээс өшиглөөд байсан. Намайг үсдэж байгаад газар унагааж байгаад зодсон. Наранбаатар ах бид 2 гэрийн гадаа маргалдсан. Тухайн үед миний зүүн чихнээс цус гарч хавдсан, хамар хавдсан, нуруу, хавирганы хэсэгт хөндүүрлэж өвдөж байсан. Толгой маш их өвдөж байсан. Зүүн чих сэтэрсэн байсан. Чихнээс маш их цус алдсан…” /хх-12-14/,

Гэрч Д.Цэрэннадмидын “...2017 оны 3 дугаар сарын 19-ний орой цагдаагаас намайг дуудахаар нь цагдаа дээр иртэл хүү Ц.Болдын чих нь сэтэрсэн хамар нь хавдсан байсан. Тэгэхээр нь би гэмтлийн эмнэлэг рүү авч яваад чихэнд нь оёдол тавиулж өвчин намдаах тариа хийлгүүлээд цагдаад өргөдөл өгсөн юм. Ш.Наранбаатар гэдэг залууд зодуулсан гэсэн. Тэгэхээр нь цагдаатай хамт очиж гэрээс нь авч ирсэн. Гэрт нь очиход Наранбаатар болон авгай нь бас нэг хүүхэнтэй гурвуулаа согтуу байсан. Наранбаатартай Болд хамт архи уусан юм шиг байна лээ. Гэхдээ хэтэрхий харгис, хэрцгий зодсон байсан тул би гомдолтой байна. /хх-20-21/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4066 дугаартай “Ц.Болдын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн чихний дэлбээ, хамарт шарх, эрүү, цээж, баруун бугуй, зүүн тохой, сарвуунд зулгаралт, цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-31/ гэх дүгнэлт, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-8/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Ц.Болд, Ш.Наранбаатар нарын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн байх ба Ц.Болдыг 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ш.Наранбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Ц.Болдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар баривчлах ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, Ц.Болд, Ш.Наранбаатар нарын хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулиар “Баривчлах ял”-ын төрөл хасагдсан бөгөөд хуучин хуулийн (2002 оны) баривчлах ялыг уг хуулийн ямар нэг төрлийн ялаар дүйцүүлэн солих тухай эрх зүйн зохицуулалт байхгүй тул Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж зааснаар Ц.Болдод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын баривчлах ялаас чөлөөлж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Харин 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж, шийтгүүлж байгаа бол шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.” гэж зааснаар Ц.Болдын Хан-Уул дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил, 1 сарын хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул оногдуулсан ялын төрөл, хэмжээг шинэ хуульд нийцүүлэн өөрчилж, шийтгэх тогтоолд Ц.Болдыг баривчлах ялаас чөлөөлсөн нэмэлт заалт оруулж, ялтан Ц.Болдын “...хорих ялыг тэнсэж өгөхийг хүссэн...” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан байх бөгөөд энэхүү журмыг хэрэглэсэн тохиолдолд түүний эрх зүйн байдал дордохоос гадна ийнхүү нэмж нэгтгэхдээ мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.” гэсэн журмаар ялыг нэмж нэгтгэвэл өмнөх ялыг бүхэлд нь нэмж ял оногдуулахаар хуульчилсан байна.

Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул 1 жилийн хорих ял оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолын:    

            тогтоох хэсэгт “...2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Болдод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын баривчлах ялаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

            4 дэх заалтын “...биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг,”

            “...эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

            5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Болдод оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг,

“Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Болдод оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.  

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧИД                                                               Ц.ОЧ

                                                                                                        Н.БАТСАЙХАН